АНУ Тайванийг толгойноос хөл хүртэл нь чимээгүйхэн зэвсэглэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден наймдугаар сарын сүүлээр Тайваньд 80 сая ам.долларын зэр зэвсэг өгөх болсон. Уг явдлыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам “Энэ нь нэг Хятадын бодлого, АНУ-БНХАУ хоорондын гурван тохиролцооны заалтыг хүндээр зөрчсөн хэрэг. БНХАУ үүнийг эрс эсэргүүцэж байна” гэсэн юм.
Тайвань одоогийн байдлаар АНУ-аас 14 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авах захиалга өгсөн байгаа. Тэгтэл 80 сая ам.доллар үүний хажууд юу ч биш мэт, энэ мөнгөөр орчин үеийн F35 сөнөөгч онгоцноос нэгийг ч авч хүрэхгүй. Мөн Вашингтоноос Тайваньд өгч буй цэргийн ямар ч тусламжийг БНХАУ хатуу шүүмжилдэг.
Гэхдээ тэр 80 сая ам.доллар нь зээл биш цэвэр Америк иргэдийн татвараас гарч байгаад гол ялгаа бий. АНУ-ын Засгийн газар сүүлийн 40 жилдээ анхны удаа албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй улс руугаа өөрсдийн мөнгөөр зэвсэг илгээх болов.
Конгресс гадаадын цэргийн санхүүжилт (FMF) нэртэй хөтөлбөрөөр дамжуулан өөрсдийн мөнгөөр бусад орнууд руу зэвсэг явуулдаг аж. Өнгөрсөн жил ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш “FMF”-ээр дамжуулан Конгресс 4 тэрбум ам.долларын цэргийн тусламж Киевт өгсөн.
Мөн Афганистан, Ирак, Израил, Египетэд тус сангаар дамжуулан олон тэрбум ам.долларын цэргийн хангамж нийлүүлжээ. Гэхдээ зөвхөн НҮБ-ын хүлээн зөвшөөрдөг орнуудад л зэвсэг илгээдэг байсан юм. Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.
БНХАУ-ын дургүйцлийг хэт хүргэлгүй зэвсэг нийлүүлж ирсэн
1979 онд АНУ Тайвань бус БНХАУ-ыг албан ёсны Хятад гэж дипломат байдлаар хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш Конгресс Тайванийн харилцааны тухай хуулийн дор Тайвань руу зэвсэг нийлүүлсэн ирсэн юм.
АНУ-ын гол зорилго нь Тайваньд БНХАУ-аас өөрсдийгөө хамгаалахад хангалттай мөн Бээжин Вашингтоны харилцааг тогтворгүй байдалд оруулахааргүй хэмжээний зэвсэг нийлүүлдэг байсаар ирсэн. Энэ аргаа ашиглан АНУ Тайваньд ч зэвсэг нийлүүлж БНХАУ-тай ч бизнес хийсээр өдийг хүрсэн байна.
Нөхцөл байдал өөрчлөгдсөн
Гэхдээ цаг үе өөрчлөгдөж, БНХАУ-ын арми Тайванийн армитай харьцуулшгүй хүчтэй боллоо. АНУ БНХАУ-тай бизнес, худалдаа хийж хөрөнгө оруулах нь Тайванийн хоолойд энх тайван байдал тогтохыг баталгаажуулна гэж бодож байсан юм.
Ши Жиньпин Хятадын удирдагч болж үндсэрхэг үзлийг хүчирхэгжүүлсний улмаас бүх юм өөрчлөгдсөн. 2019 онд Ши Жиньпин Тайванийг эх газрын Хятадтай нэгтгэх нь зайлшгүй асуудал, шаардлагатай бол хүч ашиглах эрх Бээжинд бүрэн байгаа гэсэн билээ.
2022 онд Хятадын Коммунист намын төлөөлөгч энхийн аргаар нэгтгэхийг оролдож, хүч ашиглахыг эцсийн сонголт болгоно хэмээсэн юм. Дээрээс нь ОХУ Украин руу цэргээ оруулахад Тайванийг БНХАУ хүчээр эзлэх оролдлого гаргах вий гэх хардлага нэмэгдсэн.
Олон арван жилийн турш Тайванийн удирдагчид БНХАУ-ын арми эх газраар дайрах эрсдэл үүрэх хэмжээний биш гэж бодож, зэвсэгт хүчний салбаруудаасаа тэнгис болон нисэх хүчнээ хөгжүүлж ирсэн.
Ийм учраас Тайванийн хуурай газрын арми 1970-аад оны хэрэгсэлтэй хэвээр байгаа аж. Тэгвэл одоо БНХАУ дэлхийн хамгийн том тэнгисийн хүчинтэй улс болж, нисэх хүчин нь Тайваньтай харьцуулшгүй том болсон.
Дайн гарсан тохиолдолд Хятадын армийг Тайванийн хоолойд устгах төлөвлөгөөтэй олон жилийн турш тэнгис, нисэх хүчнээ хөгжүүлж ирсэн ч одоо хүчрэхгүй болжээ. “Center for Strategic and International Studies” тинк танк БНХАУ Тайваньтай байлдвал Тайванийн тэнгис болон нисэх хүчин 96 цагийн дотор бүрэн устгагдана гэж тооцоолсон байна.
АНУ Тайванийн армыг орчин үеийн болгохоор ажиллаж эхэлсэн
АНУ Тайваньтай үүсгэсэн харилцаагаа өөрчилж, зэвсэгт хүчнийг нь орчин үеийн болгохоор яарч буй нь Тайпейн хувьд илт байгаа аж. Тайванийн эрх барьж буй намын хууль тогтоогч, Ерөнхийлөгч Цай Инвэний ойрын хүн болох Ван Тин Юй “АНУ манай улсын цэргийн хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолж байгаа. Мөн Бээжинд бид хамтдаа зогсоно гэх стратегийн мессежийг өгч байна” гэж хэлжээ.
Тэрбээр долоодугаар сард Байден Тайвань 500 сая ам.долларын зэвсэг худалдах болсныг онцолсон юм. Мөн наймдугаар сард баталсан 80 сая ам.доллар нь маш том тусламжийн зөвхөн эхлэл нь байж магадгүй хэмээсэн байна. Түүний бодож буйгаар АНУ ирэх арван жилд 10 тэрбум ам.долларын зэвсэг Тайвань руу илгээж магадгүй аж. Мөн Тайвань 1970-аад оноос хойш анх удаа хуурай замын цэргийн хоёр батальоныг АНУ-д сургах зорилгоор илгээхээр бэлтгэж байгаа юм.
Үүнээс харахад АНУ Украин руу ОХУ цэргээ оруулсны дараа их хэмжээний тусламж явуулсан алдаагаа давтахгүйн тулд Тайваньд үзүүлэх цэргийн тусламжаа эртнээс нэмэгдүүлж байгаа бололтой.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.