"Social Blade" систем: Инстаграм дахь инфлүүсэрүүдийн идэвхгүй дагагч 260-930 мянгад хүрч байна

Сүүлийн өдрүүдэд олны танил эрхмүүд, инфлүүнсерүүдийн дагагчдын тоо олны анхаарлыг татаад буй. Тэдний хувьд олон дагагчтай байна гэдэг нэг талаараа нэр төр, алдар хүндийг нь илэрхийлж буй хэрэг. Харин нөгөө талаар цахим ертөнц хүчийг авч бүхий л салбарт өргөн хэрэглэгдэх болсон энэ цаг үед маркетингийн сурталчилгаа хийдэг нөлөө бүхий мэдээллийн хэрэглүүр болоод буй.
Өөрөөр хэлбэл, сошиал платформуудад олон дагагчтай байх нь амьдралын чанар болоод санхүүгийн хувьд шинэ түвшинд хүрэх боломж болсон гэж хэлж болно. Мөн нөгөөтээгүүр олон дагагчтай инфлүүнсерүүдээр дамжуулж буюу тэдэнд мөнгө төлөх, бартер хийх, харилцан тохиролцох байдлаар хамтарч ажиллах сонирхол бүхий л бизнесийнхэн, ААН-үүдэд бий. Учир нь инфлүүнсер, нөлөөлөгчдийн давуу тал энэ юм.
Учир нь тэдний дагагчид тэдэнд итгэдэг, бишрэн шүтэж, үлгэр дуурайл авч амьдралынх нь нэг хэсэг мэтээр хүлээн зөвшөөрч чаддаг учир даган дуурайх үйлдэл хийх боломж дандаа өндөр. Тэгвэл энэ хэмжээгээрээ нийгэмд хортой байх магадлал ч өндөр. Гэрлийн хурдаар мэдээлэл тарж, үүнд сохроор итгэх масс нийгэмд бэлээхэн байгаа учир инфлүүнсер гэгдэх хүмүүс мөнгөний эсвэл ашиг сонирхолдоо хөтлөгдөж нэг л хазгай гишгэж, буруу дуугарвал тэднийг дагаж шуурах хүн олон.
Жишээлбэл, тавхан сарын дараа 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буй. Сонгуулийн жил учир олон дагагчтай, нөлөө бүхий инфлүүнсерүүд, урлаг соёлынхонд улс төрчдөөс хувийн болоод хувьсгалын нэр барьсан, ямар нэг зүйл амласан, болзолт саналууд ирж буй нь мэдээжийн хэрэг. Үүнд тэд яаж хандаж, хэрхэн хүлээж авах гэдэг чухал. Товчхондоо тэд мөнгө амласан нэгний үгээр нийгэм рүү дуугарах уу эсвэл хувийн үзэл бодолдоо бат байж энэ нийгмийг өөрчлөхөд нэмэр тусаа оруулах уу гэдэг хоёр сонголттой нүүр тулна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа чухал үүрэг хүлээх болсон. Учир нь энд сонгууль өгөх идэвхтэй насны залуус бүгд бий. Тиймээс тэднийг татаж, саналыг нь авахын тулд ашиглаж буй гол платформуудыг сонгохоос өөр аргагүй бөгөөд тэдэнд нөлөөлж болох инфлүүнсерүүдтэй хамтарч ажиллахыг гол арга барилаа болгох болов уу.
Жишээлбэл хүн амын 70 хувь нь залуучууд буюу сонгууль өгөх идэвхтэй насныхан байгаа юм. Харин тэд ихэвчлэн фэйсбүүк биш инстаграмыг ихээр ашигладаг гэх судалгаа гарчээ. Иймд бид дээр дурдсан залуусын болоод нийгэмээрээ мэддэг олон дагагчтай 10 инфлүүнсерийн инстаграм дахь дагагчдын тоог нарийвчлан бэлтгэлээ. Мөн тэдний нийт дагагчдын хэд нь тогтмол идэвхтэй хандаж, хэд нь идэвх сул буюу зүгээр л дагадаг эсэх тоог танилцуулж байна.
Ингэхдээ сошиал платформууд дахь фэйсбүүк хуудас болон инстаграм хаягуудын дагагчдыг нарийвчлан харуулдаг “SOCIAL BLADE” системийг ашиглалаа. Доор дурдсанчлан тэдний идэвхтэй болон идэвхгүй гишүүдийн тоог гаргахдаа сүүлийн зургаан постны хандалтад үндэслэсэн болно.
Тайлбарламж: Хэдийгээр сошиал массын дийлэнх нь Фэйсбүүкт идэвхтэй байдаг ч "Social Blade" систем нь Инстаграм хаягуудад илүү бодит бөгөөд чөлөөт анализ хийдэг байна. Иймд Инстаграм хаягт хамгийн олон дагагчтай, нөлөө бүхий хүмүүсийг сонгож үзсэн болно.
1. Хөтлөгч, нэвтрүүлэгч Д.Одзаяа
Түүний нийт дагагчдын тоо 933,569 Идэвхтэй дагагч 2,147 Идэвхгүй дагагч 933,422
2. Дуучин Ч.Уранхолбоо
Нийт дагагчийн тоо 818,019 Идэвхтэй дагагч 4,171 Идэвхгүй дагагч 813,848
3. Жүжигчин О.Дөлгөөн
Нийт дагагчийн тоо 689,968 Идэвхтэй дагагч 5,519 Идэвхгүй дагагч 684,449
4. "Киви" хамтлагийн ахлагч, дуучин Ука
Нийт дагагчийн тоо 607,694 Идэвхтэй дагагч 1,215 Идэвхгүй дагагч 606,479
5. "Фантастик" продакшны жүжигчин M.Баярбат
Нийт дагагчийн тоо 291,548 Идэвхтэй дагагч 8,163 Идэвхгүй дагагч 283,385
6. Жүжигчин Г.Ундармаа
Нийт дагагчийн тоо 450,583 Идэвхтэй дагагч 856 Идэвхгүй дагагч 449,727
7. "Камертон" хамтлагийн ахлагч дуучин Д.Болд
Нийт дагагчийн тоо 494,965 Идэвхтэй дагагч 395 Идэвхгүй дагагч 494,570
8. "Эмоци" продакшны жүжигчин Т.Бадамжав
Нийт дагагчийн тоо 432,796 Идэвхтэй дагагч 6,924 Идэвхгүй дагагч 425,872
9. "Фантастик" продакшны жүжигчин Ж.Алтаншагай
Нийт дагагчийн тоо 269,502 Идэвхтэй дагагч 1,751 Идэвхгүй дагагч 267,751
10. Ангууч буюу Б.Баттөр
Нийт дагагч 420,121 Идэвхтэй дагагч 5,839 Идэвхгүй дагагч 414,282
Үүнээс харвал тэдний дагагчийн тоо өндөр ч хандалт сайн биш байна. Үүнд тэдний инстаграм хөтлөх арга барил, өдөр тутмын хэв маяг, ашиглах зорилго хамаатай гэж харж болохоор байгаа юм. Жишээлбэл, эдгээр олны танил эрхмүүдийнн зарим нь арилжаа болон хувь хүн, ААН байгууллагуудтай хамтарч ажиллахдаа буюу бизнес, сурталчилгааны зарчмаар голчлон ашигладаг байхад зарим нь ердийн, өдөр тутамдаа аль эсвэл онцлох үйл явдал, мэдээлэл хуваалцахдаа ашиглаж байна.
Харин сонгууль идэвхтэй өгөх насныхан дээрх инфлүүсерүүдийг дагадаг ч төдийлөн тэдний хуваалцаж буй зүйлст анхаарч хандаж, хариу үйлдэл үзүүлдэггүй тал ажиглагдаж буй. Өөрөөр хэлбэл, тэднийг олон дагагчтай ч дагагч бүртээ нөлөөлөх чадамжгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй инфлүүнсерүүд гэж ойлгож болох нь.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ониго юм бна штээ
өрөвдмөөр юм бэ өөрсдийгөө од гээд л боддог байх даа хөөрхий
dagagch olon bh sonin bishe chanar chanar
бүгд идэвхгүй дагагч нарыг худалдаж авдаг шдээ.
Тоон дотор үсэг гэгчээр энэ Уранхолбоо хачирхалтай заваан эмэгтэй юу ч билээ. Боловсролгүй, Дуулж чадахгүй: Аятайхан ярьж сураагүй үнэхээр соэирхолтой, эрүүл гэж хэлэхэд хэцүү эмэгтэй. Ичиж амьдрах хэрэгтэй л дээ.