Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаУРЛАГ

Венецийн наадмын шилдэг эрэгтэй дүр Б.Тэргэл: Жеки Чан шиг Холливүүдийн жүжигчин болно

Болд-Эрдэнэ овогтой Тэргэл нь “Сэр Сэр Салхи” кинонд гол дүр бүтээж, дүрийнхээ нарийн тансаг байдлыг амилуулж, тухайн дүрээрээ амьсгалж чадсанаар Венецийн олон улсын кино наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн. Ярилцлагаа эхлэхээс өмнө багаасаа кинонд дуртай байсан хийгээд зурагтнаас салдаггүй хүүхэд байсан талаараа дурссан юм. Түүнчлэн одоогоор үлгэрлэдэг монгол жүжигчин байхгүй хэдий ч жүжигчин болох, кино урлагтай нөхөрлөхөд нь "Fast and Furious" киноны жүжигчин Вин Дизель урам зоригийг нь өдөөсөн хэмээв. Тэгвэл түүнтэй уран бүтээл хийгээд цаашдын зорилгынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Улаан хивсэн дээр алхаж байгаадаа итгээгүй-

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Шилдэг эрэгтэй жүжигчин шагнал авна гэж төсөөлж байв уу?

-Сайн байцгаана уу. Намайг Б.Тэргэл гэдэг. Би одоо 19 настай. "Сэр сэр салхи" киноны гол дүрд тоглосон. Миний хувьд Венецийн олон улсын кино фестивалиас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг авна хэмээн төсөөлж байгаагүй, бодсон ч үгүй явсан.

-Энэхүү шагнал авсны дараа ойр тойрны хүмүүс нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би шагнал авсан талаараа мэдээгүй байсан. Улаан хивсний ёслолд оролцоод Монголд ирсний дараагаар манай гүйцэтгэх продюсер н.Дариа эгч маань холбогдсон. Тэрбээр “Баяр хүргэе. Шилдэг эрэгтэй жүжигчин болсон байна аа” гэхэд л би ёстой итгээгүй. Тэгээд л шагнал авсныг эргэн тойрны хүмүүс маань мэдээд сэтгэгдэл өндөр хүлээж авсан.

-Венецийн кино наадмын улаан хивсэн дээгүүр алхах мөч ямар байсан бэ. Анхны уран бүтээлээ тэр шалгуур өндөр тайзан дээрээс үзэх мэдрэмжээсээ хуваалцвал?

-Улаан хивсэн дээгүүр багийнхантайгаа хамт алхахад ихэд догдолсон. Эхэндээ итгэж өгөхгүй байсан. Харин киногоо анх удаа үзсэн болохоор үргэлж өөрийгөө харсаар байгаад л таарсан. Би хэр жүжиглэв, ямар харагдаж байна гэх мэтээр өөрийгөө л их харсан даа.

-Өмнө нь бөө дээр очиж үзээгүй. Хувцас, хэрэглэлээ аваад ганцаараа бэлддэг байсан-

-Та энэ кинонд л тоглоно гэж бодож явсан уу. Эсвэл тохиолдлоор шалгаруулалтад оролцсон уу?

-Тохиодлоор энэ кинонд тоглох боломж олдсон гэж хэлж болно. Учир нь Азаа гэх эгч маань надтай холбогдож, дүрийн шалгаруулалтад оролцож үзэхийг санал болгосон юм. Би ч оролдоод үзсэн. Дараа нь над руу залгаад "тэнцсэн байна" гэж хэлсэн. Бүр гол дүрд тэнцсэн гэж хэлсэн юм. Гол дүр авсандаа итгээгүй. Өмнө нь үргэлж киноны арын албанд ажилладаг байсан. Анх удаагаа кинонд тоглохдоо гол дүрд тоглолоо.

-Зохиолоо уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Тухайн үед зохиолоо ерөөс бүтэн уншаагүй.

-Олон улсын наадмаас шагнал авсан дүр нь бөөгийн дүр байсан шүү дээ. Уг дүрийг амилуулахад, тэр дүрээрээ амьсгалахад хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?

-Хүндрэл байлгүй яахав. Дүрийнхээ талаар ч судалгаа их хийсэн. Би өмнө нь бөөд очиж үзээгүй, харж байгаагүй юм. Тиймээс дүрээ гаргахдаа бөө дээр очиж, хэрхэн бөөлдгийг харсан. Мөн аман хуур тоглож сурахын тулд нэг сар хичээллэсэн юм. Энэ хоёр зүйлийг таньж, судлахад нийт хоёр сар судалгаа хийсэн гэсэн үг. Бөөгийн хувцас, хэрэглэлээ аваад л ганцаараа ихэд бэлтгэл хийсэн дээ. Дүр маань тийм ч амар байгаагүй.

-Киноны арын албанд ажилладаг байхдаа та гол дүрийг дандаа хөндлөнгөөс хардаг байсан болов уу. Харин энэ удаад өөрөө гол дүрд тоглоод үзэхэд хэр байдаг юм байна?

-Миний өмнө нь тоглож байсан кинонуудад би үргэлж арын албанд ажилладаг байсан тул шинэлэг, шинэ зүйл байгаагүй. Харин энэ удаагийн бүх зүйл нь цоо шинэ мэдрэмж байсан. Анх удаа кинонд тоглох гэж байгаа жирийн хүнд бөөгийн дүр өгөхөд бүх зүйлийн сурах хэрэгцээ гарч ирж байсан юм. Тиймээс хэцүү хэдий ч сонирхолтой мөчүүд өнгөрсөн.

-Та "Сэр сэр салхи" кинонд бүтээсэн дүрийнхээ талаар товчхон яривал?

-Ер нь одоогийн Монголын нийгмийг харуулсан гэж хэлж болно. Арван жилийн 17 настай бөө хүүхэд нэг охинд сайн болдог юм. Үүнээс л үйл явдал үргэлжилнэ дээ.

-Та өмнө нь ямар ямар продакшнуудтай хамтарч ажилласан бэ?

-"Тал нутгийн зомби", "Молко", "Хавтаст хэрэг" гэх кинонуудад арын албанд ажиллаж байсан.

-Холливүүдийн жүжигчин болохын тулд АНУ-д суралцахаар төлөвлөсөн-

-Олон улсын тэмцээнээс шилдэг эрэгтэй дүр авснаас хойш киноны санал орж ирсэн юм болов уу?

-Одоохондоо киноны санал орж ирээгүй.

-Хэрвээ кино санал орж ирвэл ямар төрлийнх байгаасай гэж хүсэж байна вэ?

-Би адал явдалт кинонд тоглох мөрөөдөлтэй. Тиймээс адал явдалт киноны санал орж ирээсэй гэж хүсэж байна. Энэ төрлийн кинонд тоглоход жүжигчнээс их хэмжээний биеийн хүч шаарддаг. Тиймээс олон төрлийн спорт, тулааны урлагаар хичээллэж байсан. Хэрэв аль нэгийг нь сонго гэвэл би тулааны урлагийг сонгоно.

-Монголчууд ихэвчлэн гадаад уран бүтээлчидтэй хамтарч түүхэн кинонд тоглох нь нэмэгдсэн. Үүний адилаар хэрэв танд түүхэн кинонд тоглох санал ирвэл та хүлээж авах уу ?

-Миний хувьд би уг саналыг хүлээж авна. Түүхэн кинонд тоглох санал ирж магадгүй гээд үсээ ургуулж байгаа. /инээв/ Гэвч хүмүүс үсийг маань хараад "Үсээ засуулаач ээ" хэмээн хэлдэг. Уг нь түүхэнд кинонд зориулаад ургуулж байгаа юм.

-Монголын кино урлагийг олон улсын тайзнаа дурдуулж чадсан уран бүтээлчдийн нэг болоод байна тиймээс монголын кино урлагийг одоо ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Би монгол кино их үздэг. Нэг үеэ бодоход монгол киноны хийцлэл харьцангуй сайжирсан. Энэ тал дээр би Фантастик продакшныг дурдмаар байна. Жил болгон манай улсад олон тооны кино нээлтээ хийж байна. Хүмүүс ч монгол киног сонирхдог болж байгаа. Нээлтээ хийж буй кинонуудыг харахад монголчууд кино хийж сурч байгаа нь анзаарагддаг. Цаашид илүү сайжрах байх аа. Тиймээс монгол жүжигчдийг дэлхийд гараасай гэж хүсдэг. Дэлхийн хаана ч байсан “Энэ нөгөө жүжигчин явж байна” гэж таньдаг болоосой гэж хүсдэг юм.

-Таны цаашдын зорилго юу вэ. Нууц биш бол хуваалцаж болох уу?

-Би ахлах ангиа төгсөөд GAP буюу нэг жилийн чөлөө авсан. Харин одоо суралцах бодолтой байгаа. Ингэхдээ АНУ-д жүжигчний мэргэжлээр суралцах хүсэлтэй байна. Цаашдаа жүжигчнээрээ ажиллахыг хүсдэг. Оргил нь Холливүүдийн жүжигчин болох юм. Жишээ татвал Жеки Чан эсвэл Мистер Бин шиг. Учир нь миний царай нухацтай төрлийнх биш. Илүү хөгжилтэй төрхтэй гэж хэлж болно. Тиймээс илүү их хөдөлмөрлөж, суралцахаар төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туул
Туул
2023-09-12 08:56

Ямар ядмаг ярилцлага вэ. Сэтгүүлч нь ярилцагчаасаа ийм жижүүрийн асуулт асууж л суудаг. Ур чадвараа хөгжүүлнэ үү

mgl hyn
mgl hyn
2023-09-12 14:50

amjilt hysey, muruudul n bieleesei

Зочин
Зочин
2023-09-15 10:02

Зорьсон зорилготой хүн сайхан шүү з�##�уу минь амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button