УРЛАГ

“Street Photography Exhibition” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдрөөс эхлэн Монголын Уран Зургийн Галерейд “Street Photography Exhibition” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийж олон түмний хүртээл болох аж. Энэхүү үзэсгэлэнг Сүүдэр маркетингийн агентлагийн дэргэдэх Pixels нэгдэл, Leica брэнд болон “Гудам” фото клуб хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл тус үзэсгэлэн нь гэрэл зурагт хамаарах баялаг сэдэв, төрлүүдээс гудамжны гэрэл зургийг сонгон алдаршуулах зорилготой юм. Түүнчлэн, гэрэл зурагт хайртай залуу үеэ дэмжих, гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах цаашдын олон үйл ажиллагааны эхлэл нь гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

Үзэсгэлэнгийн үеэр баримтат гэрэл зургийн "Ц.Батзориг" сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Гудам” фото клубийн 27 залуу гэрэл зурагчдын 16 долоо хоногийн турш нийт 8 төрлөөр авсан цоо шинэ гэрэл зургийн бүтээлүүд дэлгэгдэнэ.

Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд Leica брэндийн төлөөлөгчид, Олон улсын пресс гэрэл зурагчин Максим Мармур зэрэг хүмүүс урилгаар зочлох ажээ. Зөвхөн үзэсгэлэнгээр зогсохгүй анхаарал татсан хөтөлбөрүүд байгааг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тодруулбал, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Элбэгзаяагийн чөлөөт ярилцлага, Максим Мармурын гэрэл зургийн workshop зохион байгуулагдана. Үүний зэрэгцээ гэрэл зургийн хэлэлцүүлэг, Leica брэндийн нэрэмжит тэмцээний зарлал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа өдөр бүр зохиогдохоор төлөвлөгдсөн байна.

Иймд гэрэл зурагт хайртай, гэрэл зураг сонирхогч хэн бүхнийг энэхүү үзэсгэлэнгээр зочлоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button