АНУ болон БНХАУ-ын топ дипломатууд Мальтад уулзаж хэлэлцэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ болон БНХАУ-ын топ дипломатууд Европын Мальта улсад уулзаж, хэлэлцээ хийсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус хоёр улс хурцадсан харилцаагаа зөөлрүүлж, Жо Байден болон Ши Жиньпин хоёрыг уулзаж, хэлэлцэх замыг үүсгэхээр ажиллаж байгаа юм.
Бээжин болон Вашингтоны мэдээлснээр Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Мальтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэд хэдэн удаа уулзаж илэн далангүй, бодитой, бүтээлч хэлэлцээ хийсэн байна.
Цагаан ордон ням гарагт /2023.09.17/ мэдэгдсэнээр Салливан, Ван И хоёр дэлхий, бүс нутгийн аюулгүй байдал, Украины дайн, Тайваний асуудлаар хэлэлцсэн аж.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоёр тал Ази, Номхон далайн асуудал, гадаад бодлого зэрэг асуудлаар зөвшилцөж байх тохиролцоонд хүрсэн гэжээ.
Ши, Байден хоёр бие биеэ харж хэлэлцээ хийж чадаагүй удсан. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн жил Индонез улсад болсон “Их 20”-ийн чуулганаар уулзсан юм. Ши энэ жилийн “Их 20”-ийн уулзалтад оролцоогүй.
Дээрээс нь БНХАУ, АНУ-ын харилцаа дордсоор ирсэн. Ийм учраас 11-р сард Сан Франциско хотод болох Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) уулзалтад Ши оролцох магадлал бага байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.