Top StoriesСурвалжилга, Нийтлэл

“Pearson English”: V, VI ангийн 150 мянган сурагч АХБ-ны 4.5 тэрбумын санхүүжилтээр англи хэл сурна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хувийн болон улсын дунд сургуулийн хүүхдүүдийн англи хэлний боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор 2023 оноос Дэлхийн тэргүүлэгч боловсролын “Pearson” байгууллагын англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг төрийн өмчит ЕБС-д нэвтрүүлэх гэж байна.

Тус хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2026 он гэхэд улсын хэмжээнд ЕБС-ийн 3 – 12 ангид “Pearson English” хөтөлбөрийн дагуу англи хэлний хичээлийг явуулах юм.

Харин 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянган 5-6 ангийн сурагчдад 2000 англи хэлний багш тус хөтөлбөрийн дагуу хичээл заана. Уг хөтөлбөрийг өнгөрсөн хавар нийслэлийн 10, аймгийн 16, сумын 10 сургуульд туршилтаар нэвтрүүлсэн. Харин ойрын өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн сонгогдсон 120 багш олон улсын сургагч багшаасаа платформыг хэрхэн ашиглах, хөтөлбөрийг хэрхэн эзэмшүүлэх сургалтыг авч, одоо аймаг, дүүргийнхээ багш нарт мэдлэг олгож байна. Мөн өчигдрөөс /2023.08.29/ нийслэлийн хэмжээнд 500 багшийг 24 дүгээр сургууль дээр зохион байгуулж, тус сургалтад хамруулж байна. Өөрөөр хэлбэл 2023-2024 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 5-6 ангид суралцах 150 мянган хүүхдэд англи хэл заах 2000 багш “Pearson English” хөтөлбөрийг нэвтрүүлэх мэдлэгтэй боллоо гэсэн үг.

Мөн “Pearson” байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас есдүгээр сарын эхний хагаст багш нартаа зөвлөгөө, тусламж, арга зүйн дэмжлэгийг үзүүлэн ажиллах юм байна.

-“Pearson English”  хөтөлбөрийн нэг хүүхэд ногдох 22 еврог хэлэлцээр хийж, 8 еврогоор авахаар болсон-

Манай улсын сургуулиуд олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршлага бага. “Pearson English” хөтөлбөрийг монгол улсад хувийн хэвшлийн 20 гаруй сургууль сургалтын хөтөлбөртөө оруулсан. Харин одоо улсын сургуульд нэвтрүүлснээр  англи хэлний боловсролын ялгаа арилна. Эцэг, эхчүүд хүүхдээ сайн англи хэлтэй болгох хүсэл их байдаг ч төлбөрийн асуудлаас болоод хувийн сургуульд тэр бүр суралцуулах боломж хомс байдаг.

Харин одоо өндөр төлбөртэй хувийн сургуульд 22 еврогоор заадаг Англи хэлний Pearson хөтөлбөрийг төрийн өмчийн бүх сургуулийн 5-6 ангид 8 еврогоор зааж эхэлнэ. Ингэхдээ энэ хичээлийн жилд Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрийн түвшинд хүүхэд тус бүрийн 22 еврогийн үнийг хөнгөлүүлэн 8 евро болгож, энэ зардлыг АХБ гаргахаар болж. Долоо хоногт олгох цагийн тухайд тухайн сургуулийн хичээлийн үндсэн цагаар явна.

-Pearson English хоёрдогч хэл нь англи гэж хуулиандаа заасан улс орнуудад зориулсан хөтөлбөр-

Манай улсад  ихэнх хувийн хэвшлийн сургуулиуд Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хэмээн тодотгодог. Тэгвэл кэмбриж бол англи хэлтэй хүмүүст зориулан гаргасан хөтөлбөр юм байна. Харин Лондонгийн боловсролын тэргүүлэгч байгууллага Pearson-ы энэ англи хэлний хөтөлбөр нь үндсэн хуулиндаа хоёрдогч хэлийг англи гэж тусгаж өгсөн улс орнуудад зориулсан юм байна. Дэлхий даяар Pearson English хөтөлбөр 6500 сургуульд хэрэгждэг, жил бүр 5 сая орчим сурагч судалдаг байна. Түүнчлэн тус байгууллага хөтөлбөрөө нэвтрүүлж буй улс орныхоо онцлогт тохирсон агуулгыг сурах бичигтээ оруулж өгдөг байна.

-Багш хичээлийн төлөвлөгөө боловсруулахгүй, сурагчид 5 дугаар ангиасаа олон улсын стандартын шалгалт өгч эхэлнэ-

“Pearson English” хөтөлбөрийн онцлогийн тухайд танхим, цахим сургалтыг хослуулсан. Багш ч аль ч хэлбэрээр нь орох боломжтой.

Сургалтын хэрэглэгдхүүний тухайд багшийн өдөр тутам, долоо хоног, сар, улирал, жилийн хичээлийг төлөвлөсөн. Багш төлөвлөгөө боловсруулах гэж хайлт, судалгаа хийх шаардлагагүй. Мөн шалгалтын агуулгыг багш өөрөө зохиохгүй, хичээлийн хөтөлбөртэй уялдсан шалгалтын материалтай. Бас дэвтэр засч суухгүй, автомат үнэлгээний систем  багшийн оролцоогүйгээр сурагчийн унших, ярих, сонсох, бичих чадварыг нь үнэлнэ. Багш үнэлгээний системээс сурагчийн түвшинг харж, аль чадвар дээр нь хэрхэн ажиллахаа төлөвлөнө.

Сурагчдын гар дээр хэвлэмэл болон дижитал байдлаараа хүрнэ. Номоо орхичихсон бол цахимаар, дата, интернэтгүй орчинд сурах бичгээсээ үзчихнэ. Шалгалтаа хоёр хувилбарын алинаар нь ч өгсөн болно. Хүүхдүүд ярианы хичээлийг сонсоод, өөрсдөө бас ярьж, яриагаа сонсох боломжтой. Өөрийгөө бичээд сонсоод ажиллаад явах нь. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг тавдугаар ангиасаа өгч эхэлнэ.

Өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн 10, аймгийн16, сумын 12 сургууль дээр туршилтаар хэрэгжүүлэхэд сурлагын түвшин ахисан дүнтэй үнэлэгдсэн байна.

-Яагаад 5-6 анги вэ?-

Манай улс ЕБС-ийн тавдугаар ангиас англи хэлийг зааж эхэлдэг хуультай. Боловсролын хуулинд 2023 оноос гуравдугаар ангиас хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн энэ жилийн тухайд хэрэгжүүлэхэд цаг нь тулсан, ер нь бол бэлтгэлгүй байсан гэсэн үг. Харин өмнөх хуулийн дагуу тус хөтөлбөр 5 ангиас  бэлтгэл ажил хийгдэж байсан учраас тавдугаар ангиас эхлэхээр болж, 2024 оноос 3 ангиас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button