Японы үндэсний хүрээлэн баавгайгүй болж байна
Япон улсын Ширэтокогийн хойгт байрлах үндэсний цэцэрлэгт хүрээлэн бор баавгайн тоо толгойгоороо алдартай. НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн тус хүрээлэнд Японы хамгийн олон бор баавгайтай нутаг юм.
Гэвч сүүлийн үед Ширэтокод турж эцсэн, өлсгөлөн баавгай харагдах нь ихэсжээ. Есдүгээр сарын 19-ний өдөр авсан зургуудад туранхай баавгай далайн усанд сэлж, эрэг дээрх далайн замгаас загас, хясаа хайж байгаа дүр зураг бичигдсэн байна.
Тус хүрээлэнд наймаас аравдугаар сарын хооронд бор баавгайнууд голын эрэг дээрээс ягаан зулд загас барьж иддэг. Харин энэ жил баавгайнууд голын бүсээс загас барьж идэж чадахгүй байгаа тул далайгаас хоол хайх болжээ.
Ширэтокод аяллын онгоц жолооддог Кацүяа Нода “Зарим баавгайнууд маш ихээр турж эцсэн. Хоол олоход хэцүү байгаа. Яг л өнгөрсөн жил шиг, голуудад ямар ч загас алга” гэж хэлсэн байна.
Тус хүрээлэнгийн Байгалийн санд ажилладаг судлаач Масами Яаманака “Энэ жил хулд загасгүй байгаагаас гадна царс модны самар муу ургацтай байна. Энэ жил төрсөн бамбаруушуудын 70-80 хувь нь эндсэн гэх тооцоо бий. Ноцтой нөхцөл байдал үүссэн” гэжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.