Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Ши Жиньпиний нөлөө: Хятадын 2 сайд яагаад алга болов

Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлэх үед Хятадын дээд зиндааны хүмүүсийг нэгтгэсэн. Гэвч түүний засаглалд итгэх олон улсын итгэл сулраад байна.

Хэдхэн сарын дотор Хятадын засгийн газрын дэлхийн улс орнуудтай харилцах гол нөлөө бүхий хоёр дээд албан тушаалтан сураггүй алга болов. Батлан хамгаалахын сайд Ли Шанфу гурван долоо хоногийн турш олны өмнө гараагүй явдал нь түүнийг мөрдөн байцаалтад байгаа гэх таамаглалыг төрүүлсэн. Хэдэн долоо хоногийн өмнө Гадаад хэргийн экс сайд Цинь Ганг нэг сарын турш олны хараанаас алга болсон билээ.

Ли болон Цинь нар нь Хятадын төрийн зөвлөлийн таван гишүүнд багтдаг. Энэ нь ердийн сайдын албан тушаалаас дээгүүр юм.

Ши Жиньпиний хувьд үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд аливаа аюул заналхийлэл, эмзэг байдлаа арилгахыг эрмэлзэж байгаа үед гэнэт хоёр сайд нь алга болж, улмаар тэднийг огцруулсан. Эл гэнэтийн явдлын улмаас Ардын чөлөөлөх армийн пуужингийн арми цочролд орж, улмаар уг цэвэрлэгээ цааш үргэлжлэх вий гэх болгоомжлол нэмэгдсэн билээ.

-Ши ойрйн хүн болох Цинь явуулах шалтгаан юу вэ-

Мягмар гарагт "Wall Street Journal"-д Цинь-ийг гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь Коммунист намын мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж эх сурвалжийн мэдээллийг дурдсан байсан юм. Харин Хятадын Гадаад хэргийн яам уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Эл явдлыг Хятадаас АНУ-д Элчин сайдаар ажиллаж байх үед болсон гэж тогтоосон гэдэг. Ши-тэй ойр байдаг Цинь-г огцруулсан олныг гайхашруулсан. Түүнийг долоодугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс сар гаруй хугацааны өмнөөс олны хараанд өртөөгүй гэх таамаг гарсан билээ.

Уг хэргийг шалгах явцад Цинь-ийг гэр бүлийн харилцаанаас гадуур хүүхэдтэй болсон гэж мэдээлжээ. Тухайн хүүхэд эмэгтэй бөгөөд нэрийг нь олон нийтэд мэдээллээгүй юм.

-Ли Шанфугийн асуудал хааш хэлбийв-

Судлаач, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадын эрх баригч элитүүдийн дунд энэ мэт тодорхойгүй байдлууд нэмэгдэж байгаа нь нэг намын тогтолцооны сөрөг талыг илчилсэн хэмээж буй. Тэр дундаа Ши-гийн гурав дахь бүрэн эрхийн хугацаанд нь эрх мэдлийн төвлөрөл илүү нэмэгдсэн гэдгийг онцолсон.

Сингапурын С.Ражатнамын нэрэмжит Олон улсын судлалын сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Жеймс Чар "Батлан хамгаалахын сайдын хувьд Ли Хятадын тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг. Гэвч байлдааны хүчнийг захирдаггүй. Гэсэн хэдий ч Хятадын цэргийн дипломатын гадаад ертөнц дэх чухал нүүр царай юм. Хэрэв Ли үнэхээр асуудалд орвол эрх баригчид үүнийг сөргөөр хүлээж авна" гэв.

Ли-д 2018 онд Хятад улс Оросоос зэвсэг худалдаж авсантай холбогдуулан АНУ хориг арга хэмжээ авсан. Ли-г Батлан хамгаалахын сайдаас огцруулбал хоёр их гүрний хооронд цэргийн дээд хэмжээний хэлэлцээг сэргээх цонх нээгдэх магадлалтай.

Ли нь Ши-гийн багын найз, цэргийн дотны холбоотон, генерал Жан Юшягийн хамаарлын хүн гэж үздэг. Тэтгэвэрт гарах насаа хэдийнэ өнгөрөөсөн Жанг 2022 оны аравдугаар сард болсон удирдлагын өөрчлөлтийн үеэр Цэргийн төв зөвлөлийн дэд даргаар дэвшүүлсэн билээ.

Тиймээс ч Жан нөлөө ихтэй нь хэрээр Ли-гийн албан тушаал ч ахисан. Тодруулбал, 2017-2022 онд Ли нь СМС-ийн Тоног төхөөрөмжийн хөгжлийн хэлтсийн даргаар Хятадын зэвсгийн худалдан авалтыг хариуцаж байсан юм. Уг албан тушаалыг өмнө нь Жан хариуцаж байжээ.

-Ши-гийн "цээрлэл"-ээс мултарч чадсангүй-

Ши Жиньпинд үнэнч хүмүүсийн уналт нь сүүлийн хэдэн арван жилд Хятадад байгаагүй түвшинд хүрчээ. Коммунист намын сонины редактор асан Дэн Ювэн "Ши хагас жилийн хугацаанд улсын зөвлөлийн хоёр гишүүнийг асуудалд орууллаа. Тэд ч Ши-гийн буруутгалаас мултарч чадсангүй. Тэдний оронд ямар хүмүүсийг эл чухал албан тушаалд томилсон нь тодорхойгүй байгаа" хэмээн мэдээлжээ.

Хятад улс залуучуудын ажилгүйдэл, Засгийн газрын өрийн өсөлтөөс эхлүүлээд үл хөдлөх хөрөнгийн хямрал тэргүүтэй хэд хэдэн хямралыг туулж байна. Түүнчлэн Ши-гийн эрх баригчдын хүрээний тодорхойгүй байдал нэмэгдэж буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт итгэх итгэлийг бууруулж байгаа гэж шинжээчид тэмдэглэжээ.

Ямартай ч уг хоёр сайдыг 2017 оноос эхлүүлсэн Ши-гийн авлигын эсрэг гэх нэрийдлийн цаадах намдаа үнэнч бус байдалтай тэмцэж байгаа явдалтай холбоотой гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.

-"Их цэвэрлэгээ үргэлжилсээр байх болно"-

Мэдээж хэрэг Ши-гийн уг цэвэрлэгээ үргэлжилсээр байна гэдэг нь тодорхой бололтой. Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын сайдыг хаана байгаа талаарх таамаглал хөврөх үеэр Ши Хятадын зүүн хойд хэсэгт шалгалт хийх үеэрээ арми дотроо эв нэгдэл, тогтвортой байдлыг хангахыг уриалсан.

Гэвч Ши-гийн цэвэрлэгээ нь Хятадын түүхэн дэх анхных биш. Түүнээс өмнө Коммунист Хятадыг үндэслэгч Мао Зэдун Соёлын хувьсгалд өөрийн итгэлийг хүлээсэн холбоотнуудаа бүрдүүлж, бусдыг нь цэвэрлэж байв.

Товчхондоо бол Ши хүссэн хүнээ огцруулж чадаж байгаа нь түүний эрх мэдэл унаагүй нь баталгаа. С.Ражаратнам нэрэмжит Олон улсын судлалын сургуулийн шинжээч Чар "Ши Жиньпиний улс төрийн тогтолцоог шинэчлэх санаа нь эцсээ хүртэл үргэлжлэх бөгөөд үүний улмаас цэвэрлэгээ нь үргэлжилсээр байх болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button