“Харш” хамтлагийн дуучин, МУГЖ С.Баасандорж: Найзууд тоглолтоо "Дуугүй, дуугүй бай" гээд нэрлэчих гэсэн

“Харш” хамтлагийн дуучин Монгол улсын гавьяат жүжигчин С.Баасандоржтой ярилцлаа. Тэрбээр ирэх гуравдугаар сард тоглолтоо хийнэ. Мөн түүний оролцсон “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бичлэгийн хэсэг олны анхаарлыг татаж буй. “Дуугүй, дуугүй, дуугүй бай” трэнд үгний эзэн “Би тэр нэвтрүүлгийн үеэр эхнэртээ захирагдах ёстой л доо. Тэр сэвсэн хэсэг нь таваглалт 1 минут 30 секунт дутуу байна гээд л тийм үйл явдал болсон” хэмээн яриагаа эхэллээ.
-Нэвтрүүлгийн дагуу эхнэрийнхээ үгийг сонсох ёстойг мэдэж байсан ч, яагаад тэгж хэлснээ санахгүй байгаа-

-Таны "Эхнэрийн заавраар" нэвтрүүлэгт орсон бичлэгээс цацагдаад, эхнэрээ загнадаг эр нэртэй болчхоод байх шиг байна?
-Бүр 2021 онд орсон нэвтрүүлэг шүү дээ. Гэтэл дөрвөн жилийн дараа гаргаад ирсэн. Манай “Зууны манлай дуучин”, гавьяат Сараа “Гоё, гоё найзаа, гуравдугаар сард хийх тоглолтын чинь сурталчилгаа болно” гэсэн. Бас наад тоглолтоо “Дуугүй, дуугүй, дуугүй бай” гэж нэрлэ гээд инээлдэж байлаа. Яахав ээ, яахав. Би чинь нэг их юманд өртөөд байдаггүй хүн.
-Та өөрөө хоол сайн хийдэг учраас тэгж дургүйцлээ илэрхийлсэн үү?
-Сайн шүү. Миний ээж нийтийн хоолны салбарт насаараа ажилласан, ээжийнхээ эрдэм мэргэжлийг өвлөж авсан. Материал нь л байвал янз, янзын хоол сэтгээд хийчихдэг. Манай хүн ч бас сайн. Гэхдээ яг зэрэгцээд хийвэл намайг гүйцэхгүй. Өөрөө хоол хийхдээ хүнээс хамааралгүй, зааварчилгаа авахгүй хийчихдэг. Гэтэл яг тэр цаг тулчихсан таваглах агшинд юм яриад байхаар л төвөгтэй санагдсан байх. Бүтнээр нь үзвэл анзаарахгүй. Нөгөө талаас “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн агуулгын дагуу би зааварчилгаа авах л ёстой. Нэвтрүүлгээ яаж олон үзэгчтэй, сонирхолтой болгох үүднээс тэнд чинь гурван эхнэртэй гурван найруулагч тулж ажиллаж “Жаахан шамдуул, уурлуул, тэг ингэ” гээд байдаг юм билээ. Сая бол Амраагийн эхнэр нөхрөө баахан загнангуут зөрүүлээд миний хэсэгхэн бичлэгийг гаргаад ирж л дээ. “Эрчүүдийг дандаа дээрэлхэнэ гэж юу байсан юм, Бааска гараад ирсэн нь зөв” гээд явж өглөө.
-Амьдрал дээр эхнэртэйгээ муухай харьцдаггүй биз дээ?
-Үгүй, үгүй. Тэгж хар, яр гэх зав ч алга. Би удирдан зохион байгуулах, гэр орны эд зүйлс сонгох, цэгцтэй байх гээд бүх юмандаа өөрөө ордог төрлийн хүн. Ээжийн нэг тийм гоё зан байдлыг дуурайчихсан. Манай хүн хийх үедээ хийнэ. Надтай хамжих үе ч байна. Эмэгтэй хүн заавал энэ, энийг хийнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Энд зориуд дурьдаж хэлэхэд би амьдрал дээр дандаа үнэнийг баримталдаг, зарчимч, шударга хүн. Худлаа хэлэхийг, цагаасаа хоцрохыг, өөрийгөө хэт дөвийлгөхийг үзэж чаддаггүй. Тэглээ гээд хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүй. Миний найз гэж байгаад яг өөрт нь өнөөдөр хатуухан хэлэхэд нөгөөдөр нь “Чиний хэлсэн үнэн байна аа” гэцгээдэг.
-Бичлэгээ үзээд та хоёр ямархуу сэтгэгдэлтэй хүлээж авсан, гэнэт эргээд гараад ирэхээр нь?
-Утсаа нээнгүүтээ л “Хөөе нөгөөх чинь гараад ирлээ. Больчихгүй юм байх даа” гэж байгаа юм чинь. Эхнэртээ “Зүгээр ээ, зүгээр. Авгай нь ямар муухай юм бэ гэж байгаа биш. Над руу л тэгж байгаа юм. 40 жил сайн, муугаар хэлэгдсэн болохоор тоохгүй ээ” гэдэг болсон. Тэгээд байж байтал чатаар найзууд мэндлэхээр “Дуугүй, дуугүй, дуугүй бай” гэх юм. Хүүхдүүд бол нэг их тоохгүй. Харин хадмын талын дүү нар “Эгчийг загналаа” гэсэн юм шиг байгаа юм. Тэрийг нь тоохгүй л орхи. Бодит амьдрал дээр дарамттай байгаа биш гэсэн. Мэдэхгүй хүмүүст эвгүй харагдсан байж магадгүй. Тийм учраас “Ямар аймаар дээрэнгүй юм бэ” гээд бичээд байгаа юм. Гудамжаар явахаар хүмүүс “дуугүй бай, дуугүй бай” гэдэг болж. Өөрөө ч анзаараагүй хэдхэн секунтын бичлэг дуучин биш “Дуугүй бай” тодотголтой болголоо. Яахав ээ, яахав одоо.
-Таны байнга ашигладаг үг үү?
-Үгүй ээ. Дуугүй бай гэж хэлдэггүй. Ерөнхийдөө тийм, ийм байна шүү, тэрийг тэгэх, ингэх ёстой гээд зарчмын хувьд бол хэлнэ. Манай найзууд бид хоёрын амьдралыг мэддэг болохоор “Зүгээр ээ миний найз битгий хөндүүрлэ. Ер нь ааштай хүүхнүүдийг л тэгж дарах байсан. Танай хүн чинь аймаар тайван байсан нь жаахан тийм байна лээ” гэсэн. Тэр орчин бол үнэхээр аймаар. Би дахиж тийм нэвтрүүлэгт орохгүй. Хүний нервийг барж, жинхэнэ араншин, араатанг нь сэрээдэг юм билээ. Би бүр аягүй хурдан “дуугай, дуугай, дуугай” гэчихжээ. Их инээдтэй.
-Тухайн үед нэвтрүүлгээс гарч ирээд эхнэр тань таныг муухай зан ааш үзүүллээ гэж хэлж байв уу?
-Үгүй шүү. Миний хань ямар байсан энэ тэр гээд юун уурлах, би өөрөө ч дуугай, дуугайгаа ч мэдэхгүй байсан.
-Миний дуулсан 300 гаруй дуунаас 60-70 нь хит болсон-

-”Харш” бол Монголын анхны хамтлагуудын нэг, таныг монголын ард түмэн хамтлагаар тань овоглож таньдаг. Та урлагийн амьдралын түүхээс хуваалцахгүй юу?
-Багаасаа дуулдаг, бүжиглэдэг хүүхэд байсан. Тавдугаар ангид байхад Улаанбаатар хотын бүх сургуулиас хүүхдүүд шалгаруулан авч, радиогийн дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” чуулга байгуулсан. Тэнд багтаад улмаар Унгарт олон улсын хүүхдийн наадамд оролцож, жараад орноос манай улс нэгдүгээр байранд орсон. За тэгээд хичээлээс дандаа чөлөө авч урлагийн бүх юманд оролцсоор яваад багшийн сургуулийн соёлын ангид орсон. Дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө, ерөөсөө элдэвтэй хүмүүс цуглачихсан анги л даа.
Эндээсээ хуучир хөгжмөөр нарийн мэргэжил эзэмшээд төгссөн. Би нэг тийм багаасаа л амьдралд хичээнгүй, амьдралыг үзэх үзэл бусдаас арай өөр хүүхэд байсан учраас амралтаараа ажил хийнэ. Урлагийн хүн болох юм чинь мөнгөө сайн бүрдүүлэх ёстой гэсэн хатуу бодолтой явдаг байлаа. Оюутны ширээнээс Хилийн цэргийн ансамбль гэж 90 жилийн түүхтэй мэргэжлийн байгууллагад шалгуулаад орсон. Миний багш бол Хоовон Энхбаяр гэдэг хүн. “Хилчин” хамтлагийн дуучнаар ажиллаж, хилийн цэргийн чуулгын бүх л уран бүтээлд орж явснаараа миний амьдралын сайн сайхан бүхний гараа бий болсон. Дараа нь мэргэжлийн хамтлагаасаа “Харш”-аа байгуулсан түүхтэй. З.Зундарь гэж хүнийг бас ярихгүй байхын аргагүй. Миний мэргэжлийн багш Мэдрээ, Энхбаяр, Зундарь урлагийн алдартай түүхийг бүтээлцсэн энэ сайхан хүмүүсийн нөлөө, багш хүний эрдмийг надад суулгаж өгснөөр би өдий хүртэл 40 жил дуулаад явж байгаа даа.
-”Харш” хамтлагийг хэдэн онд байгуулсан бэ?
-1990 он. Анхны бүрэлдэхүүн нь Болор, Баатархүү, Балжинням, Мөнхбат, Батбаяр гээд байсан. Бид нар чинь “Олуулаа” гэж хамтлагаас салж гарсан. Монголын эстрадын түүхэнд хамгийн анх хүмүүсийг бүжиглүүлсэн хамтлаг бол “Харш”. Энэ тухай МУАЖ, “Чингис хаан” хамтлагийн Жагаа ах номондоо бичсэн байдаг. Миний өнөөдрийг хүртэл оршин тогтнож, тогоондоо гялалзаж, урилга, заллага тасрахгүй байгаа нь хамтлагийнхаа түүхийг бүтээлцсэний бахархал. “Хос залуус”, “Чамдаа зориулья”, “Хавар”, “Болзоо”, “Холоос чамдаа дуулья” гээд ард түмний дунд ардын дуу шиг хоногшсон, үе дамжсан сайхан бүтээлүүд. Би нийтдээ 300-гаад дуутай. Үүнээс 60-70 ард түмний зүрхэнд хоногшсон хит дуу болж чадсан. Эдгээр дууны 70 хувийг Дорнодын Энхтүвшин гэж авьяаслаг залуу зохиосон.
-Одоо “Харш” хамтлагийнхан хаа, хаана явна. “Харш” гэхээр Бааска гэдэг дуучин л төсөөлөгддөг болоод удлаа?
-Бид нар 2000 оны дунд хүртэл хамтдаа байсан. Тэрнээс хойш миний бие хамтлагийнхаа нэрийг аваад дуучнаа хийгээд явж байна. Манай Баатархүү продюссер, студи ажиллуулдаг. Хүрэлчулуун Францад, Балжинням маань бизнес эрхэлдэг. Ер нь өөр өөрсдийн сонирхлоо дагаад явцгаасан. Урлаг гэдэг хатуу самар. Хүмүүс энэ насаараа дуулсан, аймаар баян гэдэг. Тийм биш. Бусдын жишгээр эхнэр, хүүхдээ юмаар дутаачихгүй, өөрөө өмсөх зүүхээрээ бусдад үлгэр жишээ байхыг бодно уу гэхээс олигархууд шиг баяжсан хүн байхгүй. Миний нэг сайхан сэтгэл бол олзыг олуулаа гэдэг зарчимтай. Олсон хэдэн төгрөгөө ах дүү, хамаатан садан хэнд юу дутагдаж яаж, ийж байна гээд л явдаг. Энэ бол угаасаа л хүний амьдрал. Сайхан урлаг, хамтлагийнхаа буянаар дэлхийн олон орноор аялсан, уралдаан тэмцээнд орсон. Хамгийн том бахархал бол Монгол орондоо очоогүй аймаг, сум, суурин байхгүй. Одоо л гэхэд энэ сарын 24, 25-нд Баян-Өлгийдөө очиж тоглох гээд байж байна. Энэ сайхан түүхтэй хамтлагийнхаа нэрийг аваад явж байгаадаа залбиран талархдаг.
-Урлагийн хүмүүс хүн байх, зөв байх, бусдын нүдэнд чиг шулуун явахыг өөртөө үүрэг болгож, суулгаж авдаг байх. Тийм үү?
-Урлагийн хүн биш байсан бол гэж бодох үед бас байдаг. Биднийг хүмүүс сайн, муу талаас нь хардаг. Нэг бааранд ороод найзуудтайгаа 100 гр уухад бусдын хараанд өртчихнө. Дуулаад нэг ширээн дээр очиход л цаана нь лайв явж байдаг. Тэгээд л энэ дуучин ширээ хэсээд архи уудаг ч гэдэг юмуу. “Хэцүү ч юм даа” гэж бодогдох үе бий, “сайхан шүү” гээд сэргэх өдөр ч бий. Адгийн наад захын жишээ орцноосоо гарахад энэ 7-8 айл намайг харж байгаа гээд биеэ хянана. Гавьяат аваагүй байхад бас хайнга л байлаа. Төрийн энэ хүндтэй шагналыг авчхаар бүх юм хязгаарлагдаж, улам л гоё үлгэрлэх гээд, цэгцтэй болох гээд тос хариуцлага дагаж ирдэг юм байна. Энэ олон сайхан цайлган цагаан, нээлттэй урлагийн ертөнц чинь өөрөө хүнийг хүн болгодог шидтэй. Би бол сэтгэлээрээ дэндүү баян явдаг. Хүнд юм өгчхөөд эргээд хариу харах бодол төрдөггүй. Бусдыг ялгадаггүй.
-Тусч өгөөмөр зан чанарууд тань хэнээс өвлөгдсөн гэж боддог вэ?
-Миний ээжийн л “юм”. Манай ээж нийтийн хоолны салбарт 35 жил ажиллахад ямар ч гомдол ирдэггүй байсан гэсэн. Ээж минь их хариуцлагатай хүн байсан. Миний ээж их сайхан хүн байлаа. /Уйлав/ Алдар гавьяагаа байгуулчихсан ийм сайхан хүний ивээл дор би төрж, өсөж, хүмүүжсэн. Ээжийгээ цаг мөч бүр бодож явдаг. Ээжийн минь сайхан мэргэн сургаал зөв явах гэрэлт замыг зааж өгсөн дөө. Манайхан бүгд тусч сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.
-"Би чамд хайртай"-гийн Үрлээ миний төрсөн эгч, тухайн үед сошиал байсан бол хэдэн сая дагагчтай байхаар од болсон. Миний муу эгч чинь их даруухан-

-Гэр бүлээрээ урлагийн хүмүүс байдаг тухай нэг нийтлэл уншиж байсан юм байна?
-Бас л сошиал орчинд “ нэг гэр бүлээс төрсөн урлагийнхан” гээд зургууд нь тавигдчихсан байсан л даа. Түүнээс биш би “Би чамд хайртай”-гийн Үрлээ миний төрсөн эгч, манай дүү мундаг төгөлдөр хуурч, зураач гэж ерөөсөө ярьдаггүй. Урлагийнхан бол гадарлана. Бид нар бүгдээрээ олон нийтэд ил байхыг хүсдэггүй. Би бол мөрөөрөө дуугаа дуулчхаад, тодорхой хэмжээгээр үнэлэгдээд цалин мөнгөө авсан бол тэгээд дуугүй л явж байх ёстой. Надад хөөрөх, карьер хөөх, чадлаа мэдэхгүй өөрийгөө өргөмжлөх энэ тэр таатай санагддаггүй. Тэр ч утгаараа эгчээрээ, дүү нараараа "шоудаад" байдаггүй.
-"Би чамд хайртай" кино тухайн үе байлдан дагуулж байсан. Та өөрөө од, эгч нь бас од?
-Эгчийн хажууд би од биш байлаа. Хамтлаг гэдэг утгаар л хүмүүс мэднэ. За эгч бол үнэхээр аймаар байсан. Хаалга хүртэл амраахгүй. “Үрлээтэй уулзья” гэж байнга ирээстэй. Гэрийн хаяг яагаад ч олчихдог юм, бүү мэд. Сүүлдээ ч бүр ах, дүү нартайгаа нийлээд хамгаалагч хийгээд зогсож байдагсан. Гоё кино нь нэрд гарчихсан, миний эгч залуухан үзэсгэлэнтэй охин болохоор “сайхны өмнө харц буруугүй” гэдэг шиг байлаа. Тэр эмэгтэйн дүр таалагдаад хүүхнүүд Үрлээ тайралтаар үсээ засуулж байсан.
-Эгчийгээ хамгаалах ажил их хийдэг байсан уу?
-Миний муу ээж аргаа бараад "Хүүе миний хүү наад хаалгаа аваад хаячих. Тэгээд орж гараад байж байг" гэж суудагсан. Ээжид хаалга нүдэх болгонд очиж онгойлгох төвөгтэй байсан байх. Байна уу, байхгүй, уулзах гэсэн юм, уулзуулахгүй гээд хаалганы наана цаанаас ярьж хамгаална. Хэрвээ өнөөдрийнхөөр бол миний эгч сошиалд хэдэн сая хандалт авсан, хэдэн сая дагагчтай байхаар. Миний муу эгч чинь аягүй даруухан. Эгчийнх манай урдханд байдаг. Дүүгийнх ар талд гурвуулаа бөөрлөөд зэрэгцээд амьдарч байна.
-Бурхан намайг дэндүү тайван, хүлээцтэй эхнэрээр шагнасан-

-Эхнэр тань тантай учирсандаа баяртай байдаг байх даа?
-Манай Солонгоо бол монголын их амар амгалан шүү дээ. Би болохоор их тэмүүлэлтэй, хэлэх юмаа шууд хэлнэ. Хурдан шаламгай. Манай хүн миний эсрэг төрлийн хүн. Надтай нэг тийм хурц хүн таарсан бол өдөрт хэд салах байх. Нэг инээдтэй юм ярихад би тоглолын хувцастай чемоданаа чирээд л гарна. Тэгээд тоглолт дуусаад чирээд л гэртээ орно. Тэгсэн нэг хүн хөөрхий “Энэ хоёр байнга хэрэлдээд нөхөр нь чемодонаа аваад явах юм. Эргээд л ирэх юм” гэж ярьсан байсан. Сүүлдээ ийм яриа гарангуут нь чемодантай хувцсаа машиндаа үлдээдэг болсон чинь хулгайд алдчихсан.
Миний эхнэр хүлээцтэй. Дэндүү хүлээцтэй, дэндүү тайван. Бурхан надад тийм тайван хүн өгсөн. Аягүй тайван, дуугүй. Миний ээж яг тийм хүн байсан. Манайхан заримдаа “Солонгоо ямар тайван юм бэ, яаж тэсдэг юм бэ” гэдэг. Би чинь санаанд таарахгүй юмаа хэлнэ. Байсан юм байрандаа байхгүй гээд л. Манай хүн "Өө тэгж байгаад хөдөлчихсөн л байна лээ" гээд сууж байна. Манайх хоёр хүүтэй. Яг намайг дуурайчихсан. Солонгоо хурдыг нь хүртэл дуурайчихсан, та нар нээрээ ямар сонин юм бэ гээд сууж байдаг.
-Та ам барьж байгаа дуучдыг шууд хэлчихдэг гэж сонссон юм байна. Тэд яаж хүлээж авдаг вэ?
-Маш дургүй хүлээж авдаг. Юм хэлдэггүй. Дуучин хүн өөрөөрөө үргэлж "алж" байх тусам гоё. Хамгийн аюултай нь ам барьсан дуучны араас гарах их эвгүй. “Хөөрхийдөө больчихсон байна, одоо болимоор юм даа, жар гараад больчихжээ” гэж хэлдэг. Үгүй шүү дээ. Болиогүй л байгаа байхгүй юу. Харин тэр хүмүүсийг хуурч амь барьдаг дуучид больчих хэрэгтэй. Зарим нь хоолой өвдсөн энэ тэр гэдэг. Гэртээ өөрийгөө эмчил л дээ, тэгж хүн хуурч хэдэн төгрөг авах чинь ариун явдал уу. /инээв/
-Тоглолтын урилга, захиалга тасралтгүй юу?
-Тасралтгүй хүсэлт ирнэ. Урлагийн буянаар хөөрхөн шүү дээ. Цагаан сараар хөөрхөн, хөөрхөн юм хийчихнэ. Алтан гадас, хөдөлмөрийн алдар, УГЖ, УГЗ гээд одонгийн найр тасрахгүй. Хорин хэдтэй залуус хуримандаа урьж дуулуулчхаад "Ахаа мөнгөн хуримандаа таныг уринаа" гэдэг. Одоогийн залуус тийм гоё, хүнд урам өгдөг. Урлагийн буян ийм гоё, сайхан юм даа.
-Тоглолтуудынхаа тухай яриач. Таван жилд нэг удаа тоглодог гэсэн?
-Хамгийн сүүлд 2018 онд СТӨ-нд тоглолтоо хийсэн. Дараагийнхыг 2023 онд хийх ёстой байсан ч аймаг, сумын 100 жил, 10 сараас хурим найр, тэгээд шинэ жил гээд үнэхээр амжсангүй. Нэгдүгээр сараас өм цөм болж ирдэг учраас тоглолтынхоо тухай ярьж эхэлж байна.
Хувцас миний спонсор “Хатан сүлжээ” компани дээр хийгдээд явж байна. Товоо тогтоогүй ч 3 сарын сүүлээр гэж төлөвлөсөн. Тэрнээс хойш угаасаа худлаа байдаг. Хамгийн тохиромжтой үе бол гуравдугаар сар. Сүүлийн тоглолтууд үнэхээр мэргэжлийн болж ирсэн. Би магистраа хамгаалсан. Мэргэжил минь дуурийн дуучин ч уран бүтээлч хүн бол бүх л жанраар дуулдаг байх хэрэгтэй. Манай анги найман гавьяаттай, тэдэнтэйгээ хамт дуулах байх. Таван шинэ дуу гарсан, мэдээж тэрийгээ бас хүргэнэ. Миний тоглолт хийхдээ баримталдаг зарчмууд бий. Тасалбар дээрээ алдартай дуучдыг бичиж хүний нэр барих дургүй бас билет шахах дургүй. Зарим дуучид өөрөө 4 дуу дуулаад баахан дуучид оруулахыг тоглолт гэхгүй. Би нэг цаг 20 минутыг өөрөө нүдээд дундуур нь 1, 2 дуучин л гарна. Шахааны тасалбар урлагийг үнэ цэнэгүй болгодог. Цалингаас суутгачих юм чинь гээд хэдээр ч хамаагүй зарна. Гэтэд оюуны өмч гэдэг асар өндөр үнээр бүтдэг. Хамгийн багадаа арван сая төгрөгөөр дуу бий болдог. Тэгэхэд ирээд дуулаад өгчих таксины мөнгө өгье гэх хүмүүс ч таарна. Аргалдаг даа, ийм хүмүүсийг. Монголчууд нэгнийхээ хийсэн бүтээсэнд хайнга, тооцоололгүй, үл тоомсорлож хандах нь нийтлэг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тухайн үед бол Харш хамтлагийг Баярт л авч явдаг байсан. Юу үнэн, тэр л үнэн шүү. Мань Баярт ажин түжин л байх юм.
Эмэгтэй хүнийг хүндлэх хэрэгтэй, дуугуй бай гэдэг бол хүчирхийлэл
Зөв л ярьж байна даа. Хос залуус гоё дуу шүү.Тоглолтонд нь амьжилт хүсье!
Энхтүвшин гэж хүнийг нэг ч дурсахгүй юмаа танай хамтлагийн сор болсон дуунуудыг зохиосон хүнээ мартамааргүй л юм
ААн 013р ангид хамт алба хаасан. Амжилт хүсье.
ААн 013т ххм алба хаасан