Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил агаарын цохилтоо өдөр тутам 4 цаг зогсоох тохиролцоонд хүрлээ

Цагаан ордон пүрэв гарагт /2023.11.09/  мэдэгдэл хийхдээ Израил хойд Газад явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа өдөр тутам 4 цаг зогсоох тохиролцоонд хүрсэн хэмээжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби өдөр тутмын зогсолт нь энгийн иргэдийг хоёр хүмүүнлэгийн коридороор гарах мөн барьцаалагдсан хүмүүсийг суллах боломж олгох анхны шат гэсэн юм.

Гэвч Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өдөр тутам гал зогсоох албан ёсны төлөвлөгөө байхгүй гэсэн байна. “Fox News” агентлаг Нетаньяхугаас байлдааныг түр зуур зогсоох талаар асуужээ.

Үүнд тэрбээр “Үгүй. Хамасын террористууд, дайснуудын эсрэг байлдаан үргэлжлэх болно. Гэхдээ тусгай бүсүүдэд тодорхой хугацаанд энгийн иргэдийг байлдааны бүсээс явах боломжийг хэдэн цагийн турш гаргаж өгөхийг хүсэж байгаа. Үүнийгээ ч биелүүлж байгаа” гэж хариулсан байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр эхэлсэн дайны улмаас 10,812 хүн Газын зурваст нас барсан гэж Палестины эрүүл мэндийн яам пүрэв гарагт /2023.11.09/ мэдэгджээ. Хамасын гэнэтийн дайралтын улмаас Израилд 1,400 хүн амь үрэгдсэн. Пүрэв гарагийн байдлаар байлдааны улмаас хоёр талд нас барсан хүмүүсийн тоо 12 мянга давав.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button