Баянхонгорын Баянцагаан сумын захиргааны ажилчид нурах дөхсөн байшиндаа эсгий гутал, үстэй дээлтэй ажилладаг

Баянхонгор аймгийн Баянцагаан сум 3600 хүн амтай. Эдгээр иргэдэд төрийн захиргааны бүх үйлчилгээг үзүүлдэг Засаг даргын тамгын газар нь энэ байшинд байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг.

Байгалийн чулуун өрлөг, шавар бүхий уг байшинг 1974 онд барьж, сумын захиргааны байрын зориулалтаар ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ байшинд Баянцагаан сумын захиргаа 46 жил байрлан ажиллаж байгаа нь энэ. Уг байшинг онцлохын учир нь, энд өнөөдөр албан хаагчид суугаад ажил үйлээ явуулахад тун ч бэрхшээлтэй болж. Зундаа бороо дусалж, намартаа хүйтэн салхи нэвт үлээж, өвлийг бамбагар цагаан эсгий гутал, годон гутал, хурган дотортой дээлтэй гараа элгэндээ эвхэж дулаацсаар дуусгадаг бол хавартаа дээврээс нь элдэв төрлийн хорхой, шавж унаж ирнэ. Мөн дээвэр нурж орж ирсэн тохиолдол ч хэд хэд гарчээ.

Уг байшинд 2008 их засвар хийсэн, ингэхдээ обой нааж, хаалга, цонх сольж, дүүжин тааз хийж. Гэвч угаасаа олон жил элэгдэж хорогдож, суусан эл байшин хэсэгтээ л цэмцийхээс цаашилсангүй. Мөн урсгал засвар гэж тусгуулсан цөөн хэдэн төгрөг дээр тамгын газрын ажилчид өөрсдөө мөнгө гаргаж, ойр зуурхнаа засч сэлбэсэн нь ч цөөнгүй удаа. Гэлээ ч он цагийн урсгал нар салхи, бороо шороонд нухлуулсан уг байшин хүн тогтож суух боломжгүй болсоор бас цөөнгүй жилийг үдэж.

Баянцагаан сумын үе үеийн удирдлага тамгын газрын байшингаа засуулж сэлбүүлэх, өөр байртай болох талаар санаа чилээсээр ирсэн. Ингэхэд урсгал засварт 2-5 сая төгрөг "тавьж" өгнө, харин шинэ байр бариулах төсөл дээшээ яваад таг гацчихдаг. 2017, 2021 онд ашиглах боломжгүй хэмээн дүгнэж, буулгах шийдвэр гарсан.
-Аймаг, нийслэлээс очсон дарга нар ийм тамгын байртай сум Монголд ганцхан танайх гэж хэлдэг-
Гэвч буцаад орох байрны асуудал нь шийдэгдээгүй учраас ингээд л байж байх. Энэ суманд ирсэн төрийн шат шатны байгууллагын дарга нар, мэргэжилтнүүд ороод гарахдаа шогширч "Энэ зуунд ийм тамгын байртай газар ганцхан танайх л үлдэж" гэцгээгээд гарч оддог байна. Хүйтний улиралд тэд ирсэн зочид, төлөөлөгчийн саатсан өрөөнд асааж өгдөг ганц нэг тентэй. Харин бусад үед халаагаад өөрсдөө гараа ч гэсэн бүлээцүүлж суувал сайхан ч эрчим хүчний төлбөрөөс айгаад сурснаараа гүрийж суусаар ажлын цагаа дуусгана.

Эднийх Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд удаа дараа хүсэлтээ илгээсэн ч нааштай хариу сонсоогүй. Харин одоо 2024 оны улсын төсөвт багтчхаасай хэмээн залбиран суугаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.6-д Улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжийн ашиглалтын хугацаа норм дуусахаас өмнө ижил төрлийн барилга байгууламж шинээр барих төслийн санал гаргахгүй байх... гэж заасан.
Баянцагааныхан барилгаа асуухаар дээрх хуулийн заалтаар ам таглахчаа аяддаг. Гэвч уг чулуугаар хийсэн байшинг нураах захирамж хоёр ч удаа гарчихсан.
-Баянцагааны тамгын газрын ажилчид өрөөндөө эсгий, годон гутал, үстэй дээлтэй өвөлждөг-

Баянцагаан сумынхнаас тамгын газрын байр хүн тогтож суухад хэцүү тохь тухгүй, хүйтэн, хорхой шавж унаж ирдэг, ус бороо дусдаг хэцүү юм байна. Ийм орчинд ажиллаж чадахгүй ээ гээд ажлаасаа гарсан хүн байгаа болов уу гэхэд "Хөдөөний хүмүүс чинь алсуураа гүжирмэг, хээгүй байдаг. Тэр чанараараа л тогтоод тэсээд байдаг болов уу. Хоолой нь өвдчихсөн, ханиалгасан сууж байхтай нь бишгүй л таарсан. Доороосоо их даараад бүгд шүд нь суларсан ч гэж ярьцгаадаг юм билээ. Гэлээ гээд ямар ч үйлчилгээ авсан сэтгэл дүүртэл үйлчлээд л гаргадаг. Архивын бичиг баримтаа гялгар цаасаар хулдаад ороож хадгалдаг гэж хүмүүс ярьдаг. Гаднаас нь харахад их л муухай орчинд сууж ажиллаж байгаа улс даа" гэв.
-Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан: Баянцагааны тамгын байрыг өөрийн нүдээр хараад, эрэмбэлээд явуулсан-
Бид тус сумын тамгын газрын шинэ байр барих төсөл 2024 оны улсын төсөвт багтах эсэх талаар Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханаас тодруулан асуухад "Аймаг саналаа нэгтгээд эрэмбэлээд Сангийн яаманд хүргэсэн. Сангийн яам УИХ-д өргөн барьсан. Одоо шийдэх эсэх нь Засгийн газрын эрх мэдлийн асууудал. Ер нь бол улс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр эхний эрэмбээр оруулж байгаа. Дээрээс нь сая ерөнхий сайд ард иргэдтэй уулзахдаа санал хүсэлтийг нь сонссон. Яриад байгаа тамгын газрын байр тэнд бол тусгагдаагүй. Манай аймгийн хэмжээнд асуудал их бий. Тэр утгаараа Баянцагааны тамгын газрын байрын 7-д эрэмбэлэгдсэн. Миний хувьд тухайн байшинг өөрийн нүдээр хараад эрэмбэлээд явуулсан" гэлээ.
-92 жилийн түүхтэй Баянцагаан сум Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт харьяалагдаж ирсэн-

Баянхонгор аймгийн Баянцагаан сум нь хуучнаар Засагт хан аймгийн Жонон вангийн хошуунд харьяалагдаж байсан. Улмаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор Говь-алтай аймгийн Баянцагаан сум анхлан байгуулагдаж байсан түүхтэй. Ингээд,
- 1931-1934 онд Говь-Алтай аймгийн Баянцагаан сум
- 1934-1940 онд Завхан аймгийн Баянцагаан сум
- 1940-1941 онд дахин Говь-Алтай аймагт
- 1942 оноос Баянхонгор аймгийн Баянцагаан сум болон шилжин харьяалагдаж ирсэн түүхтэй.
Тус суманд засаг захиргааны анхан шатны нэгж Гичгэнэ, Дэлгэрэх, Цэцэн, Жаргалант, Баянбулаг гэсэн 5 багийн нийт 1041 өрхөд 3638 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 21 сумаас тавдугаар байр, газар нутгийн хэмжээгээр зургаадугаар байрт тус тус ордог.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсөв нь тодорхой болоогүй байхад Засаг даргын тамгийн газраа нураадаг нь яаж байгаа нболоо
Еээ яанаа яасан хэцүү юм бэ. Төрийн ажил яаж ингэж явхын бэ
Улсын хэмжээнд шинээр барьж байгаа барилгаа шударга эрэмбэлээд барьж баймаар байна аа.
Төрийн ажилч ингэж явахгүй дээ
Гэхдээ л төрийн �##�быг ц�##�гардуулахгүй мундаг төрийн �##�бан хаагчидтай сум шүү.
2 гэр бариад орчихгүй
Ээ яана даа. Энэ өвлийг яаж давнаа.