Түр хоноглох төвд учран, архинаас гарсан хосын түүх: "Нөхөр маань сонсголгүй тул 15 дэвтэр дүүргэн, дотноссон"

Тэд Нисэхийн эцэст цэмбийтэл төвхнөжээ. Их таван ханатыг хивсээр чимэглэж, хоёр биедээ яв цав тохирсон тавилга, ор, эд хэрэглэлээр гэрээ тохижуулсан байна. Үүнийг онцлон тэмдэглэхийн учир нь энэ хос өнгөрсөн гуравдугаар сард Нийгмийн хамгааллын тусгай төвөөс тусдаа гарчээ.
Тодруулбал, архины хамааралтай, орон гэргүй гудамжны тэнэмэл иргэдийг түр хоноглуулах, улмаар бие даасан амьдралд шилжихэд нь дэмжиж туслах үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвөөс удаан хугацаанд үйлчилгээ авсны эцэст тэд хорт зуршлаасаа ангижирчээ. Нэгэнт архинаас гарч, мөн бие биедээ сэтгэлтэй болсон учир Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон нь дэмжиж, нэгэн айл гал голомтоо бадраасан нь энэ.

Тус төвийн онцлог нь хоёр хүн хоорондоо учраа олсон бол өөрсдөө мэдээд амьдар гээд хаалганыхаа гадаа гаргачихдаггүй. Тийм ч учраас энэ хоёр хүний гэр бүл, ах дүүс, хамааралтай бүхэнтэй нь уулзалтууд хийж, зөвшилцсөн. Архины хамааралтай үеэр нь төсөөлж хүлээж авахгүй гэсэн хамаатан саднуудад зөв ойлголт мэдээлэл өгч ажилласны эцэст нөхрийн төрсөн ах дүүсийг бараадуулан амьдруулахаар болсон. Ингээд тус төвийн харуул хамгаалалтын ажилтан гэр олж өгсний эцэст О.А -гийн гэх энэ айл бий болжээ.
Гэрийн эзэн сонсголын бэрхшээлтэй учир гэргий нь бүхнийг уйгагүй бичиж ойлгуулах аж. Анх танилцаад амьдрал зохиож тусдаа гарах хүртэлх жилийн хугацаанд 15 зузаан дэвтрийг дуустал бичиж дуусгасан хэмээн гэргий нь инээмсэглэнэ. Анх надаас “Чи бичиж чадах уу” гэж асуусан гэж нэмж хэлэв.
-Ачлагаар ирсэн 60 хүний дундаас эхнэрээ олж харсан-
-Та хоёр ямар амьдрал туулж явсаар “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д очсон бэ?
Нөхөр: Анх эхнэр, хүүхдээсээ салаад тэнэмэл амьдралд хөл тавьсан. Энд тэндгүй, орц хонгилоор олон жил явсны эцэст хүндээр өвдөж эмнэлэгт хэвтсэн. Миний сонсгол уг нь зүв зүгээр байсан. Тэгээд сүрьеэгийн эмнэлэгт 10 сар хэвтээд хүчтэй эм тарианаасаа болсон уу, сонсголгүй болсон.
Сонсголгүй, гэр бүлгүй, хэн ч намайг тоохгүй, харьцахгүй тэр жилүүдэд сэтгэл санаагаар унаж архи улам их ууж эхэлсэн. Сэтгэлээ засна гэж ярьдаг даа. Ингэж явсаар байгаад 2019 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст цагдан хоригдож байгаад “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д очсон. Тэнд дөрвөн жил байх хугацаандаа асар их юм бодсон доо.
Хамгийн олзуурхмаар нь архи гэдэг юм хамгийн хэрэггүй, ашиггүй зүйл болохыг ойлгож жигшсэн. Би л өөрөө засарчихвал аятайхан амьдраад явж болно гэдгийг төвийнхөө багш нарын хичээлээс ойлгосон. Энэ байгууллагын дарга, багш, ажилчид хэн ч наашаа харахаа байсан тэр олон зуун хүнийг ямар сайхан хүлээж авч, сэтгэл санааны дэмжлэг өгдөг гэж санана. Би анх очихдоо маш их турсан, сэтгэл санаагаар уначихсан, арайхийн хөл дээрээ тогтож байлаа. Гэтэл намайг ямар сайхан болгосон гэж санана. Монгол Улсад алдаж, ядарч, зүдэрч адлагдаж яваа хүмүүсийг тосоод авдаг ийм газар байгаад бүх нийтээрээ баярлах хэрэгтэй.

Эхнэр: Өмнө нь хөдөө нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдарч байсан. Гэр бүлийн хүн маань архины хамааралтай, агсам согтуу тавина, аяга тавгаа хэмхчинэ. Миний сэтгэлзүй маш их гэмтсэн байсан учраас хамт уучихвал яадаг юм бол гээд анх уусан. Тэрнээс хойш даамжирсаар архины хамааралтай болж эхэлсэн. Хөдөө орон нутагт ажил төрөл олдохгүй бас хэцүү шүү дээ.
Нэг өдөр би хот руу ажил хийнэ гээд ирсэн. Ингээд барилга дээр ажиллаж цалин аваад найзуудтайгаа дарвиад, энэ үеэс архинд гүнзгий орж эхэлсэн. Хоёр жил гаруй уусан шүү. Сүүлийн нэг жил бараг тэнэсэн дээ. Найз нөхөд ойр дотныхондоо худлаа хэлээд, итгэх ч хүнгүй болсон учраас сүүлийн хоёр бараг гудамжид гарсан. Хамгийн сүүлд нэг найзтайгаа эрүүлжүүлэгдээд өглөө нь очих газартай юу гэхээр нь байхгүй гэсэн чинь Нийгмийн хамгааллын тусгай төвд ачилгаар аваачсан.
Оронгуут усанд оруулж, хувцас солиод халуун хоол цайгаар үйлчилж, ор дэрний даавуу өгөөд, сайхан дулаан байранд амьдруулж эхэлсэн. Эхний өдрөөс л бодол санаа цэгцрээд, гоё зүйлс бодож эхэлсэн. Бүх юм эерэг санагдаад, 7-8 сар болоход би огт өөр хүн болсон.
-Танилцаж, дотноссон нь хэдийнээс вэ?
Эхнэр: Тэр төвөөр үйлчлүүлээд жил арай болоогүй байхдаа л эхэлсэн. Эхэндээ сонсголгүй гэж мэдээгүй. Нэг өдөр надаас өөрөө "Чи бичиж чадах уу?" гэж асуусан. "Чадна аа" гэсэн чинь "Би чамтай танилцмаар байна" гээд тэгээд л бичиж эхэлсэн. Ундаа уух уу, халуун цай, хоол ид гээд их халамжтай, эерэг сайн хүн шиг санагдаад, хамт амьдардаг хүмүүс нь их магтана. Тэгээд хоёулаа бие биедээ татагдаж амьдрахаар шийдсэн дээ.
Энэ хүн маань огт сонсохгүй болохоор би хэлэх үгээ бүгдийг нь бичнэ, заримдаа харилцан бичнэ. Өчнөөн дэвтэр дуусгасан. Төвд байхдаа лав 15 зузаан дэвтэр дуусгасан. Манай төвийнхөн нөгөө дууссан дэвтрүүдийг маань олж үзээд шоолоод байхаар нь хоёулаа ярилцаад шууд устгасан. Тусдаа гарснаасаа хойш дэвтрүүдээ хадгалж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүн л болсон хойно таалагдаж байна, хайртай юу гээд бичих чинь наад захын л зүйл. Тэрийг уншчихаад шоолдог байхгүй юу. /инээв/

Нөхөр: 2021 оны 12 дугаар сард Нийгмийн хамгааллын тусгай төвд 50, 60 хүн ачлагаар ирсний дотор нэлээд хэдэн хүүхэн байсан. Би нэг өдөр бие засчхаад алхаад яваад энэ хүүхэнтэй таарсан. Нүдэнд дулаахан бов бор хүүхэн таалагдаад, танилцаад ярих юм сан гэж бодсон. Тэгээд санамсаргүй нэг өдөр үүдэн дээр зогсож байхаар нь “Сайн уу, би сонсдоггүй юм аа. Чи надтай бичгээр харилцвал надад яримаар юм байна” гэсэн чинь “Болно оо” гэсэн. Тэгээд дэвтэр, бал өгөөд эхэлсэн дээ.
Тэндээ бид хоёр бүтэн жил байгаад ойлголцоод, цуг амьдарья гэж шийдсэн. Тусгай төвийнхөн маань ч бид хоёрт итгээд, баярлаад дэмжиж тусад нь гаргасан. Яг нийлээд гарах гэтэл гэр байхгүй. Тэгээд манай төвийн Нандиа багш харуул Чинбаатай уулзсан чинь надад нэг гэр байгаа тэрийг ав гэсэн. Эхнэрийг маань төвийнхөн байрандаа үйлчлэгч хийлгээд цалингаа хураасан. Би бас группийнхээ мөнгөө цуглуулаад, бид хоёрт 2.5 сая төгрөг байснаараа гэр авч, төвийнхөн маань тусад нь гаргасан. "Нийгмийн хамгааллын тусгай төв"-ийнхөн ямар их ач тустай хүмүүс вэ гэж одоо хүртэл үргэлж бодогддог. Сэтгэлд хоногшсон.
-Бид хоёр архинаас бүрэн татгалзсан учраас тусдаа гарсан-
-Архинаас бүрэн татгалзахад юу нөлөөлсөн бэ?
Эхнэр: Өмнө нь татгалзах гэж зөндөө үзсэн. Тэгээд гараад найз нөхөдтэйгөө таарах, сэтгэл хөөрөлд автахаар уучихдаг. Миний дүү нар эмчилгээ хийлгэх гээд эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн. Гарч ирээд долоо хоноод нөгөө архи руугаа орчихсон.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн сэтгэлзүйн хичээлүүд маш ихээр нөлөөлсөн. Хүн чинь явж явж сэтгэл зүйгээрээ л өвдөж, гэмтдэг юм билээ. Намайг манай төвийнхөн бүрэн сайхан эмчилсэн. Төвд ирсний дараа хүмүүсийн захисан юмнуудыг авахаар дэлгүүр гардаг байсан. Эхэндээ дэлгүүр лүү ороод архи руу харна. Тэгээд өөртөө би бүх хүмүүсийн мөнгийг авч явж байж архи руу харж болохгүй, өөрийгөө бүрэн татаж авах ёстой гээд тэмцэлдэж байсан үе бий.
Сүүлдээ хичээлүүддээ бүрэн суугаад дэлгүүр гарсан ч архи руу харахгүй, согтуу хүмүүс аймаар муухай санагдаж эхэлсэн. Манай төв үйлчилгээ авсан хүмүүсээ бие даасан амьдралд гаргахдаа өндөр шалгуур тавьдаг. Бид хоёр архинаас бүрэн татгалзаж, хамааралгүй болсон учраас тусад нь гаргасан.

Нөхөр: Би сэтгэл санаагаар унахаар архи уучихдаг, уухаар сэтгэл засраад ч байгаа юм шиг санагдана. Тэгээд энэ байгууллагад ирээд архи гэдэг хамгийн хэрэггүй, ашиггүй зүйл болохыг ухаарсан. Архи уусан хүний амьдрал хэзээ ч дээшилж байгаагүй. Үнэхээр жигшсэн. Тэнд архи уусан хүмүүс их ирнэ. Би ийм л юм явж байсан байх даа гээд бодохоор үнэхээр жигшдэг. Би тамхийг 20 жил тамхи татчхаад нэг л өдөр хаячихсан. Одоо тамхинаас гараад 25 жил, архи жигшээд дөрвөн жил болж байна.
-Тусдаа гараад амьдрал эхлэхэд төсөөлснөөс хэр байсан бэ?
Эхнэр: Нэг их асуудал тулгараагүй. Бид хоёр их удаан ярилцаад, түрээсийн байранд гарах уу л гэж байсан. Тэгсэн төвийн багш нар маань чинь сэтгэлээсээ бид хоёрын асуудлыг гартаа аваад хоёр талын ах дүүстэй холбогдоод бүх юмыг жин тан болгосон.
Нөхрийн ах дүүстэй уулзаж ярилцаад одоо миний ажиллаж байгаа махны үйлдвэрийн хашаанд буулгасан. Одоо би өдрийн ₮40 мянгаар ажиллана. Манай хүн ойр зуурын ажил хийгээд урамшуулал авна. Хоёр хүн учраас хоол ундаа бэлдээд болж л байна. Хоёр талын ах дүүстэйгээ танилцсан. Миний хоёр хүү ирж бас танилцаад явсан. Одоо бид хоёр нэгнийхээ мөнгийг хураагаад байгаа. Цаашдаа хашаа авч тусдаа гарна.
Нөхөр: Сайхан байна аа. Одоохондоо дүүгийнхээ ажлын хашаанд гэрээ барьчихсан, эхнэр үйлдвэрт нь ажиллаж байна. Цаашдаа тав тухтай бие биенээ хамгаалж хайрлаад, түшиг тулгуур нь болоод сайхан амьдарна.
Тэд ярианы төгсгөл, "Архи битгий уугаарай. Архи уудаг хүн хэзээ ч өөдтэй, өнгөтэй явахгүй. Сайхан амьдрахгүй, сайхан зүйл бодож сэтгэж чадахгүй. Таньдаг хүмүүс юу хэрэглээд гарчхав аа? гэж асуудаг. Оюун санаагаараа хүчтэй байхад хүн үүнийг даван туулж чадах юм билээ. Одоо гудамжинд архи уугаад явж байгаа хүмүүсийг харахаар их хэцүү санагддаг. Аяга халуун цайны мөнгө өгчихье гэхээр нөгөөхөө аваад уучих байх гэж боддог. Дагуулаад аваад өгье гэхээр зүрх хүрдэггүй. Гэхдээ л өрөвддөг" гэцгээв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архи уухаа больсонднь т�##�архая. Сайхан амьдарч бгаа юм бна. Хүмүүсийн хайрыг дааж амьдрах хамгийн том ш�##�гуур. Архи намайг уугаач гэж гуйдаггүй, өөрсдөө авдаг учираас хамгийн аюултай.
Мундаг байна. Архи шиг хэрэггүй зүйл байхгүй. Тамхи ч бас нас явахаар эрүүл мэндэд саад болно.
САЙН БАЙНАА АМЖИЛТ ХҮСЬЕ ХИЧЭЭГЭЭД УЛАМ ИЛҮҮ САЙХАН АМЬДРААРАЙ
Ёоё ганц сайхан мэдээ уншлаа баярл�##�аа сайхан амьдраарай
ЁСТОЙ МУНДАГ ХҮМҮҮС БАЙНА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ГАЙХАМШИГТАЙ УХААЛАГ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ЯЛЖ ӨРӨӨЛ БУСАДДАА ҮЛГЭР БОЛЖЭЭ ЯМАР Ч ГОЁ РОМАНТИК ЮМ АЛЖЭЭ ХЯДЖЭЭ ХҮЧИНДЖЭЭ ХУЛГАЙЛЖЭЭ ГЭХ ЮМ УУ? УВАЙГҮЙ УЛС ТӨРЧДИЙН ТЭНЭГЛЭЛ МУНАГЛАЛЫГ БИТГИЙ БИЧИЖ БАЙ ЭНЭ МЭТ ЭЕРЭГ МЭДЭЭГ ТҮМЭНД ТҮГЭЭ БАЯРАЛЛАА ЭГҮҮРЭЭ АМЖИЛТ
uhaarch oilgoh shig saihan zuil ugui bna aa amidral bayalag shuu .olon saihan zuiltei uchirch yavahiiig husie
Гоё мэдээ байна амжилт хүсье хоёроо зарим нэг хүмүүс уншаад ухаараасай
Архи уухгүй бол амьдраад байж болноо
Архи- Амьдр�##�ын дайсан гэдэг үнэхээр үнэн үг. шүү !!! Хүн - хүнээр дутдаг гэж буурлууд ярьдаг , сайн сайхан амьдр�##�ыг цогцлоон бүтээгээрэй !!! Архинаас хол байж - зовох тусам сайхан амьдардаг . Хүн мөнх биш ! Хорвоод хүн ганцхан удаа амьдраад л буцдаг жамтай шүү дээ !!! Та 2-/тоо Аз -Жарг�##�ыг хүсье !!!
Goy niitlel boljee. Amidrald ni az jargal husye
Arhi uugaad bga gej hun bodood yvdag getel arhi uursdiig ni uusan bdag teriig uhaarch oilgohgui zaluu humuus mash ih hereglj bna shu de emegtei humuus mash ih bolj ee haraad bhad
Saihan bna AZ jargal hvsie
Энд хайр сэтгэл гэж байхгүй байгаа биз дээ? Тэгэхээр ойлголцол гэдэг ямар гайхамшигтай зүйл вэ.
Баяр хүргэе. Улам сайхан амьдраарай, Та 2 тоо Эрүүл энх, эрч хүч элбэг ханг�##�уун бүхнийг хүсэн ерөөе өө
Энэ үнэхээр бахарх�##� төрж байна... Амжилт хүсье
Сайхан байна .Хорвоод ирснийх сайхан амьдрах хэрэгтэй Сайн сайхныг хүсье.