Нийгэм мэдээ

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа даваа гарагт эхэлнэ

Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа шийдэх, хөгжлөө хурдасгахын тулд шаардлагатай санхүүжилтийг нь богино хугацаанд босгох санхүүгийн үр ашигтай хэрэгсэл эрэлхийлсээр иржээ.

Энэхүү асуудлыг хамгийн анх дэлхийн банк санхүүгийн төв гэгддэг Нью-Йорк хот шийдэж, 1812 онд бонд гаргаснаар орон нутгийн бондын (municipal bond) түүх эхэлсэн гэж үздэг.

АНУ-ын төв хэсэгт орших их нууруудыг Нью-Йорк хотоор урсаж, Атлантын далайд цутгадаг Хадсон голтой холбож, ачаа тээврийг хурдасгаж, зардлыг нь бууруулах, төвийн мужуудын хөгжлийг дэмжих санал XVIII зууны төгсгөл үеэс анхлан гарах болсон ч янз бүрийн эсэргүүцэл, санхүүгийн хязгаарлалтуудтай тулсаар XIX зууныг хүрчээ.

Энэ үед дэд бүтцийн томоохон төслүүд Нью-Йорк хотын төдийгүй нэгдсэн улсын ирээдүйг өөрчилж чадна гэдэгт итгэдэг ДеВитт Клинтон Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсоноор Америкийн түүхэн дэх хамгийн аварга бүтээн байгуулалтуудын нэг гэгддэг 565 км урттай Эри сувгийн ажил эхэлсэн байна. Нью-Йорк хотын захиргаа сувгийн санхүүжилтийн нийт өртөг болох тухайн үеийн 7.9 сая ам.долларын дийлэнх хэсгийг бонд гаргах замаар шийджээ.

Эри суваг ашиглалтад орсноор Нью-Йорк хотын татварын орлого үлэмж нэмэгдсэнээс гадна, төвийн мужуудын хүн ам нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь хурдасжээ. Эри сувгаар дайран өнгөрөх ачаа тээвэр, татварын орлогоор 5-6 хувийн хүүтэй бонд амжилттай эргэн төлөгдсөн байна. Нью-Йорк хотын энэхүү амжилттай туршлагыг хожим дэлхийн олон арван хот хэрэгжүүлсэн.

Жишээлбэл, Калифорни муж өнөөдөр Сан-Франциско хотын таних тэмдэг болсон Алтан хаалга гүүрний бүтээн байгуулалтын зардал болох 35 сая ам.долларыг (одоогийн ханшаар 700 сая ам.доллар) бонд гарган санхүүжүүлж байв. Орон нутгийн бонд нь эдүгээ засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаасанд тооцогддог.  

Энэхүү жишгийн дагуу Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаагаа бонд гаргаж байна. Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа аравдугаар сарын 2-4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 277.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм. Татан төвлөрүүлэх хөрөнгөөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх аж. Ийм ч учраас нийслэлийн анхны бондыг тогтвортой хөгжлийн бонд хэмээн нэрлэж байна.

Улаанбаатар хотын бондын нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү 17.2 хувь байх бөгөөд хагас жил тутамд хүү төлнө. Үүнээс гадна хүүгийн орлогын татвар нь 10 биш,  5 хувь байх юм.

Улаанбаатар хотын бонд Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах тул нийслэлийн иргэд чөлөөтэй оролцож, төрөлх хотдоо хөрөнгө оруулан өгөөж хүртэх боломжтой. Улаанбаатар хотын бондын арилжаанд оролцохыг хүссэн хөрөнгө оруулагчид Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой юм. Бондын анхдагч арилжаа нь захиалга дүүрсэн тохиолдолд хувьцааны анхдагч арилжаа шиг хувь тэнцүүлдэггүй, шууд арилжааг хаадаг. Ийм ч учраас үнэт цаасны компаниудын зүгээс Улаанбаатар хотын бонд эрэлт өндөртэй байгаагаас заавал анхдагч арилжаа эхлэх өдрийг хүлээлгүй урьдчилсан захиалга өгөхийг харилцагч нартаа зөвлөж байна.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

www.ulaanbaatar.mn/UBBond

Тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК(976) 7555 1919

Дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261(976) 11 311944

Дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК(976) 7012-1530 тус тус холбогдоорой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button