Нийгэм мэдээ

Л.Энх-Амгалан сайд 18-р сургуулийн хордсон хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээж чадах уу

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар холбогдох зургаан байгууллагад шинжээч томилон ажилласан ч өнөөг хүртэл шинжилгээний дүгнэлтийг нийтэд зарлаагүй л байгаа юм.

Гэтэл өнгөрөгч Баасан гарагт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан" хэмээн мэдэгдсэн. Тийнхүү олны өмнө сүр дуулиантай мэдэгдэл хийсэн сайд одоо яагаад сураг чимээгүй болчхов?

Эцэг эхчүүд: Байхгүй хариуг гаргаж ирж зарласан Л.Энх-Амгалан сайдаас л дүгнэлтийг нь сонсъё доо

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн багш болон эцэг эхийн төлөөллөөс тодруулахад тэдэнд ямар ч урьдчилсан мэдэгдэл өгөлгүй, шууд хүүхдүүдийн эрхэд халдсанд гайхаж буйгаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар ч тэд ямар ч тодорхой мэдээлэл сонсоогүй л байгаа тул цөхөрч байна гэх.

Аргаа барсан эцэг эхчүүд өмгөөлөгч авч хуулийн дагуу гомдол мэдүүлье гэтэл Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийт зургаан байгууллагын шинжилгээний хариу нэгдсэн байдлаар гараагүй ч хариу нь тогтоогдоод буй хоёр, гурван газрын дүгнэлтийг сургуулийн захиргаа, эцэг эхчүүдэд 10 сарын 30-ны  өдөр танилцуулъя” гэж амыг нь тагласан ч одоог хүртэл бас л сураг ажиггүй.

Иймд хаанаас, хэнээс мэдээлэл авах учраа олохоо байсан эцэг эхчүүд “Байхгүй хариуг гаргаж ирж зарласан Л.Энх-Амгалан сайдаас л дүгнэлтийг нь сонсъё доо. Электрон тамхинаас болж тэр олон хүүхэд бүгдээрээ хордож, гар хөл нь мэдээ алддаг хэрэг үү, өөрөөс нь л тайлбар авъя. Одоо юу хэлэхийг нь л чих тавин анхааралтай хүлээж байна. 11, 12-хон настай хүүхдүүдийг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэж хээв нэг хэлж буй сайдыг гайхаж, гомдолтой байна” гэлээ.

Л.Энх-Амгалан сайдын хэлсэн мэдэгдэлтэй холбоотойгоор БЕГ-аас тодруулахад “Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хэргийг шалгаж байгаа. Ажлын хэсэгт нь багтаагүй тул манайх ямар ч мэдээлэлгүй байна” гэв. НЗДТГ-аас Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг яагаад товлосон хугацаандаа буюу 10 сарын 30-ны  өдрийн Даваа гарагт шинжилгээний хариуны талаар мэдээлэл огт өгөөгүйг лавлахад “Тэр талаар ямар ч мэдээлэлгүй байна. Орлогч дарга ажлаа аваад удаагүй байгаа тул ажил нь амжаагүй байх” гэлээ. Харин ЦЕГ-аас тодруултал “Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж л байгаа тул нийтэд мэдээлж болох албан ёсны хариу, дүгнэлт гарсан мэдээлэл байхгүй байна” гэсэн юм.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Баасан гарагт хэлсэн мэдэгдэлдээ сурагчдыг нэг цагт нэг хичээл дээр л хордсон гэж мэдэгдсэн. Гэтэл хүүхдүүд бүтэн гурван цагийн турш тухайн үнэрийг тэвчиж байгаад тэсэхээ болиод агаарт гарж, эцэг эхийгээ дууджээ.

Тодруулбал, хүүхдүүд ангид ороход л муухай, сонин үнэр гарч байна гэж хэлсэн. Хоёрдугаар цаг дээр Нийгмийн хичээл орж байх үеэрээ багшдаа хэлэхэд багш нь огт тоогоогүй тул гуравдугаар цагаас Орос хэлний багшдаа хэлж байж ангиас гарч, салхилсан аж. Мөн 6в ангийн хичээл өдрийн ээлжид ордог. Гэтэл тухайн ангийн өглөөний ээлжийн 8-р ангийн сурагчид гуравдугаар цагаас эхлээд л эвгүй үнэр үнэртэж байсан гэдгийг ч хэлсэн.

Олон нийт хоёр өөр хичээлийн байранд хордсон тул хүүхдүүд л буруутай, эцэг эх нь хүүхдээ сайн хүмүүжүүлсэнгүй гэж шүүмжлээд буй. Гэтэл анхнаасаа сургуулийн хүртээмжгүй асуудлаас болж сурагчид 18-р сургуулийн байранд бус "Монгол бизнес" дээд сургуулийн байрыг түрээсэлж хичээллэх үеэрээ анх хордсон. Хүүхдүүд "Шал, паарны завсраас муухай үнэр үнэртээд байсан" гэж хэлсэн.

Тухайн сургуульд шалгалт явуулах үеэр агааржуулалтын хоолой нь бөглөөтэй байсан тухай ч эцэг эхчүүд ярьсан. Харин хүүхдүүд хоёр дахиа хорддог 10 сарын 12-ны өдөр хот нийтээрээ л эвгүй үнэр түгж, хүмүүсийн дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг элбэг тохиолдсон. Эл өдөр хүүхдүүд тэмцээний бэлтгэл хийж гадаа өдөржин гүйж харайснаас болж өмнөх хордлого нь сэдэрсэн ч байж болох. Хордсон хүүхдүүдэд одоог хүртэл толгой эргэх, дотор муухайрах, гар хөл бадайрах зэрэг хордлогын шинж тэмдэг байсаар л байна.

Юутай ч шинжилгээний хариу л тодорхой болохоос нааш хүүхдүүдэд таарч тохирсон эмчилгээ хийх боломжгүй. Гэтэл бүтэн 40 хоногийн хугацаа өнгөрөөд байхад хаанаас ч ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй өнөөдрийг хүрлээ.

Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан чухам ямар шалтгаанаар, юунд үндэслэж хүүхдүүдийг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэж мэдэгдэв. Бас тийнхүү дуулиантай мэдэгдэл хүргэчхээд яагаад одоог хүртэл ямар ч албан мэдэгдэл хийхгүй таг чиг байна вэ? 11, 12-хон настай тэр бяцхан хүүхдүүдийн эрхэд яагаад ингэж үндэслэлгүй халдана вэ? Хэрэв түүний хэлсэн мэдэгдэл нотолгоогүй бол БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэрбээр хэлсэн үгэндээ эзэн болж, хордсон хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээж чадах уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2023 08:50

зарг�##�дхын донтой эцэг эхчүүдээ хүүхдүүддээ анхаар�##� тавь, газ үнэрлээд байна магад та нар өөрсдөө мансуурдаг байж болзошгүй

Холбоотой мэдээ

Back to top button