МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Хансүр гавж Н.Нанзаддоржийг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Хамба лам Д.Жавзандоржийг чөлөөлж, оронд нь Хансүр гавж Н.Нанзаддоржийг бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлсэн билээ. Уг албан бичгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд илгээсэн байдаг. Тэгвэл Үндэсний зөвлөлд Хансүр гавж Новойн Нанзаддоржийг ТББХ-ны хурлаар дэмжигдлээ.
Тэрбээр “Жавзандамба хутагт” төв, Гандантэгчэнлин хийдийн багш, бөгөөд “Хараагийн Дарь Эх”, Гандантэгчэнлин хийдэд буддын гүн ухаан заалгуулж, Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд 10 жил сурч байжээ. Н.Нанзаддорж нь өмнөх Наро Банчэн гэгээнтэн, Д.Чойжамц хамба тэргүүтнүүд шиг улс төрийн хамаарал бүхий түүхгүй. Нэг ёсондоо У.Хүрэлсүх нэр цэвэр нэг дүрийг сонгож, зүтгүүлэх юм байна.
Уг томилгооны сонсгол нэгдүгээр сарын 16-ны өдөр болох юм.
Энэ хүрээнд тэрбээр "Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд МҮОНРТ-ийн Монголын өв уламжлал, түүх соёл, зан заншлын талаарх нэвтрүүлгийн бодлогод дорвитой шийдэл, шинэ санаа тусгах. Ялангуяа хүүхэд залуучуудад зориулсан түүх өв уламжлалын талаар үнэн зөв мэдлэг олгох нэвтрүүлэг контент баримтат болон уран сайхны кино бүтээхэд зөвлөгөө өгөх, уламжлалт уйгаржин монгол бичгийн соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрийн мэдлэг туршлагыг хуваалцах болно" гэдгээ илэрхийлсэн байна.
Ноовойн Нанзаддорж нь:
- 2005-2008 онд МБШТөв Гандантэгчинлэн хийдийн захиргааны тэргүүлэгч
- 2008-2016 онд МБШТөв Гандантэгчинлэн хийдийн дэд хамба
- 2005 оноос өнөөдрийг хүртэл МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Буддын гүн ухааны Дашчоймпэл дацанд багшилж байна.
Үндэсний зөвлөлийн гишүүдийг дараах байдлаар бүрдүүлнэ.
- Долоог УИХ-аас
- Тавыг ЕТГ-аас
- Тавыг Ерөнхий сайдаас нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.