Сурвалжилга, Нийтлэл

Хүүхдийн асуудал, нийгмийн зэрлэгшлээ төрийн бодлогын хэмжээнд ярьцгаая, ҮАБЗ-ийн гишүүд ээ

Долоо хоногийн дотор гурван хүүхэд тагтнаас унаж, 12 настай охин алга болж, нэг хүүг эрэн хайсан хэдий ч цогцос нь олдож, хоёр хүүхэд машинд дайруулан амиа алдаж, хичээл эхэлснээс хойш 38 хүүхэд зам тээврийн осолд орлоо.

Нийгэм тэр чигээрээ түнэр харанхуйд живж буй гэлтэй эмзэглэл дагуулсан энэ өдрүүдэд улс төрийн хүрээнд хотын даргаа огцруулж, хоёр сайд шинээр томилох операц өрнөв. Зэрэгцүүлээд эрх баригчид сонгуульд зориулсан төсвөө УИХ-д өргөн барьж, түүнийг нь хэрсүү нүдээр хянах олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын хяналтын механизм ч орхигдлоо.

Засгийн газрын бүтцэд хүүхэд хамгаалах чиг үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам толгойлдог. Сайд Х.Булгантуяа энэ өдрүүдэд нэг ч хүүхдийн асуудлаар ганц үг ганхийсэнгүй.

Яамны харьяанд Гэр бүл, хүүхэд залуучуудын газар нэртэй агентлаг ажиллах бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт эднийх нэгжүүд ажилладаг. Сумын төвүүдэд халамжийн ажилтан, сургуульд нийгмийн ажилтан зэрэг хүрээгээр хүүхдээ хамгаалахчаа аядаж, асуудал гарвал ийшээ "ховлох"-оос өөр аргагүй шахам сууцгааж байна.

Нэг хүүхэд алга болохоор улсаараа нэг камергүй амьдарч буйгаа санана.Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлынхан нь дайчлагдаад баахан самрах ч ихэвчлэн эндсэн байдалтай, хүүхдүүдээ олно. Тэгээд хэсэг шогшроод, тэгсхийгээд мартана. Ингээд ахин хүүхэд...гэхчлэн эмзэглэл төрүүлсэн мэдээллүүд сүүлдээ энгийншиж, "Хүүхэд алга болжээ" гээд зүгээр л мэдээлэгдэж байдаг боллоо.

Олон нийт нь харин нэг хүү эндэхээр "Хойт эцгийн гар харуулахгүй, хуна" гэж уймарцгаана. "Эмэгтэй гишүүд дуугарсангүй" гэж уурлана. Парламентад сууж буй МАН-ын голдуу эмэгтэй гишүүд хүний эрх, хүүхдийн асуудалд ер сэтгэл эмзэглэхээргүй. Бүдүүн тойм, өөрийнх нь мандат эсэн мэнд хадгалагдахад л их анхаардаг, "бэртэгчин" улсууд. Тэднээс ер юу ч хүлээлтгүй.

Ковидын үед хөдөөгийн нэгэн суманд төрсөн гурван үрээ буудаж хөнөөгөөд, өөрийнхөө амийг хохироосон аймшигтай кэйс гарч байв. Хөл хорио, ковидын нөхцөл байдал дэлхийн хүн амд сэтгэлзүйн шинэ эринг тулгаж, түүнийг туулан гарахын тулд нас насныхан өөр дээрээ асар сайн ажиллах шаардлага үүссэн.

Цаашлаад ажил олгогчид, сэтгэлзүйчид, нийгмийн уур амьсгалыг чиглүүлэн хөтлөгчид, бодлого гаргагчид ковидын дараах нийгмийн болоод биет хүний шинэ сэтгэлзүйн нөхцөл байдалд тааруулсан, түүнд зохицсон бодлого шийдвэр гаргах шаардлагатай тулгарсаар байна.

Нийгэм, цаг үеийн шинжтэй энэ урсгалаа манай улс тэр чигт нь сул хаяад, бүх үүд хаалгаа сайтар түгжиж, У.Хүрэлсүхийн хэлснээр "Улаан ном"-д бичигдэх хэмжээнд битүү суусан. Өнөө цагийн хүн ардынх нь эл их зэрлэгшил, гэмт хэргийн өдөөлт, үзэн ядалт бүхэн өмнөх жилүүдийн их энерцээр улам л нэмэгдэхээр харагдаж буй.

Засгийн газрын бүтцээ тэлээд л яамтай, яамгүй сайд нар төрүүлээд л байдаг. Парламентын гишүүдийн тоогоо нэмж, 126-уулаа саарал ордонд шахцалдан суухаар бэлтгээд л байдаг. Төрийн тэргүүнээ зургаан жилээр сонгож, инститүцийнх нь хувьд харьцангуй томруулаад л байдаг.

Тэглээ гээд долоо хоног тутам хүүхдүүд унаж, эндэж, алга болж, зэрлэг бүдүүлэг нийгмийнхээ, төлөвшөөгүй томчуудынхаа золиос болсоор байхад засаглалын эрх мэдлийг томруулаад, өргөжүүлээд байгаагийн хэрэг гарах уу. Хүүхдүүд ийн эндэж буйд салбарын сайд нь нэг орилоод шийдчихгүй. УИХ-ын хэдэн эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хийгээд ч нэмэргүй.

Алсуур, цаг хугацаа зарцуулах төрийн бодлого гаргаж, нийгмээ эмчлэх, хүн ардаа төлөвшүүлэх, тэднийг тайвшруулах, хүүхдийн асуудлыг хариуцлагаар индексжүүлэх бодитой, урт хугацааны ажил, төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. ҮАБЗ-ийн гишүүд хүүхдийн асуудлаа, зэрлэгшсэн нийгмийнхээ энэ уур амьсгалыг хэлэлцээсэй, анхааралдаа авч, арга замууд гаргаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-05 10:26

Зөв хөнджээ шийдэл ярьцгаамаар байна

Зочин
Зочин
2023-10-05 11:05

Занданшатар попрооод чуулганаар ярилааа

Зочин
Зочин
2023-10-05 11:06

Эс мэнд олдоосой

Зочин
Зочин
2023-10-05 11:07

Булган туяа гэж хүүхэн сайд юм ууу

Зочин
Зочин
2023-10-05 11:31

Ийм попрохоос өөр чадваргүй юмнууд яаж ч чадахгүй. Хувийн сонирхолдоо хөтлөгдсөн новшнуудад улс орон ард иргэд түй ч хамаагүй

Зочин
Зочин
2023-10-05 11:53

Хүүгийн сэлэм хуйдаа гацсаншдээ

Зочин
Зочин
2023-10-05 13:03

ЭДГЭЭР ХҮМҮҮС ХҮҮХДИЙН ЭРХ ЯРИХ МАНАТАЙ ХУДЛАА ПОПОРООД ДАРААГИЙХАА СУУДЛЫГ ЗЭХЭЦГЭЭЖ БАЙГАА ШҮҮ.ҮАБЗ н ХЭМЖЭЭНД ЯРИГДАХ АСУУДЛЫГ ЭДГЭЭР ГУРВАН ЭРХЭМ ҮНЭНДЭЭ ТООХГҮЙ НЬ ЗҮЙН ХЭРЭГ.ЯАГААД ГЭВЭЛ ЭДГЭЭР ХУЛГАЙЧУУДЫН ХҮҮХДҮҮД БИЕ ХАМГААЛАГЧ ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙГАА ШҮҮ УГ НЬ БОЛ ЭГЭЛ АРД РУУГАА АНХААРАХ ЁСТОЙ ХӨӨРХИЙДӨӨ НЯЛХ БАЛЧИР ҮРС ЗЭРЛЭГШИЖ АМИНАЛ ЗАРЧИМ РУУГАА ОЙРТСОН ЭНЭ МУУХАЙ ЗАВААРСАН ЗААР ХАНХАЛСАН НИЙГМИЙН ЗОЛИОС БОЛЧИХЛОО АНХААРААЧ ШИЙДЛЭЭ ОЛООЧ ГУЙЖ БАЙНА

Зочин
Зочин
2023-10-05 13:24

Данхаа �######�на үгүй юу чи

Зочин...
Зочин...
2023-10-05 14:58

Түгжрэлийн биш, хүүхдийн сайдтай болмоор оо!

Холбоотой мэдээ

Back to top button