УЛС ТӨРЯрилцлага

Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, З.Энхболд, М.Энхболд нар хийдгээ хийцгээсэн бол зайлах хэрэгтэй

ХҮНамын дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Д.ОДБАЯР ШИГ ОЛОН ХҮН БИЙ. ХЭСЭГ ШУУГЬЖ БАЙГААД НАМЖДАГ, ЯЛ ЗАВШДАГ БАЙДАЛ ЖИШИГ БОЛЧХОЖ-

-Танай нам сүүлийн үед улс оронд өрнөж буй халуун үйл явдлуудын талаар байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Байнга хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх боллоо. Хамгийн сүүлд буюу өчигдөр ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг огцрох ёстой гэж мэдэгдлээ.

-ҮХЦ-ийн дарга Солонгос улсад ёс зүйгүй асуудалд холбогдсон даруйд нь арваннэгдүгээр сарын 01-нд бид УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байсан. Тэр хүн хэрэг хийсэн хийгээгүй, нотлогдсон ч бай үгүй ч бай улс төрийн албан тушаалтан ийм асуудалд холбогдсон л бол хариуцлага хүлээх ёстой. Сайн дураараа огцрох ёс зүйн хэмжүүр, жишигтэй байх ёстой юм л даа. Харамсалтай нь өнөөдөр Монголд Д.Одбаярыг шүүмжилж байгаа дарга байна уу. Хайгаад үзээрэй. Бүгд ямар нэгэн байдлаар хаацайлж, өмгөөлсөн мэдэгдэл хийсэн. Сүүлдээ хууль зүйн сайд нь хүртэл “Хөөрхий өндөр настай ээжтэй” гэж өмгөөллөө. Гадаад хэргийн сайд нь “дипломат эрх ямбатай хүн” гэсэн бол УИХ-ын дарга нь бөөрөнхийлөөд орхиж байна. Ийм байж болохгүй. Үг дуугүй өчиггүй огцрох ёстой. Монгол Улсын нэр төрийг шалан дээр унагасныхаа төлөө Монголчуудаас уучлалт гуйх ёстой. Бид ийм л зүйл шаардаж байна, шаардлагадаа хүрнэ. Ганц Д.Одбаяр ч биш, ёс зүйгүй үйлдэл гаргасан хүмүүс олон байдаг ч хэсэг шуугьж байгаад намждаг, ял завшдаг байдал жишиг болчхож. Үүнийг бид эсэргүүцэж байна.

-Арваннэгдүгээр сарын 01-нд ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авсан уу. Өчигдөр дахин шаардлага хүргүүлэв үү?

-Хариу огт ирүүлсэнгүй. Д.Одбаярт хариуцлага тооцно гэж ямар ч дарга ам нээсэнгүй. Өөрөө ч мэдэгдэл хийсэнгүй. Тойруу замаар бол Монголчуудыг доромжилж байгаагийн илэрхийлэл мөн. Тиймээс үгийг нь хэлүүлэх, уучлалт гуйлгах, огцрох асуудал хөндөгдтөл бид тэмцэнэ гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн нэг хүний асуудал биш. Иймэрхүү асуудал улс төрийн хүрээлэлд далдаар оршсоор байгаагийн илрэл.

-ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ ГЭХ БИДНИЙ ГОМДЛЫН ХАРИУГ БАГА СУУДЛААС ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙНА-

-Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж та бүхэн ҮХЦ-д хандсан ч, хэрэгсээгүй. Дараа нь Бага суудлын хуралдаанд гомдол гаргасан. Энэ асуудал хэрхэн үргэлжилж байна вэ. Бага суудлаас ямар шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гээд тангараг өргөдөг. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг санал гаргаж байгаа нь өөрөө “Үндсэн хуульд парламенттай байна” гэдэг заалтыг зөрчиж байгаа асуудал. Үүний дагуу ҮХЦ-д гомдол гаргасан боловч хэрэгсээгүй. Бага суудлын хуралдаанд гомдол гаргасан ч хариу байхгүй байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хууль зөрчиж, хууль бус зүйл ярьж иргэдээрээ тоглодог. Үүнийг нь хэн ч ил гаргаж хэлдэггүй. Бүгд хүлээн зөвшөөрдөг, бүгд хулгай хийдэг, худлаа ярьдаг. Энэ улс орон зах замбараагүй яваад байна. Хуулиа дагаж мөрддөг, ёс зүйн зарчим хэм хэмжээтэй, ажлаа хийж чадахгүй бол огцордог, буруугаа хүлээдэг, уучлалт гуйдаг тогтолцоотой болцгоомоор байна.

-Цахим орчинд Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хүмүүст ЕТГ-аас зөрчлийн хуулиар торгуулах арга хэмжээ авхуулах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Улс төрийн намуудаас танайх ганцаараа “Ерөнхийлөгчийг огцрох ёстой” гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Нэр хүндэд халдлаа гэж торгуулаагүй юу?

-Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор мэдэгдсэн, хариу ирсэн зүйл алга. Цахим орчинд зөвхөн ерөнхийлөгч гэлтгүй хоёр намын зүгээс тодорхой хэмжээний дайралт, гүтгэлэг ирдэг. Ихэвчлэн “тэрний хүн” гэж гүтгэх тохиолдол маш их гардаг.

-ХҮНам-ЫН ДОР ИЙМ ОЛУУЛАА НЭГДЧХЭЭД ГАНЦ УЛС ТӨРЧИЙН ӨМНӨӨС ТОГЛООМ БОЛЖ ЯВАХ ХҮМҮҮС НЬ БИД БИШ ЭЭ-

-Одоогоос жилийн өмнө “УИХ-ны гишүүн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат нарыг орлогоо нотол” гэж мэдээлэл хийсний дараа танай намыг “У.Хүрэлсүхийн даалгавраар хөдөлж эхэллээ” гэдэг мессеж тарж байсан. Та бүхний ард нөлөө бүхий хүн бий юу?

-Энэ бол биднийг анх Хөдөлмөрийн Үндэсний нам гэж байгуулж гарахад түгж байсан яриа. Бидний ард их олон хүн байгаа гэж ярьдаг. /инээв.сурв/ Анх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг байгаа гэж ярьдаг байсан. Сүүлдээ М.Энхболд, З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хүртэл ярьдаг байлаа. Улс төрийнхөн болон бизнесийнхэн байна гэж ярьдаг, цаашдаа ч ярих байх. Гэхдээ ХҮНамын нэрийн дор ийм олуулаа нэгдчхээд ганц улс төрчийн өмнөөс тоглоом болж явах хүмүүс нь бид биш ээ.  Ийм үгэнд битгий итгээрэй гэж захимаар байна. Ц.Элбэгдорж, З.Энхболд, М.Энхболд гэж хэн юм. Хийдгээ хийцгээсэн бол одоо зайлах хэрэгтэй. Тэд цаг үетэйгээ нийлэхгүй байна. Бид бүгдэн рүү нь дайрахгүй ч, одоо бүгдийг нь үгүйсгэж байна. Ажлаа аятайхан хийсэн бол улс орныг ийм болтол нь туйлдуулахгүй байлаа. Дараагийн шинэ залуу үедээ зай тавилгүйгээр, өөрсдөө гарах гэж улайрч, мууг нь үзэж хорлож байгаа нь үнэхээр харамсалтай.

-ЗӨВХӨН НЭГ ГИШҮҮНИЙ ТОЙРОГТ НЬ ЗОРИУЛЖ ДОТУУР БАЙР БАРИХ НЬ “ГАЛЗУУРАЛ” ЮМ-

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийг огцруулах асуудал, сонгуулийн тогтолцоог хөндөж байсан. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг хийнэ. Ямар асуудал хөндөх вэ?  

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж эхэлсэн цагаас нь бид мэргэжилтнүүдийг ажиллуулан тодорхой санал гаргаж, тавьж ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий. Нэг л харамсалтай зүйл бий. Улс орныхоо хойч ирээдүйг бодож биш улс төрийн сонирхлоор өөрсдөдөө ашигтай байдлаар хэлэлцээд байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, Монголыг жижиг 76 тойрог болгож байгаад хулгай, авилгын үүрийг бий болгож байна. Тойргийг өмчилж аваад мөнгө, бетон, бэлэг сэлт тараадаг. Тойргийнхоо оюутнуудад зориулан улсын төсвөөр хотод дотуур байр барих гэж байх жишээтэй. Гэтэл нийслэлд хичнээн сургууль, цэцэрлэг хэрэгтэй байгаа билээ дээ. Зөвхөн нэг гишүүний тойрогт нь зориулж дотуур байр барих нь “галзуурал” юм. Иймэрхүү хувийн ашиг сонирхлоор үндсэн хуульд хандаж байгаа нь харамсалтай. Үндсэн хуульд зөв бодлогоор нэмэлт өөрчлөлтийг хийгээсэй гэж бодож байна. Гэхдээ “сонгуулийн тогтолцоо, ерөнхий сайдын эрх мэдэл хоёрдохгүй байх, улс төрийн нам 20 мянган гишүүнчлэлтэй байна” гэх мэт намчирхал талцлыг улам дэвэргэсэн, улсын эрх ашгийн эсрэг шийдлүүдийг эсэргүүцэж байгаа.

-Төсөвийн тухайд...?

-2020 оны төсөв тэр чигээрээ сонгуульд зориулагдсан. 2018-2019 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг тавхан хувиар өсгөж байсан. Гэтэл энэ жил 119 хувьд хүртэл нь өсгөсөн байна. Наанаа бүтээн байгуулалтад ихээхэн хөрөнгө тусгасан гэж харагдаж байгаа мэт боловч тэр нь дандаа тойрог услалтад нь зориулагдсан гэж харж байна. Тухайлбал, Хэнтийн Батноров сумын Бэрх тосгонд Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв барихад таван тэрбумыг төсөвлөсөн байна. Гэтэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ сайдын тойрог. Мөн Архангайн сумдын оюутнуудад зориулан дотуур байр барихад зургаан тэрбумыг төсөвлөжээ. Энэ Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын тойргоо услах арга байх жишээтэй. Тэд дахин сонгогдохын тулд л ийм зүйл хийж байгаа. Тэгсэн хэрнээ эмч багш нарын цалин, тэтгэвэр нэмэх мөнгөгүй гээд сууж байдаг. Тийм болохоор бодитой бус, зарлагын төсөв болчхоод цаана нь шийдлээ хүлээж буй жинхэнэ хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй газрууд олон бий.

-ЭРХ БАРИГЧ НАМ 2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ЖИЖИГ 76 ТОЙРОГ МАЖОРИТАР ТОГТОЛЦООГООР ХИЙХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА-

-Холимог буюу мажоритар тогтолцоог Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгахаар ажиллаж байгааг яагаад эсэргүүцэж байгаа вэ. Сонгуулийн тогтолцоон дээр танайх ямар байр суурьтай байна вэ?

-Парламентийн ардчилалтай Монгол шиг жижигхэн улсад холимог болон пропорциональ тогтолцоо хамгийн зохимжтой. Эрх баригч МАН Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог өөрчилж оруулах гэж байгаа ч 2020 оны сонгуулийг жижиг 76 тойрог мажоритар тогтолцоогоор хийх гэж улайрч байна. Улайрч байгаагийн гол шалтгаан нь энэ жижиг 76 тойрогт хамаг ЖДҮ-чин, 60 тэрбумтнууд нь суурьшчихсан байгаад оршиж байна. ЖДҮХС, 60 тэрбумаас олсон мөнгөө эргээд жижиг тойрогтоо зарцуулах замаар гарч ирцгээдэг. Хэрэв Монгол Улсыг нэг тойрог юм уу пропорциональ тогтолцоотой болгочихвол тэгж чадахгүй. Үндэсний эрх ашгаа бодъя, авлигаасаа салъя гэж бодож байвал сонгуулийн пропорциональ тогтолцоог сонгож намын жагсаалтаар гаргаж ирэх, намд хариуцлага үүрүүлэх гарцыг гаргаж ирэх хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд холимог тогтолцоотой болж байж энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Улс төрийн нам яагаад ийм бохир болчхоод байна вэ гэвэл, өнөөдөр намд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байгаатай холбоотой. Тийм учраас л намын нэрийг ашиглаж хэсэг улс төрчид жижиг тойргоос гарч ирчхээд улс орны том эрх ашгаар тоглодог болчихлоо. Намд нь хариуцлага үүрүүлдэг болчихвол арай өөр болох байх. Жишээлбэл, Хэнтийн “Бандааш” Д.Гантулга, Баян-Өлгийн Д.Мурат гэсэн гишүүд асуудалд орсныг санаж байгаа байх. Хэрэв энэ хоёр намын жагсаалтаар гарч ирсэн бол намтай нь хариуцлага тооцож болох байсан. Нам нь яаж ч чадалгүй гишүүдээ эгүүлэн татах байсан.  Гэтэл юу ч болоогүй. Тэд 76-гийн нэг, жижиг тойргоос гарсан хүн. Нам тэдэнд ямар ч нөлөөлөлгүй. Тиймээс бид сонгуулийн пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулбал улс төрийн жижиг намуудын боломж хумигдах эрсдэлтэй биш үү?

-Жижиг намууд дотроо ялгаатай. Жинхэнэ нам байна уу, ганц хүний нам байна уу гэдгээсээ ихээхэн хамааралтай. Олуулаа нийлсэн, нэг баг хамт олны нам байх юм бол  пропорциональ тогтолцоо байхад алзахгүй. Тийм тогтолцоотой байж намууд нэгдэн, нягтарч нам шиг нам болно. Үгүй бол халаасандаа тамгаа хийчихээд, гэрчилгээгээ  өвөртөлчхөөд улс төрийн наймаа хийгээд явж байдаг жижиг “наманцарууд” бий болоод байгаа юм. Өнөөдөр Монголд 35 нам бий. Үүнээс хүмүүс маш цөөхнийг л нэрлэж чадах байх. Тэрний цаана ямар боловсон хүчин байгаа вэ. Ямар нэгэн байдлаар улс төрийн эрх мэдэлд хүрэхэд сайд хийчхээр, бодлогын түвшинд ажиллачхаар боловсон хүчин бий юу, тэр намуудад. Байхгүй. Үүнд л асуудал оршиж байна.

-Н.ЭНХБАЯР ГУАЙН АМЛААД БАЙГАА ҮНЭГҮЙ БАЙРНЫ ҮЛГЭРИЙГ ТӨЛӨХӨД 205 ЖИЛ БҮСЭЭ ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛНО-

-Элдэв амлалтаараа сонгогчдыг татах, хар массыг хуйлруулах зорилготой намууд одооноос тодроод эхэлчихлээ. Үнэгүй байр амлаж байгаа хоёр ч нам байна. Магадгүй намын жагсаалтаар гарч ирэх боломжийг эрэлхийлж байгаа тэдэнд таны яриад байгаа сонгуулийн тогтолцоо “боломж” болох эрсдэлгүй гэж үү?

-Маш харамсалтай. Хуучин 30 жил явж ирсэн улс төрийн арга барилаар МАХН явж байна. Шулуухан хэлэхэд Н.Энхбаяр гуай, одоо болно. 30 жил иймэрхүү байдлаар иргэдийг хуурлаа. Ахиад гучин жил ингэж явна гэж төсөөлж байгаад нь харамсаж байна. Монголын шинэ үе үүнийг хүсэхгүй байгаа. Үнэгүй байранд ормооргүй байна. Тэрний оронд цалин өндөртэй ажил хиймээр, өндөр боловсролтой болмоор, дэлхийн түвшинд ажилламаар байгаа шүү дээ. Тэгвэл үнэгүй байр байтугай боломж нээгдэнэ. Гэтэл өнөөдрийн хэрэгцээн дээр нь дөрөөлж сонгогчдыг хуурч болохгүй. Иймэрхүү улс төрөөс, улс төрчдөөс хурдхан салмаар байна.

-Та өөрийн цахим хуудаснаа “Үнэгүй байрны үлгэрийг төлөхөд 205 жил бүсээ чангалах хэрэгтэй болно” гэдэг сонирхолтой тоо нийтэлсэн харагдсан. Энэ ямар учиртай тоо вэ?

-Найман хувийн ипотекийн зээлд зөрүү зардал гардаг. Тэр зөрүү зардлыг Монголчууд бид нийтээрээ төлдөг. Хэн нэгэн ипотекийн зээлд хамрагдлаа гэхэд улсын өр үүснэ. Тэр улсын өрийг нийт иргэдээр төлүүлдэг. Иргэддээ найман хувийн зээл өгөхийн тулд Хятадаас зээл авсан. Хүн бүхэнд үнэгүй байр өгөхийн тулд ахиад л Хятадаас зээл авна. Энэ зээлээ төлөх хугацааг тооцоод үзэхэд 205 жил шаардагдаж байна лээ. Н.Энхбаяр гуайн яриад буй үнэгүй байрнаас үүдэж бид 205 жил асар их өртэй явна шүү. Энэхүү хугацаа цаашлаад улс орны тусгаар тогтнолын асуудалд аюултай.  Тэгэхээр үнэгүй юм гэж хаана ч байхгүй. Худлаа амлалт өгч иргэдийг тархийг угаахаа болих хэрэгтэй.

-ШИНЭ нам үнэгүй байрны үлгэрийг үргэлжлүүлэхээ зарлачихлаа?

-ШИНЭ нэртэй боловч хуучин нам. Хуучин улс төрийн тоглоом хийгээд байна. Монголд одоо цоо шинэ улс төр хэрэгтэй байна. Арай өөр, бодлогын зүйл ярьдаг, хүмүүст ажлын байр боломж олгодог, шинэ залуу үеийнхэндээ дэлхийд гарах боломж олгодог болмоор байна. Үүнийг л хөгжлийн бодлого гээд байгаа болохоос биш ямар нэгэн нам үнэгүй байр, хүүгүй зээл, сая төгрөг тараалаа гээд улс орон хөгждөггүй юм гэдгийг нотолсон улс дэлхийн түүхэнд олон бий.

-МОНГОЛБАНК, СЗХ ТӨДИЙГҮЙ УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАСНЫ ДОХИО БОЛ “СААРАЛ ЖАГСААЛТ”-

-Сүүлийн үеийн халуун сэдвүүдийн нэг болох “Саарал жагсаалт”-ын асуудал одоо хүртэл намжаагүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж буй.  Хоёрхон хүн Монгол Улсыг сараал жагсаалтад оруулчихаагүй, тэднийг халлаа гээд саарал жагсаалтаас гарчихгүй нь ойлгомжтой. Эдийн засагч хүний хувьд энэ асуудалд ямар дүгнэлт хийж сууна вэ?

-Саарал жагсаалт бол өнөөдрийн манай улсад өгч буй олон улсын үнэлгээ. Саарал жагсаалтад ороход хамгийн түрүүнд авилгын асуудал нөлөөлсөн. Авилгатайгаа олигтой тэмцэхгүй байгаагийн илрэл. Хар мөнгөний асуудлаар олон дуулиан дэгддэг, хэрэг үүсгэдэг боловч өнөөдөр шүүхийн шатанд шийдэгдсэн нэг ч тохиолдол байхгүй байна. Тэгэхээр хулгайн мөнгөө угааж, авилгатайгаа зууралдаж амьдраад байгаагийн илрэл. Монголбанк, СЗХ төдийгүй УИХ, Засгийн газар хариуцлагагүй ажилласны дохио бол саарал жагсаалт юм. Авилгал цэцэглэсэн газар бизнес, хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой байгаарай гэсэн дохио шүү дээ. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт болон гадаад руу гуйвуулга хийх боломж хумигдсан. Саарал жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэй. Гарахын тулд авлигачидтайгаа тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага үүрүүлдэг болох хэрэгтэй байгаа юм. Үе үе өршөөлийн хууль нэрээр хулгайлсан мөнгөө цэвэрлэж авдаг явдлыг зогсоох цаг нь болсон.

-ҮХЦ АМНАТ-ЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНООС ХОЙШ ӨДӨРТ ДӨРВӨН ТЭРБУМ АЛДАГДСААР ОДОО 52 ТЭРБУМД ХҮРЧИХЛЭЭ-

-Дээр, дооргүй л АМНАТ-ын талаар маргалдав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АМНАТ авахгүй бол улсын төсвөөс 1.3 их наяд “сох дутна” гэсэн бол ЕТГ-ын дарга З.Энхболд оны сүүл болж байхад тэр АМНАТ-өөс улс авдгаа авчихсан учир “дутахгүй” хэмээсэн.  АМНАТ-ийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-АМНАТ-ийн асуудлаас үүдэж монгол төр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, ямар сул ажилладаг вэ гэдгийг харууллаа. Нийтийн сонирхлын эсрэг ажилладаг болохын жишээ энэ юм. Бид хуульч, эдийн засагч нарын баг ажиллуулан энэ асуудлыг хэлэлцсэн. Маш ноцтой асуудал. Монгол АМНАТ авч чадахгүй нөхцөл байдал үүсчхээд байна. Улсын төсөв өдөрт дөрвөн тэрбумаар алдагдаж байна. Энэ нь хоёр цэцэрлэгийн мөнгө. Аравдугаар сарын 31-нээс хойш авч чадахгүй нөхцөл байдал үүсэж өдөрт дөрвөн тэрбум алдсаар одоогийн байдлаар 52 тэрбум төгрөг алдаад байна. Маргалдаж байхын оронд хуулиа нэн яаралтай батлах шаардлага бий. Хоёр сайд нь хоорондоо маргалдаж

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
wsF
wsF
2019-11-12 11:04

bitgii hudlaa shaa

Zochin
Zochin
2019-11-12 20:04
Reply to  wsF

Ene bas sul oron zai haisan nuhur baina yu hiisiin uuriiguu bashan magtaad busdiig haraar budchihsan baina

naigal
naigal
2019-11-12 19:32

Holimog songuuli unuudur tohirohguiee buh namd ter jagsaaltaar orj ireh shulsee goojuulsan luivarchid gemt heregtenuud noir n hurehgui huleej bn . iimd odoohondoo jagsaaltiin bugs buurnuud yavch taarahgui !!!

Иргэн
Иргэн
2019-11-14 10:39

Зөв, дэмжижийн. ХҮН нам л байна дөө, ямар Энхбаяр Батанданг сонголтой биш.

Иргэн
Иргэн
2019-11-14 10:40

дэмжижиын. одоо найдаж болох нь ХҮН нам л байна дөө.

Холбоотой мэдээ

Back to top button