Нийгмийн

Англи хэлний “Pearson” платформын сургалтад эхний ээлжид 120 багш хамрагдлаа

Энэ хичээлийн жилээс буюу энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс улсын бүх ЕБС-ийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжихээр болсон.

Үүнтэй холбогдуулан үндэсний сургагч багш бэлтгэх, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт наймдугаар сарын 23 – 26-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.   

Сургалтад нийслэл, аймаг, сумын ЕБС –ийн V-VI ангид англи хэлний хичээл заах 120 багш нар хамрагдсан бөгөөд өнөөдөр “Үндэсний сургагч багш” сертификатаа Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албаны хүмүүсээс гардан авсан байна. 

Сургалтад хамрагдсан багш нар сурсан мэдлэгээ өөрийн сургуулийн англи хэлний бусад багш нарт ирэх 7 хоногт сургалт орох аж. 

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Pearson English хөтөлбөрийг бид өнгөрсөн зургаан сарын туршид 38 сургууль дээр туршсан. Туршилтын үр дүнд 29 орчим хувьтай байсан сургалтын түвшин 40 гаруй хувь руу өссөн. Энэ жил улсын бүх сургуулийн V – VI ангид Pearson English хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

Ойролцоогоор 700 сургууль, 2,000 орчим багш, 150,000 сурагч нарын асуудал яригдана. Мэдээж, хүүхэд болгон ялгаатай, эцэг эхийн хувьд ч ялгаатай, тиймээс, асуудал тулгарна.

Тиймээс Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн болон Pearson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс энэ хичээлийн жилийн туршид та бүхэнд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана” гэжээ.

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг аж.

Иймд улсын ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судалжээ.

“Pearson English Connect” дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй юм байна.

Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй аж.

Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг даган хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм байна. 

Эх сурвалж: IEDC - Pearson partner Mongolia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button