Японд баавгай хүн рүү дайрах нь ихэссэн тул робот чоно ашиглаж байна

Сүүлийн үед Япон улсад баавгай хүн рүү дайрсан тохиолдол аюултай хэмжээгээр нэмэгдэж байгаа аж. Тухайлбал сүүлийн 60 жилийн хугацаанд Хоккайдо мужид баавгай хүн рүү дайрсан 150 тохиолдол бүртгэгджээ.
2021 онд л гэхэд баавгайн дайралтын улмаас 4 хүн нас барж, 10 хүн бэртсэн байна. Энэ нь алслагдсан тосгон, суурин газрууд руу баавгай орж ирэх нь ихэссэнтэй холбоотой гэж албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Суурин газартай ойрхон амьдрах болсон баавгайнууд чанга чимээ, хурц гэрэл болон хүмүүсээс айх нь багасжээ. Ийм учраас албаны хүмүүс баавгай үргээхийн тулд робот чоно ашиглаж эхэлсэн аж.

Робот чоныг “Wolf Kamuy” нэртэй компани үйлдвэрлэдэг байна. Тус компанийн захирал Мотохиро Мияасака хэлснээр чоныг хамгийн анх 2020 оны намар Такикава хотод ашиглажээ. Тэр цагаас хойш хэд хэдэн орон нутгийн захиргаа робот чоно худалдан авах захиалга өгсөн байна.
Тухайн үед Такикава хотын албан тушаалтнууд робот чоныг ашиглаж эхэлснээс хойш баавгайн дайралт бүртгэгдээгүй гэж мэдээлж байсан юм. Робот чоно хөдөлгөөн мэдрэгчтэй, хэврээ ямар нэгэн зүйл мэдрэгдвэл толгойгоо хөдөлгөн, хурц гэрэл анивчуулж дуу гарган баавгай үргээдэг аж.
Эх сурвалж: BBC, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.