Нийгэм мэдээ

168 орноор аялж буй Нажму Нахар: Аяллаараа Гиннесийн рекорд тогтоосон анхны муслим эмэгтэй болно

Түүнийг Нажму Нахар гэдэг. Бангладеш улсын иргэн, сүүлийн 23 жилийн турш улс орнуудаар үүргэвчтэй аялж байгаа эмэгтэй. Түүний аялж буй 168 дахь орон нь Монгол улс юм.

-Та аялалаа анх хаанаас эхлүүлсэн бэ, яагаад аялах болсон бэ?

-Би бага байхаасаа л аялахаар төрсөн нэгэн гэдгээ мэдэрдэг байсан. Өвөө маань их олон орноор аялсан бөгөөд түүний түүхүүд надад дэлхийгээр аялах урам зоригийг өгсөн. Би хамгийн анх Энэтхэгээс эхэлсэн.

-Таныг анх аялж эхлэх үед гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч, ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

-Би багаасаа аялах мөрөөдөлтэй байсан нь үнэн ч гэлээ, би өнөөдөр шиг дэлхийн 168 орноор аялна чинээ зүүдлээгүй юм. Манай гэр бүл миний талд, үргэлж намайг дэмждэг байсан нь өнөөдрийн намайг бүтээсэн байх. Хүмүүс аяллыг маань төдийлөн дэмждэггүй байсан ч би үнэхээр л зүрх сэтгэлээсээ хүсэж байгаагаа мэдэрсэн.

-Ширэнгэн ойд амьд үлдэхийн тулд түүхий мах идэж байлаа-

-Ганцаараа аялдаг эмэгтэй аялагчын хувьд танд ямар сорилтууд тулгарч байсан бэ?

-Мэдэж байгаачлан би их олон сорилтуудтай тулгардаг. Би сүүлийн 23 жилийн турш аялж байна. Ихэнх аялсан орнууддаа би заримдаа юу ч идэхгүй эсвэл заримдаа ширэнгэн ойд амьд үлдэхийн тулд түүхий мах идэж байсан тохиолдол бий. Бас хоёр хоног хагас юу ч идэхгүй явсан удаа ч байдаг.

Африкийн Саваннад машин маань зогсчхоод ширэнгэн ой дундуур харанхуйд ганцаараа алхаж байлаа. Мөн Перуд байдаг 4937метр (16200 фут) ууланд авирч байхдаа өндрийн өвчнөөс болж амьсгал хураах шахсан. Хөтөч маань надад “Хэрэв чи энд үхчихвэл бидэнд  чамайг доош буулгах юу ч байхгүй.Тиймээс оргил руу явалгүйгээр эндээ үлд” гэж хэлсэн. Харин би түүнд “Үгүй ээ, би явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үед хажуугаар явж өнгөрсөн залуу надад бага зэрэг хүчилтөрөгч өгснөөр би үргэлжлүүлэн аялж эхэлсэн. Тэд айж байсан ч би түүнийг үнэхээр хийхийг хүссэн учраас оргил дээр гарч чадсан. Перуд байдаг тэр уулыг “Солонгон уул” гэж дууддаг. "Солонгон уул"-ын оргил дээр бүх юмс хэчнээн үзэсгэлэнтэй байсан гэж санана.

Мөн Уганда руу аялж байхад аадар бороо орж, хүчтэй шуурга шуурснаас автобус маань осолдож би автобуснаас үсэрсэн. Би их айсан ч тэнд байсан Африк хүмүүс надад “Битгий ай, бид чамтай хамт байна” гэж хэлсэн. Заримдаа үнэхээр хэцүү санагддаг ч би даваад л гардаг. Ганцаараа аялж буй аялагчид үүгээр зогсохгүй их олон сорилтуудтай тулгардаг.

Гамбид аялж явахад 21:30-22:30 цагийн үед хил давж болдоггүй. Тиймээс хилтэй ойрхон хотод хонох шаардлагатай. Иммигрэйшний офицер надад “ Битгий яв, энд үлд. Бид чамайг явуулж чадахгүй. Хэрэв чи одоо хил давбал асуудалд орох болно” гэж хэлж байлаа. Тэгээд би хэсэг бүлэг аялагчидтай хамт тэндээ хоносон түүх ч байгаа. Тэд надад хоолоо хуваалцаж байсныг би одоо ч мартдаггүй. Тэр үед нэг тэнгэр дор амьдардаг, шашин шүтлэг, соёлоос үл хамааран бүх хүмүүс адилхан гэдгийг мэдэрсэн. Бид бүгд нэг тэнгэр дор амьдардаг, тиймээс бид хоорондоо маргалдах ёсгүй.

Маш олон ширэнгэ, далай, цөлийг туулахдаа би маш олон сорилттой тулсан. Намибийн цөлд аялж байхдаа элсэн манхан, далайтай нийлсэн байгааг харж байсан. Энэ миний харсан хамгийн гайхалтай зүйлсийн нэг. Хэдий их сорилт туулдаг ч тийм үзэсгэлэнтэй зүйлсийг хардаг болохоор эрч хүчээр дүүрэн байдаг.

-Хэрэв чи Африкийн орноор аялж чадвал дэлхийгээр аялж чадна л гэсэн үг-

-Ази болон Европын орнуудаар аялахад хэр их ялгаатай байдаг вэ?

-Үнэндээ Европоор аялах нь бага зэрэг амархан. Учир нь тэнд галт тэргэнд сууж болно, бүх зүйл нь тодорхой байдаг. Европоор аялах нь хамгийн амархан санагддаг гэхэд хилсдэхгүй. Харин Ази, тэр тусмаа Африкаар аялах нь хүнд хэцүү. Хэрвээ чи баруун Африкаар аялж чадвал дэлхийгээр аялж чадна гэсэн үг.

Би авто замын аялалаа Мауритан, Синегал, Гвиней, Гана, Биса, Бенин, Нигериас зэрэг орнуудаар эхлүүлж байв. Мөн Африкийн 46 орноор аялсан. Өмнөд Америкийн Колумб, Экуадор, Перу, Болив, Чили, Аргентин гээд Амазон хүртэл аялсан. Панам, Эл Салвадор, Хондорайс, Мексик гэх мэт Төв Америкийн орнуудаар ч аялсан.

Аялахад хамгийн хэцүү хэсгүүд нь баруун Африк болон төв Америк байсан.

ВИДЕО:

-Бид цаг хугацааг зүгээр өнгөрөөж болохгүй-

-Аяллынхаа хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцвал?

-Би Бангладешт төрсөн. Анх надад аялалаа эхлүүлэхэд маш их саад тотгор тулгарч байлаа. Өмнөд Ази эмэгтэйчүүдэд нийгмийн болон гэр бүлийн зүгээс үзүүлэх саад тотгор их байдаг учраас тэд аялж чаддаггүй. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг хийхийг хүссэн ч “Үгүй чи үүнийг хийж болохгүй” гэдэг үг сонсох нь элбэг байдаг.

Гэхдээ дэлхийгээр аялж маш олон төрлийн хүмүүстэй уулзсаны дараа би тэдгээр саад тотгорууд юу ч биш байсныг ойлгосон. Дэлхий маш том, мөрөөдөл ч бас том, бүх зүйл том.

Исландад аялж байхдаа би маш олон гайхалтай дурсамж бүтээсэн. Исланд бол миний очиж байсан хамгийн үзэсгэлэнтэй газар. Тэнд аялж байхдаа би зэрлэг байгаль, өнгөлөг уулсыг харсан. Мөн Landmanalugar Valley хөндийгөөр аялж байсан дурсамж санаанаас минь огтхон ч гардаггүй. Шөнө дунд майханд хоноглож байхад нүүрэн дээр минь сар туссан. Эргэн тойрон дахь өнгөлөг уулс үнэхээр итгэмээргүй байсан.

Мөн Намибийн цөл дэхь дурсамжуудаа сайн санаж байна. Намибийн элсэн манхан бол үнэхээр гайхалтай. Нэг тал нь Атлантын далай харин нөгөө талд нь элсэн манхан байдаг. Харин тэдний дунд үзэсгэлэнтэй 10 орчим км зам байдаг. Тэндээс сарны гэрэл болон нар мандах нь маш гайхалтай харагддаг. Надад яг л бурхан надтай ойрхон байгаа юм шиг санагдсан.

Би аялж байх хугацаандаа маш их зүйлсийг сурсан бид цаг хугацааг зүгээр өнгөрөөж болохгүй. Мөн миний олж харсан бас нэг үзэсгэлэнтэй зүйл бол бид хэдий өөр хэлээр ярьдаг ч бид биеийн хэлэмжээрээ ойлголцож чаддаг явдал. Африк, Ази, Европ, олон өөр оронд олон өөр хэлтэй хүмүүстэй таарсан ч бид ойлголцож чаддаг байв.

Ширэнгэ, цөл гээд автобусаар аялсан газар бүртээ би гайхалтай дурсамж бүтээсэн бас тэнд таарсан хүмүүстэйгээ биеийн хэлэмжээ ашиглан харилцаж байлаа. Автобус зорьсон газартаа хүрч очих үед нар мандахыг харна, уулс, далай гээд л дэлхийн өнцөг булан бүрт маш их үзэсгэлэнтэй зүйлс байдаг. Хамгийн үзэсгэлэнтэй орнууд бол Намиб, Мауритан, Руанда, Бурунди. Африк маш аюултай хэдий ч Ботсванна үнэхээр үзэсгэлэнтэй.

Өмнөд Америкаас Перу, Чили ихүзэсгэлэнтэй орон. Чилид "Атакама" гэх газар байдаг. Тэнд зуун жил бороо ороогүй. Тэр газрыг “Сарны хөндий” гэж дууддаг. Сарны хөндий рүү очвол хөрс, мөсөн гол зэрэг нь яг л саран дээр сууж байгаа мэт санагдах болно. Төв Америкт Коста Рика маш үзэсгэлэнтэй. Өмнөд Номхон далайн ус их гоё өнгөтэй. Мөн жижиг арлууд болон байгалийн олон янз байдал нь маш гайхалтай.

Азид Индонез үнэхээр үзэсгэлэнтэй. Би Зүүн Картер руу аялсан бөгөөд энэ хэцүү аяллын нэг байсан. Бид шөнө дунд уулын аялал хийж эхэлсэн бөгөөд Зүүн Картерт цэнхэр гал асаж байхыг олж харсан. Тэгээд л оргил өөд тасралтгүй мацсан.

Миний аялсан 100 дахь орон маань Зимбаб байсан. Зимбаб руу очихын тулд Замбиаг дайрсан явган аялал хийсэн. Явган аялал хийх үедээ Викториа хүрхрээг харж биширч билээ.

-Монгол орон бараг л өвөг дээдсийн маань нутаг шиг санагддаг-

-Монгол улсын талаар сонсож байсан уу, манай улсад ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Би хүүхэд байхаасаа л сонсож байсан. Бид Чингис хааныг мэднэ. Бид Монголын түүхийн талаар их сонсдог тэр тусмаа сургуульд байхад номон дээр маань Чингис хаан болон Монголтой холбоотой түүх байдаг байсан. Тэр бол бидний өвөг дээдсийн нэг. Тиймээс Монгол бол бараг л өвөг дээдсийн маань нутаг. Анх ирэх үед яг л манай нутаг, соёл, цусны нэг хэсэг юм шиг санагдсан. Дараа нь Шведэд сурдаг байхад байрны найз маань Саяа гэж монгол эмэгтэй байсан. Бид гурван жил хамт байсан учраас Монголын талаар илүү их мэдэж авсан.

Мөн бусад орнуудаас ч бас Монголын тухай маш их сонсож байсан. Тэд бүгд л гайхалтай байгальтай орон гэж ярьдаг. Монголд ирсний дараа хүмүүс нь маш эелдэг, нийтэч, байгаль нь их гайхалтай үзэсгэлэнтэй санагдсан. Онгоцны буудлаас хотын төв хүртэл замын туршид уулс болон цасан хөндийнүүд харагдаж байсан нь үнэхээр үзэсгэлэнтэй.

-Гиннесийн амжилт тогтоосон анхны Муслим эмэгтэй болно-

-Таны хүрэх эцсийн цэг юу вэ?

-Би дэлхий дахинд аялаж, гиннесийн рекорд тогтоосон анхны Муслим эмэгтэй болох болно. Маш их саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгардгийн хувьд би хэрвээ эмэгтэй хүн ямар нэгэн зүйлийг хийхийг хүсвэл тэд хичээвэл чадна гэдгийг харуулахыг хүсдэг. Тиймээс би хичээж байна.

-Таны дараагийн аялах улс?

-Би Африкийн орнуудаар аялахаар төлөвлөсөн. Камерунаас эхэлж Төв Африкийн БНАУ, Конго, Бразил, Мадагаскар, Комор, Сишел, Эритрэй, Малави зэрэг орнуудаар аялах болно.

-Ганцаараа аялахыг хүсч байгаа хүмүүст өөрийн зүгээс зөвлөгөө өгвөл?

-Дэлхийн газрын зураг бол хамгийн чухал зүйл. Газрын зургийг тайлж, уншдаг байх хэрэгтэй. Би үргэлж бүсчилж, 7-10 эсвэл 50 улсаар аялдаг.

Жишээлбэл, Мауритан хүртэл нисээд Нигер хүртэл аялсан. Тэгэхээр энэ бүсэд 50 улс байгаа. Бас авто замаар аялвал маш их зүйлийг үзэж харах боломжтой бөгөөд автобусаар явах нь илүү хямд байдаг. Мөн хуучин буудалд хоноглох нь хамгийн хямд.

Хэрвээ аялахыг хүсвэл хичээж ажилла, мөнгө ол тэгээд аяла. Цүнхээ аль болох жижиг байлгаж, ямарч сорилт тулгарсан даваад гарна, чадна гэж бодоод үзээрэй. Би заримдаа юу ч идэж чаддаггүй. Тэгэхээр заримдаа идэж чадахгүй, унтаж чадахгүй гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сорилтыг хүлээж авч чадвал дэлхийгээр аялаж чадна.

-Таны зүүлт их сонирхолтой харагдаж байна, зүүлтнийхээ талаар бидэнд хуваалцвал?

-Энэ зүүлт бол Бангладешийн туг. Бид эх дэлхийтэй ухамсартайгаар харьцаж, хайрлах хэрэгтэй. Хуванцар болон пластик хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Би энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүхэн дэлхийд, хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Түүгээр ч зогсохгүй бид эх дэлхийн үзэсгэлэнг хайрлаж, хамгаалах ёстой. Энэ тугны утга бол улаан болон ногоон өнгө. Улаан нь бидний мандаж буй нар харин ногоон нь бидний ногоон газар нутаг, ногоон байгаль юм.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochinzochin
Zochinzochin

Mungutei bol 80tai samgan ch gantsaaraa ayalj chadna.

Зочин
Зочин
Reply to  Zochinzochin

Амархан юм бодох юм...

Холбоотой мэдээ

Back to top button