Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Иргэд рүү дайрсан хоёр бугыг, Борхүүгийн хамт Мөнгөнморьт руу нүүлгэн шилжүүлнэ

Богд уул орчим явган аялагч, машин, мотоциклтой иргэд болон хороолол, хотхон руу буга орж ирж, ингэхдээ иргэдийг мөргөх, машин техник, хашаа эвдэх асуудал үүсээд буй. Буга иргэд рүү дайрсан гэх дөрвөн дуудлага ойрын өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудад ирсэн байна.

Мөн уулан дээр явсан мотоциклтой иргэд рүү дайрсан, байгаль хамгаалагч нар ирчхээд өөрсдөө дөхөхгүй байсан бөгөөд нэг нь мөргүүлээд эмнэлэгт байгаа учир хаширласан гэх мэт мэдээллүүд байгаа.

Бид буганы асуудлаар холбогдох газруудаас мэдээлэл авч, хүргэж байна.

-Богд ууланд 150 согоо, 100 буга бий-

Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас байгаль хамгаалагч гэмтсэн талаар тодруулахад “Нэгдүгээрт, манай байгаль хамгаалагч буганд мөргүүлж гэмтсэн, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол  гараагүй. Хоёрдугаарт, зэрлэг ан амьтан амьдардаг газар гэрээ бариад, мотоциклтой давхиж орж ирээд байхаар тухайн амьтан үргэнэ, айна, аашилна. Ойрын өдрүүд бугын нийллэгийн үе учраас жирийн үеэс өөр ширүүн догшин авир гаргадаг. Энэ онцлогтой холбоотойгоор 3-4 дуудлага ирсэн. Манай ажилтнууд тухайн үед нь тохирох арга хэмжээг аваад ажиллаж байна. Хэдэн залуучууд уулан дээр мотоциклоо орхичхоод авч чадахгүй байна гэхээр нь манайхан очиж машинтай хөөж, холдуулж тусалсан” гэж тайлбарлалаа. 

Өнөөдрийн байдлаар Богд уул орчим 250 орчим буга, согоо амьдардаг гэсэн тоо бий. Үүнээс 150 нь эм буюу согоо, 100 нь эр буюу буга байгаа гэж ажиглаж судалсан байна. Бугын дуудлага буюу үржлийн цаг намар 9-10 сард болдог. Энэ үеэр эр нь эмээ дуудна, улмаар буга хоорондын өрсөлдөөн бий болж мөргөлдөнө, зодолдоно. Эндээс хэн чадалтай нь согоогоо хураах бөгөөд тодруулбал наргил том буга ноёрхсон байр суурьтай байдаг бол жижиг буюу тойруулын буга нь согоогоо хурааж авч чадаагүй учраас хайж гүйх, хүн амьтан руу халддаг. Ер нь буга бусад зэрлэг амьтдыг бодоход ороо нь хурц хэлбэрээр илэрдэг аж. Энэ нь байгаль дээр байнга тохиох үзэгдэл бөгөөд эдгээр тохиолдлуудын тухайд нийслэлийн суурьшлын бүстэй ойр учраас иргэдийн зүгээс дуудлага, мэдээлэл өгсөн байна.

-Иргэд рүү дайрсан жижиг хоёр бугыг Борхүүгийн хамт нүүлгэн шилжүүлнэ-

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам руу орооны үедээ суурьшлын бүс болон иргэд рүү дайраад буй хоёр бугыг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг өчигдөр /2023.10.03/ өгсөн байна. Яамнаас уг хүсэлтийг хүлээн авснаар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж, уг ажлыг “Амьтан асралт” байгаль орчны мэргэжлийн байгууллага гүйцэтгэх юм. Тус төвийн захирал, амьтан судлаач Г.Цэрэнноровтой ярилцлаа.

-Богд уулын буга иргэд рүү дайрсан, гэмтээсэн зэрэг тохиолдлууд бүртгэгдэж байна. Амьтан судлаач хүний хувьд та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Буга бусад зэрлэг амьтдыг бол ороо оролт нь их хурц хэлбэрээр илэрдэг онцлогтой. Өнөөдөр Богд уулын модны гүнд ч байшин барилга барьсан. Өөрөөр хэлбэл зэрлэг амьтны нутаг тархац нутаг дээр нь хүмүүс амьдарч давхцал болоод байгаа нь нөлөөлж, иргэдэд гэм хор учруулах эрсдэлт нөхцөл байдал үүсчихлээ. Түүнээс биш буга согоо хайж гүйх, нүд нь улаанаар эргэлдэж хурц болох, бусад ан амьтан руу дайрах зэрэг нь угаасаа байгальдаа ч болдог үзэгдэл юм. 

 -Богд уулын 250 бугын эр эмийн харьцаа үүнд нөлөөлнө гэж харж болох уу?

-60:40-ийн харьцааг эр эмийн зөв зохистой харилцааг алдагдсан гэж үзэхгүй. Амьтны биологоор 1:1 гэж үздэг ч бидний нөөц тогтоосон ажлын судалгааны үр дүнгээр бол 60:40 гэдэг нь харьцаа алдагдаад сүйд болох нөхцөл болохгүй. Хамгийн гол нь тэнд өрсөлдөөн явагдаж байна. 40 хувийг эзлэх эр буга нь 60 хувийг эзлэх согоонд үр төлөө үлдээхийн тулд тэмцэлдэж байна шүү дээ. Өрсөлдөөнд бие жижиг буюу соёондоо гэж нэрлэдэг бага насны буганууд ялагддаг. Ялагдахаараа гүйж, хүн мал руу довтолдог шинж тэмдэг илэрдэг. Богд уул дээр бол суурьшлын бүс зэрлэг амьтны нутаг дэвсгэр дээр түлхүү байгаатай холбоотойгоор иргэд руу халдсан, өртсөн асуудал гарч байна.

-Хоёр буга л байн байн бууж ирээд байгаа гэсэн. Тэднийг нүүлгэн шилжүүлэх тухай яригдаж байна?

-Хоёр багавтар буга Жаргалантын ам, Зайсангийн ам 9-10 дугаар сард үзэгдээд байгаа. Тэр хоёр ойролцоох айлууд, хотхон руу орж ирдэг. Хүмүүс гаргах гэж хөөдөг учраас мөргөдөг. Нүүлгэн шилжүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэдэг. Энэ бол зөв зүйтэй ажил. Эрсдэл гарах боломжтой харагдаж байгаа. Тухайн газар хүн амын нягтаршил ихтэй, мөн нийслэлийнхэн ихээр аялж, алхдаг газар учраас нүүлгэн шилжүүлэх нь оновчтой шийдвэр. Богдхан уулын хамгаалалтын захиргаа сэрэмжлүүлэг мэдээлэл гаргах, түгээх, байгаль хамгаалагчид маань хөөж арга хэмжээ явуулж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэгэхээр иргэд бугын дуудлагын үер нэг, хоёроороо ой бүхий газар явах нь эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй. Болгоомжлол төрөөд байгаа учраас шилжүүлье гэдэг хүсэлтийг тавьж буй. Нэн ховор амьтан учраас зөвхөн төрийн захиргааны төв байгууллага буюу яам амьтны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

-Тэгэхээр яамны шийдвэр гарахад танайх нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн төлөвлөж байна вэ?  

-Энэ хоёрыг ойролцоо ч хүн ам сийрэг газар шилжүүлэхээр төлөвлөж Төв аймгийн Мөнгөнморьт сумыг ихэд тохиромжтой гэж үзэж байна. Бид унтуулга буюу нойрсуулж, буга ачиж тээвэрлэх журмын дагуух аргачлалаар шилжүүлнэ.

-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас танайх авч ирж Богд ууланд нутагшуулсан Борхүүг иргэд бас бууж ирж, асуудал дэгдээдэг гээд байгаа шүү дээ?

-Иргэд, хотхон хороолол руу довтолж, дайраад байгаа нь Борхүү энэ хоёр жижиг “нөхөр”. Гэхдээ Борхүүгийн тухайд ааш араншин догшин байгаа учраас бас нүүлгэн шилжүүлнэ.

-Борхүүг хаашаа нүүлгэх бол...?

-Энэ яриад байгаа хоёр бугатай хамт Мөнгөнморьт сум руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.

“Амьтан асралт” ХХК-ийн байгаль орчны мэргэжлийн байгууллага нь 2009 онд байгуулагдсан. Ан амьтны нөөц тогтоох, буга, тарвага сэргээн нутагшуулах, буга, баавгай нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлыг хийдэг. Эднийх амьтан унтууулж, нойрсуулах талаар мэргэшиж, туршлагажсан байгууллага бөгөөд унтуулах эм тариа, туслах хэрэгсэл, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж, машинтай гэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-04 09:50

ОРоо нь орчихсон явж байхад нь хэдэн тэнүүлчид дайр�##�дчихаад д�##�даганачих юм аа

Зочин
Зочин
2023-10-04 09:53

Гэрт нь орчоод байхаар араггүй түмэн зөв

Зочин
Зочин
2023-10-04 09:57

Бэлчих бэлчээр амьдрах газарт нь хүмүүс түрэмгийлж байшин барилга бариад байхаар тэгнэ шд

Стар
Стар
2023-10-04 10:06

Борхүү найзуудаа дагуулж ирээд яваад бгаа юм бна л даа кк.Эсвэл Борхүү гэртээ буцаад очвол яасан юм болдоо?нутаг заагдаж чонын хоол болж бхаар

Зочин
Зочин
2023-10-04 10:09

тэгэлгүй яахавдээ. бэлчдэг газрыг нь цементэн ширэнгэ болгоод байхаар чинь. бугын түмэн зөв.

Зочин
Зочин
2023-10-04 12:18

Дархан цаазат газраа хулгайчуудаас чөлөөлье

Zochin
Zochin
2023-10-04 19:27

Ter mopedtoi batsaanuudiig mungun morit ruu ni z##luulaachee

Зочин
Зочин
2023-10-04 23:15

Богд уул ганцхан хүмүүст зориулаагүй. Богд уул руу гарахыг хоригловол таарна зарим чух�##� үед

Guide
Guide
2023-10-07 05:58

Ойн гүнд барилга барихыг зөвшөөрсөн, барьсан хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ. Ер нь Богд ууланд яагаад мопед, машин унаатай хүмүүсийг чөлөөтэй явуулж амьтан үргээлгээд байгаа юм бэ?
Шилжүүлнэ ч гэх шиг. Одоо байтлаа байг�##�ийн амьтан байг�##�ьдаа чөлөөтэй явах аргагүй болж нутаг заагддаг болж байх шив. Арай ч дээ

Холбоотой мэдээ

Back to top button