Сурвалжилга, Нийтлэл

Ахмадын "өдөр өнжүүлэх" төв: "Ийм сайхан газар байдгийг мэдэлгүй олон жил явснаа гайхдаг"

Нар ээж, навчис шаргалтсан намрын налгар нэгэн өглөө бид Налайх дүүрэгт байрлах “Эрхэмсэг” өдөр өнжүүлэх төвийг зорилоо. Эднийх эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг ч дэргэдээ ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулдаг аж. Тэд ахмадуудад зөвхөн сэргээн засах эмчилгээ хийгээд зогсохгүй, тоглоом тоглуулж, дасгал хийлгүүлж, хууль танилцуулдаг байна. Мөн ахмадууд ээлжлэн бусдадаа ажил, мэргэжил, туршлагынхаа хүрээнд илтгэл хүргэдэг аж.

Биднийг очиход жижигхэн хоёр тасалгаанд 10 орчим өндөр настан, нэг хөгжлийн бэрхшээлтэй охин гэртээ буй мэт тааваараа байв. Тэд өглөө, өдөр хоёр ээлжээр сэргээн засах эмчилгээнд ордог аж. Бумба тавиулж, бариа хийлгэн, эмчилгээний аппаратан дээр хөл гар, хүзүү толгойгоо ээлжлэн массажлана. Тэдэнд нэг эмч, нэг сувилагч, нэг бариач, нэг тогоочийн хамт үйлчилж байв.

“Бадрал буянт” ХХК-ийн “Эрхэмсэг” эмнэлгийн эмч Г.Сувдаа эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй бөгөөд 2006 онд эмэгтэйчүүдийн эмнэлгээ байгуулж байжээ. Тэрбээр анх сонгуулийн сурталчилгааны ажлаар гэр хорооллоор явж байх үедээ ганц бие, харж хандах хүнгүй өндөр настнуудад болоод боломжгүй амьдралтай хүмүүст халамж, асаргаа ихэд дутагдаж буйг харсан байна. Эмээ дээрээ өссөн түүнд энэ асуудал их эмзэг туссан тул тэдгээр хүмүүст чадлынхаа хэрээр туслахаар тэрбээр 2012 оноос эхлэн эмнэлгийнхээ дэргэд үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлэх болжээ. Харин 2017 онд ХХЕГ-ын дэргэд сэргээн засах үйлчилгээ явуулдгийг олж мэдээд тендерт оролцож шалгаран сэргээн засах өдрийн үйлчилгээгээ явуулдаг болсон байна.

-ХХЕГ-ын тендерээр ахмад настнуудад сэргээн засах өдрийн үйлчилгээ үзүүлдэг гэж байна. Тэгэхээр яг ямар нөхцөлөөр ямар үйлчилгээ явуулдаг вэ?

-ХХЕГ жил болгоны 02-р сард тендерээ зарлаж, тендер худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Шалгараад 05 сард гэрээгээ хийж, 06-11 сарыг хүртэлх хугацаанд сэргээн засах өдрийн үйлчилгээгээ явуулдаг. Физик эмчилгээний төрөл бүрийн аппарат, массажны аппаратаар тухайн хүндээ тохирсон эмчилгээг нь хийж, мөн бариа засал хийдэг. Ихэнх эмчилгээнд зүүний цэгийн дагуу төөнүүр болон бумба тавьдаг. Хүчилтөрөгчийн коктейлийг эмчилгээний нэг төрөлд оруулж өгдөг. Сэргээн засах эмчилгээгээ 09:00-13:00, 13:00-17:00 цаг гэсэн хоёр ээлжээр, ажлын 10 хоног явуулдаг. Нэг ээлжид 20 ахмад настан хамрагддаг. Энэ жилийн хувьд одоогоор 128 ахмад настан хамрагдаад байна. Өндөр настнуудынхаа тархины цусан хангамжийг сайжруулах, эд эс, хүчилтөрөгчийн хангамжийг нь нэмэгдүүлэх, альцгеймерийн өвчнөөс сэргийлэх зорилгоор янз бүрийн тоглоом тоглуулж, дасгал хийлгэдэг. Ярианы дасгал болгож төрөл бүрийн салбарт ажиллаж байсан өндөр настнуудаараа бусдадаа туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл хүргэх таван минутын сонсгол хийлгэдэг. Мөн энэ үйлчилгээгээр дамжуулж ахмад настны тухай хуулийн талаар болоод тэдэнд хэрэгтэй бусад мэдээллийг хүргэдэг. Ахмадуудынхаа оролцоог аль болох хангасан үйл ажиллагаа явуулахыг хичээдэг.

-Тендерийн төсөв хүрдэггүй тул эмэгтэйчүүдийн эмнэлгийнхээ болон бусад орлогоосоо тодорхой хувийг энэ үйлчилгээндээ зарцуулдаг гэлээ. Энэ талаар тодруулбал, ер нь нэмэлт шаардлагатай төсвөө яаж бүрдүүлж байна вэ?

-ХХЕГ-ын тендерийн төсөв 120-130 ахмадын үйлчилгээнд л хүрэлцдэг. Гэтэл Налайх дүүрэг 4000 гаруй ахмад настантай. Тэгэхээр тооны хувьд хангалтгүй, хязгаарлагдмал байдаг. Тиймээс энэ үйлчилгээнд дахин хамрагдах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хөнгөлөлттэй үнээр өдрийн 60 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг. Мөн биеийн эсэргүүцэл, дархлаа дэмжих эмийн эмчилгээг төлбөртэйгөөр нас, хүйс харгалзахгүй хийдэг. 

-Ахмадуудтай ажиллаж, харьцахын онцлог нь юу байна вэ?

-Ахмадуудын энерги маш гоё. Бид нар өвөө, эмээ дээрээ очихоор л бор авдраа уудлаад чихэр гаргаж өгдөг шиг л манай ахмадууд цүнхэндээ чихэр, ааруул, өрөм хийчихсэн, эсвэл сүүгээ бариад л бидэн дээр хүүхдүүд дээрээ ирж байгаа юм шиг л ирдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тэдэнд дэм хэрэгтэй байдаг. Тиймээс ахмадуудтайгаа хамтад нь авч үйлчилж, сайхан энергиэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ урамшуулдаг. Төрсөн өдрүүдээр нь өөрсдийнхөө чадлын хэмжээнд болон хүүхдүүдтэй нь хамтарч гэнэтийн бэлэг барьж баярлуулдаг. Ахмадууд маань сэргээн засах эмчилгээний үеэр маш их ядардаг тул манайхаас нэмэлтээр боломжоороо халуун хоолоор үйлчилдэг. Энэ үйлчилгээг явуулж байгаадаа манай хамт олон өөрсдөө ч бас сэтгэл хангалуун байдаг.

Түүнийг ингэж ярихад нүдэнд нь нулимс цийлгэнэж, хоолой нь зангирч байв. “Эмээ дээрээ өссөн болоод ч тэр юм уу, өөрөө одоо 50 гарчихсан байж л өвөө, эмээ нарыг харахаар л уйлчих гээд байдаг юм” хэмээн бидэнтэй ярилцан зогсох зуурт гаднаас орж ирсэн нэг эмээ эмчийн яриаг сонсоод бас л нулимс урсган баярлаж талархаж явдгаа хэлэв.

Энд буй ахмад настнууд болоод эмч мэргэжилтнүүд хоорондоо ажлын шаардлагаар холбогдсон харь хөндий хүмүүс бус харин амьдралаа түшилцэхээр заяасан халуун дулаан нэгэн цул гэр бүл шиг л байх аж.

-Налайх дүүргийн 2-р хорооны ахмад настан Д.Эрдэнэцэцэг: Гурав дахь жилдээ үйлчлүүлж байна-

Энэ төвөөр гурав дахь жилдээ үйлчлүүлж байна. Анх хүү маань харвалт өгөөд халамжаас дуудаж энд ирэхийг зөвлөж, хүүгийнхээ халамжлагчаар ирж байсан юм. Тэр үед намайг бас хамтад нь эмчилж, сувилж өгөөд сэтгэгдэл их сайхан өндөр явж байсан. Дараа жил нь хүү минь ч эрүүл саруул, сайхан болсон. Би өөрөө сахарын суурь өвчинтэй. Өглөөгүүр сахар маань долоон хувьтай байдаг байсан бол энд ирж 10 хоног аппаратад орсноос хойш таван хувь болж буураад гурван сарын турш сахар маань тогтмол байсан. Эмч маань сахраа ихэсвэл ирээд энэ аппаратдаа сууж байгаарай гэсэн учраас саяхнаас сахар ихсэхээр нь дахиад ирж үйлчлүүлж байгаа юм. Одоо буцаад л хэвийн болж байна. Ийм сайхан үйлчилгээтэй газрыг, энэ сайхан ажилтнуудыг төрөөс дэмжиж өгөөсэй л гэж хүсэж байна.

-Налайх дүүргийн 7-р хорооны ахмад настан Б.Чимэдмаа: Энэ үйлчилгээг жилд хоёр удаа авдаг бол...-

Би 78 настай. Нурууны суулттай, хөл маш их өвддөг. Анх ахмадын сувилал байдаг гэж дуулаад сурагласаар байгаад халамжаар орж бичиг аваад, өрхийн эмнэлгээр орж хорооны даргаараа цохуулаад тэгээд Мягмар гарагт энд ирсэн. Өнөөдөр дөрөв хонож байна. Хөдөлгөөн өөр болоод өвчин намдаад үр дүн сайн гарч байгаа. Хоёр суга таягтай байсан бол одоо нэг таягтай явдаг болсон. Энэ үйлчилгээг жилд хоёр удаа авдаг болбол их зүгээр юм аа гэж бодогдож байна.

Налайх дүүргийн 3-р хорооны ахмад настан Б.Отгондаваа: Хоёр сар гаруй нойргүй байсан, энд ирээд сайхан унтдаг болсон

Би хоёр сар гаран нойргүй, хоёр цагаас илүү унтаж ер чадахгүй байсан. Тэгээд танилаасаа нөхөр нь энд яваад янзын сайхан унтдаг болсон гэж дуулаад ирсэн. Халамж дээр очиж бичиг аваад хороон дээр очиж, даргаар, хорооны эмчээр цохуулаад тэгээд ирсэн. Ирээд гурав хоног эмчилгээ хийлгэж байна. Анх өвдөхгүй юмгүй л ирж байсан бол энд ирээд долоон эмчилгээ хийлгээд янзын сайхан болж байна. Шөнө сайхан унтдаг болсон. Яагаад ийм сайхан газар байдгийг огт мэдэлгүй олон жил явснаа их гайхаж байна. Хорооны зохион байгуулагч нар ахмадууддаа сайн таниулах хэрэгтэй юм байна.

-Сувилагч Я.Сосорбарам: Ахмадуудаа харахаар өөрийн ээж, аав шиг сайхан байдаг-

2017 оноос хойш энэ эмнэлэгт ажиллаж байна. Ахмадууд маань яг жоохон хүүхэд шиг л цайлган. Байнга л урам хайрлаж, өөрийнхөө охин шиг л ханддаг. Хамт олон маань ч их сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс байдаг тул өөр газар оръё, ажлаа сольё гэсэн бодол төрдөггүй. Ахмадуудаа харахаар хүүхдээ, өөрийнхөө ээж аавыг харж байгаа юм шиг л сайхан байдаг.

-Бариач Н.Баярмаа: Өндөр настнуудаа эрүүл болоод гарахад өөрөө эдгэж байгаа юм шиг баярладаг-

Эрхэмсэг эмнэлэгт бариачаар хоёр жил ажиллаж байна. Хуян ихтэй хүмүүст зориулж хуянгийн бариа хийж, бумба тавьж, зөгийн балын татлага хийдэг. Нурууны суулттай хүний булчинг суллаж, биед нь бүхэлд нь бүлээн жин тавьж, мэдрэлийн судлын бумба тавьдаг. Ахмадууддаа цэгэн бариа, иллэгэн бариа, арвай, шөл, сүүн бариа хийж ядаргааг нь тайлж өгдөг. Хүн хүний онцлогт тохируулж өөр өөр бариа хийдэг. Өндөр настнуудаа эрүүл болоод гарахад нь өөрөө эдгэж байгаа юм шиг л баярладаг.

2017 оноос эхлэн жил болгон зарлагдах тендерт шалгарсаар “Эрхэмсэг” эмнэлгийн хамт олон өнөөдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 600 орчим ахмад настанд эл үйлчилгээгээ үзүүлжээ. Тендерийн төсөв нь эмч, ажилтныхаа цалин болоод нийгмийн даатгалын шимтгэлд л хүрэлцэж дөнгөдөг аж.

Ахмадууд энэ үйлчилгээг жилийн дөрвөн улиралд явуулж, улиралд нэг удаа хамрагдахыг хүсэж байна. Эмнэлгийн зүгээс ч 160 м2 хоёр өрөө тасалгаа нь стандартын шаардлага хангадаггүй тул үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэлтэй байдгаа хэлж байлаа. Гэсэн ч тэд сэтгэл, зүтгэл байхад болно доо гэсээр өндөр настнуудаа аав, ээж шигээ л ачилж, ахмадууд нь ч зөрүүлээд тэднийгээ ач, зээ шигээ санасаар л энэ үйл ажиллагаа өдий зэрэгтэй явдаг гэлтэй.

Ц.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-23 09:33

Ивий минь идэр насанд нь хайраар нь өсчихөөд өтөл насанд нь ингэж хаядаг хогнууд шүү нээрээ

Халтар
Халтар
2023-10-23 09:46

Өрөвдөж хайрлаж энэрэх үр хүүхдүүд нь хаана байна ааа

ЗОЧИН
ЗОЧИН
2023-10-23 13:30

Аймаг болгонд ахмадын ийм төвтэй болмоор юм. Сайханбуянтай ажил хийдэг хүмүүс байна .

Зочин
Зочин
2023-10-24 16:22
Reply to  ЗОЧИН

Ардын уламжл�##�т эмчилгээтэй хувийн эмнэлэг зөндөө бий.

Зочин
Зочин
2023-10-23 14:07

хаана бдаг вэ хаяг нь

Зочин
Зочин
2023-10-24 07:44

Buyan n delgerch yavag ee

Зочин
Зочин
2023-10-24 09:47

Том амжилт!

Зочин
Зочин
2023-10-24 16:21

Сайхан газар байна. Хүүхдүүд нь эмч биш. Хүүхдүүд нь хаяагүй. энэ хүмүүс зүгээр өдрийн эмчилгээнд хамрагдаж байгааг ойлго !

Зочин
Зочин
2023-11-17 10:44

Амжилт хүсье

Пагмаханд
Пагмаханд
2024-01-14 20:19

Өөр дүүргийн өндөр настан хамрагдаж болох уу

Холбоотой мэдээ

Back to top button