Улс төрийн мэдээ

Шинэ хамбаас хүлээх хүлээлт буюу Х Богдыг ил гаргахын өмнөх бэлтгэл

Энэ сарын 18 буюу туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билигт сайн өдөр Гандантэгчинлэн хийдийн шинэ тэргүүн их хамбыг арслант ширээнд нь залах ёслол болов. Шинэ, хуучин хоёр хамба бие биедээ талархал, хүндэтгэлийн мандал өргөлөө.

Ямар ч байгууллагад дарга нь солигдохоор өөрчлөлт ирдэг. Урт удаан хугацаанд даргалсан дарга буухын цаана мөн л өөрчлөлт, шинэчлэлт яригдаж, хүлээлт үүсэж байдаг.

Харин 32 жил нэг “дарга”-тай явсан Монголын бурхны шашны төв “байгууллага”, Гандантэгчинлэн хийдэд ийм үйл явдал тохиолоо. Хэзээний л бидний мэддэг Д.Чойжамц хамба бууж, оронд нь лхаарамба Д.Жавзандорж томилогдлоо.

Д.Чойжамц хамба 32 жил Монголын бурхны шашныг авч явахдаа Х Богдыг тодруулсан үнэлж баршгүй гавъяатай. IX Богдыг ч Монголд ирэхэд бас хэсэг хугацаанд байхад чухал хувь нэмрээ оруулж байсан. Нийт дүр зугаараа Монголын бурхны шашныг гадаадын болоод улс төрийн нөлөөнд илтэд автуулалгүй хадгалж, хамгаалж явсныг нь бид мэднэ. Тэр ч утгаар Д.Чойжамц хамбыг хамбаас гадна сайн “улстөрч” гэж үнэлдэг юм билээ.

Харин одоо ном ёсны нь дагуу хөгжүүлж авч явах үүрэг Д.Жавзандоржид очиж байна. Монголын бурхны шашныг лам төвтэй, мэргэ төлөг, засал номын шинжтэй, яг буддизм гэхээсээ Төвөдийн ламаизмыг хуулсан шинжтэй гэж шүүмжлэх хэсэг бий. Энэ ч ортой бөгөөд угтаа хүн шашин сүсэгтэй байна гэдэг зөв, буруугийн ялгамжийг “багш”-аасаа очиж асуудаг, сүм хийддээ очиж амар амгаланг олж уужирдаг, итгэл үнэмшлийн шинжтэй зүйл. Дэлхийд одоо лам гэдэг үсээ хусаж, орхимж өмсөхөөс илүү ёс суртахууны багш байх ёстой гэж яригдаж байна.

Дээрээс нь төвөд хэлээр бурхны ном уншдаг байдал ч нэн тулгамдсан. Лам нарын боловсрол чухал. Энэ мэт дотоод засаглал, хөгжил, шинэтгэлээс авхуулаад Х Богдоо ёс төртэй залах, геополитикийн чухал уур амьсгал дунд мэдрэмжтэй хандах маш том үүрэг Д.Жавзандоржид оногдож буй.

Арслант ширээнд залах ёслолын үеэр Д.Жавзандорж “Цаашид төвөд биш монгол хэлээр бурхны номыг уншдаг, судалдаг болоход хувь нэмрээ оруулна” гэж хэлсэн. Энэ эшлэлд нь хүмүүс их анхаарч байна.

Харин тус өдрийн өглөө өнөө цагийн хамгийн учир битүүлэг хийгээд халуун анхаарал татаж буй “дүр” Х Богд шинэ, хуучин хоёр хамбыг хүлээн авч уулзсан байгаа юм. Улмаар Д.Чойжамцаас тамгыг хүлээн авч, Д.Жавзандоржид гардуулжээ. Сайн цаг, сайн нөхцөл байдал сан бол Х Богд маань ийм хэмжээний үйл явдалд олны өмн гарах л ёстой байлаа. Гэвч “дээрээс” чиглэл ирсний дагуу нэг хэсэгтээ түүнийг ил гаргахгүй гэдэг яриа явсан талаар мэдээлэлд ойр хүмүүс бичиж, ярьж байна.

Гэхдээ ёслолын үеэр Х Богд ил гараагүй ч түүний нэрийг хэд хэдэн удаа олны сонорт дуудан сонордуулсныг бас бичих хэрэгтэй. Үйл ажиллагааны хөтлөгчөөс эхлээд Д.Чойжамц, Д.Жавзандамба нар тус бүр нэг удаа Х Богд Жавзандамба хутагтад талархал илэрхийлж, даган баясахаа илэрхийлсэн нь чихэнд чимэгтэй, сэтгэл дотно дулаан бууж байлаа.

Энэ бол хэдийгээр Х Богд хөшигний ард суугаа ч  “Байгаа шүү” гэдгийг илэрхийлсэн чухал жинтэй сонордуулга юм. Хэдий Батцагаан дуганд хөл гишгэх зайгүй цугласан олон сүсэгтэн нэг бүр ялгаж, анхаарч сонсоогүй байж мэдэх ч гэлээ.

10.00 цагт эхлэх ёслолын ажиллагааг угтан Гандантэгчинлэн хийдийг тойрсон машин замд түгжрэл үүсэж, зогсоолууд дүүрээд байлаа. Хэд хэдэн замын цагдаа тусгайлан томилогдож, зохицуулж байсан. Батцагаан дуганы үүдэнд урт дараалал үүсэж, хамгаалалтынхан “Та бүхэн минь бүү бухимд. Ээлж дараагаар ороход болно” хэмээн тайвшруулж харагдсан. Урилгатай зочид багагүй догдолсон байртай гүйсхийн хүрэлцэн ирж байсныг дурдах хэрэгтэй. Төрийн тусгай хамгаалалт ч гарсан байв.

Батцагаан дуганы хоёр давхрын танхимд ороход хөл толгой нь мэдэгдэхийн аргагүй их үймээнтэй байлаа. Бүгд л босон зогсож. Сүсэгтэн олон аль болох урагш түрж, ном хурахаас эхлээд үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулга бүрд нүдээ аньж, залбирал үйлдэж байв.

Д.Чойжамц хамба Д.Жавзандоржид талархлын, Д.Жавзандорж Д.Чойжамцад хүндэтгэлийн мандал өргөсөн. Мандлын уншлагад лам нар найрал дуу лугаа хоолой салган ном хурах үеэр дуун адар хүртэл бага багаар өгсөн түрж, ер бусын орчилд нэвтэрсэн мэт мэдрэмж үүтгэж байлаа.

Шинэ, хуучин хоёр хамба улстөрчид биш хойно даруухан үг хэлцгээсэн ч сэтгэл хөдлөлийн өнгө аяс мэдрэгдэж байв. Ингээд үйл ажиллагаа завсарласны дараа лам нар болон сүсэгтэн олон шинэ хамбадаа бэлэг барьж, шар хадаг зүүх ёслол эхэлсэн. Эхлээд лам нар ээлж дараагаар хөдөлсөн бөгөөд танхим дүүрэн шар орхимжтонгууд Д.Жавзандорж хамбын зогсож буй цэг рүү эцэс төгсгөлгүй хуйлран тэмүүлж байлаа.

Лам нарын дараа сүсэгтнүүд хамбатай уулзахаар урт дараалалд тэвчээртэй хүлээж байв. Бүгд л дор бүрнээ бэлэг бэлдэж. Сүсэгтэн олонд тараахаар үзэмтэй будаа бэлдэж ирсэн хүмүүс ч байлаа.

Ингээд одоо Д.Жавзандорж ажилдаа орно.

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй Х Богдыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлчхээд ажлаа өгсөн ба шинэ Элчин сайд томилогдсоноос хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Д.Чойжамц хамба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Нөхцөл байдалд цаашид нарийн бөгөөд шинэ бодлогоор хандах учиртай болж ирснийг илэрхийлсэн гэмээр.

Х Богдын асуудал Монголд дан ганц шашин, сүсгийн гэхээсээ улс төр, геополитикийн ч бас асуудал мөн. Энэ утгаар Гандантэгчинлэн хийдийн бүхий л дотоод хэрэгт хутгалдахгүй ч Х Богдын тухайд бол улс төр яах аргагүй оролцож, төрт улсын агуулгаар хандах шаардлагатай болж байгаа.

Энэ үүднээс нь харвал Д.Жавзандоржийг мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэр гэдэг яриа бий. У.Хүрэлсүхийн аав Сүхбаатарынх, дүү нь өдгөө Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Ирэх сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвших бодолтой. Саяхан Сүхбаатар аймагт бурхан багшийн том хэмжээний гантиган хөшөө босгосон.

Улс төрийн үүднээс сүүлийн жилүүдэд Гандантэнчинлэн хийдэд М.Энхболд тэргүүтэй Төв аймгийн улстөрдчийг дагаж, Төв аймгийнхан “ноёлсон” гэж яригддаг. Харин одоо Сүхбаатарынхан хүчээ авна гэж яригдаад хэдэн жил болсон бөгөөд үүнийг ч Д.Жавзандоржийн томилгоо бататгаж өгсөн. Д.Жавзандорж бол Сүхбаатарын хүн ба өнөө цагийн томоохон улстөрчид, Сангийн сайд Б.Жавхлан болон Монголбанкныхны хувьд дааж авсан багш нь гэж яригддаг нэгэн юм.

Дээрх агуулгаар Д.Жавзандоржийн цаана өнөө цагийн улс төрийн эрх мэдэл, хараа, бодлого гэдэг юм зангидагдаж байгаа.

Х Богдын асуудлаас гадна Монголын бурхны шашин нэг цэгцрэх, шинэ шатанд гарах хүлээлтүүдийн нэгдэх цэг дээр Д.Жавзандорж зогсож байна. Цагийн аясаар Х Богд ил гарч, XIV Далай лам тэнгэрт хальсны дараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх бурхны шашны томоохон тэргүүн нь болох үест монголчууд бид бэлэн байх ёстой.

Ер нь Далай ламын, Богд Жавзандамбын, Банчин Богдын гурван институт бурхны шашныг залж, нэг нэгийнхээ хойд дүрийг тодруулж явдаг. Сүүлийн Банчин Богдыг БНХАУ-аас тодруулсан. Гэхдээ тодорсон дүрийг нь нуугаад, коммунист намын бодлогоор өөр нэгнийг залсан. Тийм учраас итгэл хүлээж чаддаггүй. XIV Далай лам насан өндөр болсон бөгөөд түүний хойд дүрийг мөнөөх Банчин Богдоос тодруулах ёстой болдог. Тийм ч учраас тэрбээр “Миний хойд дүр тодрохгүй ч байж мададгүй” гэж барууны хэвлэлд ам нээсэн удаатай. Харин Х Богд тодорсноор Богдын институт сэргэнэ, тоглогч болно. Тэр XV Далай ламыг ч тодруулах боломжтой бөгөөд, улс төр орсон гэгддэг Банчин Богдын институттэй шууд өрсөлдөх юм.

Энэ үүднээс дэлхийн бурхны шашинтнууд Монгол руу анхаарлаа хандуулах эгзэгтэй цаг үе ирж байна.

Үүнд одоо бид дотооддоо ихээхэн бэлтгэж амжих хэрэгтэй. Угтаа Х Богдыг юу юугүй ил гаргая гэхээсээ илүү дотоодын бурхны шашны дэг жаягаа нэг бусад улсуудын өмнө “хүн дүрстэй” болгож авах их ажилд л ханцуй шамламаар байгаа юм.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-20 11:45

БАТЦАГААН ГЭЖ ШОРОН Л БАЙДАГ САНАГДАНА

Зочин
Зочин
2023-11-21 07:24
Reply to  Зочин

Батгүн гэж шорон байсан 80аад оны дунд үе хүртэл байсан 13автобусны буудлын урд т�##�д тухайн үедээ х�##�двартын больниц нэртэй байсан санагдана.
13-р хороолол орчим барилгажахад газарт орсон.

Зочин
Зочин
2023-11-20 11:56

Х Богд бурханы шашин энээ тэрээ гэж тэнэгтэхээ больцгооёо. Тэр д�##�ай лам, Ванчин богд, Х Богд гэх этгээдүүд чинь улс орны ажил амьдр�##� хөгжилд ямарч хэрэггүй. Харин ч иргэдийг ядуу дорой үхээнц байлгахад үзэл номлол номлол нь чиглэж байдаг.

Зочин
Зочин
2023-11-21 07:33
Reply to  Зочин

За яахав Х-рбогдоо больчихоё тэгтэл тэгтэл манайд удаан жилийн зузаан түүхтэй мухар сүсэгтнүүд шашны фанатууд байгаа шүү дээ ,тэд шашны тэргүүнийхээ үгийг л ёсчлон биелүүлдэг бөлгөө.Тэгэхээр тэднийг шашин шүтлэг нь таны хувийн эрх гээд тавиад туучихаж болохгүй байхаа.

Зочин
Зочин
2023-11-21 03:06

Hamba lam 2 jiliin umnuus uuruu Lharamba bagshiig hamba bolgoh tuhai yrij blaa shvdee!! Sayhan gebt Farben shiiidwwr bisheee !!! Ylgaj oilgoj estoi, Uls tur vvnd ymar ch hamaa bhgvi, tegleech manai odoonii Erunhiilugch iim asuudald oroh uhaan dutna gewel doromjilson boloh bh, mongol bagshiig ugiiasaa hamba boloh estoi gj olon lam deedes bagsh auldaj bsan shvv,

Зочин
Зочин
2023-11-21 12:32

Хамгийн уха�##�аг, толгойтой хүмүүс л шашны сурга�##�ь үнэн зөв болохыг мэдсэн бдаг.

Зочин
Зочин
2023-11-21 12:35

ХАМГИЙН УХААЛАГ, ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮС ШАШНЫ сУРГААЛЬ ҮНЭН ЗӨВ БОЛОХЫГ МЭДСЭН БАЙДАГ.

Холбоотой мэдээ

Back to top button