“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун үйлдвэрийн дарга Д.Миняа: Анхны 10 борлуулагчдаа одоо ч талархаж явдаг

“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун үйлдвэрийн дарга Д.Миняатай ярилцлаа. Энэ бол Монголд хамгийн анх сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн түгээж эхэлсэн үйлдвэр. Анх Борлуулалт маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтнээс таван жилийн өмнө ажлын гараагаа эхэлсэн Д.Миняа Баруун бүсийн үйлдвэрийг эко үйлдвэр болгон хөгжүүлэх бодлого баримталж байна.
-Саяхан танай удирдлага үйлдвэрийн нийт ажилчидтай уулзсан гэсэн. Энэ уулзалт ямар агуулгатай юм бэ?
-Энэ жил манай компанийн 5 жилийн ой болж байна. Бид ойгоо угтаж олон бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлсэн. Нийт ажилчдынхаа санал бодлыг сонсох зорилготой “Анхаарч сонсъё, анзаарч өөрчилье” гэсэн аян “Тавантолгой түлш” ХХК-ийн бүх үйлдвэрүүд дээр өрнөж байгаа. Манай компани нийт 3000 ажилтантай. Зүүн, Баруун, Төвийн үйлдвэрүүдэд 2300 гаруй ажилтан ажилладаг. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, ажиллах нөхцлийг сайжруулах, мэргэжил олгох сургалтуудад хамруулах зэрэг олон асуудлыг шийдэхээр зорьж байна. Өнгөрсөн хугацаанд Баруун үйлдвэрийг үе шаттайгаар нүүлгэх шийдвэр гарсан.Энэ шийдвэрийн хүрээнд үйлдвэрийн дөрвөн шугамыгзогсоосон байгаа. Ажлын байрыг бусад үйлдвэр рүү шилжүүлсэн. Ажилчид уулзалтыг маш эерэг хүлээж авч буй. Цаашид тогтмол хийж байх нь зүйтэй гэсэн бодол төрж байна.
Манай компани ажлын нөхцөлийг тогтвортой сайжруулж буй. Ажилчдын дундаж цалин үе шаттай нэмэгдсэн. Мөн үйлдвэрийн 12 ажлын байр хүнд, хортой нөхцөлд албан ёсоор тооцогдсон. Энэ дагуу 1793 ажилтан маань төрөөс тодорхой хөнгөлөлт, үйлчилгээ авах боломжтой болсон. Энэ бол хэдэн жилийн яриа, хөөцөлдсөний үр дүнд шийдэгдсэн асуудал юм. Ойрын үед нэмж 92 ажлын байран дээр үнэлгээ хийлгэх гэж байна.
-Удаан хугацаанд энэ асуудлыг хөөцөлдсөн юм байна. Санаачлагч нь хэн бэ, хэзээ албажсан бэ?
-Компанийн зүгээс мэдээж санаачилсан л даа. Процессын хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлт гаргаж, ажлын байрны үнэлгээ, хугацаатай ажлууд хийгдэж ХНХ-ын сайдын тушаалаар албаждаг. Хүнд нөхцөлийг газар дээр нь ажиллаж үнэлнэ, мөн хөнгөн болгох боломжтой эсэхийг ч судалж үздэг. Харин 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд 12 ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд тооцуулж чадсан. Энэ өдрөөс эхлээд ажилчид нь хуулийн дагуу холбогдох эрхээ эдэлж буй гэсэн үг.
-Цалинг үе шаттай нэмсэнд ажилчид талархалтай хандсан гэлээ. Энэ асуудлыг уулзалтыг үеэр дахин хөндөж тавьж байна уу?
-Ажилчдаа сонсож, үе шаттай анхаарч ирсэн асуудалтул энэ уулзалтаар төдийлөн хөндөгдөөгүй. Бид цаашид ч боломжит хэлбэрээр зардлаа хэмнэж, тэр хэрээр ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм. Манайд анхнаас нь ажилласан хүн маш олон. Уулзалтын үеэр анзаарахад багадаа л гурван жил ажилласан хүмүүс байна. Тэд илүү их ажлын байрны баталгааг хүсэж байна. Энэ зүйн хэрэг. Хэрэв Баруун үйлдвэрийг нүүлгэх юм уу үйл ажиллагааг нь зогсоовол тэднийхээ ажлын байрыг хадгалж үлдэх асуудалд анхаарна. Зүүн болон Төвийн үйлдвэрт шилжүүлж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

-Танай үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудалд хэр үр өгөөжтэй ажилладаг юм бэ?
-Компани байгуулагдаад таван жил өнгөрсөн байна. Ажилчдын орон сууцны асуудалд үе шаттай анхаарсан. Өнгөрсөн хугацаанд 100 ажилтныг орон сууцтай болгосон. Энэ жил 300 айлын орон сууцны хөтөлбөрийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх зорилгоор газрын асуудлаа шийдсэн байгаа. Манай Баруун үйлдвэрийн ажилчдын 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Магадгүй заавал орон сууц ч гэлтгүй өөрийнхөө газар дээр гоё байшин барьж сайхан амьдрах боломжийг гаргах хэрэгтэй гэж боддог.
-Үйлдвэрийг нүүлгэх тухай шийдвэрийг бас тодруулмаар байна. Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна л даа. Дөрвөн ч шугамыг зогсоосон юм байна?
-Анх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос манай үйлдвэрийг Нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргасан. Засгийн газар энэ дагуу судалсан. Сонгинохайрхан дүүрэгт гэр хороололд амьдардаг 63 мянган айл өрх бий. Тэд өвлийн цагаар түлшээр хангагдах ёстой. Тийм учраас нэг өдөр үйл ажиллагааг шууд зогсоож болохгүй, үе шаттай нүүлгэе гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ үүднээс бид зарим шугамаа зогсоосон. Энэ хэрээр манай үйлдвэрийн агаар, орчны бохирдолд үзүүлдэг нөлөөлөл 50 хувь буурсан.
-Орчинд үзүүлдэг бохирдлын хэмжээ хэрхэн буурсан талаар тоо мэдээлэл бий юу?
-Мэргэжлийн байгууллага энэ өвөл өнгөрсөн оны мөн үеийн хэмжилт, үзүүлэлтүүдийг тулгаж, харьцуулаад тус мэдээллийг өгөх байх. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны 50 хувь нь зогссон учир үр дүн гарч байгаа гэдэгт итгэж байна.
-Нүүлгэнэ гэхээр үйлдвэр өөр газар дахин баригдана гэж ойлгогдож байгаа. Яг тийм биш гэсэн үг үү?
-Манайх Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангаж эхэлсэн анхны улсын үйлдвэр. Улаанбаатар гэлтгүй орон нутагт ч агаарын бохирдол бий. Тиймээс Улаанбаатар хотын сайн туршлага, ноу-хау орон нутагт шилжих нь зүй. Нэгэнтээ татвар төлөгчдийн мөнгөөр боссон үйлдвэр учир бид урсгал засвар хийж дараагийн хэрэглэгч рүүгээ шилжүүлэх ёстой. Нүүнэ гэдгийг ийм агуулгаар нь ойлгож буй. Энэ шийдвэр гарвал шугамнуудаа де-монтаж хийж, тухайн газарт нутагт манай инженерүүд бүрэн угсарч хүлээлгэн өгнө. Үйлдвэрийн ажилтнуудыг нь бэлтгэж сургах боломжтой.
Манай үйлдвэрт нийт гурван цех бий. Үйлдвэрийн байр цаашид өөр чиглэлээр ашиглагдаж болно. Түлшний агуулах болгож болно. Сонгинохайрхан дүүргийн иргэд өвлийн цагт түлшээ хурдан хугацаанд авах боломж бий болно.
-Яг хааш нь нүүлгэх тухай асуудал бодитой яригдсан уу?
-Өнгөрсөн жил Өмнөговь аймаг руу 1-р цехийн 2 шугамыг шилжүүлнэ гэж яригдаж байсан. Албан ёсны шийдвэр гараагүй. Шийдвэр гарвал бид хэрэгжүүлээд явна.
-Тэгэхээр хэзээг хүртэл үйлдвэр зарим шугамаа зогсоож, ийм байдлаар ажиллах бол. Өөрөөр хэлбэл хэзээ нүүх талаар танд тодорхой мэдээлэл байна уу?
-Баримжаа бол алга. Засгийн газар хэзээ, хэрхэн шийдэхийг мэдэхгүй. Ямартай ч энэ өвөл бид таван шугамаар ажиллана. Зогссон дөрвөн шугам буулгахад бэлэн байгаа. Шаардлага гарвал ажиллуулахад бас бэлэн.
-Баруун бүсийн үйлдвэрийн хувьд бусдаасаа ялгарах ямар нэг онцлогтой юу?
-Манай инженер, техникийн ажилтнууд илүү туршлагатай гэж боддог. Учир нь манайх анхны үйлдвэр. Эхнээсээ тууштай ажилласан хүмүүс энд олон. Зүүн үйлдвэрийг бол дараа нь байгуулсан шүү дээ. Тэд илүү дэвшилтэт технологитой, давуу талтай. Бид анхны үйлдвэр гэдгээрээ бахархдаг. Түүхий эдийг (мидлинг) төмөр замаар шууд үйлдвэр лүүгээ татаж байгаа нь том давуу тал.
-Барьцалдуулагчийн тухайд. Үндэсний үйлдвэрлэгчдээс татдаг уу?
-Өнгөрсөн жилээс эхлэн “Баргил тех” компаниас татаж эхэлсэн. Бид болж л өгвөл бүх л түүхий эд, материалаа Монголоосоо татах сонирхолтой. Бээлий, шуудайны материал гээд. Манай орон үйлдвэрлэгч улс биш шүү дээ. Иймд гадаадаас хамааралтай асуудал байна. Энэ жилийн хувьд ажлын бээлийгээ бид дотоодын үйлдвэрлэгчээс хангасан. Чанартай байна. Амны хаалт ч мөн ижил.
-Өвлийн бэлтгэл хэр явж байна вэ?
-120 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15 гэхэд бэлдэн, нөөцөлсөн байх ёстой. Өнөөдрийн байдлаар 102 мянган тонн түлшний нөөцтэй болсон байна. Энэ төлөвлөгөөг бүрэн хангахаар ажиллаж байна.
-Баруун бүсийн үйлдвэрт тулгамдаж буй асуудал бий юу?
-Манай ажилчдын хийж, бүтээж буй ажлын гол хүсэл зорилго бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрх бүрийг дулаан өвөлжүүлэх. Үүндээ бид маш сэтгэл хангалуун ажилладаг. Үүнийг буруу зөрүү ойлгох, тайлбарлах асуудал сошиалд цөөнгүй. Тэр бүрд бидний эрч хүч, урам зориг буурах нь багагүй. Гэхдээ бид нийслэлийн 200 мянган гэр хорооллын айл өрх, олон зуун аж ахуйн нэгжийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Бидэнд өөр зүйлд сатаарах эрх байхгүй.
-Мөн нэг зүйлийг тодруулмаар байна. Засгийн газар энэ өвөл хагас коксжуулсан нүүрсээр шинэ түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Энэ “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой ажил уу. Сайжруулсан шахмал түлшний зах зээл хумигдах уу, эрэлтээ бууруулж тооцох шаардлагатай болсон уу?
-Хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш бол шахмал түлшний хөгжлийн дараачийн үе гэж би хувьдаа боддог. Дэгдэмхий 50 хувь бага. Тэр хэрээр агаарын бохирдол багасна. Бусад олон үзүүлэлтээр мидлингээс илүү юм. ЭХЯ-наас хийсэн туршилтууд үүнийг баталсан.
Манай үйлдвэр ч хагас коксжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Засгийн газар энэ өвөл Дархан-Уул аймаг, Налайх дүүрэг, Яармаг, Нисэх чиглэлийн айлуудад хагас коксжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлш нийлүүлэхээр шийдвэрлэсэн гэж ойлгосон. Энэ бол Монголдоо хагас коксын үйлдвэр барих хүртэлх эхний шатны арга хэмжээ болов уу. Шахмал түлшийн хувьд хүрэх үр дүндээ хүрсэн. Түүхий нүүрстэй харьцуулахад агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан. Харин одоо үүнээс илүү үр дүнд хүрэх ёстой, агаарын бохирдлыг илүү бууруулах учиртай. Иймд дараагийн дэвшилтэт түүхий эд нь мидлинг биш хагас коксжуулсан нүүрс юм. Шийдвэр гараад, бидэнд даалгавар өгвөл бид энэ түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Та сая аль болох зардал хэмнэхийг эрмэлзэж буй гэлээ. Үйл ажиллагааг нь хагас байдлаар зогсоосон, тэгээд анхны үйлдвэр учраас энд хамаагүй худалдан авалтууд хийгдэж байх вий гэсэн хардлага бий. Та даргын хувьд үүн дээр ямар байр суурьтай ажилладаг вэ?
-Аливаа үйлдвэрт хүний нөөцтэй холбоотой болон ашиглалтын зардал хамгийн өндөр. Миний зүгээс хэрэглээний зардлуудаа бууруулах боломж бий гэж хардаг. Эрчим хүчийг ч хэмнэх боломжтой. Мөн усны зардал. Ундны ус худалдаж авахгүйгээр, өөрсдөө цэнгэг усны нөөцтэй болох ажлыг эхлүүлсэн. Мөн бүтээмжийг нэмэгдүүлж цалинг нэмэх боломжийг эрэлхийлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарч буй. Аль болон цөөн хүн ажиллуулъя, автоматжуулъя. Ингэвэл хүн цөөрнө, тэднийгээ бусад үйлдвэр, төсөл хөтөлбөрүүдэд санал болгоно. Олон шугам ажиллуулахаас илүү цөөн шугамаараа өндөр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй шүү дээ.
-Та эндхийн бараг анхны ажилтнуудын нэг юм байна. Эхнээс нь хамт ажилласан учир, үйлдвэрийн хамт олны хамтдаа бүтээж буй үнэ цэнийг юу гэж хардаг вэ?
-Би анх 2018 онд “Витафит” компаниас “Тавантолгой түлш”-д ажилд орсон. Борлуулалт маркетингийнхэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Дөрвөн сарын дараа тухайн хэлтсийнхээ дарга болсон. Улаанбаатар хот түүхий нүүрсний ченжүүдээр дүүрэн байсан. Ченжүүд өөрчлөлтөд таагүй хандах нь ойлгомжтой. “Улс бидний бизнесийг булаах юм уу” гэдэг эргэлзээ төрнө. Иймд бид бүгдтэй нь уулзаж, ойлголцож чадсан. Үүнд манай борлуулалтын баг сайн ажилласан. Ундармаа даргадаа үргэлж талархаж явдаг даа.
-Ямар дундын шийдэлд хүрсэн бэ?
-Хэрэглээ замбараагүй байлаа шүү дээ. Хүссэн хэмжээгээрээ, портер портероор нь хашаандаа буулгадаг байсан нь цөөнгүй. Иймд борлуулалтын сүлжээг хамтарч байгууллах санал тавьсан. Орлогыг нь огцом бууруулахгүйгээр. Борлуулалтын цэг байгуулах санааг ченжүүдтэй хамтарч гаргасан. Бид одоо ч маш сайн ойлголцдог. Анхны 10 борлуулагч маань ченж байсан. Бараг бүх нүүрсний 70 хувийг хангадаг байсан. Тэд өнөөдөр маш их баяртай явдаг. Би ч тэдэнд их талархдаг, энэ шинэчлэлийг ойлгож, дэмжиж ажилласанд нь. Бусдыгаа манлайлж, түүчээлж ажилласан.
За, борлуулалтын цэгүүд байгууллаа. Айл өрх бүрийг картжууллаа. Галлагаа хийж, иргэдэд танилцуулж явсан. Автобусны буудлууд дээр зуух, түлшээ авчраад галлаж үзүүлдэг байлаа. Айлуудад хоносон. Түүхий нүүрсийг Засгийн газар хорьсны дараа өвлөөс өмнө маш шахуу хугацаанд ажилласан. Айлуудад хонож, өдрийн хэрэглээний хангалттай нормыг тогтоосон. Хамт амьдрах шахсан (Инээв).
-Та Баруун бүсийн үйлдвэрийнхаа дарга болоод нэг жил өнгөрч. Ажиллах үзэл санаагаа цаашид яг юунд чиглүүлэх вэ?
-Үйлдвэрээ байгаль орчинд аль болох ээлтэй болгохыг л зорьж байна. Эхний ээлжид ногоон байгууламж ихээр байгуулж байна. Моджуулна, зүлэгжүүлнэ. Боломжтой юм билээ. Эхнээсээ тарьсан модод сайхан ургаж байна. Мөн механик цех байгуулах гэж байгаа. Тэнд зорлого хийнэ. Шаардлагатай эд ангиудыг бид өөрсдөө бэлдэнэ гэсэн үг. Цахилгаан хөдөлгүүр шатахад бид өөр компаниудаар төлбөртэй ороолгодог. Цаашид бид өөрсдөө ороодог болно. Бусдад ч энэ үйлчилгээгээ үзүүлж, нэмэлт орлого олох боломж бий болно.
Мөн компанийн хэмжээнд ажилчдын хувцсыг угаах угаалгын цех байгуулахаар төлөвлөсөн. Ажилчид гэртээ очоод тоостой, тостой хувцсаа угаахгүй болно. Тэд маань ажилдаа л гол анхаарлаа хандуулна. Сайн унтаж амрах хэрэгтэй.
Энэ жил манайд Монголдоо цөөнд орох мэргэжлийн лаборатори байгуулагдлаа. Удахгүй итгэмжлэгдэнэ. Бусад үйлдвэрүүд манай дээр ирээд бүтээгдэхүүнээ шинжлүүлж болно гэсэн үг. Ийм мэтээр бусдад хэрэгтэй, нэмэлт орлого олох бололцоотой болж байгаад баяртай байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн нийт хамт олондоо 5 жилийн ойн баярын мэнд хүргэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо наад 22 товчооны үйлдвэрээ аваад нүүгээрэй энэ хавьд хүн ажиллаж амьдрах арга �##�га нил нүүрс тортог
Таван толгой түлш хэдэн дарга нарын бизнес болж байгаа газардөө