СПОРТСурвалжилга, Нийтлэл

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталж яваа шилдгүүд

Спорт залуу насны ажил. Тамирчны замнал цахилаад л өнгөрдөг гэдэг. Тийм богино хугацаанд өдөр бүр хичээж, бусдаас илүү хөдөлмөрлөсөн хүн л амжилтад хүрнэ. Спорт бол зөвхөн залуу насны ажил биш, нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталж, дутуугаа гүйцээж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Бусдад үлгэрлэн, эрч хүч хайрлаж яваа тэднээс заримыг нь онцоллоо.

81 НАСАНДАА ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛСОН ТӨМӨРБАТЫН ЦЭРЭНДОЛГОР

“80 нас хүрэхээрээ юу хийж бүтээн, бусдад үлгэрлэж чадах вэ” хэмээн өөрөөсөө асуув, ер нь хэрхэх бол гэж нэлээд бодлоо, би. Энэ асуултыг уншигч та бүхнээс ч бас асууя. Олонх нь “Хийдгээ хийчихсэн, гавьяаныхаа амралтыг эдэлнэ” хэмээн хариулах болов уу. Тэгвэл хөнгөн атлетикийн тамирчин Төмөрбатын Цэрэнндолгор гуай амжилт, амьдралын хэв маягаараа спорт зөвхөн залуу насны ажил биш, нас бол тоо гэдгийг баталж явна.

АЗИЙН ГУРВАН ДЭЭД АМЖИЛТЫН ХОЁРЫГ НЬ 22 ЖИЛИЙН ДАРАА АХИУЛСАН

Өдгөө 81 настай тэрбээр энэ жил Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан. Өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль хүртэхдээ Азийн гурван дээд амжилтыг шинэчлэн, өдгөө эзэмшиж байна. Түүний таван метрээр ахиулсан жад, зээрэнцэг шидэлтийн амжилт шинэчлэгдээгүй 22, бөөрөнцөг түлхэлтийнх зургаан жил болоод байсан юм билээ.

Ч.НАЙДАН БАГШИЙН ШАВЬ

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат тэрбээр Хүн, эмнэлгийн техникумын нэгдүгээр дамжаанд сурч байхдаа 1964 оны олимпын наадамд тугчаар оролцсон Ч.Найдан багшийн шавь болжээ. Хөдөөнөөс ирээд удаагүй, бүрэг ичимхий байсан түүнд анхандаа өмсгөл өмсөх шиг хэцүү юм байгаагүй гэдэг. Хичээлийн хажуугаар ачаалалтай бэлтгэл хийх амаргүй, үе үе шантарна. Багшдаа “Больё” гэхээр “Сургуулиас хасна шүү” гэж айлгана. Нээрэн л хасчих юм байхдаа гэж айгаад л бэлтгэлээ хийж. Тухайн үед Нийгэмлэгийн АШТ-д түрүүлсэн нь түүнд маш их урам өгсөн. Сарын дараа болсон оюутан, залуучуудын анхдугаар наадамд түрүүлж, улсын дээд амжилт шинэчилснийхээ дараа хөнгөн атлетикаар тууштай хичээллэхээр шийджээ.

Сургуулиасаа хасагдчих вий гэж айсандаа хичээллэж байсан түүнд өндөр амжилт гаргах боломж, нөөц байгааг ухааруулсан. Тухайн үед Т.Цэрэндолгор гуай 18 настай байлаа. 

Сургуулиа төгссөний дараа тухайн үеийн “Алдар” нийгэмлэг (өдгөө спорт хороо болсон)-ийн тамирчин болсон. Тэнд Ч.Найдан багшийн удирдлагад бэлтгэлээ базаан, тэмцээнд оролцдог байлаа. 1961 онд БНАСАУ-д болсон социалист орнуудын армийн тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь гадаадын дэвжээнд гаргасан анхных нь амжилт.

УЛСААС ӨГСӨН ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛСЭЭР ЭХ ХҮНИЙ ЖАРГАЛЫГ ЭДЭЛЖ ЧАДААГҮЙ

Т.Цэрэндолгор гуай залуудаа олон улсын тэмцээнд дөрвөн удаа өрсөлдөхдөө гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хөнгөн атлетикийн спортоор тууштай хичээллэх, амжилт гаргахын төлөө амьдралаа 180 градус эргүүлсэн эрхэм. Тамирчин хүн чамгүй олон зүйлийг золиослон, хувийн амьдралаа хойш нь тавин байж амжилтад хүрдэг. Нөгөө талаар улсаас тухайн үеийн тамирчдыг хүүхэд төрүүлэхийг хориглодог байлаа. Т.Цэрэндолгор гуай хоёр ч удаа үр хөндүүлсэн гэдэг. Энэ тухай тэрбээр “Залуу байхад тэмцээн, уралдаан амьдрал гэсээр үрийн зулай үнэрлэх сөхөө гараагүй. 25 насандаа спортын мастер цолны болзол хангасныхаа дараа “За одоо болно, үр хүүхэдтэй болъё” гэтэл хэтэрхий оройтсон байж, хожим ухаарсан юм билээ. Хүүхэд дахиж олоогүй. Залуу байхад үр хүүхэдтэй болж, эх хүний жаргалыг эдэлсэн бол гэж боддог, харамсдаг байлаа. Одоо эгч, дүү нарынхаа хүүхэд, зээг нь хараад сэтгэл сэргэдэг, тэр талаар аль болох бодохгүй, сэтгэлээ үймүүлэхгүй байхыг хичээдэг” гэсэн.

64 НАСАНДАА СПОРТООР ДАХИН ХИЧЭЭЛЛЭСЭН

Т.Цэрэндолгор гуай улсын дээд амжилтыг 18 удаа шинэчлэн, амжилт ид гаргаж явахдаа амьдрахын эрхэнд спортоосоо хөндийрсөн. 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөн, ХААЯ, ХААИС-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ. Бие нь чилээрхэн, “Юу хийх вэ” гэж нэлээд бодож. Тэгээд 64 насандаа спортоор дахин хичээллэжээ. Хэдхэн өдөр бэлтгэл хийгээд үр дүн нь шууд гарсан, бие өвдөхөө больсон гэнэ лээ.

ДАШТ-ий 25 МЕДАЛЬТАЙ

81 настай Т.Цэрэндолгор гуай өдгөө дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, ДАШТ-ий найман алт, 11 мөнгө, зургаан хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 30-аад медаль хүртээд байна.

 85  НАСАНДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ЦЭРЭНГИЙН РАДНАА

Гурван жилийн өмнө нэгэн телевизээр “Зайсан толгой дээр ганц ч амралгүйгээр гүйгээд гардаг гайхалтай өвөө” хэмээн нэгэн хүнийг онцолсон нь спортын мастер Цэрэнгийн Раднаа гуай юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй. Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй, Азийн дэд аварга тэрбээр есдүгээр сард өмнө Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчлэн, Монгол Улсын нэрийг дэлхийд дахин дурсгасан юм.

Монгол хүний шандсыг дэлхийд гайхуулж яваа Ц.Раднаа гуай ханьтайгаа, 10 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч буйдаа ихэд баярладаг гэнэ лээ.

Ц.Раднаа гуай 1958 онд тэтгэвэрт гаран, аймгийнхаа төвд амьдарч байгаад 1990 онд зах зээлийн ороо бусгаа үетэй золгожээ. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр хүүхдүүдээ тэжээж хүрэхгүйд хүрсэн тул хөдөө гарч, мал малласан гэнэ. Тэднийг гүү их уядаг байж. Өглөө бүр явган гүйж очоод адуугаа хураадаг байсан гэнэ лээ. Тиймэрхүү амьдралын орчин, хэв маяг их бэлтгэл болж, өнөөгийн амжилтад нь их нөлөөлдөг нь мэдээж.  Ц.Раднаа гуай 10 гаруй жил мал маллаад 2006 онд Улаанбаатар хотод шилжиж иржээ.

Багадаа “Цагаан зээрийн янзага” гэдэг хочтой байсан тэрбээр өглөө бүр 06.00 цагт босон, Зайсан толгой өөд, Туул голын дагуу гүйдэг. Бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтэлээ базаадаг. Гэртээ байхдаа найман кг жинтэй гантил өргөдөг, хөл, гараараа тус бүр 20 удаа. Сэнжээр нь хөлөндөө углаж байгаад, хэвтэж байгаад ч өргөнө.

Монголд ахмадын УАШТ 70-аас дээш насны ангилалтай. 75-80, 80-85 ч юм уу өөр ангилал байдаггүй. Тэгэхээр Ц.Раднаа гуай 70-аас дээш настай бүх тамирчинтай өрсөлддөг гэсэн үг. Өөрөөсөө 15 насаар дүү тамирчидтай хурд сорьдог ч байнга түрүүлдэг.

77 НАСАНДАА ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ, УЛСЫНХАА ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛСЭН БҮЖИЙН ЖАЛБАА

Олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчдын нэг Бүжийн Жалбаа гуайг уншигчид андахгүй. Олимпын наадамд хоёр, насанд хүрэгчдийн ДАШТ-д нэг удаа өрсөлдсөн тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат. Насанд хүрэгчдийн УАШТ болон Бүх ард түмний спартакиадад нэг түрүүлсэн Б.Жалбаа гуай улсынхаа дээд амжилтыг дөрвөн удаа шинэчилсэн. Греноблийн олимпод оролцсоноосоо хойш олон улсын тэмцээнд өрсөлдөөгүй байсан тэрбээр энэ жил 77 насандаа Японд Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. Өдий насандаа, 51 насандаа олон улсын тэмцээнд түрүүлснээр бахархахгүй байх аргагүй.  

Тэшүүрээс гадна үндэсний сур, шагайн харваагаар хичээллэдэг нь түүний онцлог. 

Үндэсний сурын ахмадын УАШТ-ий дөрвөн түрүүтэй Б.Жалбаа Монгол Улсын хүндэт мэргэн цолтой. Шагайн харвааны харьшгүй мэргэн цолтой тэрбээр улсын хоёр удаагийн аварга.

Тэрбээр үндэсний сур, шагайн, харваа тэшүүрийн спортын 1000 гаруй шавьтай. Улсын наадмын түрүү харваа Пунсалдулам тэргүүтэй олон шилдэг түүний шавь.

Тэшүүрийн спортоор гаргасан түүний амжилт нэлээд жин дарна. Гэтэл өнөөг хүртэл Гавьяат байтугай олон улсын хэмжээний мастер цол аваагүйд тань олон хүн гайхдаг юм билээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Үүнийг хүмүүс их гайхдаг. Хэвлэлийнхэн хүртэл ОУХМ цолтой гээд андуураад биччихдэг. Олимпод хоёр, ДАШТ-д нэг удаа өрсөлдсөн би тэшүүрийн спортоор 65 жил хичээллэж байна. Насанд хүрэгчдийн ангилалд УАШТ-ий нэжгээд, олон улсын тэмцээний 10-аад медальтай. ОУХМ цолны болзлыг залуудаа хангасаан. Энэ талаар хөөцөлдөж байгаагүй. ОУХМ цолоо авъя гээд гүйлтэй биш. Би ер нь алдар нэр, гавьяа шагналын араас хөөцөлддөг хүмүүсийг ер ойлгодоггүй. Тэгэх ёстой дургүй” гэсэн юм.

Б.Жалбаа гуай ирэх жил Австрийн Инсбрук хотод болох ахмадын олимпын наадамд хурд сорих бодолтой явна. Олимпод анх өрсөлдсөн орондоо 78 насандаа мөрөө гаргана гэж бодохоор түүнд их сайхан санагдаж байгаа нь мэдээж.

ДЭЛХИЙН ДӨРВӨН УДААГИЙН АВАРГА ЦЭРЭНДОРЖИЙН ОЮУНЧИМЭГ

Хүндийг өргөлтөөр эмэгтэйчүүд битгий эрчүүд хичээллэхэд хүнд спорт. Тамирчин хүн асар их тэсвэр тэвчээр гарган байж амжилтад хүрдэг. Тэгвэл эмэгтэй хүн эл спортоор тэтгэвэрт гарсныхаа дараа ч амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадахыг үлгэрлэж яваа тамирчин бол ОУХМ Цэрэндоржийн Оюунчимэг. Тэрбээр залуудаа Хил хамгаалах ерөн­хий газарт бригадын генерал Д.Ганбаатарын туслахаар ажилладаг байсан юм. Гэтэл 2011 онд цэргийн байгууллагад ажиллаж буй 45-аас дээш нас­­ны эмэгтэйчүүдийг тэтгэ­вэрт гаргах тушаал гарчээ. Ц.Оюунчимэг өнөөх ангилалд нь багтаад ажилгүй болж. Юу хийх учраа эс олоод, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзжээ. Тэд арван жилийн найзууд. Тухайн үед “Найз нь ажилгүй болчихлоо. Тавь дөхөж яваа надад ажил олдохгүй бололтой. Гэртээ зүгээр суугаад байхаар таргалаад, бие өвдөөд байх юм” гээд учирлж. Тэгэхэд нь Ерөнхийлөгч “Заавал дахиж өөр ажил хийх гээд яах вэ. Миний найз спортоор хичээллэ. Эрүүл мэндэд чинь ач тустай. Энэ бол өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт шүү. Хичээллэх боломжтой олон төрлийн спорт бий шүү дээ. Өөртөө аль ойр дөхмийг нь сонгоорой” гэж түүнд зөвлөжээ. Тэгээд нэлээд бодож байгаад хүндийг өргөлтөөр хичээллэхээр шийдэж, Я.Дөрвөнжин дасгалжуулагчтай уулзахад нь дуртай зөвшөөрчээ. Ц.Оюунчимэг тэгж хүндийг өргөлтийн спортод 49 настайдаа, 2011 оны наймдугаар сард хөл тавьжээ. Тухайн үед түүнд тив, дэлхийн аварга больё, олон рекорд тогтооё гэсэн бодол ер төрөөгүй.

Спортоор хичээллэж, эрчимтэй хөдөлбөл даралт ихсэхээ больж, эрүүлжих байх, чөлөөт цагаа спортлог өнгөрүүлье гэж л бодсон гэдэг.

Хүндийг өргөлтөөр хичээллэснээсээ хойш ганцхан жилийн дараа ДАШТ-д оролцохдоо мөнгөн медаль хүртжээ. Олон улсын анхныхаа тэмцээнд хүч сорьсон нь тэр. Тэгэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөсөн юм. Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ өнөөх тамирчнаас 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 болгожээ.

Өдгөө 57 настай Ц.Оюунчимэг энэ жил ДАШТ-д дөрөв дэхээ түрүүлсэн. Дэлхийн дээд амжилтыг 14, Азийнхыг 23 удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг түүнд ДАШТ-ий хоёр мөнгөн медаль бий.

Эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангиллын +87 кг-ын жинд өрсөлддөг тэрбээр өнгөрсөн сард АНУ-д болсон Дэлхийн цомд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчилсэн. Улмаар тус тэмцээнээс долоо дахь алтан медалиа хүртсэн юм.

Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин Ц.Оюунчимэг одоогоор ДАШТ-ий дээд амжилтыг нийлбэрээр 138, гран пригийнхийг 151, Азийн АШТ-ийг 131 кг-аар тус тус эзэмшиж байна. Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны туйванч түүнд гран при ангиллын тэмцээний дөрвөн алтан медаль, мөн тооны аваргын цом бий.

65 НАСАНДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ТУЙВАНЧ

Нас бол тоо гэдгийг амжилтаараа батлан, үлгэрлэж яваа тамирчдын нэг нь яах аргагүй Ш.Лхагваа. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат тэрбээр цэргийн алба хааж байхдаа хүндийг өргөлтөөр анх хичээллэжээ. Сүхээ багшийн шавь Ш.Лхагваа гуай 48, 52 кг-д шинэчилсэн Монгол Улсын дээд амжилтаа өдгөө ч эзэмшдэг. Залуудаа Монголдоо цойлж, УАШТ-д найман удаа түрүүлэн, улсынхаа дээд амжилтыг 16 удаа шинэчлэн, 1980 онд ОУХМ болсон ч олимп, ДАШТ-д оролцох мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Улмаар гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа спортоос зургаан жил хөндийрөн, өөр ажил хийжээ. Тэгж явсаар 2005 онд  дутуугаа гүйцээхээр дахин хичээллэж, тэмцээнд оролцож эхэлсэн юм.

ДАШТ-ий гурван мөнгөн медальтай, дөрвөн жилд болдог, олимпын бус төрлийн спортоор хичээллэдэг тамирчдын олимп гэгддэг дэлхийн наадмын гурван түрүүтэй тэрбээр энэ жил анх удаа дэлхийн аварга болсон. Дэлхийн наадамд гурав түрүүлнэ гэдэг дэлхийн дэвжээнд сүүлийн 12 жил босоо яваа гэсэн үг.

Түүнд пауэрлифтингийн ДАШТ-ий хүрэл медаль бий. Дэлхийн дээд амжилтыг дөрөв, Азийнхыг гурван удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг тэрбээр өнгөрсөн жил Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны оны шилдэг болж, “Алтан хараацай” шагналыг гурав дахиа хүртсэн юм.

64 НАСАНДАА ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛСОН ТЭШҮҮРЧИН

Монголчууд авьяастай, ур чадвартай ч өвлийн спортын төрөлд төдийлөн өндөр амжилт гаргаж байгаагүй. Мэдээж залуучуудын олимпын аварга Б.Сумъяагийн амжилтыг эс тооцвол шүү дээ. Тэгвэл өнгөрсөн жил Италид болсон тэшүүрийн ахмадын ДАШТ-ээс  Лувсанлхагвын Алтанцэцэг 64 насандаа мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм.

Зөвхөн тэшүүр төдийгүй өвлийн спортын түүхэнд Монголдоо анхдагч болсон тэрбээр тэшүүрийн спортоос мэндэлсэн гурван Гавьяат тамирчны нэг Л.Дашням агсны төрсөн дүү.

УАШТ-ий 15 түрүү, олон улсын тэмцээний найман медальтай Л.Алтанцэцэг ОУХМ цолны болзол хангасан Монголын анхны тэшүүрчин.

Өдгөө 65 настай тэрбээр УАШТ-ий 50 гаруй медальтай, улсынхаа дээд амжилтыг 40 орчим удаа шинэчилжээ. 3000 метрийн уралдаанд рекорд эзэмшдэг байсан түүний амжилтыг Б.Ургаацэцэг 34 жилийн дараа буюу 2010 онд ахиулсан юм. Л.Алтанцэцэг 2015 оноос хойш ахмадын олон улсын тэмцээнд оролцож байна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-09 16:47

НАС ЮУ ГЭЖ ЗҮГЭЭР ТОО БАЙДАГ ЮМ.ХААНААС НЭГ ИЙМ БАЛАЙ ҮГ ЦЭЭЖИЛЧИХЭЭД СОЛИОРООД БАЙГАА ЮМ.НАС БОЛ НАС.НАСАА ДАГААД ХҮНИЙ БИЕ СЭТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ ЮМ БАЙЛАЙ МИНЬ ЭЭ.НААД ХҮМҮҮС ЧИНЬ БИЕ САЙТАЙ Л УЛСУУД. ХҮН БОЛГОН ИЙМ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

номт
номт
2019-11-09 17:19

Нас бол зүгээр тоо гэж юу байхав дээ ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ нас бол үхжилт хөгшрөлт ухр�##�т ун�##�т буур�##�т энэ бол гашуун ч гэсэн үнэн үг.

Мөнх
Мөнх
2019-11-09 20:47

Спортоор хичээллэж өөрийгөө сайхан авч яваа ахмадуудаа баяр хүргэе! Хүн болгон ийм сайхан үлгэр дуури�##�тай байгаасаа!!! Спорт бол дэлхийд эх ороноо сайн таниулдаг тийм сайхан үйлс шүү. Хүмүүс ээ спортоор хичээллэж сориорой!!! Бүх насаараа спортоор хичээллэх сайхан шүү!!!

LesOrdiff
LesOrdiff
2020-01-20 16:16

Switching From Prednisone To Cortef Viagra Testo [url=http://cialibuy.com]Cialis[/url] Best Prices For On Line Levitra Viagra Samples For S

StevSlarie
StevSlarie
2020-01-26 20:02

Purchase Amoxil [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Whexenical No Prior Prescritption Cialis Buy Celexa From Canada

MatFuse
MatFuse
2020-01-31 04:31

Doxycycline Venta Online http://cialibuy.com - cialis generic Vente Baclofen 25mg Buy Cialis Acheter Viagra A Geneve

Холбоотой мэдээ

Back to top button