Улс төрийн мэдээ

Нью-Йоркоос, #2: Улам бүр шинээр илэрхийлэгдэж буй Монгол Улсын амбиц НҮБ-ын индэрт баталгаажлаа

Eguur.mn сайт Нью-Йорк хотоос мэдээлж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээн дэх Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан үргэлжилж байна. Энэ өдөр (2023.09.20, Нью-Йорк) манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн орны байр суурийг илэрхийлсэн онцлох үйл явдал боллоо.

Дэлхийн улсууд чуулж, дэлхийн асуудлыг хэлэлцдэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы уур амьсгал нам жим. Орон, орны төрийн тэргүүд өөрсдийн ээлжээр 15 минутын турш үгээ хэлээд бууна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэрт гарч, ихээхэн баялаг агуулгатай, халуун анхаарал татаж буй Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж дууслаа.

Манай улс НҮБ-д элсэн орсон цагаас хойш өөрийн орны статусыг баталгаажуулах үндсэн зорилготой хуралдаанд оролцож ирсэн. Сүүлийн хоёр жил гадаад бодлого эрчимжиж, томоохон айлчлалууд зохион байгуулагдаж буй. Үүнээс гадна НҮБ-ын өмнө хүлээсэн зорилтуудад тодорхой амжилт гаргаж, явц урагштай байна.

Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгаар оролцож, бөөрөнхий, ерөнхий биш тодорхой, гишүүн орнуудын дэвшүүлж буй асуудалд нийцсэн, санал шүүмжлэл бүхий байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

“77-гийн бүлэг”-ийн хуралдаанаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шууд АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирж, улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо. Түүнийг эл хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш угтан авсан.

Энэ үеэр олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид түүнийг “Хүрэл!”, “Хүрэлээ!” хэмээн дуудаж байгааг шууд дамжуулалтын бичлэгээс анзаарч болох бөгөөд монголчуудын хувьд сонирхолтой нюанс мөн.

Энэ жилийн Ерөнхий санал шүүмжлэлийн сэдэв бол:

 “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь”.

Энэ хүрээнд:

  • “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах”
  • “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”
  • “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ”
  • болон Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах асуудлаар өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг, бэлтгэл хуралдаан болж байгаа юм.

Дээрх асуудлуудыг хараад манай улсын баримталж буй бодлого, тодорхой үр дүнгээ гаргаад буй үйл явц НҮБ-ын дэвшүүлсэн зорилго, зорилттой нийлсэж буй нь анзаарагдаж байв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд 15 минутын турш, найман нүүр орчим үг хэллээ.

Түүний хэлсэн үгийг ерөнхийлбөл НАЙМАН чухал байр суурь илэрхийлэгдсэн байна.

Нэг: Жендерийн тэгш байдлыг Үндсэн хуульдаа “уяв”

Монгол Улс “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлаад 70 гаруй жил болж буй. Дэлхийн хэмжээнд дэмжигдэж буй жендерийн тэгш байдлыг хангах асуудлын хүрээнд Үндсэн хуульдаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих агуулга тусгасан. Энэ жил эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн ирэх 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа зэргийг онцлон тэмдэглэлээ.

Хоёр: “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, сүрьеэ, цар тахлын эсрэг ажиллав

НҮБ-ын хамгийн өндөрт чухалчилж буй сэдвүүдийн нэг болох бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, сүрьеэтэй тэмцэх, цар тахлын нөлөөг багасгах хийгээд ирээдүйд урьдчилан сэргийлэх агуулгад амжилт гаргаснаа илэрхийлэв.

Тухайлбал “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөө дурдаад, цар тахлын үед өндөр үр дүнтэй ажилласанд нь ДЭМБ-ын даргад баяр хүргэсэн.

Гурав: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг манлайлан ажиллаж байна

Манай улс бол НҮБ-ын дэргэдэх Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд дарга. Хөгжиж буй улс орнуудыг хөгжлөөс хоцорч болохгүй гэсэн “нийтийн” чиг баримжаатай үзэл санаа давамгайлж буй өнөө цагт бид энэ бүлгийг төлөөлж, тодорхой санал санаачилгыг гаргаж ажиллаж буйгаа илэрхийлсэн нь дээрх үзэл санааны “давлагаа”-нд холбогдож байна.

Дөрөв: Тэрбум мод тарьж, Хархорумыг эко хот болгохоор ажиллаж байна

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын үндсэн гэмээр зорилтын өмнө  “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа дурдав. Мөн шинэ Хархорум хотыг экологид ээлтэй хэлбэрээр бүтээн байгуулах, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах амбицтай байгаагаа илэрхийллээ.

Тав: “...бидний дэвшүүлсэн зорилт өнөө хэр биеллээ олохгүй байна”

Дараагийн томоохон сэдэв бол мэдээж Тогтвортой хөгжлийн зорилт. Манай улсын хувьд 15 зорилт ахицтай, нэг нь бууралттай дүгнэгдсэнийг Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс онцоллоо. Мөн цаашид шаардлагатай санхүүжилтийн хэмжээг ч дурдаж өгөв.

Энэ үеэрээ “...бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна...” гэж онцолсон нь хүчтэй байр суурь болж байна.

Зургаа: Энхийг сахиулах ажиллагаа

Манай улсын хувьд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдогоороо онцлог. Тэгвэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчаа уг ажиллагаанд оролцуулсан тухай статистикийг дурдаж, тус агуулгад өндөр анхаарал хандуулж ажилладгаа илэрхийллээ.

Долоо: Томоохон айлчлалуудын үр дүнг НҮБ-ын индэр дээрээс зарлав

НҮБ-ын бас нэгэн үндсэн зорилго, зорилт бол бүх нийтийн энх тайван. Энэ агуулгын хүрээнд бид 30 гаруй жилийн өмнө цөмийн зэвсэггүй улсын статус зарласнаа чухалчилж ярьдаг.

Тэгвэл энэ удаа,

  • Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад айлчлаад “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” гэснийг
  • Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Антонио Гуттерешийн өнгөрсөн онд ирээд хэлсэн “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” гэсэн үгийг тус тус онцлон дурдлаа.

Найм: НҮБ-ын шинэ тутам санаачилгад идэвхтэй оролцоно, оролцож байна

Ингээд НҮБ-аас шинэ тутам санаачлан дэвшүүлж буй аливаа зорилго, зорилтыг дэмжиж, дэмжихээс гадна идэвхтэй оролцож буйгаа илэрхийлчихлээ.

Тухайлбал энэ жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас “Энх тайвны шинэ хөтөлбөр” дэвшүүлсэн. Уг хөтөлбөрийг дэмжинэ гэлээ. Түүнээс гадна шинэ тутам хэлэлцэгдэж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байгаагаа дурдлаа.

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс,

“Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай” хэмээлээ.

Тэмдэглэл:

Дэлхийн асуудлыг энэ удаа Аюулгүйн зөвлөлийн таван орноос зөвхөн ганц нь л “хэлэлцэв”. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон арван машин, хэд хэдэн нисэх онгоц бүхий хамгаалалт дор НҮБ-ын байранд хүрэлцэн ирж, 15 минутын турш илтгэл тавилаа.

Харин ОХУ, Их Британи, Франц, БНХАУ-ын төлөөлөл ирсэнгүй. Харин дээр дурдсан хөгжиж буй орнуудын төлөөлөл илүү идэвхтэй, илүү хурцаар Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд оролцож буй нь энэ жилийн хувьд анхаарал татаж байгаа юм.

Эхний өдрийн дүр зургаас ажиглахад, сүүлийн жилүүдэд хүчтэй тоглогч болох замдаа хурдалж буй орнуудын төрийн тэргүүд “Дэлхийг хэдхэн их гүрнээр хязгаарлахгүй” гэсэн утгатай эрсхэн үгийг унагаж байна. Зарим нь дэлхийн хэмжээнд тулгамдаад буй асуудлуудыг улс төрөөс хол, ерөнхий агуулгаар нь ч чухалчлан хөндөж байлаа.

Хавана хотоос бэлтгэсэн тоймдоо дурдсанчлан, дэлхий даяар сэвэлзэж эхэлсэн энэ салхин давлагаан дунд манай улс зөв гадаад бодлогыг тогтвортой явуулж чадвал амжилт олно. Харин улс дотроо баруун, зүүн гэж маргалдах тусдаа хэрэг. Гадаад бодлого бол үндэсний язгуур эрх ашгийг дэмжүүлэх хэрэгсэл юм.

Бүр тодруулах юм бол, “77-гийн бүлэг”-ийн хуралдаанд өнгөрсөн долоо хоногт оролцохдоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий даяар сэвэлзэж эхэлсэн хөгжиж буй орнууд нэгдэн хүчирхэгжих, өөрсдийн нэгдмэл эрх ашгийг хөгжингүй орнуудын өмнөөс илэрхийлэх, хамтдаа хөгжихийн тулд цахим технологи, инновацын дэвшлийг ашиглах гэдэг санаатай яв цав нийцсэн байр суурь илэрхийлсэн байдаг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай гадаад бодлогын үзэл баримтлал яг мөн чанарынхаа дагуу биеллээ олж, дэлхий нийтэд бодит тусгалаа харуулж байна. Томоохон айлчлалууд зохион байгуулагдах бүрийн дараа манай улс гадаад ертөнөд энх тайванч, эрх чөлөөтэй, хөгжиж буй улс орон гэдгээ тунхаглаж буй. Биднээс туршлага судлах, биднийг сонирхох хандлага ч бодитоор мэдрэгдэж эхэлснийг дурдах нь зулгуйдсан хэрэг биш юм.

Ийм өнгө аяс бүхий нөхцөл байдалд манай улс НҮБ-ын индэр дээрээс ХЭЛЭХ ҮГТЭЙ байлаа.

ӨМНӨХ КОНТЕНТУУД:

Нью-Йоркоос, #1: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоёр уулзалт ба бид НҮБ-ын зорилттой нийлсэж буй нь контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

Фокус: Ерөнхийлөгч Кубад ажиллаад буцлаа, ЭНЭ БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ? контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2023 09:58

Яаа гоё харагджышдээ Хүүк

Стар
Стар
9 сар 21, 2023 11:07

Төрийн тэргүүн маань НҮБ-ын индер дээр дэлхий дахинд танигдан үг хэллээ

ыбө
ыбө
9 сар 21, 2023 11:15

Хүүк ч дээ цаасан дээр бичсэн хэдэн үг уншдаг хүүхэлдэйшдээ

Зочин
Зочин
9 сар 21, 2023 11:21

Ажилтай ерөнхийлөгч шүү

Зочин
Зочин
9 сар 21, 2023 13:41

Ха ха харин ч нэг гацахгүй попрох байх

Холбоотой мэдээ

Back to top button