Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Монголчууд янжуураас гарах биш “живж” байна: Жил ирэх бүр томорч буй монополь зах зээл

Электрон тамхи зах зээлд нэвтэрснээс хойш мартагдах шахаж буй сэдэв бол янжуур.

Монголчууд монголчуудынхаа эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй хүчин зүйлс, ялангуяа хорт зуршлын талаар хөндөж ярих нь элбэгшиж байгаа. Харин янжуур тамхины тухай сэдэв ор хөндөгдөхгүй, оронд нь электрон тамхи л шинэ, шинэхэн гэдэг утгаараа голчлон анхаарал татах болов.

Угтаа янжуур тамхины импорт 2022 онд 64.2 сая ам.долларт хүрсэн. Энэ бол 221 тэрбум төгрөгийн зах зээл. 3.3 тэрбум ширхэг янжуур юм. Өөрөөр хэлбэл, нэг хүнд нэг мянга орчим ширхэг янжуур ноогдох хэмжээний дүн.

Дээр нь янжуур тамхины хор хөнөөл хэдийнэ судлагдсан. Мэдээжийн болсон. Тийм ч учраас адаглаад тамхины хайрцган дээр “Үхэлд хүргэнэ” гэсэн сэртхийм бичиг хаддаг. Нөгөө талаар тамхийг ширхэгчилж зардаг. Худалдаалах цэгүүд олон. Харин монголчууд янжуур тамхийг хэрэглэсээр, хэрэглээ нь жил ирэх тусам нэмэгдсээр л байна.

Бизнес ашиг олохыг нэн тэргүүний зорилгоо болгох нь тогтсон ёс. Харин соёлт нийгэмд бизнесийн агуулга нь илүү анхаарал татах болсон. Тийм ч учраас, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортолж, худалдаж байгаа бол эргээд нийгмийн хариуцлага хүлээдэг. Хариуцлага гэдэгт бусдаас илүү татвар төлөх, нөлөөллийн ажил хийх, бүтээгдэхүүнийхээ хоруу чанарыг давхар олон  нийтэд тайлбарлан таниулах зэрэг орно.

Монголд юу болж байгаа вэ.

“Тамхи татаж яах юм, буруу” гэдэг суурь сэтгэлгээний хандлага иргэдэд, эцэг эхчүүдэд бийгээс бусдаар ер энэ зах зээл үү өнгийхгүй байна.

“Нээрэн юу билээ?” гэж сэртхиймээр олон тооны эхлэл нь дээр дурдсан нэг хүнд ноогдох мянга гаруй янжуур, 221 тэрбум төгрөгийн зах зээл төдий. Үүнээс цаашилбал, адаглаад олон нийтэд “Энэ тамхийг хэн, хаанаас оруулж ирдэг вэ” гэдэг мэдээлэл ил байх учиртай.

Учир нь тамхи хорт хавдар үүсгэгч хэрэглээ мөн шүү дээ.

Нөгөө статистикээ энэ оны эхний зургаан сарын байдлаар авч үзье. Ингэхэд 29.5 сая ам.доллар буюу 102 тэрбум төгрөгийн янжуур импортлогджээ. Ширхгээр тооцвол 1.7 тэрбум. Жилийн эцсээр нэгтгэгдэх тоог үүнд үндэслээд тооцож үзвэл өнгөрөгч онтой даруй дүйцэхээр байна.

Электрон тамхи уг нь энэ хугацаанд хэрэглээнд нэвтэрсэн. Янжуурыг түүгээр солих, орлуулах, цаашлаад энэ замаар тамхинаас гарах иргэдийн тоо нэмэгдсэн. Гэвчиг янжуур тамхины зах зээлд өөрчлөлт ороогүй байгааг ажиглаж болно. Үүнээс, монголчуудын утаат тамхины хэрэглээ тогтмол өссөөр байна гэдэг дүгнэлтийг хийх боломжтой юм.

Цаашлаад сүүлийн 10 жилийн статистикийг дүгнэж үзэх юм бол янжуурын хэрэглээ 1.8 дахин өсжээ.

Электрон тамхинаас даруй 3-4 дахин хямд үнэтэй, хаана л бол хаана зардаг, зарим газар худалдахдаа биеийн байцаалт шаардаггүй янжуур тамхины зах зээлд хэн тоглодог вэ. Ил болдоггүй, хөндөгддөггүй энэ сэдэв рүү өнгийвэл ямар дүр зураг гарч ирэх бол.

Монголд янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөлтэй нийт 19 компани байна.

19 компанийн хоёр нь нийт зах зээлийн 85 хувийг дангаар эзэлж буй. Харин 17 нь үлдсэн 15 хувьд ноогдох хэмжээний л янжуурийг оруулж ирдэг. Бас энэ 19 ААН-ийн нэр нийтэд ил биш.

Ноёлогч хоёр компани нь “Алтангадас”, “Волтам”. “Алтангадас” нь БНСУ-аас, “Волтам” нь Казахстанаас импорт хийдэг аж. Өнгөрсөн 2022 оны байдлаар “Алтангадас” 1.5 тэрбум ширхэг янжуурыг 28.4 сая ам.доллар, 98 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн. Харин “Волтам” 1 тэрбум янжуурыг 26.5 сая ам.доллар, 91.6 тэрбум төгрөгөөр импортолжээ.

Тэднийг дахин задалж харъя.

Монголчууд хамгийн ихээр “ESSE” хэрэглэдэг юм байна. Энэ янжуурыг “Алтангадас” ХХК оруулж ирдэг. 2022 онд 26.3 сая ам.долларын “ESSE” орж ирсэн нь янжуур тамхины зах зээлдээ тэргүүлж байна.

Хоёрт, “Mevius” буюу нэрлэж заншсанаар “Майлд” тамхи. Үүнийг “Волтам” ХХК оруулж ирдэг, 10.5 сая ам.долларын “Майлд” өнгөрөгч онд Монголд нэвтэрчээ.

Гуравдугаарт, “LD”. Импортлогч компани нь мөн “Волтам”. 8.6 сая ам.доллар.

Дөрөвдүгээрт, “Caster”. Мөн “Волтам”. 7.1 сая ам.доллар.

Тавт, “Raison”. Импортлогч нь “Алтангадас” ХХК бөгөөд 1.1 сая ам.долларын “Raison” импортолжээ.

Архины тухайд ярих юм бол монголчууд зах зээлийн гол тоглогчдоо цээжээр нэрлэх биз. Тэднээс өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлага ч шаардаж ирсэн. Төрөөс ч хэрэглээнд анхаарсан. Энэ жилийн эхний найман сарын байдлаар согтууруулах ундааны хэрэглээ буурсан статистикийг саяхан ЕТГ-аас танилцуулаад байгаа. Харин дээр дурдсан, “Алтангадас”, “Волтам” гэдэг хоёр нэр монголчуудад хэр танил байгаа бол.

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийдэг вэ.

Мартсанаас, хүн дасамтгай амьтан. Эхэнд дурдаад өнгөрсөн тамхины хайрцган дээрх элдэв сануулга, анхааруулсан бичвэр лав шинэчлэгдээгүй олон жилийн нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл зорилгоо биелүүлэхээ байчихсан.

Цаашлаад, янжуур тамхины хор хөнөөлийг олон нийтэд идэвхийлэн сурталчилдаг байсан хандлага эрс багасчихлаа. Хаа сайгүй электрон тамхины тухай шуугилдаж байх хооронд монголчуудын утаат тамхины хэрэглээ өссөөр, хэн ч нийгмийн хариуцлагын тухай дуугарах сөхөөгүй явна.

Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг л бол тэр хүний биедээ хуримтлуулах никотин болон бусад бодисын хэмжээ аюултай хэмжээнд очно. Утаат тамхинд гол нь никотиноос гадна 3000 гаруй төрлийн бодис багтсан бохь гээч гол орц бий. Ингээд эрүүл мэнд талаас нь авч үзье л дээ. Нэг хүнд ноогдох янжуур тамхины хэрэглээ бол харьцангуй хийсгэлэн. Учир нь бүх хүн тамхи татдаггүй. Хэдий хийсгэлэн ч гэлээ нэг хүнд мянган ширхэг янжуур ноогдоно гэдэг их л дээ. Тэгвэл Монголын хүн амын 21.4 хувь нь тамхи татдаг гэсэн статистиктээ суурилаад үзье. Нөгөө мянга гэдэг тоо даруй таваар үржигдэх болно.

Өөрөөр хэлбэл, Монголд тамхи татдаг нэг хүнд жилдээ 250 хайрцаг тамхи ноогдож байгаа юм. Бараг л өдөрт нэг хайрцаг тамхи татах хэрэгцээг импортлогч компаниуд хангаж байна. Нөгөө талаас эрэлт нь байгаа учраас импортын хэмжээ жил ирэх бүр өсөж буй.

Монголд хяналтгүй, “үл тоогдсон” мөртлөө жил ирэх бүр өсөн нэмэгдэж буй эрүүл мэндэд томоохон заналхийлэгч хүчин зүйл бол энэ утгаар янжуур тамхи. Тийм ч учраас хууль батлахаар яригдаж, хүлээгдэж л байна. Электрон тамхи гэдэг бүрэн судлагдаагүй хэмээх шошготой өрсөлдөгч тэдэнд бий нь үнэн. Гэлээ ч зах зээлд нь сөргөөр нөлөөлөхгүй байгааг дээр дурдсан статистикээс харж болно.

Электрон тамхийг өмөөрч буй юм биш л дээ, тэнд адилхан л никотин бий. Адилхан л донтуулна. Эрүүл мэндэд сөрөг  нөлөө үзүүлнэ. Дээр нь хувь хүний амьдралд санхүүгийн ч гарлагатай. Гэхдээ шатдаггүй учир бохь ялгаруулдаггүй, хорт бодисын хэмжээ гурав дахин бага.

Янжуур тамхинд бохь, түүнээс гадна хүнд металиуд агуулагддаг. Кадми, хром, хар тугалга, никель, берилли, манган гэх мэт. “Баянхошууны айлын хүүхдийн цуснаас хар тугалга илэрлээ. Хар тугалга бол хорт хавдар үүсгэгч аюултай хүнд металь” гэдэг мэдээлэл нийгмийг цочроож байсан нь саяхан. Гэтэл янжуур тамхи хэрэглэгчид зүгээр л өдөр тутамдаа, ширхэг бүрээс нь биедээ хар тугалга авч байгаа.

Харин электрон тамхинд эдгээрийн аль нь ч байхгүй.

Нэг үгээр хэлбэл, нэгэнт зах зээлд өрсөлдөж байгаа нөхцөлд ялгаатай талуудыг нь авч үзэх шаардлагатай болж байгаа юм. Эндээс яагаад янжуур тамхинд илүү их хяналт хэрэгтэй байгаа нь ойлгогдох биз.

Тун товчоор бол,

  • Хямд үнэтэй учир хүн илүү хэрэглэнэ
  • Худалддаг, биеийн байцаалт шаардахгүй газар
  • Хамгийн гол нь эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл нь хэд дахин илүү.

Иймд өрсөлдөх бол адаглаад шударга өрсөлдөөн хэрэгтэй. Нөгөө талаас нэг тамхийг нөгөө тамхины эсрэг "муулах" сурталчилгаа ч ил тод хийгддэг болсон. Энэ эцэстээ хориглох тусам илүү хэрэглэх сэтгэлгээнд суурилсан маркетингийн шинжийг ч олж эхэллээ.

Аль аль төрлийн тамхинд хяналт тавих, бодлого баримтлах шаардлагатай.

Гэхдээ “Электрон тамхи” гэдэг шинэ тутам гэдэг давлагаан дунд өрсөлдөөн шударга бус болж болохгүй. Хор бол хор ч хорыг ялгаварлаж болохгүй нь үнэн юм.

Энэхүү бичвэрээр улам бүр мартагдах, мэдээжийн юм шиг ойлгогдох болсон янжуур тамхийг дахин шинээр “ӨНГИЙЖ ХАРЪЯ” гэсэн санааг дэвшүүлэв.

Харин хэн хүнгүй, аль ч төрлийн тамхинаас татгалзах нь эцсийн зөв шийдэл билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-10-06 11:07

Тамхины хор хөнөөлийг з�##�уучуудад маш сайн ухуулан таниулахгүй бол ирээдүйд уушигны хавдар улам бүр ихэсэх болно. Тамхи борлуулагч компанийн захирлууд баяжаад, хүн ардаа хордуулан хордуулан мөнгө олохоосоо ичихгүй байгаа ш д. Тэдгээр компаниудаас хүн ардын эмчилгээнд зориулан эрүүл мэндийн тусгай татвар авдаг болох хэрэгтэй. Яахаараа жирийн ажиллагсдын ЭМДаатг�##�ын мөнгө тэдний хордуулсан өвчтөнд зарцуулагдах ёстой гэж ...

Зочин
Зочин
2023-10-06 11:44

Тамхи татахгүй мөртлөө ДАМ ТАМХИДАЛТ гэдэг аюул бас байнаа.

mongol
mongol
2023-10-06 12:03

sain niitlel bn. Harin odoo “Алтангадас”, “Волтам” гэдэг 2 компанийн цаад эзэд нь хэн гэдгийг олоод мэдээлбэл жинхэнэ сэтгүүл зүй болно

Зочин
Зочин
2023-10-06 12:12

Тамхичид янжуурчидаа татдаггүй хүн хүүхдээс хол дан ганц татаж бгаа өөрийгөө хордуул

Зочин
Зочин
2023-10-07 08:44
Reply to  Зочин

Тамхичидын асууд�##�ыг онц байдлын хэмжээнд авч үзэх цаг тулсан. Олон нийтийн газар, гудамжинд тамхи татахыг хориглох, зөрчигчдийг хянах торгох хэрэгтэй. Олон хүн дам тамхид�##�тын хорыг үүрч байна

Зочин
Зочин
2023-10-09 17:26
Reply to  Зочин

хориглосон хууль уг нь байгаа ш дээ, хэрэгжүүлэхгүй л байгаа болохоор. Машиныхаа цонхыг онгойлгоод татна, арын машинд үнэртээд байна больчих гэхээр өөрийнхөө машинд татаж байхад чамд ямар хамаатай юм гэх жишээтэй

Зочин
Зочин
2023-10-09 17:43

Энэ үнэн шүү

Зочин
Зочин
2023-10-09 17:43

Хоёулаа хор хөнөөлтэй

Холбоотой мэдээ

Back to top button