Нийгэм ярилцлагаУРЛАГ

Maberrаnt: Миний амбиц Netflix-тэй гэрээ хийх

Реппер Maberrаnt “Бүх”, “Хайр бол”, “Deeply”, “Цэнхэр заан” ... зэрэг олон бүтээлээрээ алдартай. Real label-н артист. Тэр хэдхэн хоногийн өмнө “47” сураггүй алга бологсдын олдвор бичлэг киногоор найруулагчийн дебют хийв.  Монголын анхны found footage жанрын анхны кино болох уг бүтээлийн зохиолыг Maberrant бичиж, найруулж бүтээсэн юм. Түүнтэй ярилцлаа. 

-Таны нэр бусдаас өөр, бүхнийг сөрж зогсох гэсэн утгатай гэсэн. Амьдрал дээр нэр шиг ээ юу?

-Aberrant буюу бусдаас өөр, сүргээс тасарсан, нийгмээс ангид байна гэсэн утгатай үгний өмнө Мягмардорж нэрийнхээ эхний үсгийг оруулсан. Нэр шигээ байхыг боддог. Байгаа ч болов уу.

-Архитектур мэргэжлээр сурч төгссөн юм байна. Гэтэл одоо огт өөр салбарт орж ирээд арваад жил өнгөрчээ?

-Хүн өөрийгөө тухайн ажил мэргэжлийг хийх хүн мөн эсэхээ мэдэрдэг, мэддэг юм билээ. Би бүр яг мэдэрсэн. Архитектур мэргэжлээр ажиллах хүн биш юм байна, миний сонирхол дуу хөгжим юм байна гээд үүнийгээ хөөсөн. Ер нь яг мөрөөдлөөрөө л амьдарч байгаа хүн.

-Хүмүүс шал дэмий дөрөв, таван жил ажиллахгүй мэргэжлээрээ сурлаа гэж байдаг. Танд ийм харамсал байдаг уу?

-Миний бодлоор их сургуульд сурах нь тухайн мэргэжлийг тултал эзэмшээд бакалаврын дипломтой болохоосоо илүүтэй тэнд төлөвшөөд байгаа байхгүй юу. Хүнтэй харьцаж, биеэ дааж, цаг барьж нийгэмд хөлөө олох чадварыг их сургууль илүүтэй олгодог. Их сургуульд сурах нь хамгийн зөв сонголт. Тэр мэргэжлээрээ ажиллаагүй ч гэсэн маш их хэрэгтэй.

-Аль ч салбарт бусдаасаа ялгарах, илүү өөр байх хүсэл бас шаардлага ч байгаа. Та үүний тулд хэрхэн ажилладаг вэ?  

-Би ийм дууг хүссэн учраас хийж байгаа. Харин зарим артистууд хүмүүс юу сонсохыг хүсч байна, түүнийг нь өгдөг. Нийгэм ийм зүйл хүсч байна, тэрийг нь ийм бүтээлээр өгье гээд л. Би бол өөрийнхөө хүсч байгаа дууг гаргаад массыг тийш нь татдаг. Энэ бол миний реп хийж сонирхол, шалтгаан.

-Огт хүсээгүй зүйлийг хийгээд олонд хүргэнэ гэдэг амаргүй юу?

-Нэг их ялгаагүй дээ. Дуртай зүйлдээ адилхан л цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулаад л ажиллаж байна. Хамгийн гол нь тухайн хүний сонирхол бааранд дуулмаар байгаа юмуу, хип хоп хиймээр байгаа юмуу. 

-Репперүүд ихэвчлэн үгээ өөрсдөө бичээд байх шиг. Өгөгдөл байна уу, эсвэл...?

-Өөрийнхөө хувьд өгөгдөл гэж хэлнэ. Би хип хопыг аймаар амархан гэж боддог байхгүй юу. Тэгсэн чинь надад л амархан юм билээ. Учир нь зөндөө хүмүүст үгийг нь бичээд дуу хийж өгөөд яг ингээд үгэлчих гэхээр чаддаггүй. Гэтэл надад тэр нь маш амархан байсан учраас хүн болгоныг үглэчихнэ, чадна гэж бодоод байж. Би олон жил хөгжим сонссон, энэ маань бас нөлөөлдөг ч байж магадгүй. Ямар ч байсан надад бол аймаар амархан.

-Хип хоп дууны үг хүүхдүүдэд нөлөөлж байна гэх шүүмжлэлийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Хоёр талтай. Гэхдээ бараг хип хоп сонсвол илүү сайн хүмүүжиж магадгүй ч юмшиг санагдаж байна.

-Тайлбарлавал...?

-Хип хоп сургаал их байдаг. Мэдээж шоудья, цэнгэе, хулгайч зэлгийч зэрэг үгтэй дуунууд ч бий. Гэхдээ бид угаасаа л хараалтай нийгэмд  амьдарч байгаа. Зөвхөн хип хопоос биш гудамжид гараад л хараал сонсоно. Тэгэхээр сонсогч нь өөрөө яаж хүлээж авч байна гэдгээсээ л болно. Би бол илүү зөв хүн болно гэдэгт итгэж байна.   

-Жишээ нь, таны ямар бүтээлээс сургамж авах боломжтой вэ?

-Надад тийм дуунууд харьцангуй олон. “Хайр бол” дуунд хайр бол чамайг унтаж байхад хучиж байгаа хөнжил юм, чи анзаарахгүй л байгаа болохоос биш энэ бол хайр юм, чамайг хүйтэн өдөр гарахад чинь зүүлгэж байгаа ороолт юм гээд бидний анзаардаггүй зүйлийг хэлж байгаа. Мөн “Давтагдшгүй” дуун дээр өндөр нуруу огт хамаагүй, хүмүүс өндөр эсвэл туранхай намхан гэж голдог. Гэхдээ чамд байгаа зүйл чинь чиний хамгийн үнэтэй зүйл гэдэг ч юмуу.  Мессэж авахаар дуу олон байгаа.

-Жижүүрийн гэмээр асуулт асууя. Цаашдаа хип хопоороо хүрэх оргил нь юу вэ?

-Хип хопыг болихгүй юм билээ. Би нас 40 хүрээд, амьдрал тогтоод ирэхээр болино гэж боддог байсан. Гэвч боломжгүйг нь ойлгосонг. Угаасаа энэ зүйлд асар их дуртай. Маш их хайртай. Одоо Эминем 50 гарчхаад тайзан дээр алж л байна. Хоцрогдохгүй байгаа биз. Нэгэнт амьдралынх нь хэв маяг болсон учраас хэзээ ч хаяхгүй. Тэр дунд карьер өснө, уруудна. Байнга л өсөж байдаг алдар нэр, амжилт гэж байдаггүй. Тэр дунд би өөрийгөө зогсохгүй юмаа хийсээр л байх болно гэж боддог.

-Миний дуунуудыг сонсдог хүмүүс "47" киног ойлгоно-

-Маberrant кино урлаг руу ороод ирлээ. Ингэхдээ манайд цоо шинэ жанрыг гаргаж ирлээ...?  

-“47” сураггүй алга бологсдын олдсон бичлэг гээд кино хийлээ. Зургаан жилийн өмнө Mop-G найзтайгаа “Цэнхэр заан” гэж дуу хийгээд дараа нь “Цэнхэр заан” фильм гэж бий болгосон. Үүний хамгийн анхны уран бүтээл энэ кино юм. Монголын Found footage буюу анхны олдвор бичлэгийн кино гэж тодорхойлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийгээд IPTV, Univision, LOOK TV –д орсон. 2020 онд зохиолыг нь бичээд 2023 онд бүх тохироо бүрдээд 7 сараас хойш кинон дээрээ ажилласаар 10 дугаар сарын 30-нд нээсэн. Хүмүүс муулж байна, бас магтаж ч байна. Аливаад анхдагч байна гэдэг том эрсдэл үүрдэг. Тэгэхээр аймаар том зоригтой байх хэрэгтэй. Манай үзэгчид хараахан found footage киног үзэж дасаагүй байна. Харин залуучууд тэр тусмаа хүүхдүүд илүү үзэж гоёор хүлээн авч байна.

-Өөрөө анх үзээд ямар санагдсан бэ?

-Бид нарын кино 65 минут. Found footage чинь савчсан хөдөлгөөнтэй камераас олдсон бичлэг шиг л хийцтэй учраас ийм хөдөлгөөнтэй дүрс 90 минут байх юмбол нүд өвдөнө, дотор муухайрна гэдгийг судалгаа хийж байхдаа ойлгосон. Тэгээд 90 минутын хар монтажаа хасаад 60 минут болгосон чинь гоё кино болчихсон. Дараа нь театрт нээлтээ үзээд үнэхээр бахархах мэдрэмж авсан, гоё байсан.

1997 онд гарсан “Blair witch projegt” гээд дэлхийн анхны found footage киног хамгийн бага зардлаар бүтээж хамгийн их ашиг олсон. Тэр кино холливүүдэд ингэж хийж болдог юм байна гэдгийг харуулсан. Тэрнээс хойш found footage гэдэг жанр хөгжөөд явж байгаа. Бид сая монголд хийсэн. Энд ийм тийм байх ёстой гэдэг зүйл байхгүй. Ёстой гэдэг үг ч байх ёсгүй. Аймаар шинэлэг мэдрэмж өгнө. Үзэгчдэд зүгээр л нэг үзчихэд found footage кино гэдгийг ойлгоно. Нөгөө талаас манай үзэгчид бэлэн сэтгэлгээтэй байна. Утга, зангилаа хайгаад байна. Зүгээр л яг ямар байдгийг хийсэн, энэ бол цаашаа хөгжих жанр учраас үзэж сурах хэрэгтэй.  

-Үзэгчдээ голсон юмуу даа?

-Зүгээр нэг энгийн дундаж кино үздэг хүнд шууд буухгүй, хүлээж авч чадахгүй байна. Юмыг ухаж боддог, кинонуудаасаа асуулттай үлддэг, магадгүй  миний дуунуудыг сонсдог хүмүүст бол сонирхолтой. Би жаахан хүүхдүүдийг маш өөр болж байгааг харлаа. Тэд нарт таалагдаж байна. Ямар сонирхолтой юм бэ, хоёрдугаар анги нь хэзээ гарах вэ гэж асуусан үзэгчид дандаа хүүхдүүд байна. Нийгэм ингээд өөрчлөгдөж байхад бид нар түүчээлэх хэрэгтэй.   

-Зохиолоо бичихдээ, найруулахдаа юуг илүү анхаарсан бэ?

-Миний зохиолын онцлог нь бол харилцан яриаг маш сайн хийсэн. Монгол киноны харилцан ярианы модон хэллэг 100 хувь энд байхгүй. Яг л энгийн найзууд явж байгаа юмшиг мэдрэмж төрүүлнэ. Бараг та өөрөө тав дахь хүн нь болоод хамт явж байгаа юмшиг кинон дотор орж мэдэрнэ. АХА үзэж байгаа хүн хамт хариулаад байдаг, яг л тэр мэдрэмжийг бодитоор өгч байна гэхээр давгүй шүү. Найруулагчийн тухайд би кино руу орно гэж удаан бодсон. Өмнө нь хоёр контент хийсэн, хоёр цомог гаргасан, хоёр богино кино хийсэн. Энэ бүхнээрээ найруулагчийнхаа ажлыг бэлдээд байж. Одоо бүрэн хэмжээний кино хийхэд бэлэн болчихсон.

-Залуустаа хандаад юуг хэлмээр байдаг вэ?

-Миний нэг уриа байдаг. Хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжье. Би сүү аваад залбирч өргөхийн оронд зарын сонин аваад ажил хайвал чиний ирээдүй илүү сайжирна гэж боддог. Залуус хөдөлмөрлөөрөй, хөдөлмөрч байгаарай. Юу ч хийсэн эцсийг нь үздэг байх хэрэгтэй. Сая киноны нээлт зарим хүмүүст таалагдсан, заримд нь таалагдаагүй.  Гэхдээ нэээлтийн дараа хүмүүс чиний эхэлсэн ажлаа эцсийг нь үздэг том чанар харагдлаа гэж хэлсэн. Яагаад гэхээр би энэ киног 2020 онд ярьж байсан. Тоглолт, контент, цомог хийнэ гээд л ярьж байсан, хийсэн. Бүр анх реппер болно гээд ярьж байхад найзууд чи боль гээд эсэргүүцэж л байсан. Би реппер болчихсон. Хүн өөртөө байнга “update”, байнга челленж хийж байх хэрэгтэй. Миний эцсийн зорилго Netflix-тэй гэрээ хийж, доллараар санхүүжилт авч, цуврал өгөх. Магадгүй 10, 20 жилийн дараа бүтэх байх. Одоо би залуу дөнгөж л гуч гарч байна. Миний амбиц энэ.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-10 15:25

Амархан аргаар мөнгө

Зочин
Зочин
2023-11-10 15:27

Амархан ахгаар мөнгө олно гэхээс илүү хөпөлмөрлөдөг з�##�уу бна

Холбоотой мэдээ

Back to top button