Сурвалжилга, Нийтлэл

Редакцын буухиа: 16 жилийн туршлага, орчин үеийн менежмент – “GoGo”

Жилийн төлөвлөгөө батална. Түүнийгээ хагас жил, сар, тэгээд долоо хоногийн төлөвлөгөө болгож “жижиглэнэ”. Сэтгүүлчид тэр алсын гүйцэтгэлдээ хүрэхийн тулд өөрөө өөрсдөдөө зорилт тодорхойлно. Оройн, амралтын өдөр ажиллах сэтгүүлч томилдог ч хуульд заасан долоо хоногийн 40 цагийг давахгүй. Чингээд илүү цагийн урамшууллыг амралтаар, эсвэл цалингийн нэмэлтээр олгоно. Цаашид орлогын бүтцээ улам төрөлжүүлж, уншигчдад сайтын орон зайгаа сурталчилгааны талбар болгохгүйгээр хөдөлмөрлөж, сэтгүүлчдээ цаг үеийн үйл явдлын ачааллаас бага ч болов суллан чөлөөлж, нэжгээд хугацаанд нэг сэдвийн араас хөөх, даацтай бүтээл хийх боломжийг олгодог болно зэргээр GoGo.mn сайтын Ерөнхий редактор, менежер Р.Адъяасүрэн ярилаа.

16 жил тогтвортой ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагад, тэр дундаа вэб сайтад хурааж хуримтлуулсан туршлага, эрсдэл ба сорилтыг даван туулах нөү-хау арвин байх нь дамжиггүй. Редакц редакцаа сурвалжлах “Редакцын буухиа” санаачилгын хүрээнд бид “GoGo”-өөс сурвалжилга бэлтгэснийг та яг одоо уншиж байна.

Ний нуугүй хэлэхэд (тэднээс ч мөн ний нуугүй асуусан), “GoGo”-ийг адаглаад цалин, оффисын түрээст санаа зовохооргүй тогтсон, ардаа том компанитай, тийм ч учраас улс төр, цаг үеийн аливаа үйл явдалд хэт  төвийг сахисан байр сууринаас ханддаг гэж харах хараа бий. Харин Монголын зах зээлд хэвлэл мэдээллийн байгууллага бүрийн туулдаг сорилт ижил.

Юуны өмнө, GoGo.mn сайтын редакц орлогоо бүрдүүлдэг, бусдад тулгардаг л асуудлуудтай тэд ч мөн нүүр тулдаг, эдгээр сорилтыг даван туулахын тулд олон жилийн туршлага дээрээ үндэслэн, шинэ тутам санаачилгуудын дунд бужигнаж, буцалж байгаа талаар та унших болно.

“Монгол Контент” ХХК 2005 онд үүсгэн байгуулагдсан, гурван алба, долоон хэлтэстэй. Тэдний нэг нь GoGo.mn сайтын редакц. Дэргэдээ мөн өсвөр үе, залууст зориулан төрөлжсөн Yolo.mn сайтыг ч ажиллуулдаг. 16 жилийн өмнө, сошиал ертөнц хөгжөөгүй байх үед уншигчдад мэдээ уншихаас гадна энтертайнмент үйлчилгээнүүдийг санал болгодог байсан GoGo.mn одоо ч шинэлэг хэлбэр хийцээ алдаагүй. Монголын топ вэб хандалттай мэдээллийн сайтуудын жагсаалтыг iKon.mn-ийн хамт тэргүүлдэг.

“GoGo” гэхээр уншигч ч, хэвлэлийнхэн ч танина. Харин тэд яг яаж ажилладаг вэ?

Эхлээд та бүхэнд сүүлийн гурван жил “GoGo”-ийн Ерөнхий редактор, менежерийн албыг хашиж буй Р.Адъяасүрэнгийн ярилцлагыг сонирхуулах болно.

Р.Адъяасүрэн: Нэг редактор ирэхээр өөрчлөгддөг биш, тогтсон журам, цаасан дээрх стандартуудтай

Тэр “Анх 2009 онд оператор ажилд авна гэсэн зараар “Монгол Контент” компанид хөл тавьж байлаа. Сонингоос сканнердсан материалын үг үсгийг засах, караоке үйлчилгээг бэлтгэх ажил хийдэг байсан. Япон, англи хэлний орчуулагч мэргэжилтэй учраас цаг заваараа гадаад мэдээ орчуулдаг байв. Удалгүй компанийн зүгээс сургуульд сургаж, сурвалжлагч, сэтгүүлч, редактороор ажилласан. Харин гурван жилийн өмнө Ерөнхий редактораар томилогдсон” гэлээ.

-“GoGo”-ийн ялгарал яг юу вэ?

-Биднийг хурц биш гэж шүүмжилдэг л дээ. Угтаа хэвлэл, мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг бол тэнцвэртэй мэдээлэх. Олон талын эх сурвалжийг хангаж, уншигчдад шүүн тунгаах боломж олгох. Бид аль болох энэ чиг шугамаа алдахгүйг хичээдэг. Мөн жендерийн болон хүний эрхийн мэдрэмжийг бодлогодоо тусгаж, мультимедиа хэлбэрийг ашигладаг маань ялгарал болов уу.

Гэхдээ бидний ялгарлыг би биш, уншигчид маань илүү оновчтой тодорхойлох байх. 16 жил тогтож ирсэн соёлыг хадгалах, улам хөгжүүлэхийн тулд бид хичээж байна.

-Та өөрөө “GoGo”-ийн түүхийн ихэнх хэсгийг мэдэх, туршлагатай боловсон хүчин. Энэ хугацаанд олон редактор, шинэ тутам санаачилгуудыг үзсэн байж таарна. Одоо “GoGo” хуучнаасаа яг яаж өөрчлөгдсөн бэ?

- Би 14 жил ажиллахдаа гурван өөр редактортай ажилласан юм байна. Нэг редактор ирэхээр өөрчлөгддөг биш, тогтсон дүрэм журам, стандарттай маань онцлог л доо. 2022 онд бид Олон улсын медиа стандарт нэвтрүүлсэн. Ер нь одоо илүү компанийн засаглалтай, аливаа үйл явц хэн нэгний шийдвэрээр өөрчлөгддөггүй, дүрэм журамтай гэж ойлгож болно.

-Хэвлэлийн редакц яг хатуу төлөвлөгөөний дагуу ажиллахад үргэлж түүнийг эвдэх шуурхай үйл явдал гарч ирж таардаг. Та бүхэн өдөр тутмын мэдээллийн урсгалаа хэрхэн уян хатан зохицуулдаг вэ. Энэ нь мөнөөх цаасан дээрх дүрэм журам, стандартад хэрхэн туссан байдаг вэ?

-Редакцын бодлого, ёс зүйн зарчмууд юун түрүүнд туссан. Нэмэлтээр өдөр тутмын үйл ажиллагааны журам бий. Өглөөний шуурхай хэдэн цагт эхлэх, үйл явдлыг яаж хуваарилах, тэднийг хэрхэн боловсруулж, нийтлэх зэрэг. Бид хоёр ярилцаад сууж байхад ч нэг үйл явдал өрнөж мэднэ шүү дээ. Эдгээрийг дүрэм, журмаараа зохицуулдаг.

Мөн Олон улсын медиа стандартад маань сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах агуулгууд ч туссан. Хэрэв аливаа үйл явдалд онцгой нөхцөл байдал үүсвэл удирдлагын зөвлөмжөөс гадна тухайн стандартаа барьж, өөрийн эрүүл мэнд, амь насыг хэрхэн хамгаалах нь тодорхой байх жишээтэй.

“GoGo” одоо нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхэнд дурдсаны дагуу тэд жилийн төлөвлөгөөг баталж, түүндээ хүний нөөц, орлогын төсөөлөл, цуглуулах хандалт, үүсгэн тогтворжуулах шинэ тутам булангийн контентууд зэргээ тусгадаг байна. Үүнийгээ зургаан сар, сар, долоон хоногийн төлөвлөгөө рүү шахдаг. Энэ гүйцэтгэлээ тулгана, үнэлнэ.

Мөн энэ гүйцэтгэлийн үнэлгээнд суурилан зургаан сар тутамд урамшуулал олгохоос гадна шилдэг ажилтнаа ч тодруулдаг байна.

Р.Адъяасүрэн “Зорилго тодорхойгүй үед зорилт “үсчиж”, хувь хүмүүс дээр стресс үүсдэг. Компанийн төлөвлөгөө хэлтэс рүү хэлтсийнх ажилтнууд руу буудаг. Энэ дунд сэтгүүлч, зураглаач нарын ажиллах ажлын ерөнхий багцаа гараад ирдэг гэсэн үг.  Тэгэхээр ойрын сар, хагас жил, жилдээ ямар амжилт гаргахаа урьдчилаад харчихдаг. Түүндээ хүрэхээр ажилладаг. Ер нь яавал би сайн ажилласан гэж үнэлэгдэх вэ гэдэг тодорхой байх чухал” гэлээ.

“Сайн ажилласан” гэдэг үзүүлэлтэд, зөвхөн хандалтаас гадна шинэ тутам хөгжүүлсэн булангийн контентууд компанийн орлогын бүтцэд эерэгээр нөлөөлөх нь чухалд тооцогддог байна. Мөн ажилчдын харилцаа, хандлагыг чухалчилдаг нь анхаарал татлаа. Зөвхөн урдах ажлаа хийхээс илүү, ажлын байран дээрээ тодорхой манлайлал үүсгэх чухал. Иймд ажилчдын манлайлах чадвар, харилцаа хандлагын судалгааг редакц дотроо авдаг, энэ үнэлгээ ч мөн шилдэг ажилтан шалгаруулах үзүүлэлтэд жин дардаг аж.

“GoGo”-ийн өглөөний ээлжид ажиллах сэтгүүлч 08.00 цагт, харин редакцаараа 09.00 цагт ирдэг. Ингээд 09.10 цагт өглөөний шуурхай хурлаа хийнэ. Өглөөний ээлжийн ажилтан 16.00 цагаас, бусад нь 17.00 цагаас тардаг. Харин сэтгүүлчид ээлжлэн, долоо хоногт нэг удаа оройн ээлжээр ажиллах бөгөөд ингэхдээ тухайн өдрөө 22.00 цаг хүртэл үргэлжлүүлэн “жижүүрлэдэг” байна. Эдгээр нь хуульд заасан 40 цагаа давдаггүй.

Мэдээж сэтгүүлчийн ажил яг ажлын цагт багтана гэдэг амаргүй. Сунаж ажиллах шаардлага бишгүй. Ийм үед илүү цагийн урамшууллыг заавал олгодог. Амралтаар эсвэл цалингийн нэмэгдлээр авах уу гэдгийг тухай бүрд шийддэг юм байна.

Мөн тэд лхагва гараг бүр дараа долоо хоногт нийтлэх даацтай контентуудаа төлөвлөдөг. Сонингоор бол гол материал юм. Редакц дундаа шэйр файл үүсгэж, сэтгүүлчид өдрөө сонгон, өөрсдийн бэлтгэх материалаа нэмж бичих маягаар төлөвлөгөө гаргадаг аж.

"Орлогын эх үүсвэрийг олон төрөлт болгохоор хичээж байна"

-“GoGo”-ийг том компанитай, олон жил ажиллаад тогтчихсон тул цалин, түрээст санаа зовдоггүй гэж хардаг. Нөгөө талаар, тийм ч болохоор “унтаа”, хурц биш гэж шүүмжлэх хандлага байдгийг бас асуумаар байна?

-Ашиггүй байгууллагыг 16 жил “тэжээнэ” гэж байхгүй шүү дээ. Бид бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Мөн аянуудад зохион байгуулагчаар оролцох, тендерт материалаа өгөх, олон улсын төсөл хөтөлбөрт өрсөлдөхийг бага багаар амжилттай нэвтрүүлж байгаа. Бид цэвэр өөрсдөө орлого, зарлагаа хариуцдаг. Гэхдээ хэт бизнес сурталчилгааны талбар болж болохгүй. Таван мэдээ тутамд нэг сурталчилгаа оруулаад байвал уншигч биднээс юу унших билээ.

Мөн “Бид зар сурталчилгааны гэрээ байгуулсан тул шүүмжлэх үедээ шүүмжилнэ, бичнэ” гэдэг зарчмаар ажилладаг. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллагын үнэлэмжийг дээшлүүлмээр, нийтээрээ мөн л бизнес юм, хувийн ААН юм гэдгийг ойлгоосой гэж боддог.

Бид олон нийтийн дуу хоолой болох чиглэлд илүү анхаарч ажиллах сонирхолтой. Юм яаж ч эргэж, өөрчлөгдөж болохоор байна шүү дээ. Буруу болж таарвал яах вэ. Манайд итгэдэг, уншдаг хүмүүс үнэн гэж хүлээж авбал яах вэ. Иймд зарим зүйл дээр ажиглалтын байр сууринаас хандах нь бий.

-Хэдий 16 жил тогтвортой ажилласан ч уншигчдын боловсрол, сошиал орчин хурдтай өөрчлөгдөж буйтай холбогдуулан сорилт, эрсдэлүүд хэр ирж байна. Тэр бүрд хэрхэн дасан зохицохыг эрмэлзэж байна вэ?

-Мэдээллийн хэт их урсгал дотор тодорхой ялгарал үүсгэх чухал болж байна. Туршаад л байна. Мэдээж орлогын асуудал тулгамдаж буй. Хүний нөөцөө тогтвортой хадгалъя, нэмье гэвэл мөн л орлого шүү дээ. Харин орлогоо олон төрөлт хэлбэрээр цуглуулдаг болохыг л эрмэлзэж байна.

Их үйл явдал, булангийн тогтмол контентууд дунд 15 хүн хаанаа ч хүрэхгүй. Гэтэл контентоо төрөлжүүлж, хэрэглэгчдэд олон янзын үйлчилгээ санал болгодог болохыг зорьсоор байна. Орлого нэмэгдэж байж зарим сэтгүүлчээ үйл явдлаас суллаж, нэг сэдвийн араас тултал нь хөөлгөмөөр. Сэтгүүлчийн ажил стресстэйг ч хэлэх үү. Амьдралын хэмнэлийг нь аль болох алдагдуулалгүй ажиллуулах чухал.

ХМБ гэхээр яагаад заавал цаг наргүй, цалин багатай байх ёстой гэж. Энэ хүртэл явж ирсэн бүтцийг илүү хөгжүүлж, тогтвортой хадгалахыг чухалчилж байгаа.  

“Сошиал зүй” хүчээ авч байгаа энэ үед хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн редакц хэрхэн тулхтай үйл ажиллагаа явуулж, ялгарахыг 16 жил ажиллаж буй “GoGo”-ийнхэн сайн “мэдэрдэг”.

Р.Адъяасүрэнгийн хувьд “Манай салбарын нэр хүнд унасан гэгддэг ч үүнийг процессын асуудал гэж хардаг. Явц дундаа өснө, хөгжинө. Уншигчдын мэдээллийн боловсрол ч дээшилж байгаа. Сайн сайхан итгэл үнэмшил бий, байсаар ч байх болно. Зөв чиглүүлбэл бидэнд ямар их хүч байдаг билээ” хэмээлээ.

Б.Нямдарь: 12 жил ажиллахдаа хувь хүний хөгжлөөс хоцроогүй

“GoGo”-д 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж буй, редакцынхаа туршлагатай боловсон хүчнүүдийн нэг бол сэтгүүлч Б.Нямдарь. Түүнийг одоо ажлаа солиод үзээч, хувь хүний хөгжлийн хувьд зогсож байгаа юм биш үү гэж зөвлөх нь цөөнгүй гэнэ.

Гэвч тэрбээр “Манай байгууллага маш халуун дулаан уур амьсгалтай. Дээр нь ажилтнуудын хангамж, урамшуулал сайн. Сэтгүүлчийн мэргэжлийг алхам тутамдаа хөгжиж, дэвжих боломжтой гэж хардаг. Одоо давхар сурч байна. Би өөрийгөө “GoGo”-д ажилласан хугацаандаа тасралтгүй хөгжсөн гэж хэлнэ” гэлээ. Цаашлаад “GoGo”-ийн редакцын бодлогын талаар “Бид төвийг сахиж, алив мэдээлэлд нэг талыг баримталдаггүй. Эх сурвалжийн олон талт байдлыг хангахаас гадна маш шуурхай ажиллахыг хичээдэг. Мөн бүтээл хийе гэж эрмэлздэг, тогтмолжсон булангуудтай” хэмээв.

Б.Нямдарь өмнө нь өсвөр үе, залууст зориулсан Yolo.mn сайтыг хэсэг хугацаанд хариуцан ажиллаж байсан. Ийм ч ч учраас түүнийг шинэ, залуу ажилчдад хамгийн түшиг болдог  хүмүүсийн нэг болов уу гэж харсан.

Харин энэ тухайд “Би залуу үед маш их хайртай. Тэдний эхэн үед урмыг нь хугалж болохгүй. Нэг магтахад л нүдэнд нь гал асдаг. Би шууд зааж, зааварлахаас илүү зөвлөдөг. Утсаар ярьж буйг нь сонсоод, дууны өнгөн дээр нь коммент хэлэх жишээтэй. Манайд залуусаа кофе, цайнд явуулдаг соёл байхгүй. Яг нэгэн ижил түвшнээс ажиллах бодлого баримталдаг” гэж ярилаа.

Л.Амарцэцэг: Хагас жилд 2-3 хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах зорилт тавиулдаг

“GoGo” одоо хоёр шинэ сэтгүүлчтэй ажиллаж байна. Тэдний нэг болох Л.Амарцэцэг редакцынхаа нэг эд эс нь болоод нэг жил болж байгаа аж. Түүний хувьд ажлын гараагаа “GoGo”-өөс эхэлсэндээ ихэд талархаж явдаг. Бүх ажил нь төлөвлөгөө журамтай, байгууллагын тогтсон дэг жаягтай, ёс зүйтэй бодлого баримталдаг зэрэг нь залуу хүний хувьд таалагддаг гэлээ.

Л.Амарцэцэг "Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Нийгэм, соёл урлагийн чиглэлээр бичдэг. Энэ миний анхны редакц.

Юун түрүүнд, сайт бол бичихээс гадна видео ч хийдэг онцлогтой. Би сайт, сонинд дадлага хийж үзсэн л дээ. Удаан зүйлд дургүй гэдгээ мэдсэн. Ингээд юутай ч сайтад ажилд орно гэж бодсон байсан. Одоо маш их баяртай байдаг.

Бүх зүйл стандарттай болохоор ажиллах нөхцөл таатай. "Чи ингэсэнгүй, тэгсэнгүй" гэсэн яриа болохгүй, ажил бол ажил. Хэвлэл мэдээллийн салбар мэдээж яаруу давчуу, байнга л яарч байдаг. Gogo.mn бол илүү цагийн урамшуулал олгоно. Гэхдээ аягүй дуртай сууж ажилладаг аа. 17.00 цагт тардаг нь хүүхдээ цэцэрлэгээс авахад дэмтэй болж өгдөг.

Хагас жилийн төлөвлөгөөн дээрээ 2-3 хувь хүний хөгжлийн сургалтад заавал хамрагдах ёстой гэдэг, төсөв мөнгийг нь ч тавьж өгдөг. Нэг өдрийн бүтэн чөлөө өгч, сургалтуудад хамруулдаг. Мөн редактор маань ажлаа их анхаардаг, тусад нь уулзаж, цаашдын төлөвлөгөө, карьераа хэрхэн харж буйг маань асуудаг. Бодоогүй бол бодуулж байгаад л уулздаг" гэлээ.

Г.Тэгшсүрэн: Ажлаа яг таг хийцгээдэг нь сайхан

Мөн “GoGo”-өөр овоглоод гурав дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч Г.Тэгшсүрэнг уншигчид “Гутал” булангаар нь андахгүй. Тэр сүүлд үнэлсэн хагас жилийн гүйцэтгэлээр хамгийн өндөр хандалт цуглуулсан сэтгүүлчээр тодорчээ.

Уртай бичдэг, хөдөлмөрч тэрбээр өмнө нь Shuud.mn сайтад ажилладаг байсан. Харин “GoGo”-ийг мөн ихээхэн ажилчдадаа ээлтэй, хамт олны дулаан уур амьсгалтай, тогтсон байгууллагын соёл, компанийн засаглалтай зэрэг шалтгаанд нь үндэслэн сонгосон байна.

Г.Тэгшсүрэн "Редакц зохион байгуулалт их сайтай. Ирэх даваа гарагт би уулзалтад орох ёстой бол өмнөх долоо хоногт нь мэднэ. Гэнэт дарга "Тийшээ явах боллоо" гэдэггүй. Бүх юм нарийн төлөвлөгөөтэй тул таатай нөхцөл болдог.

Нэг их шөнө юм уу, амралтын өдөр сууж ажилладаггүй. Ер ажлын цагаар ажлаа хийнэ, цайны цагаар цайгаа ууна гэдэг байгууллагын соёлтой. Тийм учраас стресс, дарамт байхгүй. Миний хувьд нийгэм, хууль эрх зүйн сэдвийг харьцдаг. Саяхан улс төрийн сэтгүүлч маань АНУ явсан тул ордонд ажиллаж байгаа.

Хамгийн гоё соёл нь хэнийг ч амралтын цагаар ажиллуулсан бол илүү цагийг яс бодож өгдөг. Анх ажилд ороход лав, ажлын цагаар хүмүүс ажлаа яг таг хийдэг нь таалагдсан. Зарим байгууллагад цайны цаг дуусангуут хэсэг "алга болчихдог" доо. Манайд цайны цаг дууссан л бол яг ширээн дээрээ цуглачихсан, ажлаа хийгээд сууж байдаг" хэмээв.

Т.Бархасын хөдөлмөрч хандлага

Мэдээж мэдээ, мэдээллийн сайтыг медиа албагүйгээр төсөөлөхийн аргагүй. Сэтгүүлчийн хөдөлмөр зурагчин, зураглаач, эвлүүлэгчдийн баялаг сэтгэхүйгээр бүтээл болдог. “GoGo”-д ажиллаад нэг жил гаруй болж байгаа Т.Бархасын эрмэлзлийг сонсох тун сонирхолтой байв.

Бараг л камер барьж үзээгүй шахуу залуу “GoGo”-д өөрийгөө сорихоор хөл тавьсан. Харин одоо зургаа ч авна, дүрсээ ч бичнэ. Шууд дамжуулалтад ч явна, видео эвлүүлгээ ч хийнэ. Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Медиа албанд хүн авах л хүндрэлтэй байсан. Энэ салбарын залуус тогтвортой ажлын байр сонирхох нь бага байдаг” гэсэн. Үнэхээр редакцуудад тулгамддаг асуудал энэ мөн. Харин Т.Бархас тэргүүтэй хөдөлмөрч залуус “GoGo”-ийг хийц талаас нь өнгөлдөг.

Мөн шаардлагатай үед “Монгол Контент” ХХК-ийн маркетингийн албаны залуус зураг зурах, нарийн график дизайн хийх ажилд туслалцдаг байна.

16 жилийн туршлага, зангаргыг компанийн засаглалын соёл, ёс зүйтэй редакцын бодлого, орчин үеийн хэлбэр хийцээр “өнгөлж” яваа “GoGo” редакцыг товчхон танилцуулахад ийм байна. “GoGo”-ийнхэн илүү оновчтой менежментээр ажиллаж, орлогын бүтцээ төрөлжүүлж, хүчирхэгжих замаар Монголын сэтгүүл зүйд нэгэн тод жижиг тогтоохоор хөдөлмөрлөсөөр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-13 09:38

mundag hamt olond ajlin amjilt hvsey

Зочин
Зочин
2023-12-13 13:00

Хэлбийдэггүй, худ�##�дагддаггүй нь маш сайн. Аль дээр үеийн мндээ хайхад гого ийн архиваас л хамгийн сайн гарч ирдэг. Одоо спортын урлагин чиглэлийг хөгжүүлмээр байна, улс даяар 5 цхгариг сонин шиг гоё супер редакц хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button