Top StoriesНийгэм ярилцлага

Ж.Гантулга: Тамхи татдаг хүмүүс өдөрт 10-20 удаа шарталт мэдэрдэг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.

-Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй 10 орны нэг-

-Эмч хүн үзүүлж буй өвчтөн бүрээс тамхи хэрэглэдэг үү гэж асуух ёстой гэж та ярьсан. Учир шалтгаан нь юу вэ?
-Олон улсын практик зөвлөмж юм. Таны тамхи хэрэглэж байгаа нь олон асуудлын шалтгаан шүү гэдэг рүү анхаарлыг нь хандуулах зорилготой. Тамхины хэрэглээ олон халдварт бус өвчний суурь болдог гэдэгт хүмүүсийн анхаарлыг хандуулж чадахгүй. Тэгэхээр аль ч шатны, ямар ч мэргэжлийн эмч байсан ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд “Та тамхи хэрэглэдэг үү” гэж асууж өвчний түүхэнд нь тэмдэглэж, хэрвээ хэрэглэдэг бол тамхинаас гарахыг санал болгох, чадварлагаар зөвлөдөг байж үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа. Яг амьдрал дээр СЭМҮТ-д тамхинаас гармаар байна гээд очиж байгаа хүний тоо бол маш цөөн. Харин өрхийн эмнэлэгтээ үзүүлж байгаа хүний тоо хамаагүй олон. Тийм учраас дэлхий нийтийн чиг хандлага анхан шат руу чиглэсэн байдлаар сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэгийн тусламж үйлчилгээг хүргэх нь хүртээмж, үр дүнтэй гэж үзэх болсон.
-Ингэснээр үр дүн гарч эхэлсэн үү, эсвэл…?
-Сүүлийн дөрвөн удаагийн томоохон судалгаанаас харахад архи, тамхины хэрэглээ буурсан тохиолдол байхгүй бөгөөд монгол улс тамхины хэрэглээ өндөртэй дэлхийн 10 улс орны нэг болчихсон явж байна. Тэгэхээр үүнийг маш сайн анхаарч, энэ рүү хөрөнгө оруулах, эмч нараа чадавхжуулах хэрэгтэй байгаа.
Тамхинаас гарах эмчилгээг ямар ч мэргэжлийн эмч, зөвлөгөөг эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан хэн ч гэсэн өгөх боломжтой. Яг одоо манай эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх ур чадвараа эзэмшчихсэн, ямар эмийг, хэрхэн хэрэглэх гэдэг нь маш тодорхой гаргаад өгчихсөн учраас хийж хэрэгжүүлэхэд ямар ч бэрхшээл байхгүй. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нас баралтад хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах, дундаж наслалтыг өсгөх боломжийг олгох юм. Тэр ч утгаараа СЭМҮТ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Сүүлийн хориод жил тодорхой төслүүдийг хэрэгжүүлээд явж байхад тулгарч байсан нэг бэрхшээл нь анхан шатанд ажиллаж байгаа эмч нар тогтвор суурьшил муу байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр сургаад, дадлагажуулаад дараа жил нь очихоор явчихсан өөр хүн байж байдаг. Тэгэхээр энэ сургалтыг ойрхон давтамжтай явуулах хэрэгцээ шаардлага үүсч байна. Цаашлаад архи, тамхины чиглэлээр дагнан ажилладаг төвүүдийг бий болгох хэрэгтэй гэж бид харж байгаа.

-Ямар нэгэн өөрчлөлт хийхэд 1, 2 удаагийн оролдлого хангалтгүй-

-Дадлагажуулсан сургасан эмнэлгийн ажилтан иргэд үйлчлүүлэхэд хамгийн түрүүн юу хийдэг вэ?
-Та тамхи татдаг уу гэж асууна. Дараа нь тамхи хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдгийг хэр сайн мэдэх вэ, танд тамхинаас гарах хүсэл, сонирхол хэр байгаа бэ, тийм гэвэл чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ, тусламж хэрэгтэй юу гэх мэт маш энгийн асуултууд асууна. Олон улсын жишгээр тамхи татдаг, гэхдээ үүнийгээ нэг их асуудал гэж үздэггүй, тамхинаас гарах хүсэлгүй гэсэн ч орхиж болохгүй гэдэг. Зөвлөгөө өгнө. Хэзээ нэгэн цагт тамхинаас гармаар санагдвал эргээд надтай холбогдоорой, уулзаарай, танд туслахад бэлэн байгаа шүү гэдгээ илэрхийлдэг.
Нөгөө талаас хүмүүс 1-2 удаа гарах оролдлого хийгээд бүтэлгүйтээд шантарчихсан байдаг, Би гарна гэж худлаа юм билээ гэнэ. Хэдэн удаа оролдож үзсэн бэ гэхээр хоёрхон удаа гэдэг. Ямар нэгэн өөрчлөлт хийхэд 1, 2 оролдлого гэдэг хангалтгүй шүү дээ. Тамхины донтох эмгэг дээр шарталт яригддаг. Өдөрт 10 ширхэг тамхи татдаг бол өдөрт тамхины арван удаагийн шарталт илэрч байгаа юм. Тамхиа татлаа, магадгүй 30 минутаас нэг цагийн дараа тайван биш, анхаарал нь төвлөрөхөө больж, биемахбодийн талаас ч, сэтгэлзүйн талаас ч тогтворгүй болж байгаагийн цаана нь тамхи татах шарталтын шинж тэмдгүүд үүсч байдаг. Тэгээд гараад тамхилангуут нэг хэсэг хугацаанд шарталт нь тайлагдана. Тэгэхээр биеийн болон сэтгэлзүйн талаас үүсч байгаа тэр зовиуртай байдлыг тэвчээд гардаг хүн нь цөөхөн байхгүй юу.
Тийм учраас үүнийг зохицуулдаг эмийн эмчилгээнүүд гараад ирчихсэн. Тэр зовиуруудыг бие сэтгэлээрээ тэсээд тэвчээд гарна гэж өөрийгөө зовоох шаардлагагүй болчихож байгаа юм. Дэлхий дахинд эмийн эмчилгээгээр сэтгэл засалтай хавсраад тамхинаас гарах магадлалыг нь нэмэгдүүлж байна. Яг ингэж гарсан хүмүүсийн эргэж орох магадлал 80-90 хувьтай байдаг.
-Би өөрөө нэг л өдөр хаячихсан гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр үр дүн муутай гэсэн үг үү?
-Амьдрал дээр ингээд гарчихсан хүмүүс байдаг л даа. Энэ нь эмчилгээний хамгийн сайн хувилбар ч хүн болгонд үйлчилнэ гэсэн үг биш. Үүний цаана өөрөө хаях гэж оролдоод гарч чадаагүй олон хүн байдаг. Тэр тохиолдолд зөвлөмж аваад эмчилгээтэй хослуулсан хувь эргээд орох магадлал нь хамаагүй багасаж байгаа. Хүмүүс хааяа нэг тамхилчихдаг, би өдөрт 4, 5 ширхэгийг л татдаг гэх мэтээр нэг их ач холбогдолгүйгээр илэрхийлж байгаач амьдралынхаа нэг хэсэг болгочхоод байна. Гэтэл судлаад үзэхээр зүрх судасны эмгэг, хавдар, даралт ихсэлт гээд нас баралтын шалтгаануудын үндэс нь архи, тамхины хэрэглээ зонхилох байр суурь эзэлдэг. Энэ асуудлыг бид цэгцэлж анхаарахгүй бол эмнэлгийн ачаалал ч буурахгүй нөхцөл байдал үүсч байна.
-Таны ярианаас эрүүл мэндийн байгууллагын бүхий л шатанд тамхидалттай тэмцэх ажил эхэлсэн. Эмч, сувилагчид бэлтгэгдсэн. Иргэд өөрсдөө л хүсвэл тусламж авах бүрэн боломжтой болжээ гэж ойлголоо?
-2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайдын А 596 гээд тамхины эмчилгээг цогцоор багтаасан тушаал гарсан. Монгол хэл дээр бичигдсэн энэ тушаалтай хүн болгон танилцаад, зөвлөгөө өгөх боломжтой. Яг энэ дагуу чадавхжуулах сургалтууд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эхэлж байна. Олон улсад ашиглагддаг үр дүн нь батлагдсан стандартыг тушаал болгоод гаргасан учраас бид нарт бүх зүйл нь тодорхой болчхож байгаа юм. Жишээ нь, надад хандсан зөвлөгөө, эмчилгээ авсан хүмүүсийн 60-70 хувь үр дүн үзүүлсэн. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ер нь донтох эмгэгийг архаг дахидаг эмгэг гэж үздэг. Архаг гэдэг нь удаан хугацаанд үргэлжилдэг, дахидаг гэдэг нь эмчилгээ хийлгэсний дараа дахиад орох магадлалтай гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг тамхинаас гарсны дараах зургаан сарын хяналтын хугацаагаар шийднэ. Тамхи татах дур төрөх, хүсэл өдөөгчийг даван туулахад буцаад эмч рүүгээ холбогдох хэрэгтэй. Манай эмнэлэг л гэхэд 1800-2000 утсаар тамхины зөвлөгөөг ч гэсэн давхар өгч байгаа. Цаашид зөвхөн тамхины чиглэлээр зөвлөгөө өгдөг үндэсний хэмжээний утсыг ч гэсэн бий болгох шаардлага үүсч байгаа. Яваандаа энэ эмчилгээний хувилбарыг онлайнаар, утсаар, бүр мессэжээр хүртэл хүргэх боломж нь байдаг.

-Хүмүүсийн 70-75 хувь нь жилдээ нэг удаа тамхинаас гарах тухай боддог-


-Таны энэ яриаг уншиж байгаа хүмүүст хамгийн түрүүн юу гэж зөвлөх вэ?
-Тамхи татдаг хүмүүсийн 70-75 хувь нь жилдээ нэг удаа гарах бодол төрдөг. Энэ нь хүмүүст тамхинаас гарах сэдэл нь байна, үүнийг нь олон улсын үр дүнтэй аргачлалаар дэмжих хэрэгцээ шаардлага байгаа юм. Та тамхинаас гарья гэж бодож байгаа бол бид контентууд хийж байна. Таван төрлийн видео, таван төрлийн хичээл бэлдээд эмч нарыг сургаж байна. Тэгэхээр таны хамгийн түрүүн хийж болох зүйл бол 1800-2000 утас руу залгаад тамхиныхаа хэрэглээгээ үнэлүүлэх хэдэн асуумжид хариулаад зөвлөгөө авах боломжтой. Бас хамгийн амархан бас хамгийн үр дүнтэй арга бол яг өөрийнхөө сэтгэлзүйг бэлдэж байгаад тамхиа больё гэдэг шийдвэр гаргаж өөр дээрээ ажиллах сонголт байнга таны гарт байгаа. Зургаан З-гийн зарчим гэж бий.

  1. Зарла. Тамхинаас гарна гэдгээ дотроо бодох биш ажлынхаа хамт олон, найз нөхөд дунд зарлах
  2. Зөвхөн шингэн уу. Тамхи татмаар санагдсан үедээ цэвэр ус шимээд уугаад бай. Үр дүн нь харагдана.
  3. Завгүй бай. Хүн завтай байх үедээ илүү их тамхи татах гээд байдаг. Өдрийн хоол, кофе уусны дараах зуршил болсон үйлдлээ өөр зүйлээр орлуулах хэрэгтэй.
  4. Залбирах. Сэтгэлээсээ үнэхээр гармаар байна гээд ямар шашин шүтдэгээсээ хамаараад тусламж хүснэ.
  5. Зөв амьсгалах. Гүнзгий амьсгал аваад гаргана. Аргачлал нь гурван секунтын турш амьсгал авна. Гурван секунт түгжээд, гурав тоолоод гаргах.
  6. Зөвлөгөө. Энэ аргачлуулдыг туршиж үзээд амжилт олохгүй бол өрх, дүүрэг, сэтгэц, наркологийн эмчээс зөвлөгөө ав.
    Тамхи татдаггүй хүмүүсийн эгнээнд элсэх нь маш олон давуу талыг бий болгодог. Эрүүл мэндээрээ гоёно гэдэг бол хамгийн сайхан гангараа. Тамхи сонирхож эхлээд гүнзгий хамааралд ороогүй байгаа хүн зогсооход амархан. Харин хамааралд орчихсон тамхиныхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд ханд. Та нэг өдрийн өмнө ч гэсэн шийдвэр гаргаад тусламж хүсээрэй. Танд туслах хүмүүс байгаа шүү гэж хэлмээр байна.

-Хамааралтай болсноо яаж мэдэх вэ?
-Хамааралтай болсон гэдгээ мэдэх арга нь юу вэ гэхээр тамхи татахгүй байж чадаж уу. Ерөөсөө л энэ. Тамхин дээр тэдэн ширхэг бол хэвийн гэж үзнэ гэсэн ойлголт байдаггүй. Гурав хоногт нэгийг татдаг байсан ч энэ бол эрсдэл. Хүмүүс би цөөхөн татдаг гэж ярьдаг. Цөөн татдагаараа бус та цөөхөн ч гэсэн наад хэрэглээгээ авахгүй хэд хонож чадах вэ гэдэг нь чухал. 10, 14 хонож чадаж байвал хамаарал гэж үзэхгүй. Гэхдээ өдөрт нэг ширхэг тамхи татах ч гэсэн эрсдэл, хэрвээ өдөрт нэг ч ширхэг тамхи татахгүйгээр ажиллаж амьдарч чадаж байвал та тамхинаас ангид юм байна гэж ойлгох хэрэгтэй.

-Хүмүүс ялангуяа сошиал орчноос тамхинаас гаргадаг янз бүрийн бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг. Бас электрон тамхиар орлуулж гарна гэх сонголтыг хийх болсон шүү дээ?
-Утаат тамхийг электрон тамхиар орлуулна гэдэг нь ерөөсөө сольчхож л байгаа төдий юм. Электрон тамхи өөрөө никитон агуулдаг. Ямар ч донтох эмгэгийн үед эмчилгээ бол сэтгэл заслаас эхэлдэг. Юу болоод байгааг өөрт нь ойлгуулж, тайлбарлаж, ухамсарлуулах нь чухал. Дараа нь өөрөө зуршлаасаа гарахад хэр бэлэн байгаа нь том хүчин зүйл. Өөрөөр хэлбэл гарах хүсэлтэй хүн зөв оновчтой зөвлөгөөг авахад үр дүнтэй. Тамхины шарталт буюу бие махбодь, сэтгэц, оюун санаанд үүсч байгаа таагүй мэдрэмжүүдийг багасгах байдлаар никотин орлуулах эм, наалт, бохь санал болгож байгаа юм. Үүнийг нэг пост уншаад хэрэглэх биш зөвлөгөөг нь аваад хэрэглэх нь зүйтэй. Өмнө хэлсэн 596 тушаал дээр тамхинаас гарчихсан байгаа хүнийг эргэж оруулах эрсдлийг бууруулахын тулд яах вэ гэдгийг ч оруулж өгсөн.

-Дур мэдэн хэрэглэх нь тийм ч үр дүнтэй сонголт биш юм байна?
-Эмчилгээний стандартыг мэргэжлийн эмчтэйгээ хийх нь илүү үр дүнтэй. Зааврыг нь уншаад хэрэглэж болох ч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь эмчилгээ амжилттай болох нэг суурь болж байгаа юм. Тамхины асуудлыг наалт, эмээр бүгдийг нь шийднэ гэж үзэж болохгүй. Эхлээд зөвлөгөө, нэмээд шаардлагатай бол тэдгээрийг авна гэж байгаа юм. Хэрвээ тухайн хүний тамхины хэрэглээ харьцангуй бага гарах хүсэл сонирхол өндөртэй биед үүсч байгаа зовиур багатай бол зөвлөгөөгөөр ч гарах боломжтой.

Би бол өөрөө огт тамхи татдаггүй. Надад тамхины шалтгаантай асуудал үүсдэггүй. Гэтэл тамхи татдаг хүн над шиг хэвийн байхын тулд татаж байгаа байхгүй юу. Тэр хүн зүгээр л над шиг тайван сууж ажлаа хийх мэдрэмжийг авахын тулд тамхи татаж байна. Бие махбодь ингээд дасчихсан байгаа учраас хаяахад магадгүй тэр эхний сарын дотор олон зовиур үүсч болно. Эхний зургаан сар тамхи татаагүй хүнийг гарчихаж байгаа ангилал руу оруулж болно. Тамхийг эмчлэхдээ 100 хувь тамхигүй болчихлоо гэж үздэггүй. Эдгэрэлтийн байдал хэрэглэхгүй байгаа тэр дадлыг л алхам алхмаар баталгаажуулах хэрэгтэй.
-Тамхийг гэнэт хаяхаар гэнэт үхчихдэг, хавдар тусдаг гэх мэт ам дамжсан ярианууд бий. Үүн дээр та ямар мэдээлэл өгөх вэ?
-Тамхийг гэнэт хаяхаар нас барчихдаг уу гэж маш их асуудаг. Тэгэхээр ямар тохиолдолд ингэж байна гэхээр олон жил хэрэглээд тамхинаас гарсан. Гэтэл хавдрын эрсдэл аль хэдийн үүсчихсэн байсан. Тамхиа хаясан, хавдар илэрсэн цаг хугацаа ойролцоо байхаар маш хүчтэй хүлээгээд авчихдаг. Энэ болгоныг ухааруулна, сэнхрүүлнэ, ойлгуулна гэдэг чинь зөвлөгчөөс нэлээд ур чадвар, хүч хөдөлмөр шаарддаг. Тамхи бол урт хугацаанд аажим аажмаар өөрчлөлт бий болгож байдаг чимээгүй тахал. Нөгөө талаас тамхи бол санааных гэж хэзээ ч байдаггүй юм шүү. Би ерөөсөө огт тамхи татдаггүй, за яахав сонирхоод нэг сороод үзье, гашуун амттай утаа гардаг муухай юм байна гээд хүн тамхиын өмнө хүчтэй байдаг. Гэвч хэсэг хугацааны дараа аажим аажмаар энэ хүчээ алдаж, тамхины өмнө хүчин мөхөсддөг. Нэг л мэдэхэд санааных биш болчихсон байна. Хүмүүс хэзээ тамхинаас гарах тухай бодож эхэлдэг вэ гэхээр нүүрэн дээр нь батга гараад, үеийнхнээсээ илүү хөгшрөөд, шүд нь шарлаад нүдэнд харагдах асуудал гараад ирэнгүүт бодож эхэлдэг.
-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 9, 2023 12:43

Яг зөв ярьдаг эмч байна. 70-75% нь гарах тухай жилдээ нэг удаа боддог гэдэг сайн тоо. Хүн зуршлаа хаях эрмэлзэлтэй байж байж хаяна. Мөн өөрсдөө уншиж мэдээд бодоод архи тамхиа шууд нэг удаа байнга хаяж чаддаг хүмүүсийг дууриагаад гарч чадва л сайн, гэвч тэднээр хэмжиж бодох нь буруу. Ихэнх нь тэгж чаддаггүй тул арай өөр арга хэрэглэнэ. Гэвч жоохон ч гэсэн өөрийн эрмэлзэл байх чух�##�.

Холбоотой мэдээ

Back to top button