Top StoriesЯрилцлага

Тэнгэр шинжээч Т.Батсүх: Сайхан намар болж, өвөлдөө баруун аймгуудаар хүйтэрнэ

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Т.Батсүх тэнгэр шинжих арга ухаанд багаасаа шимтсэн. Тэрбээр энэ эрдмийг эмээ, аав, ээжээсээ ажиглаж, мэдээлэл туршлага хуримтлуулан суралцжээ.

Т.Батсүх 46 дахь жилдээ мал маллаж, харин тэнгэр шинжих мэдлэг ухаанаа арваад жилийн өмнөөс түмэн олондоо хуваалцаж эхэлжээ. Бид түүнтэй энэ тэнгэр шинжих арга ухаан болон энэ намрын өнгө, ирэх өвлийн дохио тэнгэр шинжээд хэрхэн бууж буй талаар ярилцлаа.

-Хэдий үеэс тэнгэр шинжих ухаанд хэрхэн суралцав?

-Их багаасаа л өдөр тутам эмээ, аав, ээж, нутгийн хөгшчүүлийн ярианаас сонсож өссөн дөө. Жаахан том болоод ирэхээр тэр ярианууд нь батлагдахыг мэдсэн. Тэгээд өөрөө таньж мэдэхийг хичээсэн хэсэг үе бий. Дараа нь ахуй амьдралдаа буулгаж, үүнийгээ хэрэглэж ирсэн. Одоо би нас 60 гарлаа. Ер нь 50 наснаасаа эхлээд тэнгэр шинжих мэдлэгээ нутаг усныхантайгаа хуваалцаж эхэлсэн юм. Би ихэвчлэн од гарагийн тохиолоор шинжиж, гол мэдээллээ болгодог. Өөр олон арга ухаан бий, бий.  

-Хэрхэн, яаж шинждэг вэ?

-Сар мичдийн тохиолгоос их мэдээлэл авна. Намрын эхэн сарын 22, дунд сарын 19, адаг сарын 17, өвлийн эхэн сарын 15, дунд сарын 13, адаг сарын 11, хаврын эхэн сарын 9, дунд сарын 7, адаг сарын 5-нд сар мичдийн тохиолгоос шинжээ хийнэ. Мөн сар бүрийн шинийн 1, 2, 3-ны сар их сайн мэдээлэл өгдөг. Шинийн гуравны сар босоо байвал дулаан, хэвтээ байвал тэр өвөл нь цасан шуургатай, зун нь бороотой гэж үзнэ. Мичид зургаа сартай ойрхон, доогуур нь зөрвөл хүйтэн, хол, дээгүүр нь зөрвөл дулаарна. Тохиолго бүрийн ард ойрын өдрүүдэд, цаашдаа цаг агаар ийм байх учир нүүдэл суудал хийх, мал хуйгаа бэлчээх гээд бүх амьдралдаа хэрэглэдэг. Сар мичдийн тохиолгоор цаг тоог ч мэдэх боломжтой. Жишээ нь, үргэлжилж буй энэ сар бол цаг тооны бичгээр намрын эхэн сар, од мичдийн тохиолгоор бол намрын дунд сар талдаа ороод явж байгаа юм.

-Үргэлжлэн ирэх намрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол...?

-Энэ намар зүгээр ээ. Их гоё тохиолго гарсан. Сайхан намар үргэлжилнэ. Намрын эхэн сарын тохиолго бол бусад сарын шинж тэмдгийг хэлээд өгчихдөг.

-Тохиолго гэдэг бол хэн бүр мэдээд шинжих боломжгүй туршлага, арга ухаан, мэдлэг хэрэгтэй ардын ухаан байх. Үүнээс гадна тэнгэр шинждэг аргуудын талаар та хэлж өгөөч?

-Мал гэдэг чинь их сайн тэнгэр шинжээч шүү дээ.Мал бэлчээрт гарахдаа ч, ирэхдээ ч уруудчих гээд л байвал цас, бороо ордог. Зуны цагт бороо орох болохоор төл мал тоглож хурдалдаг. Тийм учраас малчид бид хурга, ишиг, тугал тонгочоод бороо орох нь гэдэг. Тэмээ, үхэр хэвтэртээ хоргодоод байвал тун удахгүй цас ордог. Хөгшчүүл үүнийг ажиглаад малаа нөмөртэй газар тогтоогоорой гэж захидаг байсан.

-Цасны ширхэг бүдүүн байвал нэмээд орно, нарийн бол тэгсгээд зогсчихно-

-Өөр бусад байгалийн үзэгдэл, юмс хэрхэн мэдээлэл өгдөг вэ?

-Өглөө нарнаар үүл улайж байвал өдөртөө шуурдаг. Нар тунгалаг байвал тогтуун дулаахан өдөр болно. Өглөөгүүр үүлэрхэг бол бороо, цас орно. Нарны хоёр талд нь их туяа татаж мандвал тэнгэр муудна. Оройн нар харин ингэж жаргавал маргааш нь дулаарна. Тэнгэрийн хаяа улайгаад дулаарах нь гэж ярьдаг ийм учиртай. Дуу цахилгаантай, аадар бороо нь байгаль догширсны илрэл. Манай нутаг руу бол агь, дэрвүү өндөр ургавал цас их ордог. Цасны ширхэг бүдүүн байвал нэмээд л орно гэсэн үг, нарийхан ширхэгтэй бол тэгсхийгээд зогсчихно.

-Ан амьтдын хөдөлгөөн, үйлдэл ч бас цаг агаарын төлөв байдлыг мэдчихсэн байдаг гэсэн...?

-Тэгэлгүй яахав.Тарвага ичихдээ нүхээ дүүртэл шороо овоолчихсон байвал зудын шинж. Дундуурхан тэгсгээд иччихсэн бол сайхан өвөл болох нь гэж ойлгох хэрэгтэй. Янгир, аргаль хавар эрт ишиглэж, хургалбал сайхан цаг ирж яваагийн шинж. Хойлог, ахуун шувуу нам дор газар руу харагдаад ирэхээр тэнгэр айхтар мууддаг. Тарвага ичээнээсээ гарахдаа өндрөөс шилээс эхэлбэл эрт ногоорч, дулаарна. Харин доод нам газраас эхэлбэл ногоо оройтохын шинж. Нүүдлийн шувууд хадтай газар бараадаад байвал бороо, цас их ордог.

-Баруун аймаг эдгээр шинж, тохиолго дээрээ үндэслээд хэлэхэд ямар дохио мэдээлэл өгч байна вэ?

-Энэ жил цас, бороогүй гантай халуун зун боллоо. Ийм зуны дараа их цастай, хүйтэн өвөл ирдэг.  Бороо хур элбэгтэй зуссан газруудад өнтэй өвөл болдог.  Гантай хатсан газар хааяа нэг бороо орохоор үер их амархан гүйж байна. Эндээс л шинжихэд манай нутагт хүйтэн өвөл болно байх аа.

-Тэнгэр шинжих арга ухаан таны өдөр тутмын амьдралд хэрэг болдог уу?

-Тийм ээ. Өглөө гэрээсээ гараад ямар өдөр болохыг шинжинэ. Малчин хүний амьдралд бүр дадал болчихдог зүйл л дээ. Манай нутгийнхан бол сар яаж байна, тохиолго юу болов гээд бие биенээсээ асууна. Хүүхдүүд, орчин тойрныхондоо хэлж өгнө. Нэг айлд буугаад цай уух зуур тохиолго яаж гарав, тийм шинжтэй байна гээд ярьж суудаг. Миний ээж 94 насласан. Ээж минь тэр нас өндөр хойноо ч од мичид дурандаж тохиолго хардаг хүн байлаа.        

-Тохиолго байгалийн айхтар үзэгдлээс аварч хамгаалж байсан удаатай юу?

-Малчин хүнд ганц хэрэг болдог зүйл шүү дээ. Цас шуурах төлөвтэй бол малаа хэрхэхээ шийднэ. Аянга цахилгаантай бороо орох шинжтэй бол бас л яахаа төлөвлөнө. Энэ бүх мэдлэг мэдээлэл чинь малыг ч, хүнийг ч авран хамгаалж байгаа юм. Ард олон айхтар цас, хүйтэнг ажрахгүй давлаа, баярлалаа гэж байдаг. Жил жилээр өөртөө бичиж тэмдэглэж, тэрийгээ харьцуулж суудаг даа.  

-Туулай жилийн өвлийг та ямархуу болох бол гэж төсөөлж байгаа вэ?  

-Туулай жил сүүл рүүгээ хатуу гэж ярьдаг. Хар сүүлтэй болохоор хатуу байдаг гэж хөгшчүүл маань ч хэлдэг байсан. Харин энэ жил айхтар их эрсдэл ирэхгүй ч сүүл рүүгээ жаахан хүйтэрнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-01 09:21

Намрын дунд сарын 15-ны шөнө Бага З�##�аатын уулан дээрээс тэнгэр шинждэг ард олон байдаг

Зочин
Зочин
2023-09-01 13:20

Намар угаасаа сайхан болдог.

Зочин
Зочин
2023-09-03 20:17

баруун аймгуудаар хэзээ дулаахан байсын, худлаа хуцаад байхын

Зочин
Зочин
2023-09-04 06:51

Схан з�##�ж бнаа

Зочин
Зочин
2023-09-04 15:26

өвөл юм чинь хүйтэрч л таарна шдэ

Зочин
Зочин
2023-09-04 15:26

Намар юм чинь н�##�гар л байж таарна

Зочин
Зочин
2023-09-04 15:26

сайхан з�##�даг өвгөн байна

Холбоотой мэдээ

Back to top button