Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 9.5 жилээр богино насалж, амиа хорлолтын 80 хувийг эзэлж байна

11 дүгээр сарын 19 өдөр. Эрчүүдийн олон улсын өдөр.

Дэлхий дахинаа 1999 оноос хойш энэ өдрийг эрчүүдийн асуудалд анхаарлаа хандуулахад зориулан тунхагласан улмаар энэ жилийг Zero Mens Suicide буюу эрчүүдийн амиа хорлолтыг тэглэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Манай улс амиа хорлолтоороо дэлхийд гуравдугаарт, үүндээ эрчүүд эмэгтэйчүүдээс 5 дахин их амиа хорлодог гэсэн судалгаа байна. Мөн Монголд энэ өдрийг албан ёсоор эрчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих өдөр болгохыг уриалсан  ч Монгол эрчүүд өнөөх цэргийн баяр гэх өдөртөө л “дуртай” учир тэгсгээд л өнгөрөв. Харин Монголын эрэгтэйчүүдийн холбоо, "Цэ Пү" эмнэлэг хамтран эл өдрийг эрчүүддээ зориулж, бид зорин очиж сурвалжлав.

-Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 9.5 жилээр богино насалж байна-

Циркийн зүүн талын зам дагуу “Цэ Пү” эмнэлгийг хэн хүнгүй мэднэ байх. Эртнээс л эрэгтэйчүүдийн гэх тодотголтой цөөн эмнэлгийн нэг. Эднийх олон улсын эрчүүдийн өдрийг тэдний эрүүл мэнд, эрх ашиг, боловсрол, хөгжилд анхаарлаа хандуулах, ярилцах, арга хэмжээ авах зэргээр нийтээрээ тэмдэглэдэг болохыг уриалж, эмнэлэг дээрээ 65-аас дээш насны эрчүүдэд үзлэг, шинжилгээ үнэ төлбөргүй хийх өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Бидний төсөөлж очсноос өөр орчин угтав. Учир нь өдөрлөгийг 65-аас дээш насны гэхээсээ илүүтэй нас, насны эрчүүд зорин иржээ. Угтах хэсэгт эмч нар зэрэгцэн байршиж эрдэс, амин дэм, ясны сийрэгжилт мөн цус багадалт зэрэг үзүүлэлтийг үнэ төлбөргүй шинжилж, хариуг тэр даруйд нь гарган шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг зөвлөж байна. Улмаар нарийвчлан үзэх шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, эмчид үзүүлж зөвлөгөө авах учир хүн хөл ихтэй байв.

Өдөрлөгийг хамтран зохион байгуулагч "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-г үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Бадамцэцэг хэлэхдээ,

"Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2003 онд байгуулагдсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, мэдлэг олгох, тулгамдсан олон асуудлыг нь олон нийт, төр засаг, шийдвэр гаргагчдын түвшний анхааралд хүргэх чиглэлээр дэс дараатай ажлуудыг хийж ирлээ.

Үүнээс онцлоход 2008 онд эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлаар анхны чуулганыг хийж тэдний эрүүл мэндийг сайжруулах, эмнэлгийн үйлчилгээг улам олшруулах хэрэгтэй гэж дүгнэж тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

2018 онд УИХ-ын дэргэдэх боловсрол, шинжлэх ухаан соёлын байнгын хорооноос зөвхөн эрэгтэйчүүдийн асуудлаар хуралдаан хийж, 2019 онд Жендерийн үндэсний хороо, Статистикийн төвтэй хамтран дундаж наслалтын судалгаа хийсэн. Судалгааны дүнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.5 жилээр бага насалж гэж гарсан.

Тиймээс ЭМЯ “Эрүүл чийрэг монгол эр хүн” аяныг зохион байгуулж, хөтөлбөр гарган ажиллаж байгаа.  Нөгөөтэйгүүр сүүлийн үеийн тоо баримтыг харахад залуу эрэгтэйчүүд эрт нас барах тохиолдол их байна. Шалтгаан нь зүрх судасны өвчин, цус бүлэгнэлтэй холбоотой гэж үзэж байгаа учраас ЭМЯ бусад төрийн бус байгууллагатай хамтран сайжруулах арга хэмжээг шат дараатай хамтраад хэрэгжүүлж байна. Энэ бүх ажлын нэгээхэн хэсэг нь өнөөдрийн энэ өдөрлөг юм" гэв.

Эрэгтэйчүүдийн холбоо эрчүүдийн хамгийн тулгамдсан асуудал бол эрүүл мэнд. Эрүүл мэндийн мэдлэгийг нь сайжруулах, зөв хооллолт, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ, хөвгүүдийн хооллолт, амьдралын хэв маяг яг одооноос анхаарал хандуулахгүй бол УЛААН ГЭРЭЛ асчхаад, дохио өгсөөр удлаа гэсэн байр суурьтай энд ажиллаж байна.

-Миний эрүүл мэндийг эхнэр "хариуцдаг-

Бид эрчүүдтэй цөөн хором ярилцав. Тэднээс эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг, үзлэг оношилгоонд тогтмол ордог эсэхийг асуусан юм.

Иргэн: Үнэгүй үзлэг хийх юм байна гээд эхнэр хэлэхээр нь ирлээ. Эхнээсээ шинжилгээ өгөөд одоо эмчид үзүүлэх гэж байна. Нэг их үзүүлж, харуулаад байдаггүй. Гэр бүлийн хүн маань миний эрүүл мэндийн асуудлыг "хариуцдаг" даа. /инээв/. Нэг их айхтар өвдөөд байдаг өвчин байхгүй ч нойргүйдэх, шээс ойр ойрхон хүрэх, бүсэлхий нуруугаар чилж өвдөх гээд зовиурууд бол байдаг. Нэлээд ч удаан тоохгүй явлаа. Энд ирээд үзүүлж, харуулж байх хэрэгтэйг ойлголоо.

Иргэн: Би залуу хүн. 65-аас дээш насныхан гэж заасан байсан ч эрчүүдэд зориулсан өдөрлөг гэдэг утгаар нь ирсэн. Миний хувьд жин нэмсэн, даралт ихэддэг, бас өөр ганц хоёр асуудал бий. Эндээс сайн зөвлөгөө аваад явна аа. Байнга үзүүлээд байдаггүй. Үзүүлэхгүй бол алс хэтдээ бүр дордох болов уу гэсэн айдсаар л бараг үзүүлж явна.

Иргэн: Эхнэр нэг газар руу явья гээд дагуулаад ирлээ. Эмчээс сайхан зөвлөгөө авлаа. Богино хугацаанд их юм мэдэж авлаа. Эмнэлэг гэхээр бөөн оочер дугаар цаг нь олддоггүй, ийш тийш явуулдаг гэх ярианаас болоод үзүүлье гэж бодсон ч явдаггүй байсан. Энд бол сайхан шуурхай үзүүлээд, оношлуулаад авлаа. Эрчүүд бид нар чинь эм уух, эмнэлгээр явахдаа хойрго хүмүүс. Эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулчихвал өөрөө явахаас өөр аргагүй болох юм байна гэж ойлголоо.

-Эрчүүдийг эрүүл байлгахын тулд эхнэрүүдтэй хамтран ажиллах шаардлага үүсч байна-

"Цэ Пү" эмнэлгийн эмч Ц.Ариунбаяраас тус эмнэлгийг өдөрт хэдэн хүн зорьж ирдэг, зонхилон тохиолдож буй асуудал нь юу байгаа талаар лавлахад "Хэдэн хүн ирэхээсээ илүүтэй ямар асуудалтай хүмүүс ирэх ёстой вэ гэдгээ мэдэхгүйд анхаарах хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр л бэлгийн замын өвчин гэж ойлгодог. Ер нь бол бидний гол зорилго бол эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх. Үүнийг ойлгохгүй байна. Манай нийгэмд хамгийн хүчтэй бүлгэм бол эмэгтэйчүүд. Эхнэрүүд нөхрөө чирээд ирдэг. Тэд эхнэрийн командаар үзүүлж, эмчлүүлдэг.

Эхнэр нь эрүүл мэндэд нь анхаардаг эрчүүдийн эмчилгээ үр дүнтэй. Эсрэгээрээ нөхрөө анхаардаггүй бүлэг бий. Ийм хүмүүс дээр үр дүн муутай. Тэгэхээр бид эрчүүдийн эрүүл мэндийн асуудал дээр эхнэрүүдийг татан оролцуулмаар байгаа. Эхнэрүүд үзүүлнэ, тэгэхээр эмэгтэйчүүдийн эмч нь нөхөртэйгөө хамт энэ эмийг уугаарай гээд бичээд өгчихдөг. Ингээд эрчүүд үзлэг оношилгооноос хаягдаад байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийг эрүүл байлгахын тулд эхнэрүүдтэй ажиллах шаардлага үүсч байна. Өнөөдөр ч гэсэн энд эхнэрүүд л дагуулж ирсэн байна. Манай эрчүүд ч гэсэн өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг, энэ талын мэдлэг мэдээлэлтэй болох зайлшгүй шаардлагатай. Бид нар эрүүл мэндийн талаар цогц мэдээлэл байнга бэлтгэж нийтэлдэг. Тэрийг эмэгтэйчүүд л уншиж, сонсож, үздэг нь үйлчлүүлэгчдийн ярианаас мэдэгддэг. Тийм учраас энэ өдрийг эрчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг, зөв мэдлэг мэдээлэлтэй болоход бага ч гэсэн нөлөөлөл үзүүлэхээр зохион байгуулж байгаа юм.

-Монгол эрчүүд өвчлөл, амиа хорлолтоор дээгүүр байр эзэлж байна-

Манай улсад 3 дугаар сарын 18-ныг эрчүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Үнэндээ бол энэ нь монгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний баяр учраас баярлаад л өнгөрдөг уламжлал тогтсон. Гэтэл хүн амын 49.1 хувийг эзэлдэг эрчүүд дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөлөөр 1, амиа хорлолтоор 3, зүрхний шигдээсээр 9, тархины цус харвалтаар 2, улаан хоолойн хавдраар 3-т эрэмбэлэгдэж, дундаж наслалт нь эмэгтэйчүүдээсээ 10 жилээр богино байна. Ийм байхад эрчүүдийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах албан ёсны хэмээн зохион байгуулагчид 11 дүгээр сарын 19 буюу дэлхийн эрчүүдийн өдрийг албан ёсоор эрчүүдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг албан ёсны өдөр болгож улс даяар тэмдэглэж байхыг уриалж байгаа нь энэ юм.

Манай улсын нийт хүн амын 49.1% нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 69% нь хотод, 31% нь хөдөө, хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй байна. Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд, 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ.

Эрчүүдийн эрүүл мэнд хамгийн тулгамдсан асуудал хэмээн дахин, дахин хэлж байв. Харин хамгийн ихээр ажиглагдсан нь эрчүүд өөрсдийнхөө эрүүл мэндэд өөрсдөө санаа тавьдаггүй байна. Тийм учраас эхнэрүүд оролцдог, оролцоо нь байгаа учраас санхүүгийн хувьд тэд эхнэрээс хараат байдаг гэв. Өнөөдөр эрчүүдийн эрүүл мэндэд зориулсан үйл ажиллагаа болж байхад энд мөн эмэгтэйчүүдийн оролцоо давамгай байв. Үүнээс юуг дүгнэж болох вэ гэхээр эрчүүд өөрсдийнхөө асуудалд анхаарал хандуулдаггүй нь харагдана. Зөвхөн эрүүл мэнд ч гэлтгүй эрчүүд бүхий л асуудалдаа анхаарлаа хандуулж, эрүүл бие саруул ухаантай чийрэг золбоо хийморьтой манлайлагч бүлэг байхад анхаарлаа хандуулах нэн шаардлагатай байгааг харж болохоор байна.

-Эрэгтэй хүн уйлж болдоггүй гэх хэвшмэл ойлголт эрчүүд асуудлаа дотогшоо нууж, бугшуулдаг-

Энэ жил дэлхий нийтээр Эрчүүдийн өдрийг "Амиа хорлолтыг тэглэе" гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Монголд амиа хорлох тохиолдлын 80 хувийг эрчүүд эзэлдэг. Гол шалтгаан нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, ажилгүйдэл, жендерийн хэвшмэл ойлголтоос үүдсэн сэтгэл гутралаас үүдэлтэй гэж буй.

Эрэгтэйчүүд амьдралын бүх асуудлаа дааж авч явах ёстой, хөдөлмөрлөх ёстой, эрэгтэй хүн сэтгэлийн хаттай гүргэр байх ёстой гэх мэтээр ачааллыг тэдэн рүү чиглүүлдэг хэвшмэл ойлголт эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлгээ, нийгэмд эзлэх байр суурь, шүүх засаглалын шударга бус зэрэгтэй зөрчилдөж тэд амьд явахаас татгалздаг. Эрчүүдтэй нүүр тулаад ярилцахад ажил хөдөлмөр, цалин хөлс муу байна, гадагшаа л явмаар байна гэх нь олонтаа гэв. Мөн эрэгтэй хүн уйлж болдоггүй гэх үгийг хүүхэд байхаас нь хэлдэг учраас эрэгтэйчүүд бүхнээ дотогшоогоо нууж, дарагдуулж дороо бугшуулж явна. Эцэст нь, тэмдэглэхэд эрчүүд өөрсдийнхөө асуудалд эзэн байж, монголчуудын хэлдэгчлэн эр хүн шиг эрвэлзэх шаардлага л тулгамдсан асуудал болоод байна даа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 20, 2023 09:55

Монгол Улс удахгүй сүйрэх нь дээ.

Би эмэгтэй хүн
Би эмэгтэй хүн
11 сар 20, 2023 14:46

эхнэрүүд нь нөхрөө үнэгүй үзлэгт л шахаж шаардаж явуулна үнэгүй юм нь тэгээд үндэслэлгүй. Мөнгөний машинаа эхнэрүүд нь за ашгүй үнэгүй үзлэгт оруулж амжлаа гээд улам л үглэж яншиж мөнгө өг хүүхдийг чинь тэжээе гээд махлаг шун�##�тай гараа тосно . Эцэст нь нөгөө мөнгөний машин нь хуучирч элэгдэхээсээ ч өмнө эд ангиуд нь гэмтэж ашигл�##�таас гарна ингээд эхнэр нь �##�тан загасны үлгэр болно доо. Моя эмэгтэйчүүд минь насан туршдаа хамтдаа аз жарг�##�тай байхын тулд хань ижил хөвгүүд з�##�уусаа хайрла. Монголд эмээсээ эрчүүд нь цөөхөн шүү дээ!!! Эр хүнийг хүндлэн хайрла!

Зочин
Зочин
11 сар 20, 2023 18:47

Худ�##� мэдээлэл тараахаа болиочээ. Дэлхий дээрх амиа хорлолтыг улсаар нь гаргасан статистик байдаг. Монгол 19-т жагссан бна лээ.

Bujin
Bujin
11 сар 21, 2023 04:37

Erchuudee hairliy, eruul mendiin uzlegt +45 oruulj baiy huuhnuudee,

Холбоотой мэдээ

Back to top button