Куба дахь Монголын ЭСЯ-наас сурвалжлав: Монгол оюутнуудын тэтгэлгийг 200 ам.доллар болгож нэмлээ
Eguur.mn сайтын сурвалжлах баг Куба улсын Хавана хотод ажиллаж байна.
Кубад Монголын 11 оюутан дээд боловсрол эзэмшиж байна.
Гадаадын их, дээд сургуульд тэтгэлэг горилох монгол сурагчдын дунд дэлхийн өндөр хөгжилтэй, амьдралын нөхцөл таатай орныг сонгох нь нийтлэг үзэгдэл. Харин олон 10 жилийн анагаах ухааны сайн хөгжлийн жишиг бүхий БНКУ-д суралцаж буй тэдэнтэй уулзах сонирхолтой байлаа.
Куба улсын Хавана хотод энэ өдрүүдэд газар дээр 35 хэм давж халж байна. Карибын тэнгисийн эрэг дээрх хот учраас агаарын чийгшил өндөр. Социалист дэглэмээ хадгалж үлдсэн цөөн орны нэг учраас эдийн засаг хийгээд бүтээн байгуулалтын хөгжил сул талдаа анзаарагдаж байна.

Энд анагаах ухаан, эдийн засаг, биохимийн чиглэлээр суралцаж буй 11 монгол оюутан есдүгээр сарын 14, Монголын цагаар 15-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсаас БНКУ-д суугаа Бүрэн эрхт элчин сайд С.Золжаргал нартай уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энд зохион байгуулагдаж байгаа хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм. Айлчлал эхэлсэн өдөр тэр БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канельтэй албан ёсны уулзалт хийсэн. Харин дараа нь Монгол Улсын ЭСЯ-нд зочид төлөөлөгчдийн хамт ирж, оюутнуудтайгаа уулзлаа.
11 оюутны нэг нь Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумаас шалгарснаар энд суралцаж байгаа юм байна.
Оюутнууд Ерөнхийлөгч, БШУ-ы сайд нартай уулзаад Куба улсыг сонгон суралцах болсон шалтгаан, Хавана хотод өнгөрүүлж буй сонирхолтой дурсамжуудаа хуваалцан ярьсан. Мөн амьжиргааны тэтгэлгийн асуудлыг хөндөв. Тодруулах юм бол, тэдний сургалтын төлбөрийг Кубийн Засгийн газраас төлдөг ч амьжиргааны тэтгэлэгт сардаа 2 орчим ам.долларыг өгдөг байна.
Хэдийгээр өртөг хийгээд хэрэглээ бага хот ч оюутнууд гэр бүлээсээ нэмэлт зардал гаргуулан суралцаж буйгаа ярьсан юм. Тэдний зарим нь байр түрээслэн амьдардаг аж.
Энэ үеэр, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан есдүгээр сараас хэрэгжиж эхлэх шинэ журмыг танилцуулсан. Тодруулбал, 2 ам.долларыг 200 болгон нэмэгдүүлж буй тухай оюутнуудад мэдээллээ. Нэгэнт цөөн оюутан бий тул тэднийг ЭСЯ дээрээ хүрэлцэн ирж, ГХЯ-аар дамжуулан амьжиргааны тэтгэлгээ авч байх зохицуулалтыг ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд оюутнуудад хандан эх оронч байхын чухлыг нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Мөн оюутан бүрд Чингис хааны эш хөрөг, төрийн далбааг бэлэг болгон гардуулсан нь анхаарал татлаа.
Оюутнуудын зарим нь испани хэл сурахын тулд энэ боломжийг олзуурхан хүлээн авчээ. Мөн анагаах ухааны хөгжлөөр Куба өндөр. Монголчуудын сайн мэдэх, Э.Оюун эмч Кубад төгссөн олон монгол мэргэжилтний нэг юм. Цар тахлын үед кубачууд өөрсдөө вакцин үйлдвэрлэжээ.
Ташрамд сонирхуулахад, Куба дахь Монгол Улсын ЭСЯ нь хувьсгалаас өмнө казиногийн “босс” америк хүний байр байсан гэнэ. Куба улс эхлээд Испани, дараа нь АНУ-ын колони байсан. Энэ үед АНУ-ын тэргүүн хөрөнгөтнүүд ирж амьдардаг нутаг байсан байна. Харин 1959 оноос эхлэн Фидель Кастро иргэний нийгмээ хөдөлгөж, хувьсгалыг удирдсанаар Куба өөрсдийн тусгаар эрх мэдлийг олж авсан байдаг. Улмаар бүх барилга, байшин, автомашин тэргүүтнийг улсдаа хурааж авчээ.
Тэгж хураагдсан хоёр давхар, үүдэндээ усан сантай байшинд өдгөө Монгол Улсын ЭСЯ байрлан ажиллаж буй нь ихээхэн сонирхол татсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сурв�##�жлагийг бичсэн сэтгүүлчид баярл�##�аа.Ерөнхийлөгчийн айлчл�##� G77 т�##�аар маш топорхой дүгнэлт мэдээлэл өгсөнд.