Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын тэргүүн баячууд хөрөнгөө авч гаднын орон руу гарах болов

Тэрбумтнуудын хөрөнгийн мэдээллийг яг таг олоход хэцүү. Учир нь тэдний хөрөнгийн байршлыг тогтоож чадвал татвар хураахад илүү амар болно. БНХАУ бол дэлхийн хамгийн их тэрбумтнуудтай орнуудын нэг.

Гэвч сүүлийн үед Хятадын тэргүүн баячууд гадаад руу гарч суурьшин, хөрөнгөө хамт авч явах болов. Дэлхий дээр одоогийн байдлаар 2,640 тэрбумтан бий гэж тооцоолдог. Өнгөрсөн жил БНХАУ-д 607 тэрбумтан оршин суудаг байжээ.

Харин энэ жил тэрбумтнуудын тоо буурч 562 болсон байна. БНХАУ-д үүсээд буй улс төрийн асуудал, хувийн хөрөнгийн эсрэг арга хэмжээний улмаас Хятадын тэргүүн баячууд хөрөнгөө болон өөрсдийгөө Хятадаас авч гарахыг эрмэлзэх болсон аж.

Хятадын чинээлэг иргэд мөнгөө гадаад руу гаргах замыг удаан хугацааны турш хайж ирсэн. Тус улсын иргэд хуулийн дагуу жилдээ 50 мянган ам.долларыг л гаднын улс руу шилжүүлэх эрхтэй байдаг.

Ийм учраас тэд хөрөнгөө гадаад руу шилжүүлэх албан болон албан бус арга хэргэлдэг юм. Хөрөнгийн хяналтгүй Хонконгт очиж валют солилцоо хийх эвсэл гадаадын бизнесүүдэд мөнгө хуримтлуулах гэх мэт.

Хятадын албаныхан үүнтэй тэмцэхээр ажиллаж буй. Тухайлбал наймдугаар сард Шанхай хотын цагдаа нар 100 сая юанийг хууль бусаар гадаад валютаар сольсон хэрэгт цагаачлалын зөвлөн үйлчилгээ хийдэг компанийн таван хүнийг баривчилжээ.

Хэдий хэмжээний мөнгө Хятадаас гардаг вэ?

“Natixis” банкны тооцооллоор бол цар тахлын өмнө Хятадаас аялж буй жуулчид валют солиулах замаар БНХАУ-ын эдийн засгаас жил бүр 150 тэрбум ам.доллар гардаг байсан аж.

2023 оны эхний хагаст Хятадын төлбөрийн тэнцлийн мэдээлэл 19.5 тэрбум ам.долларын дутагдалтай байжээ. Эдийн засаг судлаачид төлбөрийн тэнцлийн дутагдлыг ашиглан эдийн засгаас гарч буй мөнгөн урсгалыг тооцдог юм.

Гэхдээ эдийн засгаас гарч буй мөнгөн урсгалын дүн төлбөрийн тэнцлийн дутагдлаас их байж магадгүй гэдгийг судлаачид онцолдог.

Яагаад мөнгөө гадаад руу гаргана гэж?

АНУ-д бодлогын хүү өндөр мөн юанийн ханш суларч байгаа нь их хэмжээний мөнгөтэй Хятад хүмүүст юаниа солиулах хүчтэй хөшүүрэг болж байна гэж эдийн засагчид үзэж буй.

“Natixis” банкны Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа Херреро “БНХАУ-ын ирээдүйн эдийн засгийн бодлого болон бизнесүүдийн боломжийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул хүмүүс хадгалж, цуглуулсан мөнгөө улсаасаа гаргахыг хүсэж байна” гэж хэлжээ.

2021 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх уриалгыг дахин сэргээсэн. Энэ явдлыг Хятадын тэргүүн баячууд хөрөнгөө бусадтай хуваалц гэж ойлгосон гэхэд болно. Тэр жил “Alibaba” компани хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх аянд 100 тэрбум юань хандивласан.

2015 онд юанийн ханш гэнэт унасны дараа Хятадын эдийн засгаас 600 тэрбум ам.доллар гаруй мөнгө урсаж гарсан. Энэ явдлын дараа Бээжин хөрөнгө баялаг ялангуяа хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгөд тавих хяналтаа чангатгасан юм.

Хөрөнгөө гадаадад байршуулах хүмүүсийн тоо ихэссээр

“Henley & Partners” цагаачлалын зөвлөгөө өгдөг компанийн тооцооллоор бол 13,500 гаруй чинээлэг хүмүүс энэ жил Хятадыг орхин гарах төлөвтэй байна. Харин энэ тоо өнгөрсөн жил 10,800 байсан юм.

Мөн чинээлэг хүмүүст хөрөнгө мөнгөө байршуулахад тусалдаг Дэвид Лесперанс БНХАУ-аас бүх хөрөнгөө гаргахыг хүссэн хүмүүс их холбогдох болсон гэжээ. Түүний хэлж буйгаар улс төр, бизнесийн эрсдэлээс болж бизнес эрхлэгчид Хятадыг боломж, бололцооны орон гэж харахаа больсон аж.

2017 онд БНХАУ-д долоо хоног бүр хоёр тэрбумтан шинээр төрж байсан бол одоо харин эдийн засгийн өсөлт удаашрав.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-11-03 23:05

За ойлгомжтой, авилг�##�тай тэмцэх тэмцэл хүчтэй болсноор төрөөс төрсөн тэрбумтангууд л Хятадаас гадагшаа зугтаагаад байгаа байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button