Нью-Йоркоос, #1: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоёр уулзалт ба бид НҮБ-ын зорилттой нийлсэж буй нь

Eguur.mn сайт Нью-Йорк хотоос мэдээлж байна.
Дэлхийн асуудлыг хэлэлцдэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээн дэх Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан есдүгээр сарын 19-ний өдөр (Нью-Йоркийн цагаар) эхэллээ.
Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн хуралдаан Куб улсын Хавана хотод хоёр өдрийн турш үргэлжилсэн. Тус хуралдаанаас манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо шууд хүрэлцэн ирж, Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд оролцож байна.
Эхний өдрийг нээж Бразилийн ерөнхийлөгч үг хэлсэн бол араас нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш индэр дээр гарлаа. Улс орнуудын төрийн тэргүүд дунд Володимир Зеленьский имиж болсон футболктойгоо содон үзэгдэж байв. Харин манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдааны хоёр дахь өдөр үг хэлж, өөрийн орны байр суурийг илэрхийлэх хуваарьтай байна.
Дэлхийн асуудлыг энэ удаа Аюулгүйн зөвлөлийн таван орноос зөвхөн ганц нь л “хэлэлцэв”. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон арван машин, хэд хэдэн нисэх онгоц бүхий хамгаалалт дор НҮБ-ын байранд хүрэлцэн ирж, 15 минутын турш илтгэл тавилаа. Харин ОХУ, Их Британи, Франц, БНХАУ-ын төлөөлөл ирсэнгүй. Харин дээр дурдсан хөгжиж буй орнуудын төлөөлөл илүү идэвхтэй, илүү хурцаар Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд оролцож буй нь энэ жилийн хувьд анхаарал татаж байгаа юм.
Өнгөрсөн хоёр жилд цар тахал гарч, ОХУ Украин руу довтолсон. Үүнээс гадна Баруун Африк, Латин Америкийн орнуудад үүссэн улс төрийн төвөгтэй нөхцөл байдал, бусад улсуудад одоо ч сөрөг нөлөө нь хүнд цохилт болсоор буй “Ковид-19” халдвар, эдийн засгийн хүндрэл, байгалийн гамшгууд нийлээд 78 дахь удаагийн Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдааныг баялаг сэдэвтэй болгож буй.
1.
Сэдэв нь, “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь”. Нэрнээсээ мэдээж тогтвортой хөгжлийн хөтөлбөрт фокус тусдгаараа тусахаас гадна “Бүх нийтийн” гэдэг үг онцлог бууж байгаа.
Өөрөөр хэлбэл, хөгжлөөс, нэг талаас “Тоглоомын дүрэм”-ээс гадна үлдэж буй хэсгийн төлөө байя гэсэн зүүний маягийн үзэл санаанд зангидагдаж буй.
Энэ хүрээнд:
- “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах”
- “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”
- “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ”
- болон Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах асуудлаар өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг, бэлтгэл хуралдаан болохоор байна.
Ингээд харахаар цар тахлын үед дэлхийд өндөрт эрэмбэлэгдэх хариу арга хэмжээ авсан, “Тэрбум мод” хөтөлбөр эхлүүлж, ГХЭ-ээс эрчим хүчний шинэ эх үүсвэр эрэлхийлж эхэлснээрээ, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж буй зэргээрээ бид “нүүр тахлах” бодит нөхцөл байдалтай.
Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим алба хаагч оролцуулсан статистикээрээ дээгүүр үнэлэгддэг.
2.
Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан эхэлсэн эхний өдөр манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр онцлог уулзалт хийлээ.
Нэг нь, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио
Хоёр дахь нь, Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах асуудал өнгөрсөн онд тодорхой болсон. Үүнд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархаад, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар мэдэгдлээ.
Цөлжилт бол дэлхийд ч, Монголд ч далд биш ил заналхийлж эхэлсэн асуудал мөн. Талууд уулзалтаар цөлжилт болон хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт өндөр ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад ч чухлыг тэмдэглэсэн байна. Үүгээрээ энэ “малгай” агуулга манай улсын уламжлалт мал аж ахуйн эрсдэлт нөхцөл байдал хийгээд хэрэгжүүлж эхлээд буй “Тэрбум мод” хөтөлбөртэй ихээхэн нийлсжээ.
Ибрахим Тио дараа жил манай улсад айлчлах юм байна.
3.
Харин Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өөрөө манай ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлжээ.
Түүх, соёлын хувьд гарвал ойртдогоос гадна улс төрийн нөхцөл байдлын хувьд бидний ижил баруун, зүүний “тэнхлэг”-ийг мэдрэг бодлогоор барьж явах ёстой Казахстан улстай НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдааны үеэр уулзсан нь анхаарал татаж байна.
Талууд эдийн засгийн хувьд ижил суурь нөхцөлүүддээ уялдуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, “Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал” болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгджээ.
Цаашид томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ч ярилцжээ.
Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлэв.
4.
Дээр дурдсанчлан манай улсын Ерөнхийлөгч маргааш НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд үг хэлнэ.
Эхний өдрийн дүр зургаас ажиглахад, сүүлийн жилүүдэд хүчтэй тоглогч болох замдаа хурдалж буй орнуудын төрийн тэргүүд “Дэлхийг хэдхэн их гүрнээр хязгаарлахгүй” гэсэн утгатай эрсхэн үгийг унагаж байна. Зарим нь дэлхийн хэмжээнд тулгамдаад буй асуудлуудыг улс төрөөс хол, ерөнхий агуулгаар нь ч чухалчлан хөндөж байлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өөрөө хөгжиж буй орнуудын сүүлийн жилүүдэд баримталж буй бодлогыг дэмжсэн байр суурийг хэлсэн үгэндээ тувт багтаасан байна.
Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн хуралдаан яг энэ шинэ нөхцөл байдалд болж буйгаараа л анхаарал татсан.
Хавана хотоос бэлтгэсэн тоймдоо дурдсанчлан, дэлхий даяар сэвэлзэж эхэлсэн энэ салхин давлагаан дунд манай улс зөв гадаад бодлогыг тогтвортой явуулж чадвал амжилт олно. Харин улс дотроо баруун, зүүн гэж маргалдах тусдаа хэрэг. Гадаад бодлого бол үндэсний язгуур эрх ашгийг дэмжүүлэх хэрэгсэл юм.
“77-гийн бүлэг”-ийн хуралдаанд ихээхэн цаг үе, нөхцөл байдалтай нягт уялдсан агуулгатай үг хэлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан дахь 15 минутаа хэрхэн ашиглах нь анхаарлын төвд байна.
ӨМНӨХ КОНТЕНТ:
Фокус: Ерөнхийлөгч Кубад ажиллаад буцлаа, ЭНЭ БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ? контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха харин ч нэг гацахгүй хошгируулан дөө
НҮБ-ын Хүний эрхийн чуулган Женев хотноо болж байна. Энэ үед Монгол Улсад дур зоргоор баривчлан саатуулдаг асуудлаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулжээ. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилдаг явдлыг хориглох ёстой аж. Монгол улс хүний эрх зөрчдөгийг дэлхий даяар зарлажээ.
Dongio piz. daa