БНАСАУ арван хоёрдугаар сар гарахаас өмнө хиймэл дагуул хөөргөнө

Хойд Солонгос лхагва гарагаас /2023.11.22/ арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд хиймэл дагуул хөөргөнө гэдгээ Японы Засгийн газарт мэдэгдсэн байна. Умард өмнө нь хоёр ч удаа тойрог замд хиймэл дагуул байршуулах гээд бүтэлгүйтсэн.
БНАСАУ аравдугаар сард гурав дахь оролдлогоо хийхээр төлөвлөж байсан ч бэлтгэл ажилд илүү цаг хэрэгтэй гэж үзсэн тул хойшлуулсан байна. Өмнө нь тус улс тав болон наймдугаар сард хиймэл дагуулаа хөөргөсөн ч амжилттай болоогүй юм.
Харин энэ удаагийн оролдлого нь онцлог. Учир нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун есдүгээр сард ОХУ-д айлчилсан. Тус айлчлалаар хоёр тал хэлэлцээ хийж ОХУ Умардаас их бууны сум гэх мэт зэвсэг авч, хариуд нь хиймэл дагуул пуужингийн технологи өгсөн байж магадгүй гэж шинжээчид үзэж буй.
Сөүл болон Вашингтоноос Хойд Солонгост хиймэл дагуул хөөргөхгүй байхыг анхааруулсан юм. Тэдний хэлж буйгаар бол Умард хиймэл дагуул хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа хэрэг аж.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.