ЯРИЛЦЛАГА

Don Dior: Би мөнх амьдрал, мөнхийн нэр төрийг хүсэж байна

Саяхан бие даасан хоёр дахь цомгоо гаргаад буй залуу уран бүтээлч Don Dior-той ярилцлаа.


-ЦОМГОО ГАРГААД ГЯЛАЛЗАЖ ЯВНА-

“Devil Inside” цомог нээлтээ хийгээд удаагүй байна. Эндээс яриагаа эхэлье, шинэ цомог дээрээ хэр удаан ажиллав, ямар онцлогтой хийгдсэн бэ?

-Нэрний хувьд “Devil Inside” гэдэг үгээр чөтгөрийн дотоод ертөнцийг илэрхийлэхийг зорьсон. Шинэ цомог 17 дуутай, 1000 хувь хэвлэгдсэн. Одоогоор худалдаанд гарч эхлээд удаагүй байна. Ихэнх дуунууд дээр нь нэг жил орчим ажилласан. Зарим хоёр, гурван жилийн турш бодож боловсруулж байж хийсэн уран бүтээлүүд ч мөн багтлаа. Реппер Tsetse бид хоёрын хамтарсан нэг дууг эс тооцвол дандаа соло уран бүтээлүүд бий.

Энэ бол миний бие даасан хоёр дахь цомог. Үүний өмнө “Lost it” нэртэй эмо рэп төрлийн цомог гаргасан. Гэхдээ худалдаанд гаргаагүй, фэнүүддээ сюрприз болгох үүднээс Youtube орчинд нээлттэй байршуулж, цацсан.

-Шинэ цомгийн дуунууд голдуу ямар урсгал чиглэлийг барьсан бол?

-Ерөнхий бүтэц нь Трэп урсгалаар явж байгаа. Поп стильтэй дуунууд ч бий.

-Өмнө нь өөрийн хувийн амьдралын зах зухаас дэлгэсэн ярилцлага хэвлэлд өгч байв уу?

-Үгүй дээ, би нэг их хувийн амьдралынхаа талаар яриад байдаггүй. Дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан ч удаагүй. Олон нийтэд миний хувийн амьдрал гэхээс илүү гаргасан алдаа, орооцолдсон асуудлууд маань сонин байдаг шиг санагдсан. Саяхан надтай холбоотой хэдэн асуудал нийгэмд цацагдаж, нэлээд түгсэн байх. Одоо би зүв зүгээр байна, ямар ч асуудал байхгүй. Цомгоо гаргаад гялалзаж явна.

-ШИНЭ ГАРЧ БУЙ ТРЭНД БҮРИЙГ АЛДАЛГҮЙ СОНСОЖ, МЭДРЭХИЙГ ХИЧЭЭДЭГ-

Don Dior гэсэн нэрнийнхээ утгыг тайлбарлаж өгвөл сонин байх болов уу? Жинхэнэ нэр нь хэн бэ?

-Намайг Д.Мөнхтулга гэдэг. Рэп хийж эхэлснээс хойш зөвхөн Don Dior нэрээр явсан. Don гэдэг нь толгойлогч гэсэн утгатай. Харин Dior бол миний дуртай брэнд.

-Дуртай хувцас загварын брэндийнхээ нэрийг шигтгэж. Ер нь хэр брэнд хөөж хувцасладаг вэ?

-Үгүй яах вэ, яг одоо бол Yalguun брэндийн хувцас өмссөн байна. Цомгийнхоо нээлтээр бэлгэнд авсан. Ихэвчлэн монгол брэндийнхээ хувцсыг сонгож, хувцаслахыг эрхэмлэдэг. Ерөнхийдөө Dior хэрэглэх дуртай. Энэ зүүсэн шил маань хүртэл Dior.

-Уншигчдад багадаа ямар мөрөөдөлтэй хүү байсан гэдэг нь сонирхолтой. Одоо хэдэн настай билээ?

-Би 23 настай. Багадаа бол урлагийн л хүүхэд байсан даа. Янз бүрийн ковэр дуу дуулах гэж оролддог байсан. Харин 18 орчим наснаасаа хөгжмийн ертөнц рүү чиглэж, тийш зорилго тавьж орсон гэмээр юм уу. Уран бүтээлч нэгэн байж, залуучуудыгаа уриалж, тодорхой хэмжээнд бүх зүйл дээрээ “Cool” байх гэж хичээдэг.

Рэп ертөнцөд өндөр оргил тогтоосон уран бүтээлчид бий. Миний хувьд түүх болсон 2Pac, Wiz Khalifa, Snoop Dog, Kanye West гэх мэт хүмүүсийг сонсож өссөн. Одоогийн байдлаар xxxTentacion, Travis Scott зэрэг уран бүтээлчдийн шинэ гарсан дууг голчлон сонсож байна. Ер нь шинэ гарч буй трэнд бүрийг алдалгүй мэдэрч, сонсохыг хичээдэг.

-Хөгжмийн ертөнцөөс яагаад гагцхүү рэп урсгалд татагдсан юм бол?

-Хөгжим гэдэг миний амьдралын салшгүй нэг хэсэг. Үүгээр амьдраад тав, зургаан жил болж байна. Харин стиль жанр бол хүний дотроос урган гардаг зүйл. “Өнөөдөр тэр тийм байна, иймээс би ч бас тэгье” гэсэн ойлголт уран бүтээлч хүний хувьд байж болохгүй.

Ерөөс хөгжимд хайртай учраас л рэп урсгалд татагдсан. Урьд нь бага сага дуулдаг байсан. Ингээд яваандаа дуу бичиж, рэп хийж үзээд яахын аргагүй таалагдсан, татагдсан. Миний зүйл гэдэг нь мэдрэгдсэн. Өнөөдөр энэ зүйлийг амьдралын утга учраа болгож, уран бүтээлээ хийгээд урагшилж байна. Бас нэгэн түүхийг бүтээгээд л явж байна.

-ХОЁР Ч ИХ СУРГУУЛЬД СУРЧ БАЙЛАА –

-Рэп уран бүтээлч болохоор шийдэж байх үед гэр бүл нь хэрхэн хүлээж авч байв?

-Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Гэр бүлийн зүгээс тухайн үед бусдын л адилаар мэргэжил эзэмших нь зөв гэж үзэж, их сургуульд оруулж байсан. Миний хувьд хүн өөрийнхөөрөө амьдрахад их сургуулийн боловсрол тийм ч чухал биш юм шиг санагддаг. Интернэт, сошиал ертөнц ийм хэмжээнд хүрчхээд байхад гадаад хэлийг сайн эзэмшиж чадвал хөгжих, бүтээх бүх боломж байна гэж хардаг.

Одоо ээж маань намайг бүх зүйл дээр дэмжиж тусалдаг ганц хүн.

-Ээж үнэнч фен нь байх нь.

-Тийм. Ээж бол угаасаа “God” ш дээ /инээв. Сурв/.

-Мэргэжил ярьсных, одоогийн байдлаар их сургуульд харьяалалгүй байгаа юу? Өмнө нь ямар их сургуульд суралцаж байсан юм бэ?

-Одоо их сургуульд сурдаггүй, цэвэр уран бүтээлийн ажилдаа төвлөрч байна. Өмнө нь Батлан хамгаалахын их сургуульд сурдаг байсан. Бас МУИС-т ч сурч байсан. Ийн хоёр их сургуульд сурж үзсэний дүнд өөрийнхөө жинхэнэ явах учиртай зөм мөрийг ойлгосон. Ингээд л эргэлт буцалтгүй хөгжим руу орсон доо.

-Гадаад төрх бүрдүүлэлт их содон. Олон шивээс, өвөрмөц линз, чамин ганган хувцас. Хэзээнээс энэ дүр төрхийг бүрдүүлж эхэлсэн бэ? Хамгийн анхны шивээсээ хэзээ хийлгэж байв?

-Дөрвөн жилийн өмнөөс шивээс хийлгэж эхэлсэн байх аа. Одоо нэлээд олон шивээстэй болсон. Энэ бол өөрийгөө бусдаас ялгаж, онцгойлон илэрхийлж буй нэг хэлбэр. Би өөрөө шивээсний урлагт маш их дуртай. Аль болох содон, аль болох шинэлэг байхыг хичээдэг. Монгол урлагийг хөгжөөсэй гэсэндээ өөрийнхөө дүр төрхийг шат ахиулж, хувьсгаж, өөрчилж явдаг.

-Хамгийн хайртай шивээсээ сонирхуулбал?

-Аль ч шивээсэндээ дуртай даа. Гэхдээ баруун нүднийхээ шивээсэнд илүү хайртай. Египетийн Хорос бурхны нүд. Баян чинээлэг байдал, хурц ухааныг илэрхийлдэг, тодорхой хэмжээний өв залгамжлагч хүмүүс өөр дээрээ шивүүлдэг. Ойролцоогоор жилийн өмнө баруун нүднийхээ доор шивүүлсэн байх.

-ЗАЛУУСЫН ДУНД ХАР ТАМХИ БИШ, АРХИДАЛТ ЯРИХ ЁСТОЙ АСУУДАЛ БОЛСОН-

-Хэдэн сарын өмнө өөрийг чинь хар тамхи хэрэглэсэн хэмээн шүүхээс ял оноосон тухай мэдээ түгээд амжсан?

-Сошиалд тодорхой хэмжээний олны танил хүмүүс хар тамхи хэрэглэсэн, асуудал гаргасан тухай мэдээ маш эрчтэй түгдэг. Гэтэл эдгээр нь олны нүдэнд ил дэлгээд байж болохгүй асуудал байхгүй юу. Хувь хүний хэрэг бол хувь хүний л хэрэг. Цагдаагийн газраас мэдээлэл задарсан ч бай, яасан ч бай хувь хүний асуудлыг олонд цацна гэдэг буруу. Бас хүнд нуух, хаах зүйл гэж бий. Ийм учир тийм ч гэж хэлэхгүй, үгүй ч гэж хэлэхгүй.

Тийм байгаад, тэр нь хүмүүст сонирхолтой санагдаж байвал, “Ийм сонирхолтой алдаа битгий хийгээрэй” л гэж хэлье дээ /инээв. Сурв/. Тиймэрхүү зүйл ер нь хэрэггүй. Гэхдээ хүний амьдралд байдаг л эд. Тэр дундаа рэп ертөнцөд жам юм шиг тохиолддог асуудал.

Намайг Солонгост тоглолтоор явж байхад тийм мэдээ цацагдсан байсан. Би “Миний нэр төрд халдлаа” гэж тэр бүх сайтуудад гомдол мэдүүлэх боломжтой байсан. Тийм юм хийж яах вэ дээ. Намайг тодорхой хэмжээнд “Нүүрээ” болгож л ашигласан байхгүй юу. Тэр мэдээллийг харсан хүмүүс намайг өнөөдөр “тийм” өнцгөөр л харж байгаа. Нэгэнт болчихсон зүйлийн араас харамсаад яах вэ. Одоо би хөдөлмөрлөж, хийж бүтээж явна. Хүний амьдралд тохиолдох л асуудал гэж харсан.

-Нэг талдаа уран бүтээлийн ажилд хар тамхи тусалдаг гэх өнцөг ч байдаг?

-Уран бүтээлийн тал дээр тодорхой хэмжээнд хэрэг болох үе бий. Архинаас лав илүү байх. Би ч өөрөө мэдэж байна. Гэхдээ эх оронд маань хуулиар хориотой учир залуусыг аль болох битгий хэрэглээсэй гэж бодож байна. Хар залуугаараа шарилжнаас болж хэд гурван жилийг торны ард өнгөрүүлэх тохиолдол олон гарч байна.

Гэвч “Зөрчил гаргаад анх удаа саатуулагдаж байгаа залуусыг яагаад өршөөж болдоггүй юм бол?” гэж боддог. Хүн хутгалаагүй, гэм хийгээгүй шүү дээ. Нэг удаагийн алдаанаас болж залуус нэг жил… хоёр жил… Хогийн л юм болж байна.

Урлагийн ертөнцийн оргилд хүрсэн хүмүүс хар тамхитай холбогддог гэж үнэн. Үүнийг би хүмүүсээс асуумаар л байна. Яагаад юм бол? Хэрэг болдог болоод л тэгж байгаа болов уу. Гэхдээ энгийн хүмүүсийн тухайд яриагүй. Сүнслэг мэдрэмжээ хөгжүүлж чаддаг хүмүүст гэмээр.

-Ер нь зарим төрлийн хар тамхийг хуулиар зөвшөөрөх хэрэгтэй, ингэсэн улс орнуудад уг төрлийн гэмт хэргийг гаралт багасдаг гэсэн хандлагатай хүмүүс олширлоо шүү дээ?

-Хууль бол хууль шүү дээ. Монгол улсад хар тамхины төрлийн бодист холбогдох тусгай заалт, жагсаалтууд үйлчилж буй. Гэхдээ миний хувьд өвсийг бол хар тамхи гэж боддоггүй. Зөвшөөрдөг оронд нь хүмүүс хэрэглээд л явж байгаа. Мэдээж залуусыг хэрэглэ гэж байгаа хэрэг биш.

Харин залуусын дунд архидалт л ярих ёстой асуудал болсон гэж бодож байна. Архи л залуусыг унагаж, хөгжих боломжийг нь дарж байх шиг. Тиймээс би архийг хүлээн зөвшөөрдөггүй, өөрөө архи дарс уудаг ч үгүй.

-БИ ӨӨРИЙГӨӨ ЭНГИЙН ХҮН ГЭЖ БОДДОГГҮЙ, БАС Л НЭГ ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ ЯВНА-

-Хар тамхитай холбогдсон мэдээлэл цацагдахаас өмнө өөрөө Фэйсбүүк орчинд лайв хийж, түүгээрээ нэр бүхий монгол репперүүдийг доош нь хийж, Би та нараас илүү гэсэн утгатай зүйл ярьж байлаа. Бас л олны анхаарлын төвд орсон шүү.

-Лайваар Lil Pumaa гэдэг залуугийн тухай ярьж байсан.

-Тийм.

-Тэр бол зүгээр л маркетинг. Lil Pumaa юмаа хийгээд л явж байгаа. Тодорхой хэмжээнд хандалтыг тэгж авдаг. Ер нь сошиал ертөнцийг маркетинг л гэж хардаг шүү дээ /инээв. Сурв/. Хүссэн хүн бүр олон хүний өмнө лайв хийж, “тийм” байж чадахгүй болов уу.

Ер нь сошиал ертөнцөөр дамжуулж маркетинг хийдэг байдал дэлгэрчихлээ. Пүүз хүртэл идэж харагдана лээ.

-Харин одоо нэг их лайв хийхээ больсон шиг?

-Цомгийн нээлт энэ тэртэй холбоотой лайвуудыг л хийж байна. Гэхдээ хэзээ ч галзуурч болно. Хувцсаа тайлаад шалдан лайв хийсэн ч чадна. Тэглээ гээд дахиад л бөөн юм болно. Саяхан манай найзууд “Муужгай” гэдэг гоё трэнд гаргаж ирлээ. Хүний тэжээдэг амьтан хүртэл урлагтай сүлэлдэж, цаашлаад тодорхой хэмжээний маркетингийн боломж боллоо шүү дээ.

Муужгай-ны Loce-тэй ярилцаж байв. Зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдрах нь хамгийн зөв сонголт, аз жаргал гэж байлаа. Өөрийн чинь хувьд? Аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж ойролцоо. Гэхдээ мэдээж хүн гэдэг амьтанд хүсдэг зүйл асар олон. Дэлгэрэнгүй яривал удна.

-Зах зухаас нь?

-Гоё пэнтхауст амьдармаар, Феррари унамаар байна шд. Энэ бол зүгээр л наад захын асуудал. Санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна, олон гадаад хэл сурмаар байна. Эх орныхоо нэрийг өөрийн уран бүтээлээр дэлхийн тавцанд гаргамаар байна. Өнөөдрийн хувьд ч сэтгэл хангалуун байж чадаж байна. Фэнүүдтэйгээ уулзаж, гарын үсгээ өгөөд, шинэ сэргэг мэдрэмж аваад л. Нөгөө талаас ийм зүйл бүтээчихсэн гэдгээ харахад баяртай л байна.

-Хийж бүтээх урам зориг авдаг зүйлсээсээ нэрлэвэл?

-Мэдээж миний хайртай хүмүүс бий. Гэр бүл, найз охин. Найз нөхөд. Хэдий соло уран бүтээл хийдэг ч ганцаараа өдийг хүртэл явж ирээгүй. Нөгөө талаас намайг сонсдог, дэмждэг хүмүүсээс асар их урам авдаг. Уран бүтээлч хүний хувьд хийсэн зүйл нь олны хүртээл болж, таашаалд нь нийцнэ гэдэг хамгийн дээд сэтгэл ханамж.

Би өөрийгөө энгийн хүн гэж боддоггүй, түүхийг бүтээж байгаа. 2Pac нас барсан ч уран бүтээл нь амьдарсаар, хүмүүс сонссоор байна шүү дээ. Би тийм амьдралыг хүсэж байна. Мөнх амьдралыг, мөнхийн нэр төрийг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ


Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Tiim bnoo…..ghtee hen ch chamaig oilgohgui bh l daa..daraa ni buuj uguud busdiin adil amidrana daa ….buh yum zaluu nasnii muruudul tudii…buh hun l 20uod nasand uuriiguu uur yum shig mederdeg

  2. Ene odoo nuuree tsenher ongiin saa naachihsan hun,har tamhi bna uu arhidalt ni odoo 1 ym uuusgej baigaa,ter ni uls tor ym hezee uls tor 1 mor tsewershene ter tsagt ene buhen ayndaa bagasna sh dee,teriigee medej bna uu

  3. Дүү хүү ийм бодолтой хол явахгүй гэдгийг хэлчье.Эх эцгээс заяасан биеэ эрээн алаг болгочихоод олон юм ярих хэрэггүй тун удахгүй энэ биеэ эрээчсэний төлбөр ирнэ байгалиараа бай.

  4. Иймэрхүү хар тамхитай орооцолдсон урлаг гэж ярьсан хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт гаргахгүй, уран бүтээлийг нь огт цацахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө хордуулж болно, бусдыг залуу үеийг жинхэнэ хорлоно доо

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close