Top StoriesЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Ж.Амарсанаа: Ганга ууж элгээ хордуулсан хүмүүс олноор ирж байна

“Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаатай иргэд удаан хугацаагаар дур мэдэж хэрэглэдэг эмийн ургамал, бэлдмэл, витамины хэрэглээний сөрөг үр дагавар хор уршгийн талаар ярилцлаа.  

-Та нүүр номондоо "Ганга өвсийг хандалж усанд ордог болохоос уудаг зүйл биш" гэж бичсэн. Ганга өвсийг ууснаар ямар асуудал үүсч байна вэ?

-Над дээр янз бүрийн өвчтэй хүмүүс хордлогонд орчихсон ирдэг. Тэгээд тодруулаад асуухаар нэлээд олон хүн ганга өвс ууж байгаад хордлогод орчихсон байсан учраас болохгүй юм байна гэдгийг мэдэгдэе гэж бодсон. Тэгэхгүй бол бүр хавтгайрлаа. Манайхан чинь сайн гэчхээр бүгдээрээ тэрийг нь хэрэглээд байдаг хүмүүс. Гэтэл цаагуураа хүн болгоны бие физиологи өөр шүү дээ. Хүн генетикийн хувьд давтагдшгүй.

-Ганга өвс элгэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Хэтрүүлж хэрэглэвэл элэг хатуурдаг гэсэн мэдээлэл уншиж байсан?

-Ганга өвс их уусан хүмүүсийн тухайд элэгний алат, асат өндөр гарч байна. Энэ нь элэгний эсүүд хордлогод ороод задарч, дотор нь байгаа фермент нь гадагшаагаа асгараад эсийн задрал явагдаж байна гэсэн үг. Үндсэндээ энэ ургамал зохихгүй байна л гэсэн үг.

-“Домч бор” архины тухай та бас сануулж бичсэн. Энэ тухайд...?

-Би нэг өвчтнийхөө үрэвслийг дарах гээд эмчлээд явж байтал улам нэмэгдээд болдоггүй. Тэгээд та юу хэрэглээд байна гэсэн чинь “Домч бор” архийг орой болгон уудаг юм байна. Гэтэл тэрийг нь зогсоосон чинь үрэвсэл нь буугаад хэвийн болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр “Домч бор”-ын шалтгаантай элэгний үрэвсэл байжээ гэдэг утгаар нь хэрэглэдэг хүмүүс байвал болгоомжтой хандаараа гэсэн мэдээлэл өгсөн. 100 хувь хорих нь юу юм. Нэгэнт бүтээгдэхүүн болгоод гаргасан байна. Архи гэдэг дотор нь ямар орц орсноос үл хамаарч элгийг үрэвсүүлдэг гэдгээрээ алдартай хүнс шүү дээ.

-Сүүн цагаан цэцэг буюу Milk tustle-ийн талаар хэтрүүлэн хэрэглэж байгаа тухай мэдээлэл өгөөч?

-Сүүн цагаан цэцэг буюу англиар milk tustle гэж нэрлэдэг. Дээр үед элэгний эмчилгээнд ашигладаг байсан ургамал. Сүүн цагаан цэцэг таарах хүн, таарахгүй хүн гэж байна. Учир нь заримынх нь элэгний үрэвсэл нь дарагдаад, зарим хүнийх нь улам дордоод байх юм. Тэгэхээр зэрэг хянахгүйгээр уух нь аюултай байна. Ер нь ямар ч эм, ургамал, бэлдмэл байж болно. Уугаад нэг их удалгүй үр дүнг нь үзэж байх хэрэгтэй. Бүтэн жил үр дүнг хянахгүй ууна гэдэг дэндүү эрсдэлтэй алхам. Магадгүй тэр хортой ургамал байвал хамаг биеэ хордуулж гэмтээснийхээ дараа зогсооно гэдэг хариуцлагагүй үйлдэл. Сүүн цагаан цэцэг элгэнд сайн гэдгээрээ алдартай. Гэхдээ миний ажигласнаар гурван хүний нэг нь, эсвэл дөрвөн хүний хоёрын үрэвслийг улам ихэсгээд байна.

-Хүн болгон өөр гэдэг дээр хэрэглэх, эс хэрэглэхээ яаж шийдэх ёстой юм бол?

-Ерөөсөө амархан. Сүүн цагаан цэцгээ уугаад хагас сар эсвэл нэг сарын дараа алат, асат нэмэгдэж үү, буурч уу гэдгээ үзэх ёстой. Хэрэв нэмэгдээд байвал таарахгүй нь байна.

-Energy dring дотроо В3 витамин агуулдаг тул элэг хорддог-

-Гурван жил өнжсөн адууны хомоол уухаар нэн тустай гэж амнаас ам дамжин яригддаг. Энэ сонголт дээр та ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?

-Адууны хомоол уудаг хүмүүс их байна. Ямар зорилгоор уугаад байгааг нь сайн мэдэхгүй юм. Бүр олон сараар ууж, хордоод орж ирж байна. Адууны хомоол уугаад ямар нэгэн байдлаар эрүүлждэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй л дээ. Судалгаа, нотолгоо байхгүй учраас үгүйсгэхэд учир дутагдалтай. Чухам ямар өвчинд ямар заалтаар уух юм бол. Ямар ч л байсан элэгний өвчинд сайн үр дагавар авч ирсэн юм бол алга.

Бас өөрийнхөө өлөн шээсийг уусаар байгаад хордлогод ордог. Ер нь ам дамжаад янз бүрийн ургамлуудыг дураараа уудаг хүмүүс маш их байна. Эгүүшин, гишүүний үндэс, чага мөөг, хусны хагийг олон сар, жилээр уугаад хордлогод орчихсон ирдэг. Үүнээс гадна хордлого бол ганцхан энэ ургамлуудаас шалтгаалахгүй, элдэв янзын антибиотекуудын хордлогууд орж ирж байна. Манай эмч нар хэтэрхий олон эм эмчилгээг нэг хүнд бичиж өгөхөөс татгалзах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл оновчтой цөөн эмээр эмчлэх хэрэгтэй. Өвчтөнүүд өмнө үзүүлсэн эмчийнхээ эмчилгээг бариад ороод ирдэг. Тэгэхэд нэг өвчтөнд 16-20 төрлийн эм бичсэн тохиолдлууд ч байна.

-Хамгийн дээд тал нь нэг удаагийн эмчилгээнд хэдэн төрлийн эм уух вэ?

-Тухайн өвчтөндөө тааруулна. Зайлшгүй шаардлагатай биш бол 3-5 эмээс хэтрэхгүй байвал зүгээр. Нэг эмээр эмчилбэл хамгийн сайн. Дээрээс нь тухайн эмч эмчилгээнийхээ үр дүн хянаад явахад болно. Би энэ олон хордлогуудыг яаж мэдээд байна вэ гэхээр эмчилгээ хийх явцдаа авдаг шинжилгээний хариунаас л тодруулж, ажиглаж олж мэддэг.  

-Тухайн хүнд ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ?

-Биохимийн шинжилгээгээр хордлоготой эсэхийг ялгах боломжтой хариунууд бий. Тэрийг яривал анагаах ухааны лекц шиг юм болно. Эмч нар хордлогын гаралтай үрэвсэл байна гэдгийг шинжилгээгээр ялгах боломжтой.

Эм гурван эрхтэнг хамгийн их гэмтээдэг. Нэгдүгээрт ходоод үрэвсэнэ, шархална, дотор муухайрна, бөөлжинө. Дараа элэг гэмтэнэ. Яагаад гэвэл гэдэснээс шимэгдүүлж авсан цус элгэнд очиж хоргүйждэг. Тэгэхээр элэг хордох тохиолдол маш их. Нөгөөх нь бол бөөр. Бөөр цусан дахь бүх шингэнийг шүүдэг. Гэтэл зарим хортой эмт бодисууд бөөрийг гэмтээдэг. Ямар ч эрхтэн тодорхой хэмжээгээр хорддог ч хамгийн түгээмэл хорддог нь ходоод, элэг, бөөр. Тэгэхээр энэ гурвыг маш сайн ажиглаж байх ёстой. Жишээлбэл, сүрьеэгийн эмэнд элэг, бөөр гэмтдэг. Антибиотекийн эмчилгээнүүд элгийг, зарим тохиолдолд бөөрөнд муугаар нөлөөлнө. За бас витаминууд байна. Хүмүүс витаминыг ямар ч хоргүй хамгийн сайн гэж ойлгоод уудаг. Гэвч зарим нь яг эм шиг хордлого өгнө.

Жишээ нь, В3 витамин бол элгэнд хордлого өгдөг гэдгээрээ анхаарал татах болсон. Энэ витамин ПП, никитоны хүчил, ниацин, В3 гээд дөрвөн нэртэй. Энэ дөрвөн нэрийг мэдэхгүй хүн В3 витаминаар элэг хордож байгаа эсэхээ мэдэхэд маш хэцүү. Energy dring В3 витаминыг агуулдаг. Сүүлийн үед энэ ундааг уугаад элэгний хордлогод орчихсон хүмүүс маш их ирж байна. Дээрээс нь сүлжээ гэж нэг хэцүү юм байна. Сүлжээний бэлдмэл маш олон төрөл бөгөөд хүний биед таагүй нөлөө үзүүлдэг бэлдмэлүүд зөндөө. Гэвч хүмүүс мөнгөний төлөө ямар ч эмчийн заалтгүйгээр хүмүүст шахдаг. Эргээд тэр хүнд яаж нөлөөлж байгааг шинжилгээгээр хянадаггүй. Таны эрүүл мэнд сайжирсан уу, муудсан уу гэдгийг хянахгүйгээр замбараагүй хэдэн сар жилээр уулгана. Энэ нь бол мөнгөний төлөө хүний эрүүл мэндийг дэндүү их хохироож байгаа ноцтой асуудал.

-В, D вирус устана гэж бараг л байхгүй, харин С вирүс бол тавилан сайтай өвчин-

-Элэгний вирустэй хүмүүс унаганы зуулт устгадаг гээд ихээр уудаг юм байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Устахад хэцүү вирүс бол В. Маш ховор тохиолдолд хүний дархлааны нөлөөн дор багассаар арилдаг нь 1000, 100 тохиолдолд ганц, хоёроос хэтрэхгүй. Харин 99 хувь нь огт арилж алга болдоггүй, бүрэн устгана гэдэг үнэхээр амаргүй. Бусдаар бол насан туршдаа В вирүстэй байна гэсэн үг.

В вирүсийг бүрэн устгадаг эмчилгээ дэлхий даяараа тун ховор. Интерперион гээд тариа 20-30 хувийн үр дүнтэй. Харин дарангуйлдаг эмчилгээ маш хүчтэй хөгжчихсөн, эм уугаад тэг болгоно. Монголд л гэхэд В вирүсийг дарангуйлдаг 4-5 төрлийн эм бий. Үүнээс 3-6 сар уухад вирүс тоологдохгүй болно. Гэхдээ тоологдохгүй, дарангуйлагдаж байгаа болохоос биш бүрэн устсан гэсэн үг биш. Эмчилгээгээ зогсоосны дараа зарим тохиолдолд эргэж гарч ирнэ, заримдаа гарч ирэхгүй идэвхгүй байж байдаг. Бүрэн устана гэдэг бол дэндүү ховор.

-С, D вирүсийн хувьд?

-С вирүс бол бүрэн устдаг, тавилан сайтай өвчин. Эмчилгээнд орсон хүмүүсийн 98 хувь нь бүрэн эдгэнэ. Ерөөсөө 3-6 сарын курс эмчилгээгээр 100 хувь эдгэрдэг учраас С вирүсийг аюултай өвчний тооноос бол хасчихлаа. Харин дельта вирүс амаргүй хэвээрээ. Энэ эмчилгээ сайн шүү гээд хүлээж авчихаар олигтой юм бол алга л байна.

Унаганы зуулт, элдэв янзын рашаан энэ тэрээр В вирүс устана гэдэгт огт итгэхгүй. Хэрэв үнэхээр тийм зүйл байдаг бол аваад ир, шинжилгээг нь харья. Би нотолгоонд суурилсан анагаах ухаанд итгэдэг. Тухайн эмчилгээ үр дүн өгсөн эсэхийг эрдэмтэн судлаад бүгдийг нь гаргаад ирдэг. Дэлхий даяараа олон анагаах ухааны сургууль  судалгаа хийж байна. Гэтэл ямар ч судалгаагүйгээр ард түмний толгойг эргүүлсэн хохироосон ийм зовлонтой юмнуудыг бол болимоор байна.  

-14 хоног давс идэхгүй байвал бүх төрлийн вирүс устана гэдэг. Үүн дээр та шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө өгөөч?

-Давсыг хориод вирүсийг бүрэн устгасан гэх судалгаа байхгүй учраас оновчтой хариу өгөхөд хэцүү. Ер нь чин үнэнийг хэлэхэд судалгаагүй юманд итгээд хэрэггүй байдаг юм даа.

-В вирүстэй хүн D вирүстэй болдог гэсэн ойлголт бас нийтлэг байна?  

-Энэ бол тулгамдсан буруу ойлголт шүү. Над дээр В вирүс D болоод хувирчихсан гэсэн хүмүүс орж ирдэг. Хувирдаг юм гэж ерөөсөө байхгүй. Харин В вирүсийн суурьтай хүн D вирүсийн давхар халдвар авдаг. Учир нь дельта буюу D вирус B вирүсгүйгээр амьдарч чаддаггүй. D вирүсийн бүрхүүл B вирүсийн бүрхүүлийг ашиглаж амьдардаг. Тэгэхээр В вирүсгүй хүнд D вирүс байдаггүй. Дангаараа халдварладаггүй. Харин B вирүс бол дангаараа халдварлана.

D вирүс цусны замаар дамждаг. Хамгийн их түгээгч нь эрүүл мэндийн байгууллагууд шүдний эмнэлэг, хагалгаа, мэс ажилбар, шивээс, аборт. Гоо сайхны газар батга шахаж байхдаа вирүсийг дамжуулчих тохиолдол бий. Мөн бэлгийн замаар маш ховор тохиолдолд дамжина.

-Вирүстэй хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-В вирүс их үржвэл элэгний эсийн генийн түвшинд гэмтлүүд гарч эхэлдэг. Тийм учраас хэтэрхий их үржүүлж болохгүй, дарангуйлж байх хэрэгтэй. Тооноос чухал өөр нэг зүйл бол элгийг гэмтээж үү, үрэвсэл байна уу, алат асатыг ихсэж үү, хатуурч, хавдар үүсгэж байна уу гэдэг нь маш чухал.

Вирүс ямар ч гэм хоргүйгээр элгийг үрэвсүүлэхгүй байхад айхтар аюултай эрсдэл байхгүй. Зарим хүмүүсийн вирүсийн үржил сул, алат асат хэвийн, хатуурал, хавдар байхгүй хянаад ямар ч эмчилгээ хийхгүй явдаг. Энэ нь вирүс элгэн дотор их хүчтэй дархлааны урвал өдөөж элэгний эсийг гэмтээх шалтгаан болохгүй байна гэсэн үг. Тэр тохиолдолд айхтар эмчилгээ хийгээд байх шаардлагагүй байдаг ч тоо нь бага байх ёстой. Ер нь бол шинжилгээгээр бүх юм мэдэгдэнэ, мэдэгдэхгүй юм гэж байхгүй дээ. Мөн нэмж хэлэхэд архи согтууруулах ундааг хүмүүс гэмгүй гэж боддог. Өвчтөнөөсөө архи уусан уу гэхээр үгүй гэнэ. Айраг уусан уу гэхээр тиймээ гэдэг. Гэтэл айраг дунджаар 6-12 градустай, спирт агуулдаг бүтээгдэхүүн. Хүмүүс айргийг спиртийн агууламжгүй, элгэнд гэмгүй гээд уугаад байдаг. Гэвч яг л архи шиг элгийг гэмтээдэг юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-28 09:01

Америкийн анагаахын сургуульд ажилладаг генетикийн доктор хятад хүмүүс ургам�##� сайн гээд ургамлын гар�##�тай эм бүтээгдхүүн их хэрэглэдэг Дэлхийд хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг гэж ярилцлага өгсөн байна лээ Ургамлыг сайн гээд уугаад байх нь сайн юм биш Бүр адууны баас ууна гэдэг чинь арай хэтэрнэ Эм болоод судлаад үр дүнтэй нь батлагдсан бол бас яахав гэхсэн 21-р зуунд өөрийн эрүүл мэндээрээ тоглож байна гэдэг харамс�##�тай

Зочин
Зочин
2023-10-28 13:52

Сайхан, мэдүүштэй мэдээлэл ихтэй ярилцлага болжээ

Зочин
Зочин
2023-10-28 15:46

Bayarlalaa.

Сайн эмч
Сайн эмч
2023-10-28 17:17

Ийм эдгэрдэггүй эмчилгээ хязгаарлагдм�##� өвчтөнд эмч ургамлын эсвэл бусад шидэт үрэл уухыг хориглодог. Хүмүүс зөрж уух нь буруу. 2. Ганга миний мэдэхийн нойр булчирхайнд хоол шингээхээр уудаг. Гэхдээ хүмүүс хордоод ирж байна гэвэл хэт ихээр уусан байна. Ямар ч сайн юманд хэмжээ хязгаар бий. Ялангуяа ардын эмнэлгийн өвс ногоог шинжлэх ухаанаар судлаагүй мөн ардын эмнэлгээ мэддэг хүний доозоор уугаагүй сургаар уух нь эцэстээ элэг бөөрийг чинь хүндээр гэмтээдэг гэдгийг мэдэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-10-28 17:18

Амьтны юм хум хэрэглэх арай л хэтэрхий юм.

Зочин
Зочин
2023-10-28 19:03

ТОЛГОЙ НЬ ТЭМБҮҮТЧИХСЭН ГАРУУД ЮМ ДАА ХУСНЫ ХАГ МАШ ХОРТОЙ Ч ЭНЭ ЗУН НАМАР ХОРТОН ШАВЬЖНЫ ХОР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОЙ МОДТОЙ ГАЗРУУДААР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХОР ЦАЦСАН ТУЛ ХОРНЫ НӨЛӨӨ МАШ ИХ БАЙГАА ШҮҮ МАЛ МИНЬ

Zochin
Zochin
2023-10-29 00:33

Ааа. Тэгээд юу ч. хамаагүй идээл байдаа монголчууд минь өөрийн гэсэн бодол байхгүй

Зочин
Зочин
2023-10-29 10:16

Эмчдээ баярл�##�аа, маш хэрэгтэй мэлээлэл байна. Ургам�##�ыг хэрэгтэй гэвэл бага тунгаар богино давтамжтай уух нь юу юм гэхээс сөрөг нөлөөтэй т�##� нь аюултай юм билээ шүү. Гишүүнэ ургамад хавдрын эс дарангуйлдаг гэхээр 8 хоног уусан, авахаас энэ ургам�##� өтгөнийг сайн гадагшлуулдаг юм билээ. Гэтэл бөөрөнд сөрөг нөлөөлж, эмч ургам�##�ын гар�##�тай дуса�##�га эм бичсэнийг уусан бүр болохгүй болоод ерөөсөө ургам�##�ын гар�##�тай зүйл хэрэглэж болохгүйгээ ойлгосон. Метрогель дуслаар, цифазолин булчинд цагаар хийж дарсан. Тэхээр ургам�##� маш хүчтэй, сөрөг нөлөө ч ихтэйг та бүхэн анхаарч аваарай. Өөрт тохиолдсон 2 сарын үйл явдлыг бичлээ, энэ хугацаанд шээс, цусны шинжилгээ 3 удаа өгсөн

Zochin
Zochin
2023-10-29 19:25

Маааш их баярл�##�аа

Зочин
Зочин
2023-10-30 08:37

Сайхан тодорхой зөвлөлгөө мэдээлэл өгчээ, баярл�##�аа

Зочин
Зочин
2023-11-01 11:56

Өвчтөнөөсөө архи уусан уу гэхээр үгүй гэнэ. Айраг уусан уу гэхээр тиймээ гэдэг. Гэтэл айраг дунджаар 6-12 градустай, спирт агуулдаг бүтээгдэхүүн. Хүмүүс айргийг спиртийн агууламжгүй, элгэнд гэмгүй гээд уугаад байдаг. Гэвч яг л архи шиг элгийг гэмтээдэг юм. ЗА ЭНИЙГ ХАТУУ ОЙЛГОЖ АВЛАА. АЙРАГ БАГА УУХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА

Уншигч
Уншигч
2023-11-02 00:50

Чага мөөг бол яаж ч их уусан ямар ч хоргүй шүү. Өдөр болгон маш ихээр уудаг байлаа. Усны, цайны оронд уугаад л байдаг байсан. Шээх нь л их болохоос үнэхээр сайн шүү. Чага мөөг уугаад бол хэзээ ч хордохгүй.

Зочин
Зочин
2023-12-05 10:10

Элэг үрэвсэлтэй хүн өвлийн хуучин айраг багахан уугаад өвчинөө ужигруулж хүндрүүлсэн тухайгаа бичсэн байсан шүү.
Суд�##�гаа нотолгоогүй юм. Сүлжээний юмнууд худлаа шүү...

Зочин
Зочин
2024-02-11 13:17

Энэ бөө нар хүмүүст янз бүрийн юм уулгаж идүүлдэгээ болимоор юм даа арайл мунхаг бөөн б�##�иар шимэгчтэй адууны баас хорт эмийн ургам�##� гэх мэт

Холбоотой мэдээ

Back to top button