Ярилцлага

М.Сандаг: Хэрчиж, зажилж үзүүлсэн пүүз маргааш нь зарагдаад л дуусдаг

Худалдаалж буй пүүзээ хэрчиж, хөшиглөж, шулж, зажилж, тэр бүү хэл хоолны материал болгож сурталчилдаг М.Сандагтай ярилцлаа.

-ХОЁР ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ ЛАЙВ ГЭДЭГ БОЛ ЯМАР Ч ЗАРДАЛ ГАРГАХГҮЙГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ ТАТАХ АРГА ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЛЖ ХАРСАН-

-“Z Sneakers Shop” нэртэй пүүзний дэлгүүр нээж, сонирхолтой хэлбэрээр маркетинг явуулж байгаа тань сошиал ертөнцөд нэлээдгүй түглээ. Хэзээнээс пүүзний худалдаа эрхлэх болов, үүнээс яриагаа эхэлье.

-Миний хувьд өмнө нь хоёр, гурван жил орчим маркетингийн менежерийн ажил хийж байгаад байгууллагаасаа гарч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөө өгдөг бие даасан хэлбэр лүү шилжсэн юм. Уламжлалт маягийн сурталчилгаа гэхээс илүү орчин үе, 21-р зуунд тохирсон, сошиал медиаг ашигласан маркетинг боловсруулах нь миний зорилго байв. Томоохон компаниуд тусгай маркетингийн албатай байдаг ч, жижиг дунд бизнес эрхлэгчид энэ талаар нарийн мэдлэггүй байдаг.

Ингээд тухайн үед 10-аад пүүзний дэлгүүртэй хамтран ажиллаж, маркетингийн зөвлөгөө өгч байлаа. Харин яваандаа, “Би яагаад өөрөө пүүзний дэлгүүр нээж болохгүй гэж?” хэмээн бодох болсон. Өөрөө сагсан бөмбөгийн спортод хоббитой, тоглодоггүй ч үнэнч фен нь. Ингээд л дэлгүүрээ энэ оны тавдугаар сард нээсэн. Манай эхнэр стайлист мэргэжилтэй, үүгээрээ “Z Hair Salon” нэртэй салон ажиллуулаад хэд гурван жил болж байна. Энэ “Z” гэсэн нэрийг франчайзинг болгон үргэлжлүүлэхээр шийдэж, дэлгүүрээ “Z Sneakers Shop” гэж нэрлэсэн.

-Таны үндсэн мэргэжлийг асууя гэж бодож байлаа. Маркетингийн менежер юм байна шүү дээ?

-Миний бакалаврын мэргэжил бол програм хангамжийн чиглэлээр... Харин бизнесийн удирдлагаар магистраа хамгаалсан. Хувь хүнийхээ хувьд маркетинг талдаа илүү сонирхолтой. Хоёр гурван жилийн өмнө фэйсбүүк лайв гэдэг зүйл гарч ирж байхад, “Энэ бол ямар ч зардал гаргахгүйгээр хүмүүсийг татах маркетингийн боломж юм байна” гэдгийг олж харсан. Ер нь үйлчлүүлэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг хамгийн чухал зүйл бол контент байдаг. Ийм учраас миний хувьд жаахан шүүмжлэл дагуулсан, галзуу... арай өөр өнцгөөр харж сурталчилгааны контент буюу лайвыг хийхийг хичээдэг. Сонин, сонин үйлдэл зөндөө хийсэн /инээв. Сурв/.

-ПҮҮЗ ИДЭХ НЬ Ч ХААШАА ЮМ, ЗҮССЭН ХЭСГҮҮДИЙНХЭЭ НЭГИЙГ АВААД ЗАЖИЛЧИХСАН БАЙХГҮЙ ЮУ-

-Дэлгүүрээ тавдугаар сард нээж, харин лайваар дамжуулан өвөрмөц маркетинг хийж эхэлсэн нь хэзээ билээ?

-Энэ наймдугаар сараас л эхэлсэн байх. Энэ бол пүүзний эрэлт ихтэй сар л даа. Өнөөдрийн байдлаар их биш ч тодорхой хэмжээний масст танигдаад байна. Сошиал орчинд лайв хийж, үүгээр үйлчлүүлэгчдийг татах нь миний стратеги байсан. Стратеги гэдэг нэг их онол ярихаас илүү өөрийн давуу талыг ашиглаж бүтээгдэхүүнээ сурталчлахад орших юм болов уу гэж боддог.

Лайвыг яаж хийвэл сонирхолтой вэ? гэдэг асуулт урган гарсан. Би од биш, олны танил дуучин жүжигчин биш. Гэхдээ лайв гэдэг өөрөө бүтэн нэг цагийн “тоглолт” байдаг. Өнөөдөр зүгээр л бүтээгдэхүүнээ сурталчилж лайв хийвэл хэн ч сонирхохгүй. Би өөрөө энэ тал дээр олон газруудтай хамтарч ажиллаж, үр дүнг нь үзэж байсан. Лайвын ердөө 20-30 хувь нь л тухайн үйлчилгээ юм уу бараа бүтээгдэхүүний танилцуулга байх ёстой, харин үлдсэн хувь нь тэр чигтээ тоглолт. “Манай пүүз хямдарлаа” гэхээс илүү хүний мэддэггүй, сонин, өөр сэдвээр ярих хэрэгтэй. Магадгүй зарим хүнд тэнэг ч юм шиг харагдаж болно.

Хүмүүс “Яагаад пүүзээ хөрөөдөөд байдаг юм? Яагаад бүр пүүзээ идээд байна вэ?” гэж асууж байна. За, пүүз идэх нь ч хаашаа юм. “Өнөөдөр бантан хийж иднэ ээ” гээд би пүүзээ зүссэн. Тэгээд зүссэн хэсгүүдийнхээ нэгийг аваад зажилчихсан байхгүй юу. Түүнээс иднэ гэж байхгүй ш дээ. Энийг өлгөж аваад сошиал орчинд контент болгож нэлээд тараалаа.

Пүүзийг заавал заланд сагс тоглож буйгаар рекламдах албатай гэж үү? Пүүзийг хөрөөдөж үзүүлвэл, яаж энэ пүүзийг хийсэн нь харагддаг. Маргааш нь өнөөх хөрөөдсөн пүүз нь зарагдаад дуусдаг. Яг л ийм сэтгэхгүй Монголчуудад байгаа юм. Огт байдаггүй талаар нь л рекламдах хэрэгтэй. Зайрмагийг долоож иддэг бол шарж идэж буйгаар рекламдах ёстой.

Олон нийт сайнтай, муутай үзээд л байна. Гэхдээ миний бизнест маш том ашиг авчирч чаддаг.

-Хүмүүсийн хандлага хоёр талтай байгааг та харж байгаа. Тэдний зарим нь, “Би маркетингийн менежер хүн байна. Ийм маркетинг гэж байдаггүй юм” гэсэн сэтгэгдэл бичиж харагдана лээ. Үүнд ямар байр сууринаас хандаж байна?

-Тийм хандлагууд байна. Тэд Official буюу албан ёсны өнцгөөс маркетинг гэдэг зүйлийг харж буй. Харин практик дээр хийж үзээгүй өнцгийг нь би барьсан. “Энэ бол маркетинг биш. Буруу үлгэр дууриал. Солиорол. Осоржамаа” гэх маягийн зүйл ярьцгааж байна. Яагаад би өөрийнхөө барааг эвдлэн барин үүнийг хийгээд байна вэ гэдэг асуух асуулт.

Манай нэг найз iPhone гар утас зардаг. Надад хандаж маркетингийн зөвлөгөө асуухад нь би, “Би танай лангуун дээр очоод нэг iPhone 6-г хөрөөдчихье” гэж хэлсэн. Над руу галзуу хүн рүү харж байгаа юм шиг л харсан. “Зүгээр л итгээд үз” гэж би хэлээд үүнийг хийлээ. Хөрөөдөөд, гишгээд, машинаар дайрууллаа. Ингээд богино хугацаанд маш том ашгийг авчирч чадсан.

Борлуулалт маань сайн байдаг учраас л би дахин дахин хийж байна. Гэхдээ байнга хөрөөдөөд байвал хүмүүс амархан уйдна. Дараагийн удаад шулж болно. Сүүлд би хоол ч хийж үзлээ. Тэр үед хажуудаа тавьсан ааруулыг аваад идчихсэн чинь хүмүүс “Пүүзнээсээ идээд байна” гэж шуугьсан. Тийм солиорол мэдээж байж болохгүй шүү дээ. Харин үүнийг үзсэн хүмүүсийн ухаанд “Пүүз” гэдэг зүйл л хоногшиж үлдэнэ.

Би лайвынхаа үеэр хараалын үг хэлдэггүй. Бусдын хараагүй өнцгөөс л сэдэж хийдэг.

-ХҮН ӨӨРӨӨ АРЧААТАЙ БАЙВАЛ A-COPY ПҮҮЗИЙГ 2 ЖИЛ БОЛ ӨМСӨНӨ ӨӨ-

-Бас зарим талаар хуурамч, хямдхан пүүзээ ингэж сурталчилж байна гэх хандлага явлаа. Пүүзнүүдийнхээ чанарын баталгааг танилцуулаач?

-Энэ асуултыг асуугаасай гэж бодож байлаа. Өнөөдөр Монголын зах зээлийн 90 орчим хувийг “A-Copy” тодотголтой пүүзнүүд хангаж байгаа юм. Ийм барааг ихэвчлэн Гуанжугаас татдаг. Үлдсэн 10 хувийг жинхэнэ АНУ-аас орж ирж буй үйлдвэрийн пүүзнүүд эзэлнэ.

Би одоогоос сар орчмын өмнө нэг пүүзний үйлдвэртэй очиж уулзаад ирлээ. Үйлдвэрээс авч буй бараа тодорхой хэмжээнд чанарын шаардлагаар илүү юм билээ, харин жаахан үнэтэй зарах шаардлага мэдээж бий. Цогцоор нь харвал, хүмүүсийн худалдан авах чадвар сайжирвал чанартай, үйлдвэрийн пүүзнүүдийг ихээр оруулж ирэх нь тодорхой. Эрэлт хаана байна, үүнийг л бизнес эрхлэгчид мэдэрч нийлүүлдэг. Чанар муутай пүүзнүүд байгаа юу, байгаа. Гэхдээ миний хувьд улам чанаржуулах, нөгөө талаар хямд үнээр хүмүүст хүргэхийг зорьж, хичээж байна. Цаашид Гуанжугаас биш, үйлдвэрээс татдаг болох тохироог хийчхээд ирлээ.

Хүн өөрөө арчаатай байж чадвал “A-Copy” пүүзийг 2 жил өмсөнө өө. Арчаатай л байвал чийг татах энэ тэр асуудал гарахгүй.

Гэхдээ пүүзний зах зээлийг сүүлд хэтэрхий үнэгүйдүүлчихсэн л дээ. Чи бод доо, 100 мянгад дөрвөн пүүз гэнэ. Үүнээс ашиг олж буй гээд бод. Тэгэхээр ямар үнээр авч байгаа нь логикийн хувьд тодорхой. Ингээд “чанаргүй” гэсэн яриа гарч эхэлсэн. Гэхдээ л эднийг худалдаж авдаг масс байгаа учраас л зарж байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Аль болох хямд үнээр хүмүүст хүргэхийг хичээдэг гэлээ. Таны пүүзнүүд ер нь ямар үнэтэй байна?

-Би одоогийн байдлаар Гуанжугаас бараагаа татдаг. Ер нь 100 мянгад хоёрыг гэсэн үнэ байна. Дээр дурьдсан, үйлдвэртэй харилцаа үүсгэтэл арай өөр байдаг юм байна. Илүү чанартай. Энийг их хэмжээгээр захиалдаг болж чадвал би мөн л боломжийн үнээр зарна. Гадуур 250 мянга гэдэг пүүз манайд 150 мянга гэж байгаа. Би хурдан цикл хийж байна. Боломжийн үнээр зарж, хурдан эргэлдүүлэх ийм л стратегитай байна даа.

-Хүмүүс хэр зэрэг хэргээр, зориудаар зорьж ирж байна?

-Яагаад би өдөр бүр шинээр сэтгэхийг эрмэлзэж, муу хэлүүлэн байж лайв болгоноор пүүз хэрчдэг юм бэ? Үүнийг үзээд манайхыг зориод ирдэг хүмүүс байдаг учраас тэр шүү дээ. Муулаад байгаа хүмүүс хүртэл ирдэг, харин ирсэн хойноо муулдаггүй юм. Энэ миний ажил шүү дээ, хувь хүнийхээ хувьд би ийм хүн биш. Иймээс үр дүнгийн хувьд хангалттай байдаг. Би одоо залуу байгаа учраас ийм маягаар лайв хийж байна. 30 гарчхаад ингэж орилоод байвал зохимжгүй шүү дээ.

Хүмүүс ирээд, миний лайвынхаа үеэр хэлдэг үгсийг хэлдэг ч юм уу, хошин байдлаар мэндчилэх нь олонтаа.

Стив Жобс хэлсэн байдаг, “iPhone хүмүүсийн сэтгэл хөдлөлийг худалдаад авчихсан. Сэтгэл нь хөдөлдөг учраас дараачийн загварыг хонон өнжин дугаарлаж авдаг” гэж. Тиймээс хүмүүсийн сэтгэл хөдлөлийг гартаа атгасан цагт тухайн бараа бүтээгдэхүүнийг зарахад бол болно оо. Гэхдээ бизнес эрхлэгчдэд ч, худалдан авагчдад ч хоёуланд нь ашигтай байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-17 14:38

Gentamicin Where Can I Buy A Z Pack Online Pilex [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Allergy To Keflex

MatFuse
MatFuse
2020-01-26 01:21

Cost For Viagra Without Insurance 283 [url=http://cialibuy.com]cialis tablets for sale[/url] For Sale Secure Online Progesterone Real Next

Холбоотой мэдээ

Back to top button