Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Сүрьеэ өвчний халдвар авсан 529 сурагч бусдад ХАЛДВАР ТАРААХ БОЛОМЖГҮЙ гэв

Нийслэлийн Хан уул дүүргийн 15-р сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний  халдвар авсан нь тогтоогдож, сургуулийн эцэг эхчүүд болоод олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргэсэн асуудал өчигдөр гарсан билээ. Ингээд манай сурвалжлах баг шуурхай ажиллаж мэдээлэл бэлтгэлээ.

Эцэг эхчүүдийн хувьд “Сүрьеэтэй байсан багш бүрэн эдгэсэн гэж ажилдаа орсон ч,  ажилгүй байгаа гэж дүүргийнхээ эмнэлэгт хэлээд эмчээс эмч авч уусан байна лээ. Мөн сургуулийн захиргаа сургуулийнхаа 3/1 орчим сурагчийг сүрьеэ өвчний халдвар авах эрсдэл бий болоод байхад энэ асуудлыг нуун дарагдуулж, дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрч халдварын тархалтыг ихэсгэлээ. 15-р сургуулийн сурагчид одоо өөр сургууль руу шилжин суралцах  ч боломжгүй боллоо. Хүүхдүүдэд дахин сүрьеэ өвчний халдвар авсан ч хөнгөвтөр байдлаар нөлөөлөх эмийг хэрэглүүлэх гэлээ. Тухайн эм нь мөн элэг задруулах сөрөг нөлөөтэй гэсэн” хэмээн маш их бухимдсан байдалтай байв.

Эцэг эхчүүдийн төлөөлөл: Бидний хардаж байгаагаар 2016 анх өвчилсөн гэх хоёр багш сургуульд тархсан сүрьеэ өвчний голомт гэж бодож байна

Эцэг эхийн төлөөлөл “Сургуульд сүрьеэ өвчний халдвар гарсан талаар би болон бусад эцэг эхчүүд хоёр гуравхан хоногийн өмнө мэдсэн. Гэтэл өнөөдөр өглөө (05/14) бидэнд хурал зарлан тайлан тавихад анхны тохиолдол 2016 онд бүртгэгдсэн гэж байна. Үүнээс харахад эцэг эхчүүд бид уг сургуулийн сүрьеэгийн халдварын голомтыг тэр хоёр багш гэж бодож байна. Одоо 2019 онд 1800 гаруй хүүхэдтэй уг сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчин тусч, үүний ард маш олон хүмүүст халдвар тарж болно.

Мөн гурван жилийн өмнө гарсан хэргийг нууж ийм байдалд хүргэсэн сургуулийн захиргаад эцэг эхчүүд гомдолтой байна. Мөн бид эрт мэдсэн бол сургуулийн захиргаатай хамтарч ажиллах байсан. Ядаж л сургуулийн орчныг дээшлүүлж, кварцын гэрэл гэх  мэт зүйлс дээр санхүүгийн туслалцаа үзүүлж болох байлаа. Гэтэл одоо ийм нөхцөл байдал үүсээд байна. Сургуулийг хаах хэрэгтэй юу? Сургууль хаалаа гээд 15-р сургуульд сурч байсан хүүхдүүдийг өөр ямар ч сургууль хүлээж авахгүй учир энэ асуудлаа шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Ийнхүү бид сургуулийн захиргаатай уулзахаар өрөөг нь зорилоо. Нийслэл болон дүүргийн салбар салбарын албаны хүмүүс ирсэн байсан юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн  сүрьеэ диспансерын зохицуулагч эмч Э.Пагмасүрэн байсан юм. Тэрээр 2017 оноос энэ албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 15-р сургуультай хамтран сүрьеэгийн эмчилгээ үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавьдаг байжээ. Түүний хэлж буйгаар эцэг эхчүүд 529 хүүхэд сүрьеэ өвчин туссан, цаашид халдварлах боломжтой хэмээх буруу ойлголтыг тээн явж байна. Бид хэчнээн тайлбарласан ч тэд энэ өвчин агаар дуслаар халдварладаг дахин дамжих боломжтой гэх мэтээр ойлгож байна хэмээн мэргэжлийн эмчийн хувьд тайлбар өглөө.

Э.Пагмасүрэн: 529 хүүхэд сүрьеэ өвчний идэвхгүй халдвар авсан, бусдад халдвар тараах боломжгүй

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн  сүрьеэ диспансерын зохицуулагч эмч

Тэрээр “Эцэг эхчүүдийн хувьд буруу ойлголттой байгаа. Эдгээр хүүхдүүд нь сүрьеэгийн идэвхгүй халдвар авсан, бусдад халдвар тараах боломжгүй. Ер нь бол монгол хүмүүсийн 10 хүн тутмын найм, дэлхийд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн идэвхгүй халдвартай гэсэн тоо баримт байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн 1/10 нь дархлаа суларсан үедээ сүрьеэ өвчин тусч болно гэсэн үг. Иймд бид хүүхдүүдэд авч болдог эмийн эмчилгээг хийж байгаа юм. Зарим эцэг эхчүүд шинээр гарсан эмийг туршиж үзэх гэж уулгаж байна гэж ярьсан байсан. Энэ эмийг ДЭМБ-аас зөвлөдөг бөгөөд манай улс 1959 оноос хэрэглэж эхэлсэн. Сөрөг нөлөөний хувьд элэг задлах аюултай ч 2/100 тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэсэн тоон үзүүлэлт байгаа. Мөн эдгээр эмүүд нь өвчлөлтэй хүмүүст үнэгүй тараагддаг байгаа” хэмээн ярив. 

Бид сургуулийн захирлаас яриа авахыг хүлээнгээ сургуулийн ажилтан багш нартай ярилцаж амжсан юм.

ХУД 15-р сургуулийн багш нарын төлөөлөл: Бусад сургуулийг бодвол түрүүлж үзлэгт хамрагдсанаараа бид давуу талтай, гэтэл эсрэгээрээ хамгийн их анхааралд өртөж байна

Тэдний хэлж буйгаар, бид хавар намартаа нэг удаад сургуулиараа рентген гэрэлд харуулж байсан. Эмч маань хүүхдүүдтэй бүрэн тулж ажиллаж, үнэхээр сэтгэлээсээ хандаж ажилласан. Энэ дөрөвдүгээр сард бүх ажилчид сурагчдыг хамарсан хамгийн үр дүнтэй сорьцын шинжилгээ өгсөн нь энэ. Одоо яахаа сайн мэдэхгүй байна. Дээрээс ирсэн тушаалын дагуу л ажиллах байх даа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд манайхаас өөрөөр нийслэлд сүрьеэ өвчний тохиолдол илэрсэн 90 сургууль байдаг. Манайх хамгийн анх бүх сурагчдадаа үзлэг шинжилгээ хийлгэж бүгдэд хүрч ажилласнаараа ийм их тоо баримт гарч байгаа байх гэж бодож байна. Холбогдох газрууд бусад халдвар гарсан бусад сургуулиудад ч ийм шинжилгээг хийнэ гэсэн шүү хэмээн ярьцгааж байлаа.

Ө.Шүрэнцэцэг: Багш анх халдвар авсан 38 сурагчид халдвар тараасан гэдэг нь нотлогдоогүй ч өвчтэй байхдаа хичээл заасан нь тогтоогдсон

ХУД-ийн 15 дугаар сургуулийн захирал

-Анх сургуульд сүрьеэгийн тохиолдол хэзээ бүртгэгдсэн бэ?

- “2017 онд эцэг эхээс танай багш сүрьеэгээр өвчилсөн байна гэх мэдээлэл ирж тухайн багшийг өвчилсөн байгааг мэдсэн. Улмаар тухайн багш маань эмчилгээ хийлгэж 2017 оны 9-р сард бүрэн эдгэсэн, ажилдаа ормоор байна гээд ирэхэд нь шууд ажилд нь оруулалгүй жил амраад ир гээд чөлөө өгөөд явуулсан. Харин өнгөрсөн намар тухайн багш маань бүрэн эдгэсэн гэх ХСҮТ-ийн эмчийн бичигтэйгээр ирж, 100 хувь эдгэсэн гэсэн учраас ажилд нь оруулсан. Бид 2017 оноос хойш жилд хоёр удаа сурагчдыг 100 хувь үзлэгт оруулж байсан. Энэ дөрөвдүгээр сард сорьц авч, эцсийн дүнгээр 529 сурагч халдвар авсан нь тогтоогдсон.

-Яагаад эдгээр сурагчид эм уух болсон бэ?

-Мэргэжлийн эмч нар хэлэхдээ Нийслэлийн хэмжээнд 90 сургуульд сүрьеэгийн тохиолдолд бүртгэгдсэн. Үүнээс манай сургууль сүүлийн хэдэн жил дэх тохиолдлууд бүртгэгдсэн учир бүрэн шинжилгээ хийж, урьдчилсан сэргийлэх замаар эм уух болсон. Цаашлаад сүрьеэ бүртгэгдсэн бүх сургуулиудад нийтийн үзлэг шинжилгээ хийгдэнэ гэсэн.

-Сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авч байна?

-Бид жилдээ хоёр удаа үзлэгт хамрагддаг. Долоо хоног бүр халдваргүйжүүлэлтийн цэвэрлэгээ хийдэг. Сургуульд 275 цонх байдаг, үүнээс 200 цонхыг эхчүүд болон бид сургуулийн төсвөөр вакум болгож агаарын солилцоог сайжруулсан. Манай сургуульд агаар шүүгчтэй 22 анги танхим бий. Мөн зургаан кварцын гэрэл байгаа, хичээл тарсны дараа бид бүх ангиудад ээлжлэн кварцыг асаадаг. Сургууль 1974 онд баригдсан, тодорхой хэмжээнд муудсан хуучирсан. Энэ жил сургуулийнхаа хашаанд өргөтгөл барихаар төлөвлөсөн байгаа.

-Анх 2017 онд 38 сурагч нэг багш сүрьеэ өвчин авсан гэж бүртгэгдсэн. Тэгвэл тэр сурагчид тухайн багшаас халдвар авсан уу?

-Анх халдвар авсан гэх сурагчид маань хаанаас хэнээс халдвар авсан нь тодорхойгүй байгаа. Тухайн үед мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг байгуулагдаж манай сургууль дээр ажилласан. Ямартай ч манай багш өвчтэй үедээ хичээл орж байсан нь тогтоогдсон ч тэдгээр хүүхдүүдэд халдвар өгсөн эсэх нь тогтоогдоогүй.

-Б.Баттогтох гэх багшийг сүрьеэ өвчин тараасан голомт багш гэж байгаа. Энэ багш үнэхээр сүрьеэ өвчтэй юу?

-Эцэг эхчүүд маань бухимдалтай байлгүй яахав, гэхдээ хэнээс асууж тодруулсан юм бол доо. Б.Баттогтох багшийг сүрьеэтэй багш гэсэн байсан. Зүгээр л хэн нэг хүнээс биеийн тамирын багшийн талаар асуугаад тэр багшийг өвчтэй гэж ярьж байгаад харамсалтай байна. Б.Баттогтох багш манайд биеийн тамирын багшаар ажилладаг ч сүрьеэгээр өвчилсөн багш биш, өөр хүн байгаа. Тэр багш одоо 100 хувь эдгэчихсэн халдваргүй гэж эмч нотолсны дараа ажлаа хийж эхэлсэн. Эцэг эхчүүд халдвар авсан 529 хүүхдэд 2017 онд сүрьеэгээр өвчилсөн багшийг халдвар өгсөн гэж бодож байгаа. Миний хувьд энэ өвчлөлийг тараагаагүй гэдгийг нь итгэлтэйгээр хэлж байна.

-СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН ГЭХ БАГШ 50 НАСТАЙ ЭМЭГТЭЙ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БАЙЖЭЭ-

ХУД-ын 15-р сургуулиас нэг багш 2017 онд сүрьеэ өвчтэй хэмээн бүртгэгдсэн бөгөөд тухайн багш нь биеийн тамирын эмэгтэй багш байжээ. Бид тухайн багшаас энэ талаар тодруулахаар залгасан ч тэрээр утсаа аваагүй юм.  

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

ВИДЕО БИЧЛЭГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button