Фронт руу илгээгдсэн хоёр: Нэг нь 2028 оны метротой, нөгөө нь МАН-д таалагдаагүй хуулийн төсөлтэй л хоцорлоо

Хотын даргаар Х.Нямбаатар, түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайхан томилогдсоноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрч байна.
МАН-аас тэднийг хамгийн чадварлаг боловсон хүчнээ фронт руу илгээж байгаа явдал гэж мэдэгдсэн. Эрх баригч намын УЗ-ийн хурлаар хэлэлцэгдэн шийдэгдсэн, тэгж фронт руу илгээгдсэн хоёр "дайчин" өнгөрсөн хугацаанд юу хийж, амжуулав.
Аравдугаар сарын 5-наас хойш гэж тооцвол нэг сар, 20 хоног тэд ажиллажээ.
1.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд “Хайруулын тавган дээр суучихлаа. Гэхдээ ялархахгүй” гэсэн. Ингээд хэвлэлд нэг их ярилцлага өгөхгүй, өгсөн ч “Би эхлээд судалъя. Ажлаа мэдье. Дараа нь хэлье” гэдэг байдлаар цааргалсаар өдийг хүрлээ.
Өөрөөр хэлбэл Б.Дэлгэрсайханы толгойд түгжрэл бууруулах чухам ямар төлөвлөгөө, арга хэмжээ байгаа нь ор мэдэгдээгүй, гарч ирээгүй. (Сүүлд метроны асуудал яригдаж эхэлснийг дараа нь бичье).
Харин УИХ-ын гишүүнээсээ ч бууж, ХЗДХ-ийн сайдын суудлаа ч өгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон Х.Нямбаатар нэг хэсэг идэвхтэй үзсэн л дээ.
Ажлаа авсан дор Газрын тухай хуулийн өөрчлөлтийг ярьж, тэр өдрөө сэтгүүлчтэй барилцаж аваад л. Цасаар шуурахад өөрөө машинаа барьж, шөнө дөлийн хотоор хэсэн, хууль журам сахиулаад л. Шинээр санаачилж, өргөн барьж буй хуулиа бичлэгээр тайлбарлаж, сошиалд байршуулаад л.
Авчиг начир дээрээ хот дээр юу юу өрнөх гээд байгааг бас ойлгох хүн байхгүй болчихлоо.
2.
Учир нь Х.Нямбаатарын хувьд Улаанбаатар хотын асуудлыг шийдэх эхний бодит алхам бол төлбөртэй бүс байгуулах байсан. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах. Ийм хоёр гол агуулга бүхий хуулийн төсөл өргөн барьсан. Ямартай ч улстөрчийн хувьд, дээрээс нь үнэхээр фронт руу илгээгдсэн боловсон хүчин мөн л бол тэр санал санаачилгаа ажил хэрэг болгоод үзэх л ёстой байлаа.
Гэвч явж явж МАН-ын бүлэг дээр нөгөө хуулийн төсөл нь уначихсан. Ард нийтийн эсэргүүцэлтэй тулна гэж айгаад, төлбөртэй бүс байгуулах бүлгийг дэмжээгүй. Х.Нямбаатар ч одоо өөрийн саналаар төлбөртэй бүсийн бүлгээ хуулиасаа буцаан татаж байна.
Уг нь замбараагүй, дураараа, хотын соёлд бас дасаж дадаагүй улаанбаатарчуудад л харь сонсогдоод байгаа болохоос гадаадад төлбөртэй бүс байгуулж, түгжрэлээ шийддэг жишиг бий л дээ. Харин сонгуулийн өмнөх жил илгээгдсэн зүг нь болох эрх баригч МАН-ын байр сууриар урдах ажлаа санаснаар хийж чадахгүй байх магадлал Х.Нямбаатарт нэгэнт үүссэн харагдаж байна.
Одоо цаашид санаачилсан бүр нь МАН-д, МАН-д ч гэж, МАН-ын бүлэгт таалагдаж байх албатай болох шиг бололтой.
3.
За, Ж.Сүхбаатарын оронд түгжрэлийн сайд болсон Б.Дэлгэрсайхан бол бүлх залгисан юм шиг аг жиг оргиж байгаад энэ долоо хоногт сая “2028 онд метротой болно” гэж ам шүд алдлаа.
Өөр ажил бол яриагүй.
Өмнө нь ерөнхий битүү утгаар, автобусны парк шинэчлэлийг явуулах ёстой, ер нь монголчууд автобусанд сууж сурах хэрэгтэй гэх мэтийн байр суурь халти илэрхийлсэн байдалтай хэсэг явсан. Харин одоо, сүүлийн Засгийн газрын хуралдаанаар метро байгуулах шийдвэр гаргаж, санхүүжилтэд баталгаа гаргахаар болсон байна.
Одоо ТЭЗҮ хийх ёстой, бүх юмыг Б.Дэлгэрсайхан гардаж явуулна. Түүний цээжин дэх тооцоогоор дараа хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх юм билээ. Ингээд 2028 оноос ашиглалтад орох боломжтой гэж үзэж буй.
Ер нь Улаанбаатарт яагаад заавал метро барья гэж улстөрчид ярьдгийг сүүлийн үеийнхэн бол ойлгодоггүй юм билээ. Газар доогуурх шугам сүлжээ ихтэй, газар шорооны тогтоц нь ондоо гээд олон шалтгаанаар Улаанбаатарт метро хийх бололцоо бага гэж яригддаг.
4.
Фронт руу илгээгдсэн улстөрчдийнх нь хувьд Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарыг хурдтай, эрчтэй бөгөөд тодорхой амжилттай ажиллана гэсэн хүлээлт үүсээд байлаа.
Гэвч Б.Дэлгэрсайхан ганцхан 2028 оны метротой, Х.Нямбаатар одоо яахаа мэдэхээ байсан хуулийн төсөлтэй л үлдчихлээ. Орлогч Засаг дарга нь энэ өвөл зуух тараана гэж яриад явж буй.
Угтаа бага багаар хэрэгжиж эхлээд, явц дунд бас бодит амьдралд мэдрэгдээд эхлэх шийдвэрийг гаргаад, асуудлаа нээлттэй яриад, бас шаардлагатай ажлыг шаардлагынх нь дагуу, хатуу шийдэж гаргаад явах ёстой байлаа. Намд хайрцаглагдах утгагүй байв.
Одоогийн байдлаар фронтод илгээгдсэн хоёр улстөрчөөс хүлээх хүлээлт сайнгүй хэмжээнд л очоод байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын даргаа өөрсдөө сонгомоор байнаа
Эд чинь дандаа ирээдүй цаг дээр ярьдаг. Тийм сүрхий юм бол хийснээ яриач.
Метро хийх боломж байхгүй ээ. Чадахгүй ээ. Данх зайлаарай
Нэг л хошгируулсан луйварчид иймэрхүү үлгэр яриад л явдаг
Baruunii xugjiltei ornuud metro baridag turshlagatai injener texnikiin megeljiltenuudtei murluu metro bairxdaa dor xayaj 10 jil zartsuuldag
Сүржин сүржин мэдэгдэл хийсээр өвөл дуусна. Түгжрэлийн сайд автобуснд сууж сурах сургалт хийх үү. Автобунд сууж сурмаар бна
Татварын бус 180 тэрбумын орлого олно гэнэ. Хүүхэд хөгшидгүй 100000 дээш торгуулж байж биелүүлэх болох нээ.
ХЭНБУГАЙ Ч ЮУ Ч ГЭЖ УЛИН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛСОН МЕТРОГОО БАРИХ Л ХЭРЭГТЭЙ МЕТРО БАЙГУУЛСНААР ХУВИЙН ТАКСИЧИНГУУД ТАНКЧИНГУУД БОЛНО.МАШИНЫ ҮНЭ НАВС УНАНА ЗҮГЭЭР Л МЕТРОГООРОО ШААГААД БАЙХАД БОЛЧИХНО ХОТОД МАШИНЫ ЛИМИТ ТОГТООГООД ОНООР НЬ ЗААГЛААД ЭХЭЛ ГЭЖ БИ МӨН ОЛОН УДАА ХЭЛСЭН ДЭЭ.НЯМБААТАР ДЭЛГЭРСАЙХАН ХОЁР ТА ХОЁРЫГ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ДАЙСНУУД ТҮРЭЭД ОРООД ИРЧИХСЭН АЙМШИГТ ФРОНТОД ИЛГЭЭЛЭЭ ВЛАСОВ БОЛЧИХОВОО
ЯМАР ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧ ВЭ, ХАРИН Ч МЕТРОНЫ АСУУДАЛ ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ДЭЭШЭЭ ЗГ ТҮВШИНД ЯРИГДАЖ ШИЙДЭГДЭЭД ЗАМЫН ЗУРАГ НЬ ГАРЧЛАА, ЧИНИЙ МЕТРО ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ЧИНЬ ӨӨРӨӨ АСУУДАЛ ШҮҮ, МЕТРО БАРЬСАНААР МАШ ИХ ӨӨРЧЛӨЛТ ГАРЧ АСУУДАЛ НЭЛЭЭН ТОМ ХЭМЖЭЭНД ШИЙДЭГДЭНЭ, ХОТЫН ДАРГЫН ХУВЬД ХУУЛЬ БАТЛУУЛАХ ГАНЦ Л БОЛОМЖ БАЙГАА БИШ ЯМАР, ТЭР ЗААЛТЫГ ДАРАА НЬ ДАХИАД ОРУУЛСАН Ч БОЛНО, ОДОО ҮНДСЭН ХЭСГЭЭ УДАХГҮЙ БАТЛУУЛЧИХ БАЙХ, ТЭР ХҮРЭЭНД НЬ ХИЙХ АЖИЛ МАШ ИХ БИЙ
АЖИЛ хийх оновчтой санал энэ 2 т огт алгаа. Харин татвар хураамж нэмэх талаар л баахан ярьсан даа.Өөрөөр хэлбэл ард түмнийхээ хармаа ухах юм яриад байгаа