Д.Энхтүвшин: Татвар нэмэхэд үг дуугүй хүлцэхүйц хууль зүйн тулгасан орчинд бизнесийнхэн ажиллаж байна
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
-Төрд бизнесийнхнээ ойлгуулдаг бүтцийг бий болгох зорилготой Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөж, та сонгогдсон. Гурван сар гаруй болж байна. Ажлаа аваад ортол нөхцөл байдал ямар байсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Төрийн байгууллагууд хувийн хэвшлүүдтэй олон уулздаг ч үр дүнгүй байдаг. Компаниуд асуудлаа нэг нэгээрээ очиж шийдүүлэх гэдэг. Цаг их алддаг учраас авлигын замаар шийдэх тохиолдлууд гардаг. Ийм байдлаар яваад байж болохгүй. Төрийн байгууллагуудын ашиг сонирхлууд нэмэгдсээр байна. Асуудлыг шийдэхгүй байхад төвлөрч, шийдэж өгөхийн тулд нөгөө талаас гар хардаг байдал тогтоод буйг өөрчлөх шаардлагатай. Тиймээс байгууллагууд төлөөллийн байгууллагаараа төрийн байгууллагатай харьцах загвар руу орж эхэлж байна. Гэтэл улс төрчид өөрт нь хэрэгтэй талаа л харахаас гадна зүгээр нэг ТББ гэдэг үүднээс ханддаг. Эсвэл ажил хийсэн болохын тулд ТББ-тай уулзана. Яг бодитойгоор хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагыг сонсдог механизм байхгүй байна. Түвшин нь өөр байгаа учраас хүлээж авах нь ялгаатай байгаа. Ийм харилцааг өөрчлөхийн тулд төрийн бус бизнесийн төлөөллийн байгууллагуудыг чадавхжуулж, хүчтэй болгох, нэгтгэх шаардлагатай.
Танхимын хуулийн төслийг өөрчлүүлэхээр саналаа өгсөн. Үүнд гишүүнчлэлийн асуудлууд бий. Нэгдсэн нийтлэг эрх ашиг, салбарын асуудал ярьдаг болохын тулд аймаг, нийслэлийнхээ салбар танхим юм уу мэргэжлийн холбоод дээрээ нэгдэж нийлдэг болохын тулд заавал гишүүнчлэлтэй болъё гэдэг байдлаар оруулсан. Ингэснээр “Эвлэлдэн нэгдье” гэж ярьдаг ч үр дүнгүй байдал арилна гэж хараад байгаа. Нөгөө талаасаа төлөөллийн байгууллагуудыг хариуцлагажна. Мөн гишүүд нь ийм агуулгаар энэ газартай уулзъя гэж хууль ёсны нийтлэг эрх ашгуудаа нэг шугамаар ярьдаг болох юм.
Дээрх аргыг аваагүйгээс өнгөрсөн 12 жилийн хугацаанд Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 11.7 дахин өссөн. Бид хувийн хэвшил давамгайлахаар 1992 онд үндсэн хуулиа өөрчилсөн боловч Монголын хамгийн том компани улсынх байна. Төрийн өмчит компанийн өсөлтүүд хувийн хэвшлээсээ хамаагүй хурдацтай нэмэгдлээ. Тэдний эдийн засагт оролцож байгаа нь өндөр хэвээр байна. “ТОП-100” хувийн аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй нь төрөөс өгдөг лиценз дээр суурилсан бизнесүүд бий. Лицензийг өгөхгүй, сунгахгүй байх төдийд л эрсдэлд орно. Энэ систем төрийн өмч давамгайлсан загвар руу явж буйг харуулаад байна шүү дээ. Төрийн өмч давамгайлсан хуучны төлөвлөгөөт эдийн засгийн энэ хэлбэрт шилжиж буй нь бүтээмж муу. Бидний төлсөн татварын мөнгө үр ашиггүй зарцуулагдах шалтгаан болж, илүү их мөнгө олох боломжоо алдаад байгаа хэрэг юм. Ер нь бол хувийн хэвшил энэ эрчээрээ жижгэрсээр байвал жижиг бизнесүүд арчигдаж томууд л үлдэх хэмжээнд хүрч мэднэ. Төр 11.7 дахин өссөн шиг хувийн хэвшил тэр хэмжээнд өсөх боломж тун бага. Жижиг дунд бизнес эрхлэгчид зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд байдаг. Үүнийг танхимын хуулийг ашиглаад өөрчлөх шаардлага гарч ирсэн.
-Бизнес эрхлэгчид танхимаараа дамжуулан төрд өөрсдийгөө ойлгуулах талд хүчтэй нэгдэж чадаж байна уу. Гаднын зарим улсын танхимын зарчимтай хэр зэрэглэл ойртож байна вэ?
-Өмнө нь төртэй ойлголцохын тулд нэг нэгээрээ уулздаг байсан. Одоо нэг компанийн асуудал гэж харахгүйгээр салбарын асуудал гэж харах чиглэлд явж байна. Гэхдээ хүч нь сул. Түрүүлж тухайн бизнестээ орсон хэд нь бусад шинээр орж ирэх компаниудаа шахах бодлого хэрэгжүүлдэг ТББ хүртэл байна. ТББ-ын хөгжил сайнгүй байна.
Зах зээлийн эдийн засаг нь хөгжсөн орнуудад компаниуд өөрсдөө очоод уулздаг жишиг бий. АНУ-ын жишээг татахад, “Лобби хууль” гэж байдаг. Лобби хийдэг компаниудад мөнгөө төлөөд салбарынхан бүтцээрээ дамжуулан хуулийн зохицуулалтуудаа хангуулдаг. Тийм зохицуулалтай орнууд ТББ, танхим зэргийг энгийн л байгууллага гэж үздэг. Харин Герман, Солонгос, Япон зэрэг улсын аж ахуй нэгжүүд заавал танхимын гишүүнчлэлтэй байдаг. Эсвэл тодорхой шаардлагыг хангасан компаниуд заавал гишүүнчлэлтэй байхаар заасан байдаг. Энэ нь төр талаасаа ч бизнесийнхэнтэй харьцах шугам нэг байдгаараа хялбар юм. Төрийн зүгээс асуудал ярихад ч хялбар болно. Манайд ТББ-уудын хөгжил сул, түүгээр амьдардаг хэсэг бүлэг хүмүүс байдаг учраас эрх ашгаа төлөөлүүлж чадахгүй байгаа.
-Татварын асуудлыг цогцоор нь харахгүй бол ЖДБ хөгжүүлнэ гэж яриад хэрэггүй-
-Гурван жил тутамд бизнесийн орчны судалгаа хийдэг. Энэ удаагийн судалгааны хариугаар тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн гаргасан байна вэ?
-Жилийн жилд яригддаг асуудлууд тулгамдсан хэвээр байна. Нэгд, хууль эрх зүйн тогтвортой байдал тулгамдаж байна. Манайд сайд дарга нарт суурилсан зохицуулалтууд их байдаг. Хууль тогтоомжийн хүртээмжийн асуудалд үүнд мөн багтаж байгаа. Төрийн зарим бүтцүүд өөрсдөө ажлаа хийхгүйгээс болж татвар төлж байгаа хэсэг нь ихэнх ачаагаа үүрдэг. Гаалийн байгууллагууд ажлаа гүйцэт хийгээгүйгээс болж татваргүйгээр бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Тэр нь өрсөлдөөн дээр тэнцвэргүй орчин бий болгодог. Хуулийн жигд үйлчлэл бидэнд хэрэгтэй байна. Оролцогч талынхаа саналыг авахгүйгээр хуулийг өөрчилдөг. Төлөөлөл нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа учраас өөрт ойр байгууллагаа төлөөлөл гэж үздэг. Гэтэл тэр нь тухайн салбараа төлөөлөх чадваргүй.
Хоёрт, Санхүүжилт эх үүсвэрийн асуудал бий. Зээлийн хүү өндөр, олдоц бага байна. Банкнууд зээлийг барьцаа хөрөнгөд үндэслэдэг. Тэгэхээр ЖДБ эрхлэгчдэд зээл санхүүжилт авах боломж нь хязгаарлагдмал болж байгаа юм. Банкнаас зээл авч чадахгүй болохоор ББСБ, ломбардаас хамгийн хүнд нөхцөлөөр эх үүсвэр босгож байна. Өрсөлдөөний хувьд жижиг дунд компаниуд хязгаарлагдмал байна. Монголбанкнаас тавьж байгаа зарим зохицуулалтыг өөрчилж хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой харагдаад байгаа. Зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалахаас гадна том компаниудтай хийсэн гэрээг барьцаалж, ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжтой. Энэ харилцааг Монголбанкнаас нээгээд өгчихвөл эерэг өөрчлөлт ирнэ.
Инфляцтай холбоотой зардал яг л хүү, татвар шиг хүнд тусаж байгаа. Бидний ажил үйлчилгээ инфляцыг дагаад түлш тээвэрлэлтийн үнэ нэмэгддэг. Гаднаас бараа бүтээгдэхүүн авахад ханшийн зөрүү гардаг. Төгрөгийн ханш унахаар хоёр талаас цавчих гэж байгаа хайчны ир шиг нөхцөл үүсдэг талтай.
Гуравт, Хүний нөөц хомсдолын асуудал байна. Ажлын байр байгаа ч заасан цалингийн түвшинд ажиллах сонирхол бага байна. Дээрээс нь халамжийн бодлого их учраас ажил хийхгүй халамжлуулаад амьдрах боломжийг зарим хэсэг анзаараад байна. Өндөр цалин авах сонирхолтой иргэд гаднын орныг зорьж байна. Тодорхой босгыг давж байвал дэлхийн хаана ч очоод ажиллах нөхцөл нээлттэй болоод эхэлж байна. Зарим улсын хүний нөөцийн бодлого өөрчлөгдөж нээлттэй болж байгаа нь манай улсын хувьд эрсдэлтэй дүр зураг харагдаж байна. Хүний нөөцийг барих, хөгжүүлэх, татах талд хувийн хэвшил болон төрөөс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсад улирлын шинжтэй салбарууд олон. Тухайлбал, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилгын салбар байна. Хүний нөөц гадагшаа урсаж байгааг нь бид хаах боломжгүй учраас яваад өгч байгаа. Гаднаас орж ирэх бололцоог нээж өгөх хэрэгтэй. Гаднаас орж ирэхийг хязгаарлаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нугалсан хэмжээгээр төлбөр авч байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байгаа. Барилга гэхэд улирал нь богино. Хүний нөөцөөс хамаарч улирал алдах байдал байдаг. Энэ асуудалд гаднаас хүний нөөц татах боломжтой. Вьетнамд гэхэд шугамын ажилтны цалин 200-400 доллар байна. Манай үйлдвэрүүд тоног төхөөрөмж нь байгаа боловч хүнгүйгээс болж боломжоо алдаж байна. Хүний нөөцийн бодлогод нийтээр анхаарах шаардлага бий. Компаниуд ч мөн хүний нөөцдөө ач холбогдол өгч цалин хөлс, нөхцөлийг нь боломжийн түвшинд хүргэх хэрэгтэй байгаа.
-Бизнес эрхлэгчдийн төрд өгсөн татварын зарцуулалт дээр хэр зэрэг хяналт тавьдаг вэ. Татварын хууль бизнес эрхлэгчдийг шахалтад оруулж байна уу?
-Нийслэл энэ оноос татвараа нэмж байгаа өмнө нь нэг хувь байсан одоо хоёр хувь болгох гэж байна. Нэг хувийн татвараа юунд зараад, яагаад нэмж байгаа үндэслэлүүдээ тайлбарлахгүйгээр, ямар ч мэдээлэлгүй гэнэт хоёр хувьд хүргэж байна. Ер нь хэдэн ч хувь болсон бид үг дуугүй хүлээж авах хууль зүйн тулгасан орчинд байгаа. Төрийн байгууллагууд үр ашиггүй, буруу зарцуулалттай, идэж уусан асуудал татвар болоод ирж байгаа нь шударга бус явдал юм.
Ихэнх ААН зээлээс зээлийн хооронд явж байна. Том эдийн засгийн утгаар инфляц нөлөөлж байна. Татвар төлье гэвэл дампуурчих хэмжээний газрууд олон бий. Татварын ачаалал хүнд байна гэдэг бол бизнес эрхлэх орчин хэцүү байгаагийн шинж. Эдийн засгийн боломж тулж, татварын орчныг өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь боломжтой байх үед бизнесүүд татвараа төлөөд болгоод байсан. Одоо бол нөхцөл байдал өөр байна. НӨАТ-ын борлуулалт бүртгэгдсэн л бол татвар төлөх үүрэг гүйцэтгэдэг. Бодит байдалд бэлэн мөнгөнөөс илүү бартерын харилцаанд орсон газрууд олон. Борлуулалт нь бартераар хийгдсэнээс үл хамааран мөнгөөр татвараа төлөх үүрэг үүсдэг. Нөгөө бартерийн бараа нь зарагдахгүй татварын өр үүсч, хуримтлагдсаар дансаа хаалгаж, үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Тээвэрлэлтийн зардал нь олборлолтын өртгөөсөө давдаг. уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнийг хаа байсан Хятадын далайн эргийн боомт дээр байгаа үнээс тооцожавч байгаа нь ямар ч амьдралгүй.
Тэгэхээр татвар тогтоож байгаа аргачлал, хуулийн тайлбар, хэм хэмжээ, жигд байдал зэргийг цогцоор нь харахгүйгээр энэ байдлаараа үргэлжлэх бол ЖДБ эрхэлнэ гэж Монгол Улс яриад хэрэггүй. Том компаниуд үлдэж, төрийн компаниуд томроод л байх ханатай. Аж ахуй, бизнес эрхлэх өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх сонирхол буурч, “Том компани эсвэл төр, төрийн компанид ажиллана. Болохгүй бол гадаад явна” гэдэг сонголтыг иргэд хийхэд тулаад байна. Жижиг дунд аж ахуй эрхлэлтийг дэмжинэ гэдэг бол хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх боломжийг нээж өгч байгаа. Эдийн засгийн машин шаварт суугаад хий эргээд байсан бол бүр шаварт суусан чигтээ ухарч байна.
-Танхимын өмнөх ерөнхийлөгч үйл ажиллагааны чиглэлээ судалгааны том институт байх ёстой гэсэн байдаг. Харин та танхимын үйл ажиллагааны чиглэлийг ямар байвал зохистой гэж харж байна вэ?
-Танхим хувийн хэвшлийн нийтлэг эрх ашиг, салбарын бодлого ярьдаг байх хэрэгтэй. Өнөөдөр тухайн салбарын сайд нь солигдоход салбарын бодлого нь өөрчлөгддөг систем байна. Бодлогын залгамж, хуримтлал бараг байхгүй. Тиймээс эдийн засгийн гол салбаруудын бодлогоо хувийн хэвшил нь оролцож гаргадаг, гаргасан бодлогын залгамжийг хадгалж, үргэжлүүлж шахах үүргийг тухайн салбарын хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд гүйцэтгэх боломжтой. Гэхдээ үүнээс өмнө гол нь хувийн хэвшлээ жинхэнээсээ “сонсдог” болгох хэрэгтэй байна. Мянга судалгаа, бодлого, санал хэлээд “сонсохгүй” байвал ямар ч үр дүнгүй байна.
-Ярилцлагаа энэ оны төсөв бизнесийн салбарт хэрхэн тусахаар байгааг асуугаад өндөрлөе?
-Бизнесийн итгэлийн индексийг жил бүр судалдаг. Өнгөрсөн жилүүдийг харахад сонгуулийн жилүүдэд бизнесийн итгэлийн индекс маш их унадаг. Энэ бол бизнес эрхлэгчдэд сонгуулийн жилд эдийн засаг хүнд нөхцөлд очиж, горьдох зүйл байхгүй гэдэг дохио болдог. Нөгөө талаас сонгуулийн жилд төсөв тэлж, төсвийн алдагдал нэмэгддэг. Энэ хэмжээгээр Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого баримталдаг. Арилжааны банкнууд Монголбанкандаа л зээлдүүлэхээс биш ААН-үүдэд зээлэх сонирхол байхгүй. Зээлийн олдоц хэцүү дээрээ бүр хэцүү болно. Бизнесийг гол тэжээгч нь зээл. Гэтэл сонгуулийн жилд хумигдаг. Дээрээс нь инфляц нэмэгдэхээр бизнесийнхэнд нэмэлт зардал болдог. ГХО гэж манайд бараг алга.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зев ярилцлага байна, эдгээр асуудлыг улсын хэмжээнд цэгцэлж хэрэгжуулэхийг хусье . Юм хийж , амиа гэр орноо , хумууст тустай ажил уйл эрхэлж буй хумуусээ , хамт олон, компани , байгууллагуудыг тер �##�ь болохоор дэмжмээр , саад болохгуй байх, ш�##�г�##�т хян�##�т зевшеерлеер дарамтлахгуй байх нь чух�##� .
Тун зөв ойлгомжтой ярилцлага байна. Өмнөх ерөнхийлөгч нар улс төрийнхний ивээлд багтаж тэдний гар хөл болж төрийн бодлогыг ердөө ч шүүмжилдэггүй байв. Дэмбэрэл гэхэд Намбарын Энхбаярыг, Амараа гэхэд Женкогийн гэх мэт
Жаахан зоригтой байв�##� зүгээрдээ
Энхтүвшин ч мундаг зөв сайн бодлого гаргажээ.чадвартай хүн ч өөр шүү Оюунэрлэнэ е .сайдтай баярыг нь сольчихмоор ярьлаа.