ЭРҮҮЛ МЭНД

Явуулын эмнэлгээр 2073 хүн үйлчлүүлжээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийнхэн “Хөдөлгөөнт оношилгооны төв” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд зургаан вагоныг иж бүрэн тоноглож, явуулын эмнэлэг ажиллуулахаар төлөвлөсөн аж. Одоогоор хоёр вагонд оношилгооны төхөөрөмж суурилуулж, өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс аялуулан, алслагдсан бүс нутаг, төмөр зам дагуу ажиллаж, амьдарч байгаа иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Есдүгээр сарын 19-30-нд буюу 10 хоногийн хугацаанд Замын-Үүдээс эхлэн, Авгын гол, Улаан-Уул, Сайншанд, Зүүнбаян, Айраг, Бор-Өндөр, Олон-Овоо өртөөнд ажиллажээ. Хоёр дахь аяллаа аравдугаар сарын 22-ноос эхлүүлж Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Салхит, Зүүнхараа өртөө орчимд амьдарч буй иргэдэд энэ удаа тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрх болон тархины цахилгаан бичлэг, ариутгал, лабораторийн 17 эмч, мэргэжилтэн явуулын эмнэлэгт ажиллаж буй. Тэд одоогоор 2073 хүнд үйлчилсэн аж.

Уг хоёр вагоныг УБТЗ нийгэмлэг өөрийн хөрөнгөөр засаж, тохижуулсан бол тоног төхөөрөмжийг нь төмөр замчдын хандиваар авч, суурилуулжээ. Цаашид нэмж дөрвөн вагоныг эмнэлэг болгон тохижуулж, рентген оношилгоо, нүд, чих, хамар, хоолой, шүдний эмчилгээ болон мэс засал хийхээр төлөвлөжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button