
Өнөөдөр дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ од мэндэллээ хэмээн шагширч байна. С.Рахманиновын төгөлдөр хуурын 3-р концертыг тоглосон нь дахин давтагдашгүй хэмээгдэж, бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолт гэх хэтийдсэн байх нь ч магадгүй тодотголыг хүлээлээ. Тэр бол өдгөө 19 настай Өмнөд Солонгосын төгөлдөр хуурч Юн Чан Лим.
Ноднин буюу 2022 оны Ван Клиберний нэрэмжит төгөлдөр хуурын тэмцээнд тэр алтан медаль хүртсэн даруйдаа цахиур хагалжээ. Тэр тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу алтан медальтан болж нэгэнтээ тэмдэглэгдсэн нь энэ бөгөөд мөнөөх төгөлдөр хуурын 3-р концертыг “амилуулсан” нь интернэт орчинд 12 сая үзэлт авахын эхлэл болсон юм.
Юн Чан Лим өдгөө “Сонгодог хөгжмийн К-Попт өгч буй хариу” гэгддэг Их Британийн алдарт “Decca Records”-той онцгой гэрээ байгуулаад байна. Түүнтэй хамтран ажиллахын тулд урт хугацааны турш бусад агентлагууд “үнэ хаялцсан”-ы дараа “Decca Records” сонгогдож.
Токио, Парис, Амстердам, Ром, Лондон, Нью-Йорк болон Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон агентлагууд санал тавьсан ч тэрбээр 94 жилийн түүхтэй “Decca Records”-ийг сонгосон нь энэ аж.

Сонгодог хөгжмийн хамгийн залуу, өнөө цагийн хамгийн халуун сенсац Юн Чан Лим гэж хэн бэ?
Тэрбээр 2004 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Кёнги аймгийн Шихын хотод төржээ. Долоон настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхлэн, нэг жилийн дараа Сөүлийн урлагийн төвийн хөгжмийн академид элсэн орсон байна.
Юн Чаныг жаахан байхад ээж нь Шопен, Листийн хөгжмийг их сонсдог байсан учир төгөлдөр хуурт дуртай болсон хэмээж. Тэрбээр 13 настайдаа Солонгосын Үндэсний Урлагийн их сургуульд элсэн суралцжээ.
Түүний багш Сон Минсу “Тэр эхэндээ бага зэрэг хянамгай тоглодог байсан ч төд удалгүй би түүнийг асар их авьястай гэдгийг анзаарсан. Тэр их даруухан, тоглохдоо хэт сэтгэл хөдлөл гаргадаггүй” гэж “New York Times” сонинд хэлсэн байна.
2018 онд 14 настай Юн Чан хамгийн анхны удаа олон улсын тайзнаа гарч, Кливлендийн залуу уран бүтээлчдийн олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд орсноор хоёрдугаар байр эзэлсэн юм.

Тэр жилдээ мөн Куперын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцсон хамгийн залуу өрсөлдөгч болж, 3-р байр, үзэгчдийн шагналыг хүртжээ. 2019 онд Юн Чан Солонгосын Юн Исаны олон улсын тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу оролцогч болж хоёр тусгай шагнал мөн авсан байна.
Түүнийг 2022 онд Ван Клиберний тэмцээний хамгийн залуу ялагч болсны дараа, удирдаач Марин Алсоп “Classic FM” сайтад “Энэхүү сэтгэл хөдөлгөм, яруу сайхан тоглолтын нэг хэсэг байх нь ямар их аз жаргал байв аа” хэмээсэн байна.
Мөн тэрбээр “Юн Чан бол гүн гүнзгий хөгжмийг өөрийн төрмөл авьяастайгаа хослуулан нэгтгэдэг ховор уран бүтээлч. Тэр дөнгөж 18 настай гэдэг нь үнэхээр гайхширмаар. Түүнийг гайхалтай ирээдүй хүлээж байгаа” хэмээсэн юм.
Марин Алсоп бол нэрт маэстро Леонард Бэрнштайны гарын шавь. Дэлхийн сонгодог хөгжмийн ертөнц дэх цөөн эмэгтэй удирдаачдын нэг. 18 настай, ази хүүгийн дэргэд дэр толгой дээгүүр алхах учиртай. Гэвч тоглолт эхлэхийн өмнө Юн Чан Лимийг ёсолсны дараа даруухнаар байраа эзэлж, дуусахад ч түүнтэй зэрэгцэн мэхийхээс татгалзсан юм.
Ван Клиберний нэрэмжит тэмцээнд тэд С.Рахманиновын төгөлдөр хуурын 3-р концертыг тоглож дууссаны дараа Марин Алсоп нулимсаа арчиж байлаа.
Жилийн дараа тэд дахин хамтарч, 3-р концертыг үзэгчдэд толилуулсан. Тэдний харилцан хүндэтгэл, гүн ойлголцол тод ажиглагдана. Ер төгөлдөр хуурын концертыг удирдаач, төгөлдөр хуурч хоёр хамтран амилуулдаг. Хосгүй нэвтрэлцэл шаардлагатай. Эмэгтэй удирдаач, 18 настай ази хүүгийн ийм хамтрал өөрөө мөн анхаарал татсан байдаг.
Ван Клиберний тэмцээнд тоглосон мэдрэмжийнхээ талаар Юн Чан ярихдаа “Тайзан дээр хөл тавьж, үзэгчид алга ташиж, төгөлдөр хуурынхаа урд суух мөч миний хувьд “Их тэсрэлт” шиг санагдсан. Их сандарсан. Гэхдээ алс огторгуйгаас дэлхийн гэрэл зургийг дарсан “Бүдэг цэнхэр цэг” бүтээл надад урам зориг өгдөг. Энэ бүх зүйл сансар огторгйн жижигхэн тоосонцор дээр л болж байгаа гэж боддог” гэж ярьжээ.

Ван Клиберний тэмцээнд ялалт байгуулаад Өмнөд Солонгост хүрэлцэн ирсний дараа тэр “Ялалт байгуулахын өмнө болон дараа миний төгөлдөр хуурын ур чадварт ялгаа гараагүй гэдгийг л хэлмээр байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байдаг.
Тэрбээр энэ жилийн нэгдүгээр сард Лондон дахь Вирмурын танхимд Доуланд, Бах, Бетховений зохиолуудыг тоглосон байна. Тоглолтыг үзсэн “Independent” хэвлэлийн сэтгүүлч Жессика Дючен “Нэг их инээмсэглэдэггүй, ер бусын, энэ ертөнцийн биш гэмээр залуу. Тэр төгөлдөр хууртайгаа нэг бие мэт тоглохоос гадна хөгжмийн зэмсэгтэйгээ дурлалт хосууд мэт байв. Үнэхээр сайн тоглодог, яг л зүүдэлж байгаа мэт мэдрэмж төрсөн” гэжээ.
2023 оны долоодугаар сард Юн Чан “Steinway & Sons” агентлагаар дамжуулж Листийн зохиолуудыг тоглосон цомгоо гаргасан. Энэ цомог нь шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан юм. Тухайлбал “Gramophone” сэтгүүл Юн Чаныг уран чадварлагаар Листийн этюдүүдэд уусан орж тогложээ гэж бичсэн байна.
Мөн Бетховений “Emperor concerto”-г Гванжугийн симфони найрал хөгжмийн хамтлагтай хамт тоглосон цомгоо “Universal Music Korea”-тай хамтран гаргажээ. Тус цомог Өмнөд Солонгост цацагдаад хэдэн цагийн дотор нэг сая хувь борлуулагдсан юм.

Юн Чан энэ намраас эхлэн Бостон хот дахь Шинэ Английн хөгжмийн консерваторт суралцаж эхэлжээ. Тэр хөгжмийн урлаг дахь замналынхаа талаар “Уран бүтээлчийн хувьд өөрийгөө тодорхойлоход бага зэрэг хүндрэл тулгардаг. Би бол Их тэсрэлтийн өмнөх орчлон ертөнц. Дөнгөж сурах шатандаа л явж байгаа. Би хязгааргүй боломжтой хөгжимчин болохыг хүсэж байна. Яг л орчлон ертөнц шиг” гэж хэлсэн байна.
Тэрбээр “Decca Recordings”-тэй хамтарсан анхны уран бүтээлээ 2024 оны хавар гаргах юм.
Эх сурвалж: BBC, New York Times, Classical FM
Б.БУЯНДОРЖ, М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.