Гадаад мэдээДЭЛХИЙ

Үндэстний амбиц: Саран дээр хөл тавьсан Энэтхэг үндсэн нэрээ сэргээх үү

Энэтхэг улс нэрээ албан ёсоор Бхарат болгон өөрчилж магадгүй гэх яриа гадаадын хэвлэл мэдээллээр явж, шуугиан тарив. Тухайлбал “Times Now” нэртэй агентлаг мягмар гарагт /2023.09.05/ Энэтхэг улс нэрээ Бхарат болгон өөрчилж магадгүй гэж мэдээлжээ.

“Times Now”-ийн нийтлэлд Ерөнхийлөгч Нарендра Модигийн засгийн газар энэ сарын 18-аас 22-ны хооронд болох Парламентын чуулганы үеэр улсынхаа нэрийг өөрчлөх талаар хэлэлцэж магадгүй гэж бичсэн байна.

Мөн “Их 20”-ийн уулзалтад оролцох эрхмүүдэд илгээх хүндэтгэлийн зоогийн урилгад “Энэтхэгийн Ерөнхийлөгчөөс” бус “Бхаратын Ерөнхийлөгчөөс” гэж бичсэнийг Энэтхэгийн Конгрессын гишүүн Жайрам Рамеш баталсан нь сонирхол татаж буй.

Бхарат нэрийн үүсэл

Энэтхэгийн үндсэн хуульд “Энэтхэг, өөрөөр Бхарат нь муж улсуудын холбоо болно” гэж бичсэн байдаг. Мөн тус улсын нөөцийн банк, төмөр замын газрын Энэтхэг нэрд нь Бхаратия гэсэн үг орсон байдаг юм.

Бхарат гэх нэр нь Махабхарата тууль гэх мэт Энэтхэгийн эрт үеийн бичвэрүүд буюу Пурана төрлийн уран зохиолоос гаралтай. Пурана бичвэрүүдэд Бхаратын нутгийг өмнөдийн тэнгис болон умардын цастай нутаг хооронд оршдог гэж дүрслэн бичжээ.

Мөн Энэтхэгийн эртний домогт Бхарата нэртэй хааны тухай гардаг. Тэр хаан нь Бхарат овгийн өвөг дээдэс байсан учир Энэтхэгийн газар нутаг дээрх бүх ард түмний өвөг дээдэс гэгддэг аж.

Грек, Ахеменидийн эзэнт гүрнээс гаралтай

Хинду гэх хэллэг нь МЭӨ 522-оос 486 онд оршсон Ахеменидийн эзэнт гүрнээс гаралтай. Ахеменидууд Индус хөндийн иргэншлийг Хинду гэж нэрлэсэн байна.

Эртний Грекүүд Ахеменидийн эзэнт гүрнээс Хинду гэгддэг ард түмэн амьдардгийг мэдэж, Индус гэж нэрлэх болжээ. МЭӨ 3-р зуунд Македонийн хаан Александр Энэтхэгийг дайлаар мордож эхлэхэд Индус гэх хэллэг өөрчлөгдсөөр, Инд мөрний цаадах газар нутгийг “India” буюу Энэтхэг гэж нэрлэдэг болсон байв.

18-р зуунд Британийн эзэнт гүрэн колоничлолын явцдаа Энэтхэгийг газрын зураг дээр ”India”, “Hindustan” гэж бичих болжээ. Энэтхэг гэх нэрийн талаар түүх судлаач Иан Ж Барроу нийтлэл бичихдээ “Энэтхэг гэсэн нэр томьёог ашиглахад түлхэц өгсөн зүйл нь Грек-Ромын нөлөө, Европт энэ нэрийг удаан хэрэглэж ирсэн түүх, мөн шинжлэх ухаан засгийн газрын байгууллагууд хэрэглэж байсан явдал” гэсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Энэтхэг гэх нэрийг ашиглаж эхэлснээр тус газар нутгийг хил хязгаартай, Британийн эзэнт гүрний нутаг дэвсгэр гэж ойлгоход тус болсон” гэжээ.

Үүнээс харахад “India” буюу Энэтхэг гэх нэр нь колоничлолтой шууд холбоотой нь харагдаж байна.

Яагаад нэр солих асуудал дуулиан тарих болсон бэ

Энэтхэгийн нэрийг Бхарат болгон солих асуудлыг үндсэрхэг үзэлтэй иргэд ярьсаар ирсэн. Тухайлбал 2016 болон 2020 онд Энэтхэгийн дээд шүүх улсынх нь нэрийг Бхарат болгон өөрчлөх хүсэлтийг хүлээн аваагүй. Нэр солих талаарх яриа Энэтхэгт шинэ зүйл биш учир энэ удаа яагаад олны анхаарлыг ингэж их татав?

Энэ гурван хүчин зүйлээс болсон.

Нэгт: Ерөнхийлөгч Нарендра Моди урилгадаа “Бхаратын Ерөнхийлөгчөөс” гэж бичсэн явдал.

Хоёрт: Урилгын тухай мэдээ гарахаас хоёр хоногийн өмнө үндсэрхэг үзэлтэй Раштрия Сваямсевак Санг нэртэй байгууллагын тэргүүн Мохан Бхагват үг хэлэхдээ Бхарат гэдэг нэрийг ашиглах хэрэгтэй гэжээ. Тэрбээр тус байгууллагын тэргүүнээс гадна Энэтхэгийн төрийг барьж буй Бхаратия Жаната намын (BJP) үзэл суртлын зөвлөгч юм.

Гуравт: “BJP”-ийн хэд хэдэн нөлөө бүхий гишүүн, Боловсролын сайд Дарменда Прадхан улсынхаа нэрийг Бхарат болгохыг дэмжсэн.

Эсвэл өөр зүйлтэй холбоотой юу

Энэтхэг саяхан “Chandrayaan-3” хөлгөө сар дээр газардуулж, сарны хойд туйлд буусан анхны улс болсон. Мөн тус улс цар тахлаас эдийн засгаа нөхөн сэргээж, томоохон эдийн засагтай улсууд дундаа хамгийн хурдтай хөгжиж байгаа орон болсон билээ. Эдгээр баримтуудад огшсон үндсэрхэг үзэлтэй энэтхэгчүүд колоничлолын түүхтэй холбоотой Энэтхэг гэх нэрээ Бхарат болгон өөрчилцгөөе гэсэн байж ч магадгүй.

Эх сурвалж: Economic Times, TIME, Indian Express

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинХ
ЗочинХ
9 сар 7, 2023 08:30

Бхарат болгож болно оо. Дэмжинэ ээ. Колончлолын нэрийг устгасан нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button