Сурвалжилга, Нийтлэл

Бохирын магистралиар урссан 10 тонн тос, масло хөрсөөр дамжин гол мөрөнд нэвчих эрсдэлтэй

Нэг шөнийн дотор газ мэт үнэрийг хот даяараа үнэртэж сэрнэ гэдэг аюул мөн. Тэр үнэр хийн ямар найрлагатай байсныг өнөө өглөөнөөс эхлэн тогтоож ажиллах нь.

Юуны өмнө түлшинд ашигладаг газ байгаагүй. Тийм газ нь агаарт богино хугацаанд ууршиж, задардаг учраас Нийслэл хот даяар нэжгээд цагийн турш үнэртэх боломжгүй байдаг байна. Харин урьдчилсан дүгнэлтээр, бохир ба ашигласан тос масло урвалд орсноор үүссэн бодис тийм үнэртэй. Гэхдээ одоог хүртэл шөнөжин амьсгалж хоносон иргэдэд эрүүл мэндийн ямар нэг зөвлөмж өгөөгүй байгаа.

Эхнээсээ ЕБС-ийн хүүхдүүд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хэдий ч энэ нь дээрх асуудалтай шууд холбоотой гэх нотломж одоогоор алга байна.

Нэг үгээр хэлэх юм бол, одоо иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллах цаг. Өчигдөр НОБГ, НЦГ, ШШҮХ, УСУГ тэргүүтэй албаны хүмүүс үнэрийн шалтгааныг тогтооход бүтэн өдрийг зарсан. Ингээд аравдугаар сарын 12-ны оройн 20.00 цагын үед 10 тонн орчим ашигласан тос, маслыг БЗД-ийн 11-р хороон дахь бохирын цооног руу цутгасан байж болзошгүй "Эко стандарт петролиум" компанийг илрүүлсэн юм.

Ингэснээр Дүнжингарав худалдааны төвийн хойно, бохирын цооногоос шинжилгээ авснаар хийсэн урьдчилсан дүгнэлт ч баталгаажиж буй. Тодруулбал, ажилласан тос масло бохиртой нийлж, улмаар магистраль шугамаа даган айл өрхүүдэд, Нийслэлийн иргэдэд хүрч үнэртжээ.

"Эко стандарт петролиум" нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. Ч.Оюун гэсэн нэг хувь эзэмшигчтэй. Нефтийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна газрын тосны бүтээгдэхүүн дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хүний эрүүл мэнд хохирч, их хэмжээний хохирол учруулсан бол 2-8 жилийн хорих ялтай

Хэрэг явдлыг тодруулбал, "Эко стандарт петролиум" ХХК-ийн нэр бүхий ажилчид аравдугаар сарын 10-ны оройн 16.00 цагаас эхлэн 10 орчим тонн ашигласан тос, маслыг бохирын цооног руу цутгасан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Ингэхдээ дуудлагаар бохир соруулдаг компани хөлсөлсөн нь тогтоогджээ.

Улмаар тухайн цооногоос хойш чиглэлд, магистраль шугамаа даган Дүнжингарав, Кинг Тауэр орчимд үнэр ихээр түгжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн 20.11-д заасан гэмт хэргийн зүйлчлэлт үйлдэл юм.

Тодруулбал,

20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях

1.Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

2.2.их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэгэхээр хүний эрүүл мэнд хийгээд өөр хүчин зүйлд их хэмжээний хохирол учруулсан гэдэгтээ орох юм бол 2-8 жилийн хорих ялтай байх нь.

"Эко стандарт петролиум" нь дизель түлш үйлдвэрлэх туршилтаа Налайх дүүрэгт хийсэн ч орчиндоо их хэмжээний таагүй үнэр ялгаруулсан шалтгаанаар үйл ажиллагааг нь түр зогсоож байсан удаатай юм билээ.

Ажилласан тос масло хөрсөөр дамжин гол, мөрөнд нэвчинэ

Дээр дурдсанчлан НЭМҮТ-өөс өнөөдрөөс эхлэн тухайн хийн найрлагыг химийн үүднээс тогтоож, иргэд хордсон байж болох эсэх, тийм бол ямар арга хэмжээ авбал зүйтэй талаар мэдээлэл өгөх хүлээлттэй.

Нөгөө талаар бохирын цооногоор урссан 10 тонн ашигласан тос масло нь алсдаа хөрсөнд нэвчих бодит эрсдэлтэй. Ундны усанд шууд орохгүй. Харин хөрсөөр дамжиж гол мөрөнд орох магадлалтайг Усны газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ нь тодорхой хугацааны дараах шинжилгээгээр тодорхой болдог. Мөн шинжилгээг аль цэгээс, хаанаас авахаас ихээхэн шалтгаалдаг аж. Тэгэхээр 10 тоннын ашигласан тос масло зөвхөн үнэр ялгаруулаад өнгөрөх асуудал биш, цаашид хөрс, улмаар гол мөрөнд хэдэн хувь нь нэвчих вэ гэдгийг мөрдөн судлах, тогтоох шаардлагатай болж байна.

"Очир дагинас" ХХК холбоотой юу

Үнэр Хонхор орчим буюу БЗД-ийн 11-р хорооноос урагш түгээгүй. Харин хойш чиглэлд, бохирын магистраль шугамаа даган Дүнжингарав худалдааны төв, Кинг тауэр дагуу үнэртсэн талаар дээр дурдсан. Энэ дагуу албаны хүмүүс өчигдөр цооногуудад хэмжилт хийсэн билээ.

Улмаар Баянзүрхийн товчоо гараад, Хонхор луу салахын урдхан байрлалтай "Очир дагинас" ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт долоон цаг гаруй шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн. Тагнуулын байгууллагын ажилтнууд, сүүлд цагдаа нар ч нэмж ирсэн нь анхаарал татах шалтгаан болсон.

Мөн "Очир дагинас" ХХК-ийг зориулалтын дагуу устгах ёстой үйлдвэрийн хог хаягдлаа бохирын цооног руу хаясан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байсан ч оройн 20.00 цаг орчимд дараагийн сэжүүр тогтоогдсон байдаг. Улмаар "Очир дагинас" дахь шалгалтын ажиллагааг дуусган, Налайх зүг рүү цагдаа нар хөдөлсөн бөгөөд улмаар тус дүүргийн 5-р хороонд үйл ажиллагаа явуулаг "Эко стандарт петролиум"-ийн тос масло зөөвөрлөсөн Hyundai маркийн автомашиныг олсон юм.

Одоо "Эко стандарт петролиум"-д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Харин үүнтэй зэрэгцээд хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг шуурхай хийж ажиллах нь чухал байна.

Налайхад үйлдвэр дэлбэрээгүй, "Тавантолгой түлш" туршилт хийгээгүй

Харин үнэр түгсэн өдрийн маргааш өглөө олон нийтийн дунд Налайхад төмөр хайлуулах үйлдвэрийн газын систем дэлбэрсэн гэдэг мэдээлэл түгсэн.

Ийм үйл явдал есдүгээр сарын 25-ны өдөр болж, үйлдвэрийн нэг ажилтан нас барсан нь үнэн. Гэхдээ даруй хоёр долоо хоногийн өмнө болж таарч буй. Газ агаарт хурдан хугацаанд ууршиж, задардаг учир аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнөөс эхлэн үнэртсэн үнэрийн шалтгаан байх боломжгүй байв.

Аравдугаар сарын 10-ны байдлаар Налайх дүүрэгт үйлдвэр дэлбэрсэн тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй.

Мөн "Тавантолгой түлш" компанид шинэ түлшний туршилт хийсэнтэй холбоотой гэж үзэх хэсэг байв.

Хагас коксжуулсан нүүрсийг түүхий эд болгох шинэ шахмал түлшийг үйлдвэрлэж эхлээгүй. Энэ ажлыг Нийслэлийн бондоор санхүүжүүлэх байсан ч бондын ажил зогссон байгаа. Иймд хөрөнгө нь ч гараагүй гэсэн үг.

Мөн "Тавантолгой түлш"-ийн зүгээс үйлдвэрлэлийн процесс болон орц найрлагад ямар нэг өөрчлөлт ороогүй гэдэг албан мэдээллийг өчигдрийн байдлаар өгөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-10-13 08:53

одоо энэ олон машин тэрэг ашигласан тосоо хэрхэн устгадаг вэ ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-10-13 15:33

Бохирын шугам тослогдож ашгүй.

Зочин
Зочин
2023-10-13 18:49

Энэ одоо ямар хариуцлагагүй зүйл яриад бичээд байгаан бэ.Ажилдаа эзэн болохгүй юм бол гараачээ чаддаг хүмүүс нь хийгэлдээ.

Зочин.
Зочин.
2023-10-14 19:37

Ажлын хариуцлага.шүү.олон хүний амиар тоглох гэж бна шүү дээ хатуу хариуцлага тооц.юу гэсэн үг вэ.дэндүү.....арай......ер нь энэ ажилласан масло яаж устгадаг т�##�аараа тайлбар өгнө үү.

Зочин
Зочин
2023-10-15 11:34

Ус хөрсний бохирдол хамгийн аюултай шүү, туул сэлбэ голыг, улаанбаатар хотын ундны гүний усан санг бохирдуулсан аймшигтай хүмүүст хатуу хариуцлага тооцож байж дараа дараагийн ийм муу үйлдлээс сэргийлэх болно.

Холбоотой мэдээ

Back to top button