Top StoriesЯрилцлага

О.Энх-Эрдэнэ: Би супер амьтан ч биш дээ. Гэхдээ төрөлхийн авьяасаас илүү асар их бэлтгэлээр өөрийгөө бүтээж яваа

О.Энх-Эрдэнэ 20 насандаа “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болон, монголчуудад нэгэн том хүлээлт үүсгэж байсан нь долоон жилийн өмнө юм. Дэлхийн хэмжээний дуучин гараад ирлээ гэж бид баярласан. Энэ хугацаанд түүнийг дэлхийн хэмжээний хоёр ч шоу урилгаар оролцууллаа. Хамгийн сүүлд “America’s Got Talent: Fantasy League” тэмцээнд оролцон, шүүгчдийг гайхшруулснаар тэр монголчуудын анхааралд дахин орж ирлээ. Тэрбээр тус шоунд амжилттай оролцсон бөгөөд нэвтрүүлгийн зураг авалт хийгдээд дуусжээ. Харин дугаарууд бүрэн цацагдаагүй байгаа тул түүнийг хоёрдугаар шатаас цааш хэрхэн өрсөлдсөн талаар мэдээлж боломгүй юм.

Харин О.Энх-Эрдэнийн “New Nomads Records”-тай хамтран ажилласан, анхны есөн дуутай цомог нь удахгүй худалдаанд гарах нь. Бидний ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

“Нэг ч гэсэн хүн амьдралдаа анх удаа монгол хэлийг сонсоод үзээсэй гээд орчуулагчтай тайзан дээр гарсан”

-Хамгийн сүүлд орон, орны шилдгүүдийг цуглуулан өрсөлдүүлдэг “America’s Got Talent: Fantasy League” шоунд та өөрийн саналаар оролцов уу. Эсвэл урилга ирсэн үү?

-Урилга ирсний дагуу оролцсон. Дэлхий даяар зохион байгуулагдсан бүх Got Talent тэмцээнүүдийн финалд үлдсэн оролцогчдоос сонгон өрсөлдүүлдэг, дөрвөн шүүгч өөрсдийн багтаа авч бэлддэг онцлогтой дугаар юм билээ.

-Урилга нь хэзээ ирэв?

-Наймдугаар сард байх аа. Өнгөрсөн оны сүүлээр бичлэг хийгдсэн гэсэн үг.

-Тайзан дээр таныг орчуулагчтай гарч ирснийг нэлээд хэлэлцэцгээлээ. Та ер нь англи хэлний хэр мэдлэгтэй вэ. Заавал тэнд орчуулагч зогссоны учир юу вэ. Шоу өөрөө тийм шаардлага тавьдаг гэж үнэн үү?

-Ямар ч байсан гадаад очоод амиа аваад явчих хэмжээний хэл бий (Инээв). Харин том тайзан дээр зөрүү ойлголцох, адаглаад би буруу үг сонгон өөрөө өөрийгөө буруугаар илэрхийлэхээс зайлсхийсэн юм. Хоёрт, миний туйлын мөрөөдөл бол хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ болох өөрийн тоглолт дээрээ уртын дуу дуулах ч юм уу, ямар нэгэн байдлаар монгол соёлоо  түгээх.

Тэнд магадгүй Монгол гэдэг улсыг мэддэггүй ч хүн бий. Харин үүгээр анх удаа ч болов монгол хэлийг сонсож үзэж магадгүй. Надад төгс сайн биш ч юу дуулж буйгаа ойлгох хэмжээний англи хэл бий. 2018 оны “The World’s Best” шоунд бол, хэл мэдэхгүй хэр нь ээ цэвэрхэн дуудлагатай дуулах нь илүү сонирхолтой гэдэг үүднээс, намайг цаанаасаа Yes, No  ч үгүй юм шиг байгаарай гэж хэлсэн. Тийм зохиолтой байсан. Энэ удаад тулгасан зохиол байгаагүй ч, гадаадын үзэгчдийг амьдралдаа анх удаа ч болов монгол хэл гэж ямар хэл байдгийг сонсоод үзээсэй гэж бодоод, тэгж шийдсэн.

-Тийм цэвэр дуудлагаар дуулна гэхээр англи хэлний зах зухтай байх нь дамжиггүй. Та хэзээнээс англи хэл дээр дуу дуулж, дуудлагаа зүгшрүүлж ирсэн юм бэ?

-12 жилийн өмнөөс гэж болохоор юм уу даа. Шилжилтийн насанд хоолой бүдүүрч, хэсэг дуулахаа больсон байсан. Харин эргээд дуулж эхлэхдээ каунтри, жазз урсгалд илүүтэй дурлах болсон. Тэр үеэс англи хэлийг тодорхой хэмжээнд сурч эхэлсэн гэж болно.  

“Олон жилийн, байнгын бэлтгэлийн үр дүнд би өөрийгөө бүтээж байгаа”

-Каунтри урсгалд л тохирох хоолой юм гэж  та өөрөө шийдсэн үү. Эсвэл гадаадын зах зээлийг зорьсон болохоор тэр юм уу. Мэдээж өөр, орчин үеийн урсгал, жанр таны дотор бий байж таарна.

-Тийм ээ, одоо ч зөвхөн каунтри, жазз сонсдоггүй. Таалагдсан бүгдээ л сонсдог. Гэхдээ каунтри, жаззд би өөрөө илүү дуртай. Магадгүй би рок дуу ч дуулж болно. Жаахан өөрийнхөө хэв маягт оруулаад дуулбал илүү гоё болж ч магадгүй. Гэхдээ ер нь хүн дуртай юмаа илүү сайн хийдэг гэж боддог, тэр үүднээс хамгийн таалагдсанаа сонгож дуулдаг. Өөрийгөө яг тийм жанр гэж хатуу хайрцаглахыг боддоггүй.

-Шилжилтийн насанд түр дуулахаа больсон гэхээр, бүр багаасаа л дуулж иржээ дээ.

-Тийм бага байхдаа дуртай, дургүйгээ ялгаж мэддэггүй ч дуулдаг л байж. Хүүхэд бүр л багадаа том өрөөнийхөө “од” нь байдаг шүү дээ. Аав, ээжийн найзууд гэрт ирэхэд сурсан дуугаа дуулж өгөөд л. Бусдаас арай илүү сонсголтой ч юм уу, жаахан авьяастай байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ би хүүхэд багадаа ямар байдаг вэ, яг түүгээр л дуулдаг байсан. Харин хоолой бүдүүрээд ирэхэд өмнө нь чаддаг байснаа чадахгүй болсон л доо. Чадахаа больчихоор жаахан мотивацгүй болж ирнэ дээ. Харин тэр үед аав надад гитар авч өгсөн. Гитар тоглож сураад, чадахгүй байгаа дуугаа өөрийн хүссэн өнгөнөөс эхлүүлэх мэтээр хувиргаж, дуртай зүйлээ хэзээ ч, хэнээс ч хараат бусаар хийж чадахаа ойлгосон гэх үү дээ. Тэр цаг үе нь харин каунтри, жазз урсгалд холбогдож таарсан юм уу.

-Анх “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох үед та 20 настай байсан юм байна.  Танилцуулгад Эрдэнэтийнх, цахилгааны инженер мэргэжилтэй гэж гардаг санагдаж байна. Тэр үед их сургуулиа төгссөн байсан уу?

-Арай төгсөөгүй, хоёрдугаар курст суралцаж байсан. Хоёр жил үргэлжлүүлж сураад төгссөн.

-Таныг хүрээлэл нь хэр дэмжиж байв. Инженерээр сурч байсан гэхээр, дуучин болох сонголтыг хийж лав амжаагүй байсан юм шиг. Хичээлдээ гайгүй сайн хүүхэд л инженер болно гэж боддог шүү дээ. Таны өмнө хэр олон сонголт байсан юм бэ?

-Би өөрөө ч инженер болохыг мөрөөддөг байлаа. Хичээлдээ муугүй, гайгүй сурлагатай хүүхдүүдийн тоонд ордог байсан. Олимпиадуудад ордог, физиктээ сонирхолтой. Конкурсийн дараа бүх хуваарь л надад нээлттэй байсан. Анх нисэх, техникийн механикийн ангид хотод оюутан болсон л доо. Жилийн дараа Эрдэнэт рүү, уул уурхайн цахилгааны инжежерийн анги руу шилжсэн. Бүтэн жил “Уул уурхай зүгээр юм биш үү, нисэхийн салбар амаргүй” гээд чихэн дээрээ үглүүлчихсэн хүн арга буюу буцсан л даа. Тэгээд ШУТИС-ийн Эрдэнэт дэх салбар луу шилжсэн юм. Харин дуулах бол үргэлж хийх дуртай зүйл маань байсан учир хэзээ ч хаяагүй.

-Дуулахдаа юу мэдэрдэг байсан бэ?

-Яг үнэндээ мэдэрнэ гэдгийг мэдэхгүй л явж дээ. Урлагийн үзлэгт дуулах болбол тэгээд л дуулчихдаг маягийн. Гэхдээ мэдээж өөрөө маш их дуртай байсан. Ямар ч төвөггүй, зөнгөөрөө хийдэг байсан. Ер нь бол хоолой нэг төрлийн булчин. Олон жилийн байнгын бэлтгэлийн эцэст одоогийн би үүсэж буй гэж боддог. Зарим хүнд тэр мэдэгддэггүй байх л даа. Аав, ээжээс л сайхан чадалтай хоолой заяасан юм шиг хардаг. Үнэндээ өөрөө өөрийгөө бүтээж байгаа. Өдөр бүр бэлдсэн, хана мөргөх бүрдээ амьдралын зам мөр мөн үү биш үү гэж эргэлзсэн цаг мөч бүр минь хүмүүст ил харагдахгүй.

-Дуулахыг нь сонсоод мэргэжлийн тал руу явуулах гэж оролдсон, олж хараад дэмжиж зөвлөсөн тохиолдлууд бий юу?

-Байх нь байгаа ч гэр бүл маань ер нь дэмждэггүй байсан. Өрсөлдөөнтэй салбар, хүнээс олон төрлийн золиос шаарддаг. Хэцүү замаар явуулахгүйг л хүссэн байх.

-Мэргэжлээрээ бол ор ажиллаагүй юу?

-Ажиллаагүй.

-Бүх зүйлийн эхлэл болсон “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох шийдвэрийг өөрөө гаргасан уу?

-Үгүй. Манай үеэл ах намайг яг хөтөлж аваачиж бүртгүүлсэн. Би болохоор эхлээд сургуулиа төгсье гэдэг байсан. Тодорхой хэмжээнд хичээл завсардах нь ойлгомжтой шүү дээ.

-Зөв болсон гэж боддог уу?

-Тийм ээ. Бурхны зурсан зургаар болсон үйл явдал гэж бодож явдаг.

-Тэр үед сошиал одоогийнх шиг хөгжөөгүй ч байж, гэвч монголчуудад маш их хүрсэн. Явсаар явсаар бүр ялагч болчихно гэж төсөөлсөн үү?

-Би Б.Шижирбаттай хоёулхнаа үлдээд зогсож байхдаа ч тэгж төсөөлөөгүй. Өмнө жил нь нэг шоу болсон шүү дээ. Түүнийг үзсэний хувьд, өөрийгөө Semi-Final-д бол үлдчих байх л гэж итгэж байлаа. Гэхдээ өдөрт хэдэн цаг дуулж, бэлддэг байснаа барагцаалж хэлж мэдэхгүй. Тийм учраас ямар ч байсан  Semi-Final руу дөхчихнө гэсэн төсөөлөл байснаас цааш хэтрээгүй.

-Айдас, сандрал хэр их байсан бэ?

-Одоо ч сандардаг. Ямар ч сэтгэл хөдлөлгүй тайзан дээр гарна гэдэг нэг талаас утгагүй ч юм. Яг дуулаад ирэхээрээ тайван болчихдог л доо. Харин гарахын өмнө үргэлж л сандарна. Тэр олон хүний өөдөөс хараад зогсоно гэдэг амаргүй. Цагаа тулахаар зүгээр суух ч хэцүү шүү дээ.

-Тэр үед та саналаар ялагч болсон. Монголчууд дууч, хуурч ард түмэн гэдгийн баталгаа л юм уу даа гэж бодож байлаа. Тэр үйл явдлыг та өөртөө юу гэж үнэлж, дүгнэн хүлээж авсан бэ?

-Мэдээж маш том хариуцлага хүрээд ирсэн. Би өөрийгөө дуулах тал дээр хэн нэгнээс илүү гэж огт боддоггүй. Харин өдөр бүр хичээж байсны маань үр дүн тодорхой хэмжээнд гарсан нь тэр байх. Сайн, сайхан хүмүүсийн хүрээлэл дунд байсных, хүнд гологдохооргүй төлөвшсөн, тэр нь хүмүүст бас таалагдсан байх гэж боддог.

“Өөртэйгөө өнгөрөөх цагийг хэзээ ч хомсолдоггүй”

-Та бол хичээлдээ сайн, номындуу хүүхэд байсан юм шиг ойлгогдож байна. Ийм хүн урлагийн хүн болж задрахад зөрчилтэй асуудлууд үүссэн үү. Ер нь дотогшоо хүн үү?

-Ер нь бол дотогшоо шүү. Нөгөө талаасаа, тийм хүн болоод ч тэр үү каунтри, жазз гэдэг урсгалд илүү татагдсан байж магадгүй. Майкл Жексоны дуунд дуртай байсан бол хөдөлгөөн багатай, номхон зогсож дуулаад, аймаар уйтгартай шүү дээ. Даруу, сүр сар гэсэн хөдөлгөөн багатай дуулах нь миний харизмаг илүү илтгэдэг гэж боддог. Биеийн хэлэмж цөөн, ганц хоёр хурц хөдөлгөөн болон нүүрний мимик, харцаар илэрхийлдэг жанр учраас надад бас тохирдог. Би ч бүжиглэх тал дээр тийм авьяастай хүн биш л дээ (Инээв).

-Маш их бэлдсэн, хана мөргөсөн удаа ч гарсан гэж байна. Та төрөлхийн авьяас юм шиг сонсогддог. Нэг их хүч гаргахгүйгээр дуулаад байгаа юм шиг сонсогддог л доо. Та өдөрт хэдэн цаг бэлддэг байсан юм бэ. Онолтой, мэргэжлийн багштай бусаар, өөрөө өөрийгөө дасгалжуулна гэдэг илүү хүнд замнал ч юм шиг санагдаж байна?

-Багш бол Youtube байсан.

Би өөртэйгөө өнгөрөөх цагийг хэзээ ч хомсолдоггүй. Зарим төлөвлөсөн байсан ажлаа хүртэл “алаад”, зөвхөн өөртэйгөө ярилцаж суух дуртай. Гадаадын дуучдыг сонсож бэлдэнэ. Live Performance их сонсоно. Дуучин тодорхой өнгө алдсан ч түүнийг нь засаад Youtube-д байршуулдаг байсныг тэр үед мэддэггүй. Ямар төгс дуулж байна вэ, яг ингэж л дуулдаг болох сон гэж шатдаг байсан. Маш олон цаг бэлддэг байсан. Тэр нь эргээд тодорхой хэмжээнд чаддаг зүйл болчихонгуут хүмүүст амархан харагддаг байж мададгүй л дээ. Өдөрт ямар ч байсан багадаа 4-5 цаг дуулдаг байсан. Өрөө рүүгээ яваад оронгуут л ээж, эгч хоёр “Ёооё” гэдэг байсан. Тэр хүмүүсийг залхтал нь дуулдаг байж (Инээв).

-Өрөө рүүгээ ороод л дуулаад эхэлдэг байх нь.

-Тийм. Гадаад дууны инструменталыг олох ч амар. Дараалуулж тавиад л дуулна. Нэгийг нь хэд дуулдаг байсан юм бүү мэд.

-Хана мөргөдөг байсан гэдгийг тодруулаач?

-Гадаад дууг дуулаад эхэлсэн үед эргээд монгол дуу дуулахад... Эсвэл нэг дууг арай өөрөөр ковэрлох үед ч юм уу. Нэг үгийг өөрийнхөө хүссэнээр хэлж чадахгүй байх тэр тохиолдолд ч хана мөргөнө. Давж гарахын тулд эсэн бусын юм хийнэ ээ. Энэ хоёр үгийн завсарт илүү их амьсгаа хэрэгтэй юм болов уу гэж бодно. Тамирчны хувьд бэлтгэл хангагдаж буй нь илт мэдэгддэг байх л даа. Урлагийн хүмүүс бол хэн ч байхгүй үед, өөрөө өөртэйгөө ажиллах нь илүү тохиолддог. Тийм болохоор зүгээр л авьяастай төрчихсөн юм шиг ойлгогддог тал бий.

-Техникийн хувьд ч, мэдрэмжийн хувьд ч өөрөө өөрийгөө дасгалжуулна гэдэг мэдээж амаргүй. Одоо мэргэжлийн хүн дээр бэлдэж байна уу?

-Үгүй шүү. Хүн өөрөө л асуудалтайгаа нүүр тулдаг, эргээд энэ нь хичээл болж суудаг шиг санагддаг. Одоо илүү их хөгжим талаас нь ойлгодог болсон байна. Тодорхой хэмжээнд хорвоо дээр өнгөрүүлж буй цаг хугацаа маань нэмэгдэх хэрээр уран бүтээлийн санааг сайн ойлгодог болсон ч юм уу. Агуулга, санаа, илэрхийллийг нь барьж авахдаа илүү болж. Мэдээж манай баг хамт олон дунд мэргэжлийн хүмүүс бий, ярилцана зөвлөнө. Гэхдээ миний жанр өөрөө дуурь биш. Тэгэхээр бүгдийг мэргэжлийн байлгах гэж хайрцаглах өрөөсгөл болж мэднэ. Буруу хүнтэй хамтарч ажиллавал алдахыгбас  үгүйсгэхгүй. Одоо бүрдсэн баг маань их чадварлаг тул, нэгнийхээ үгийг сонсож, улам хөгжөөд явж байна.

-“Гургалдай шиг хоолойг хэрээ шиг болгоод тавьчихдаг ч багш бий” гэж Х.Уртнасан гуай хэлж билээ.

-Нэг талдаа бас их эрсдэл шүү.

-Та юуг золиосолсон бэ. Болимоор санагдаж байсан уу?

-Зөндөө л дөө. Энэ бол маш хүнд салбар. Тамирчин байсан бол бэлтгэл хийх бүрдээ цалин авна. Бидний бэлтгэл эсрэгээрээ зардал болдог. Орлого олдог зүйл нь ердөө үзүүлбэрээ худалдах шүү дээ, тэгж амьдралаа залгуулна. Миний л боддогоор, бусад салбаруудаас илүү хүнд шиг санагддаг. Адаглаад, энэ шийдвэрийг гаргана гэдэг өөрөө золиос. Түмний нэг шиг амьдраад, ямар ч стрессгүй, тэр тусмаа Эрдэнэтдээ байсан бол амгалан тайван байх сан. Хоббиндоо зарцуулах цаг ч илүү гарах байх. Гэхдээ нэгэнт л мөрөөдлийнхөө төлөө сонгосон болохоор, золиос бүрийг золиос гэж харахыг хүсдэггүй. Зүгээр л миний шийдвэр, миний л амьдрал гэж хардаг. Хүндээр тусгаж авах дургүй.

“Өөрийгөө өөрөөр нээхээр БНХАУ руу явсан ч цар тахал гарсан”

-“Авьяаслаг монголчууд”-д орсноос хойш долоон жил өнгөрчихжээ. Хүмүүст маш хүлээлт үүссэн. Уран бүтээл хүссэн. Та дунд нь хоёр удаа гадаадын шоунд оролцлоо, телевизүүдийн контентоор бас гарч ирсэн. Өөрөөр энэ хугацаанд яг уран бүтээлийн ажил хийхэд хүндрэлтэй асуудал юу байдаг юм байна. Манайд хурдан хугацаанд, санаан зоргоор энэ зах зээлд бас гараад ирэх амаргүй шүү дээ?

-Ялагч болсныхоо дараа “Монгол” телевизтэй нэг жилийн гэрээ байгуулсан. 2017 оны арванхоёрдугаар сард тэр гэрээ дууссан. Телевиз үргэлжлүүлэн хамтарч ажиллах санал тавихад зөвшөөрөөгүй. Тэр хүртэл хувийн ажил хийх боломжгүй байсан гэсэн үг л дээ, заавал телевизээр дамжина.

Харин 2018 он гарангуут “The World’s Best” гэдэг шоунаас мөн санал ирсэн. Визний материал, бэлтгэл, очоод оролцох энэ тэр гэсээр 2018 оны эхний хагас зарцуулагдсан. Тэндээ мөн нэг студитэй хамтарч ажиллаж үзсэн. Санаа оноо таарахгүй, нэг их удалгүй больцгоосон. Ингээд энэ бүхэн 2019 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилчихэж байгаа юм л даа. Дуу төрнө гэдэг амар ажил биш ээ, удаан хугацааны процесс. 2019 онд дараа нь БНХАУ-д очсон. Бас дахиад арай өөрөөр өөрийгөө турших гэж байтал цар тахал гарчихсан. Тахал гайгүй болсны дараа одоогийн “New Nomads Records”-тойгоо гэрээ байгуулсан юм.

Одоо есөн дуутай анхны цомог маань ерөнхийдөө бэлэн болоод байна. Манай лэйблийн гол онцлог нь, бүх хөгжим амьд. Хөгжмийн найруулга, бичлэг гэдгээс эхлээд өөрсдөө их нухдаг, цаг зардаг. Дуу хийнэ, хөгжим амьд байна гэдэг нэлээд цаг хугацаа зардаг юм байна. Хамгийн багадаа л нэг дуунд сар орчмын хугацаа зарцуулдаг юм байна. Есөн дуу гэдэг тэгэхээр багадаа л есөн сарын дотор гараас гарах нь ээ дээ. Тэр дунд хүн чинь бас амьдарна (Инээв). Дундуур нь ноднин мөн АНУ руу дахиад явчихлаа. Харин удахгүй “Монгол каунтри” гэдэг төслийн хүрээн дэх анхны цомог маань сонсогчдод хүрэх гэж байна.

-Нээрэн, АНУ-ын лэйблтэй хамтарсан шүү дээ. Дуу ч хийсэн. Яагаад зогссон юм бэ?

-Болохгүй юмс бага сага гарч ирсэн. Дуундаа хандаж буй хандлагын хувьд ч, дууны аялгууны хувьд ч таалагдахгүй, таарахгүй зүйлс гарсан. Харин муухай харилцаа энэ тэр үүсээгүй ээ.

-“New Nomads Records-той яаж танилцав. Та нарын нэгдсэн цэг, цаашдын зорилго юу юм бэ?

-2021 онд бид танилцсан. Тэр үед The BAATAR буюу Т.Баатарын цомог дээр ажиллаж байлаа. “Баян-Өндөр” гээд жаахан блюз маркийн дуу бий л дээ, Т.Баатарын маань. Тэр бичлэгт би орж таарсан. Т.Баатар өөрөө ардын маягаар дуулдаг. Монгол каунтри гэдэг урсгалаар дагнаж буй. Энэ зохицол, баг  хамт олон таалагдсан, сэтгэл татсан. Түүнчлэн ашиглаж буй хөгжмийн зэмсэг, жанр зэрэг нь миний дуртай каунтри, жаззд хөрвөхүйц байсан. Амьд хөгжмөөс хүн амьд мэдрэмж авдаг. Баруунд хип хопууд ч амьд хөгжимтэй тоглож байна.

Дээр нь маш сайн хөгжимчдийг цуглуулсан байсан. Мэдрэмж таардаг, чадварлаг баг учраас үүнд нь татагдаж, хамтран ажиллахаар болсон. Алдсан зүйл үгүй гэж боддог. Сайхан уран бүтээлүүд төрж байгаа. Каунтри гэдэг бол Америкчууддаа нийтийн дуу. Гэхдээ маш их хөгжсөн. Хүн бүр амандаа аялаад л, дуулаад л явахад амар ч юм шиг жанр. Түүнчлэн үг нь амьдралд их ойр. Энэ жанрыг авч, Монгол гэсэн соёлтойгоо уялдуулах “New Nomads Records”-ын маань зорилго надад маш их таалагдсан. Бид Америкийн каунтриг мянга дуурайгаад илүү гарахгүй. Харин авахыг нь аваад, өөрсдийн соёлтойгоо уялдуулж, шинэ зүйл гаргах нь ондоошил юм болов уу гэж хардаг.

-Тэнд танигдах гэж л Америкийн каунтри дуулаад байгаа юм шиг ойлгодог хэсэг бий шүү. Ондоошил ярьсан тань анхаарал татлаа. Каунтриг бараг зохиолын дуу гэдэг. Монголд зохиолын дуу бий. Түүнийг өөр шатанд хөгжүүлнэ гэсэн үг үү?

-Яг мэргэжлийн үүднээс сайн тайлбарлаж мэдэхгүй юм. Миний хувьд, монгол хүнээс хэзээ ч америк аялгуу гарахгүй. Хэдийгээр каунтри гэдэг урсгалыг ашиглаж буй, ч монгол хүн зохиож л байгаа бол монгол ахуй, соёл шингэнэ. Үүнийг түгээн дэлгэрүүлэх нь бидний туйлын зорилго юм. Дуугаа орчуулаад цацлаа гэхэд л монгол хүний зохиосон аялгууг дэлхийд сурталчилж буй хэлбэр болно шүү дээ. Энэ бүхэн нь явж явж Монголоо л дэлхийд таниулах гээд байгаа хэрэг.

-Ардын дуунуудыг бас сэргээж дуулбал сайхан санагдсан. Таны “Чандмань эрдэнэ”-ийг дуулсан хувилбарыг маш их таашаасан. Тийм бодол бий юу?

-Ер нь бий шүү. Гэхдээ дандаа ковэр дуулах тиймхэн гэж шүүмжлэх тал бий. Гэвч 40-50 жилийн өмнөх тэр сайхан дуунуудыг зарим залуус огт сонсоогүй явж байгаа. Тэдгээрийг ковэр нэрийн дор сайхан сэргээх нь монгол уламжлалаа хадгалж, залуу үедээ таниулан мэдүүлж буй хэрэг гэж боддог. Тийм дуунуудыг өдгөө гуравхан хүн сонсож байсан ч бид заавал сонсгох, түгээх ёстой гэж би хардаг. Тийм учраас ковэрлож, шинэчилж хүргэх нь соёлоо л хойч үедээ үлдээж буй хэрэг болов уу.

-Гэнэт од болно гэдэг залуу хүнд бас туулах ёстой болдог даваа, өөрийгөө тодорхой хэмжээнд дарах шаардлага үүсдэг. Ингэж ажиллах шаардлага үүссэн үү?

-Ер нь бол гайгүй ээ. Би чинь биеэ тоохоор хэмжээний ч аймаар супер амьтан биш. Хүнд яаж харагддагийг бас мэдэхгүй юм аа. Жаахан үг цөөтэй хүн учраас их зантай ч юм шиг харагддаг байж магадгүй. Би өөрийгөө тийм супер гэж боддоггүй. Харин мөрөөдөлдөө хүрчихвэл биеэ тоох эсэх ч бараг хамаагүй байх (Инээв).

-Хүрэх газар хол?

-Өө, хол байлгүй яах вэ. Хүрэх эсэхээ ч мэдэхгүй байна. Түүнийхээ араас ямар нэгэн байдлаар, алхаад ч байна уу, мөлхөөд ч байна уу, тасралтгүй зорих л хэрэгтэй байна.

-Супер амьтан биш гэхээр, та ер нь өөрийгөө хэр үнэлдэг юм. Сая гадаадын шүүгчид бол их л гайхаж байна. Тийм хандлагуудыг өөртөө аваад ирэхээр хүний өөртөө тавьсан үнэлэлт, дүгнэлт өөрчлөгддөг юм уу?

-Миний хувьд бол нэг их тэгдэггүй юм аа. Ер нь яах гэж дуулж байгаа билээ. Үзэгч, сонсогчдын л сэтгэлийг засах, зовлонг нь хуваалцах, жаргалтай байгаа бол өшөө илүү тааламжтай болгох гэж л дуулдаг. Хариуд нь ирдэг энерги л надад дуулж байгаагийн маань утга учир болдог. Иймд дуулчихаад “Аллаа, сайн дууллаа” энэ тэр гэж боддоггүй. Би Youtube-ээр дэлхийн хэмжээний супер одуудыг сонсож, мөрөөдсөн болохоор ч тэр үү, одоо ч гэсэн “Яаж ингэж дуулдаг болох вэ” л гэж боддог.

“Чадаагүй байж чадсан мэт ярих дургүй”

-Мөрөөдөл бол өөрт хадгалахад нандин, бусдад ярихад нуумаар санагддаг эд. Том байх тусмаа. Гэхдээ бас хааяа хуваалцахад сайхан. Та алсын алсдаа ямар дуучин болно гэж мөрөөдөж, түүгээр өөрийгөө эдгээр өдрүүдэд хөглөн амьдардаг вэ?

-Миний айдол бол Франк Синатра. Тэр хүн шиг, үнэхээрийн мундаг дуучин болохыг мөрөөддөг. Мөн Синатрагийн хэмжээнд очсоны дараа, дэлхий даяар намайг харах мөчид түрүүнд дурдсанчлан уртын дуу дуулах мөрөөдөл бий. Ер нь бол би нэг их хуваалцах дургүй. Хоёрдугаарт, чадаагүй зүйлээ бусдад ярих дуртай биш. Яагаад тэгдгээ сайн мэдэхгүй юм. “Авьяаслаг монголчууд”-д орохдоо ч гэрийнхэндээ хэлж байгаагүй. 2018 онд “The Word’s Best” шоунд явахдаа ч хэлж байгаагүй. Чадаагүй байж чадаж байгаа юм шиг ярих дургүй гэх юм уу даа.

-Уртын дуу дуулдаг юм биш биз?

-Маш хэцүү шүү дээ. Манай Т.Баатар уртын дуучин л даа. Бид хааяа хөдөө гадаа гарахад, Баатараа дуулна, би өнгө хоршуулаад худлаа орилно. Гэхдээ мөрөөдлийнхөө төлөө эрчимтэй алхаад эхлэх юм бол, Баатараагаасаа ч юм уу асууж байгаад сурах байх. Гэхдээ уртын дуу бол маш хэцүү. Техник талаасаа амар зүйл биш ээ. Заавал оролдож үзэх гэхээс илүү сонсоод, дотроо бясалгаад л байвал хожим сурахад амар болж мэднэ.

-Таны төлөвшил хамгийн том үнэ цэн юм уу гэж харж байна. Дэвсэн, үсчсэн биш, өөрийгөө мэддэг, өөртэйгээ ярилцдаг байрын ийм төлөвшил аав ээжтэй холбогдох байх. Таныг яаж хүмүүжүүлсэн бэ. Ер нь бас урлагийн авьяастай хүмүүс мөн үү?

-Миний мэддэг ойр төрлийн хүмүүс дунд урлагаар явсан хүн байхгүй. Хараад байх нь ээ, хүмүүс багадаа “Би ч нэг их эрхэлж өсөөгүй” гэж боддог юм шиг байна. Он жил өнгөрөх тусам эргээд харахад хангалттай эрхэлсэн юм байна аа. Тодорхой хэмжээнд гэр бүл минь намайг үргэлж дэмждэг байсан шиг. Үнэлж баршгүй их зүйлийг надад ойлгуулахдаа юу эсийг туулсан байх вэ. Өнөөдрийн миний бүтээсэн бүгдийн хамгийн багадаа тал нь аав, ээж хоёртой минь холбоотой. Тэдэндээ маш их баярладаг. Монголын дундаж давхаргын, энгийн л нэг амьдарч буй түмний нэг хүмүүс дээ, тэд минь.

Надад энэ хүртэл шантрах зүйл олон таарсан. Тэр бүрд л ойр дотныхон маань урмын үг хэлдэг. Таньдаггүй ч гэлээ бас намайг сонсдог, урам хайрладаг  бүх хүнд талархмаар байна. Одоо хэр дуулж буйн урам зориг бол та нар шүү гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Удахгүй илүү сайхан дуунууд дуулж, ачийг нь хариулна аа гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2024 08:32

Улам их амжилт хүсэе урагшаа

ЗочинУрлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээж явагээ
ЗочинУрлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээж явагээ
1 сар 22, 2024 08:36

Урлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээж явагээ амжилт хүсэе

Зочинзочин
Зочинзочин
1 сар 26, 2024 04:40

Янжинлхам бурхан бишшүү тэр зүгээрл хуурамч шүтээний нэг хэсэг

Наран
Наран
1 сар 22, 2024 09:37

Ухаантай даруу з�##�уу юм

unshigch
unshigch
1 сар 22, 2024 10:12

uneheer saihan duuchin shuu, amjilt huseyee

Зочин
Зочин
1 сар 22, 2024 10:43

Хоёр хөөрхөн з�##�уус ярилцжээ баяр хүргэе, амжилт хүсье ингээд утаатай ч гэсэн Улаанбаатартаа амьдармаар болдог юм аа, Шинэ төсөлдөө монголын супер дуу олныг дуулаасай гэж хүсье, шинэ дуунуудад дасаагүй болоод ч тэр үү ая нь нэг л адилхан ойролцоо дуунууд байдаг шүү гэхдээ Энх-Эрдэнэ англи дуу дуулахаар л жигтэй гоё зохих юм даа

ган
ган
1 сар 22, 2024 11:55

Дэлхийн од энэ тэр ч яахав дээ. Албатай ч юм биш, үнэхээр өөрөө хүсээд уйгагүй зүтгэж хичээвэл авьяас байна, ухаан байна.
Хамгийн гол нь элдэв муу муухай зүйлээс хол байж, олны итгэл хүндлэлийг �##�д�##�гүй өөрөө аз жарг�##�тай эрүүл энх байх нь чух�##�. Ярилцлагыг уншихад бас ч гэж хэрсүү уха�##�аг, өөрийн бодолтой, зөв хүмүүжилтэй хүү шиг санагдлаа. Сайн сайхныг хүсэе.

Зочин
Зочин
1 сар 24, 2024 09:45
Reply to  ган

даяаршил гэж ярьдаг уу

Иргэн
Иргэн
1 сар 22, 2024 12:29

Баяр хүргье .Харин Ондоошил.Төгөлдөршил.Амтшил гэсэн үгүүд гараад байна .Монгол хэлэнд ийм үг байхгүй Битгий хэрэглээрэй.

Зочин
Зочин
1 сар 22, 2024 12:36

Амжилт хүсье

Иргэн
Иргэн
1 сар 22, 2024 14:47

Сайн зөв хүү байна Амжилт хүсэе

Зочин
Зочин
1 сар 22, 2024 20:41

Маш

Зочин
Зочин
1 сар 22, 2024 20:42

Ali deer ued l orood baisan biz dee, Odoo avgai av amidralaa bod

Зочин
Зочин
1 сар 22, 2024 22:27

Нээрээ өөрөө дуу хийгээч. Худлаа баахан хүний дуу дуурайж дууллаа, 2017 оноос хойш анх гарч ирж байгаа з�##�уучуудад зориулсан тэмцээнд дахин дахин ороод байхын, Өвгөн боллоо

Ганаа
Ганаа
1 сар 25, 2024 20:52
Reply to  Зочин

Атаархуу амьтан бэ.

Atg
Atg
1 сар 22, 2024 23:18

Anh duulahiin harj baihdaa yamar saifan duuldag hujaa be gej harj bsan chin mongol zaluu geheer ni mongol hvn gej medsen kkk

Зочин
Зочин
1 сар 23, 2024 02:52
Reply to  Atg

чиний мон царайг харахынсан. харин ч өндөр нуруу туруу, өргөн мөр, өндөр хамар, шанаа эрүү дух гээд бүгд өв тэгш сайхан монгол з�##�уу бна лэ шүү

Зочин
Зочин
1 сар 23, 2024 10:40

...шар үс босгож байна лээ ...монгол з�##�уу амээрикт ГОЁ ШҮҮ

Ганаа
Ганаа
1 сар 25, 2024 20:50

Чи чаднаа. Өөртөө итгэлтэй байгаарай. Чаднаа гэдэгт чинь итгэж байна.

Зочин
Зочин
6 сар 10, 2024 00:25

Дэлхийн хэмжээний дуучин болно гэж хэлсэн л юм чинь амласандаа хүрэх хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button