“Баавгай болохсон” УСК-ны ко-продюсер С.Батхишиг: Дэлхийд Монгол гоё, муухай нь хамаагүй. Асуудал, шийдэл чухал

Сайн байна уу? Eguur.mn мэдээллийн сайтаас холбогдож байгаа юм аа. Юуны өмнө “Баавгай болохсон” киног эх орондоо нээсэнд нь баяр хүргэе. Бид таныг ярилцлагынхаа буланд урих гэсэн юм. Боломжтой юу? Ингэж бид анх удаа ярьсан юм.
Харилцуурын цаанаас ч эелдэг, нээлттэй хүн болох нь ядах цөхөх юмгүй мэдрэгдэх түүнтэй уулзах мөч бүр ч сэтгэл хөдөлгөм. Барааг нь харах төдийд л энгийн хэр нь хайлам дулаан эрч энерги биднийг уулзсан цагаас л эгч дүү мэт уур амьсгалд автуулах нь тэр ээ. Үнэндээ түүнээс асуух ч шаардлага гарсангүй, хааяа нэг дэмжиж, шүүлтүүргүй бөгөөд сэтгэлээсээ сонсож буйгаа илэрхийлэхэд л дотор байгаагаа уудлан тавьж, ар араас нь цэгцтэйхэн дэлгэн ярьж байлаа. Ийнхүү бидний хэсэгхэн хугацаанд ярилцсан ярилцлагыг минь хүлээн авч уншина уу.
-Та кино урлагийн салбартай холбогдоод хэдэн жил болж байна, хэрхэн энэ салбарт хол тавив?
-2002 онд МУБИС-ийн Япон хэлний орчуулагчаар төгссөн. Үүний дараа хоёр, гурван ажил хийж явсан. Дөрөв дэх ажил маань телевизийн салбарын компанид байсан. Энэ нь Японы янз бүрийн телевизийн Монгол дахь зураг авалтын координатор буюу зохион байгуулах ажил. Тэндээ телевизийн координаторын ажил сураад 2006 оноос тусдаа бие дааж гарсан. Түүнээс хойш Японд хүүхдийн хөгжлийн мэргэжилтнээр магистр хамгаалахаар явсан. Харин бусад цагуудад телевизийн координатораар ажилласан.
Коронавирус гарсан үед Японы NHK телевизийн контентыг голлон хийж байсан. Тэр үед контент тасралтгүй байх ёстой байсан учраас найруулагчийн үүрэг гүйцэтгээд хажуугаар нь баримтат киногоо тасралтгүй хийдэг байсан л даа. Тэр цагаас эхлээд би найруулагч маягийн хүн болсон. Чадвар энэ тэрээ гэж том юм яриад яах вэ. Дөхөж л очсон. Тэгээд нэлээн хэд хэдэн кинон дээр найруулагчаар ажилласан. Ингэхдээ өөрөө бүх судалгаа, зохиолоо, зураг авалтаа хийгээд явдаг байсан.
-Баримтат кино эртнээс эдүгээ хүртэл гурван цагийн хэлхээний гүүр болж өгдөг-

- Та ямар чиглэлээр баримтат киногоо хийдэг байсан юм бэ?
- Баримтат кино маш сонирхолтой салбар. Танин мэдэхүй, соён гэгээрүүлэхээс гадна эртнээс эдүгээ хүртэл гурван цагийн хэлхээний гүүр болж өгдөг. Өнгөрсөн түүхийн судлагдахуун, өнөөдрийн бидний амьдралыг түүх болгон хадгалж үлдээдэг сонирхолтой салбар.
Миний ажиллаж байсан баримтат киноны агуулга ихэвчлэн бүхий л улс орны нийгмийн хурцадмал асуудлыг гаргаж ирэх зорилго бүхий. Жишээлбэл, Тухайн нийгмийн хурцадмал асуудал дээр “Хэн, хэрхэн, хөлсөө дуслуулан, тухайн нийгмийн хурцадмал асуудлыг шийдэхийг зорьж байна” гэдгийг гаргадаг. Тэгэхээр яг баримт дэлгэдэг гэсэн үг.
Намайг нэвтрүүлгээ хийгээд явж байхад заримдаа хүмүүс буруу ойлгодог. "“Яагаад чи энэ хүнийг гол дүрээрээ авсан юм бэ? ”Энэ хүн шилдэг нь биш шүү дээ" гэсэн Монголчуудын үзэл баримтлал байдаг. Жишээлбэл, "Спортын тамирчин, Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол шилдэг шүү нь дээ" гэдэг асуулт. Гэтэл бид яаж дүрээ сонгодог вэ гэхээр ялангуяа миний хувьд “Энэ замд хүрэхийн тулд одоо хийж байгаа түүний дуслуулсан үнэ цэнийг илүү гаргадаг. Тэгээд цаашид маш их амжилт үзүүлэх буюу зорьж байгаа зүйлийнхээ ард нь гарах магадлал бүхий хүмүүсийг зуун хувь сонгодог гэж ойлгож болно.
Энэ яагаад чухал вэ гэхээр, “Хүмүүс энэ нэвтрүүлгийг үзээд урам авахаас гадна анхаарч үздэг. Мөн нэг талаараа “Би хичээхгүй бол болохгүй юм байна” нөгөөтээгүүр “Энэ маань хичээж байгаа юм байна. Бид тэгвэл яах вэ” гэдэг том мессежийг өгөхийг зорьдог. Тэгэхээр миний хувьд янз бүрийн дүрүүдтэй, янз бүрийн гайхалтай үйл ажиллагааг сурвалжилж гаргаж байсан.

-“Баавгай болохсон” кинонд ажиллахдаа дэлхийн хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлуудад өөрийн чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулсан -
“Баавгай болохсон” кинонд ажилласны дараа хүмүүс холбогдоод уран бүтээлийнхээ жагсаалтыг явуулаад өгөөч гэж хүсэж эхэлсэн. Би энэ жагсаалтыг хэзээ ч бичиж байгаагүй. Тэгээд бичиж үзсэн. Тухайн жагсаалтаа харсан чинь ихэвчлэн хүүхдийн эрхийг хамгаалах дуу хоолой болж байгаа нэвтрүүлгүүд байсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр “Би 2002 онд их дээд сургуулиа төгссөний дараа Япон даргатай хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд туслах байгууллагад ажилласан. Тэр бол миний сургуулиа төгсөөд анхны хүлээж авсан нийгэм. Тэр Япон дарга маань 60 гаруй насны хүн байсан. Түүний үзэл баримтлал нь "Үлдсэн амьдралдаа хүүхдэд л тусална" гэсэн чиглэлтэй байсан юм.
Хүн бол зугаалаад, хоббигоо хөгжүүлээд явж болно. Гэхдээ түүний хувьд хүүхэд гэдэг нийгмийн ямар хэсэг вэ гэдгийг аль хэдийн ойлгочихсон хүн байж таарсан. Тэндээс л анх “Хүн хүүхдийн төлөө гаднын иргэн байсан ч тусалдаг юм байна” гэдэг бодит байдлыг харсан. Тэр ч утгаараа өнөөдөр би “Баавгай болохсон” кинонд ажиллахдаа хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг дэлхийн хүүхдүүдийн тулгамдаж буй гол асуудлуудад өөрийн чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа.
-"Баавгай болохсон" кинонд ажиллахдаа дэлхийн хүүхдүүдийн тулгамдаж буй гол асуудлуудад өөрийн чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулсан гэлээ. Хүүхдэдээ цаг гаргах боломжоор хангахад анхаарсан сайн жишгээс нэрлэвэл? Үүний ач тусыг тодруулж хэлэхгүй юу?
-Тухайлбал, Норвегт нэг хүүхдэд 2000 доллар өгдөг. Ээж гэртээ байж хүүхдийнхээ боловсролд анхаардаг. Манайх 50000 төгрөг өгч үзлээ. Скандинавын орнууд ажлыг гурван цагт тарааж байна. Өдрийн талыг нь гэр бүлтэйгээ өнгөрөөнө үү гэж улсаас бодлогоор зохицуулж өгч байна л даа. Хүүхэд өсгөхөд эцэг эх, асран хамгаалагч хажууд нь байх чухал гэсэн санаа. Энэ нь аль алинд нь сэтгэл санааны хамгаалалттай байгаа мэдрэмжийг өгдөг гэдгийг ойлгосон учраас зарим улс мөнгө өгч, эсвэл эцэг эхийг эрт тараах хувилбарыг хэрэгжүүлж байна. Аль нэг аргыг дуурайх эсвэл цоо шинийг зохиож хүүхэдтэй нь хамт байлгах арга зам олохоос өөр аргагүй.
Сэтгэл санааны шархтай хүүхэд том болоод ажил хийх, гэр бүл зохиоход ч асуудал үүсэж, нэг л цэгцэрч өгдөггүй. Хүүхдийн бага насандаа авсан шарх амьдралыг туулаад авч явах чадамжгүй болгодог. Сэтгэлийн боловсрол гэж ярьж эхэлж байгаа нь том хөдөлгөөн. Мөн сургуулиуд сэтгэлзүйчтэй болж байгаа нь сайшаалтай. Үүнд чадавх, нэг үзэл баримтлал болон хүүхдийг зодож болохгүй гэсэн нэгдсэн ойлголттой байвал сайн.
Яаж шийдвэл асран хамгаалагч хүүхэдтэйгээ илүү хамт байх вэ гэдэгт бодлого хэрэгтэй. Хүүхдэд өөрийн гэсэн орон зайг гаргаж өгөх зэргээс үйлдэл болгоод эхэлбэл дөхөм байх.

-Бодит байдлыг гаргадаг учир баримтат киноны салбартаа дуртай-
Миний уран бүтээлээрээ дамжуулаад хэлэх гэж байгаа санаа бол “Хүүхдийн асуудал бүх талаараа хүнд байна. Бүгдээрээ хүүхдийн орчинг сайжруулж тэдний амьдралын чанарыг дээшлүүлье. Гэхдээ яаж гэдгийг бүгдээрээ бодъё” гэсэн мессежийг өгдөг. Жишээ нь, би шийдлийг нь өгч олон түмний урд гарч микрофон барьж нэвтрүүлэг хэзээ ч бэлддэггүй. Харин бодит байдлыг тэр чигт нь гаргах нь өөрөө баримтат кино. Тийм учраас баримтат киноны салбартаа дуртай.
-Ингэхэд анх "Баавгай болохсон" кинонд яагаад ажиллахаар болсон юм бэ?
-“Баавгай болохсон” кинонд ко-продюсерээр ажилласан. Би Зоро найруулагчийг 60-70 хувьтай киногоо продюсерлосон үед нь орж ирсэн. Манай найруулагч багаа бүрдүүлж байх үед “Ид шидийн орон”-ы гүйцэтгэх захирал О.Ундраа намайг санал болгосон юм билээ. Ингээд Зоро найруулагч надтай холбогдоод “"Би "Баавгай болохсон" кинондоо баг бүрдүүлж байгаа. Надтай ажиллах уу?” гээд өөрийн зүгээс бүх нөхцөлүүдээ танилцуулсан. Би ямар ч эргэлзээгүй зөвшөөрсөн. Гэхдээ гэр бүлийн хүмүүстэйгээ зөвлөлдөж, ярилцсаны эцэст хамт ажиллахаар болсон байдаг.
-Зоро найруулагчтай ажиллах хэр байв. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс зөрчилдөх тохиолдол бишгүй л байсан байх?
- Ерөөсөө зөрчилдөөгүй. Ямар ч зөрчилдөөн гараагүй. Яагаад гэвэл бид хоёрын сурсан үзэл санаа нэг. Ерөнхийдөө ажиллах арга барил нь нэг гээд ойлгож болно.

- Хамгийн энгийн жишээг дурдвал?
- Хамгийн энгийн жишээ нь “Хүн бол цагтаа л байх ёстой”. Хүн ямар нэгэн ажилд орж ирээд гэрээ хийчихсэн бол тэр ажлаа цагтаа л хийдэг байх хэрэгтэй. Энэ нь бид хоёрын хувьд мэдээжийн зүйл.
Бэлтгэл ажил гэдэг бол миний хувьд голлох ажил минь байсан. Найруулагч бол дандаа уран бүтээлийн талаас уран бүтээлчид, жүжигчдээ бодох хэрэгтэй. Гэтэл нэг болохоор хоол руу ороод эсвэл цаг бүртгээд сууж байх хүн биш байхгүй юу. Миний хувьд найруулагчийн тайван ажлаа хийх, уран бүтээл дээрээ төвлөрч ажиллахад нь хамаг хүчээ дайчлан ажилласан.
Эхний өдрүүдэд би яамаар байгаа хүн бэ гэдгээ хэлээд явсан. Жишээлбэл, “Илүү дутуу амтлагчгүй эрүүл хоол хүмүүстээ өгөх ёстой. Өвлийн улиралд хүүхдүүдээ дааруулахгүй, өвдүүлэхгүй байх” гэх мэтчилэн чиглэл өгсөн. Би өнгөрсөн өдрүүдэд нь тэрхүү хүсэлтийг нь биелүүлэхийн төлөө хичээсэн.
Найруулагч хүн бол тухайн зураг авалтын талбайн хамгийн том хүн. Түүний дараагийн хүн нь би. Тэгэхээр би түүнийг юунд ч санаа битгий санаа зовоосой, юунд ч битгий маргаан гараасай. Бас зураг авалтын объектуудыг ашигласны дараа тухайн хүмүүсийг гомдоохгүй байх” зэрэг асуултад санаа зовоохгүй байх талаас нь хүнтэй харилцах ажлыг нь би ард нь хийж байсан.
-"Баавгай болохсон" киногоор продюсерын карьераар явах маш том хүсэл тэмүүлэл авсан-

- Илүү дутуу хачиргүй маш энгийн хэр нь сайхан уран бүтээл болсон гэж үзэгчид сайшааж байсан. Таны хувьд цаашид энэ чиглэлээрээ уран сайхны кинонд ажиллах хүсэл бий юу?
- Байгаа. Би продюсерын карьерыг дөнгөж эхлүүлээд явж байгаа. Энэ кинон дээр ажилласнаараа цаашид ч гэсэн продюсерын карьераар явах маш том хүсэл тэмүүлэл авсан.
"Баавгай болохсон" кинонд ажиллахдаа, “Киноныхоо багт атгасан гар шиг хамтарч ажиллах туршлага суусан. Хуучин баримтат кино хийхдээ хүмүүстэй богино хугацаанд уулзаад л баярласан, гомдсоноо хэлээд салчихдаг байсан. Харин энэ уран бүтээл дээр бид нар бүтэн нэг өвөл хамт ажиллаад нөхөрлөл үүсгэчихсэн учраас энэ нөхөрлөлийн хүн нэг бүр ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг харсан. Тэгж байж кино бүтдэг. Тиймдээ ч миний хүнтэй харилцах туршлагад асар том өөрчлөлт авчирсан. Энэ их туршлага өөрчлөлтөө дараа дараагийн кинон дээрээ гаргаад явах өндөр хүсэл тэмүүлэл надад үлдсэн байна.
-Продюсерын ажил бол тийм ч амар ажил биш. Төсөв мөнгөний хувьд ч их гэж сонссон?
- Манай найруулагчийн хүслээр бол бүгдийн өндөр түвшинд цалинжуулмаар байсан. Уран бүтээлчид өглөөнөөс орой болтол гэр бүлдээ анхаарал хандуулж чаддаггүй ажил байхгүй юу. Зөвхөн камер унтрах асахыг л хараад зогсож байх
Ерөөсөө утсаа оролдох, дундуур нь гялс дэлгүүр гүйгээд хүүхдийндээ памперсийг аваах өгчхөөд ирье гэдэг ямар ч боломжгүй ажил. Яг зураг авалт эхэлсэн үед гэр бүлдээ гүйж очоод туслах ямар ч боломжгүй. Тэгэхээр ингэж ажиллаж байгаа хүний үнэлэмж тултал байх ёстой. Гэтэл манай найруулагчийн шаналал юу байсан бэ гэхээр “Би та бүхнийгээ тултал үнэлж чадахгүй байгаа ч гэсэн бүгдээрээ киногоо эхлүүлье, одоо байгаа төсөв дээрээ киногоо эхлүүлцгээе. Та бүхэн зөвшөөрч байна уу” гэдгийг хүн болгонд хэлж байсан.
Бидний зүгээс “Тэгэлгүй яах вэ. Бид хүүхдийн төлөө юм чинь ажиллана аа” гэсэн. Түүнээс биш “Мөнгө багатай юм чинь ажиллахаас даа” гэж уурлаж орж ирсэн хүн огт байгаагүй. Энэ үнэлэмжээ нэмэх юм бол асар их өртөгтэй.
Нөгөөтээгүүр бид хамгийн бага төсвөөр кино хийх гэж оролддог. Жишээ нь, “Шөнөжингөө зураг авч маргаашийнхаа цаг, төсвийг хэмнэх эсвэл арай жоохон хямд хоол идэх” гэдэг ч юм уу. Гэтэл манай найруулагчийн хүсэл бол төсөв нь байвал “Хүн хамгийн эрүүл хоол идэх хэрэгтэй, илүү цагаар ажиллахгүй байх ёстой, эрүүл мэндээ бодох ёстой” гэсэн зарчмыг биелүүлмээр байсан. Гэтэл тэрийг тултал гаргаж чадаагүй. Гэхдээ бид байгаа төсөвтөө хичээсэн. Тийм болохоор яг тэр гэсэн дүн хэлмээргүй байна.

-Кино гэдэг бол өнөөдөр попкорн идээд стрессээ тайлах зүйл биш-
- Та бүхний хувьд Каннын кино наадамд оролцоод ирсэн. Монголын уран бүтээл дэлхийд хэр зэрэг нийцэж байна?
- Каннын наадамд очоод санамсаргүйгээр Японы алдарт найруулагч Hirokazu Koreeda “Monster” гэдэг кино үзсэн. Энэ кинонд нэг япон сургуульд сургуулийн бүх хүмүүс нэг хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаа тухай үйл явдал гардаг.. Хүнийг шоглох юм бол ямар хэцүү уналтад ордог вэ гэдэг асуудлуудыг гаргаж ирсэн. Энэ бол дэлхийн бүх л улсуудад байдаг асуудал. Тэгэхээр Канн гэдэг бол олон улсын фестиваль.
Зөвхөн Каннд ч биш бусад А зэрэглэлийн кино наадмууд юуг харж байна вэ гэхээр “Монгол ямар харагдаж байна вэ гэдгийг хардаггүй. Монгол гоё орон юм уу, муухай орон юм уу гэдгийг хардаггүй. Дэлхий дээр өнөөдөр ямар хурцадмал асуудал үүсээд байна вэ гэдгийг хэрхэн яаж гаргасан бэ гэдгийг хардаг.
Тэгэхээр бүгдээрээ асуудлыг “Манайд л болж байна. Бид муухай байна” гэдэг өнцгөөс биш. Дэлхий хаашаа чиглэж байна. Дэлхий яаж хөдлөх гэж байна гэдэг туршлагыг манайд бас аваад ирвэл бүгдээрээ хамт шийдэх нь чухал. Тэрнээс биш “Япон, Солонгос орныг дуурайх гээд байна” гэдэг талаас биш дэлхийд болж байгаа асуудлыг хамт шийдэл нь юу байна вэ гэдгийг кино уран бүтээлээрээ дамжуулж байгаа юм. Кино гэдэг бол попкорн идээд өнөөдөр стрессээ тайлах зүйл биш. Киногоор дамжуулаад “Бодит байдал ийм байна. Тэгвэл шийдэл нь юу байж болох вэ” гэдгийг кинон дээр илэрхийлдэг.
Манайхан “Монголоо муухай харагдуулчихлаа” гэж яриад байна. Тэр хүмүүс бусад Каннд очсон кино бүрийг үзээсэй гэж хүсэж байна. Дараа нь “Дэлхий ямар асуудалтай байна вэ” гэдгийг мэд. Тэгэх юм бол ойлгоно.

-Төгсгөлийн асуултыг нээлттэй үлдээе?
-Улс болон сургуулийн зүгээс хүүхдийг бүрэн төлөвшүүлэх боломжгүй тул өдрийн талд нь хүүхдийг хөгжүүлэх үүрэг эцэг эхийн нуруун дээр ирдэг. Тухайлбал Японд бусад цагаар хүүхдээ хөгжүүлэхийг дүүргүүд хариуцаж, үүгээрээ өрсөлддөг. Гэрийнхээ ойрхон дүүрэг дотроо ном уншуулах, зургийн хичээл, драмын дугуйланд авч очоод ээж нь ойролцоо тайван сууж болохуйц танхим, төвүүд ихэнх улсад байдаг. Ийм нөхцөлд хүүхэд гэртээ утсаа үзээд суухгүй шүү дээ. Үүнийг төрөөс бодлогоор зохицуулна. Харамсалтай нь бид одоогоор аж ахуйдаа хөрөнгө төсөвлөдөг хэвээр байна.
Хүний хөгжлийн торгон мэдрэмжтэй хүн ИТХ-д байгаа эсэхийг бодоод үзээрэй. Угтаа бол ИТХ хог, мод бут биш хүний хөгжлийг ярих ёстой бол цэцэрлэг, сургуулийг яам анхаарах учиртай юм. Хүүхэд хөгжүүлэх үйл явцыг хувийн хэвшлээр дэмжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Хүүхдийн тухай бодох эрх чөлөө олгохгүй хашаагаа засъя, замаа арчилъя л гэдэг. Мөн орон нутагт эрх мэдлийг олгохгүй байгаа нь унтаа байдалд оруулж байна. Тэнд байгаа зовлонг Засгийн газар ойлгохгүй. Харьцангуй төсөв өгдөг болсон ч үүгээрээ тэдэн ажилгүй иргэдийг дэмжлээ л гэдэг. Гэтэл хүүхдийн хөгжил рүү хөрөнгө оруулбал улсыг нуруундаа авч явах чадалтай иргэд болно.
Дээд биш асуудлын суурь руугаа анхаарах чухал. Хүүхдэд хайртай байя, чөлөөтэй өсгөе, хөгжих орчныг бүрдүүлье. Хүүхдэдээ анхаарвал тэд улс орныг аваад явчихна. Монгол Улс бүх түвшинд хүүхдийг чухалчилж, бүх орчныг хүүхдийнх болгох нь бидний гарах гарц. Их мөнгө төсөвлөж хашаа, зам, гүүр нэмэх нь шийдэл биш гэдгийг бид харж байна.
-Ярилцсанд баярлалаа
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийд өөрийн орны муу муухайг харуулж, ашиг хонжоо хайдаг бас нэг луйвaрчид. Хүүхдийн зовлон aль ч оронд бий. Гэхдээ түүнийгээ гадаадад дэлгэн муу муухайгаа тоочиж, ашиг олох нь муухай л юм.
За зовох юмандаа зовохгүй тэнэг юманд санаа зовох юм. Нэрэлхэх хэнд хэрэгтэй гэж. Ёстой оркддог байна ш дээ
улс орны нэр хүнд хүний нэр т өртэй байх хүслээс уг нь их өөр зүйл л дээ өөрөө л шийдэл олдог хүн болох гээд улс орноо варваруудын зэрлэгүүдийн орон одоо ч хэвээрээ гэхийг би л лав тэвчдэггүй сүүлийн үеийн кинонууд нохойн орны араас орлоо даун (саяхан болтол монголчуудын өвчин гэдэг байв) хүн нь нохойноос доор, бүх адгуудын цуглуулга байдлаар харуулаад нэр төртэй сайн киночин бол доо з�##�уусаа тан нар нэр төр олохоороо �######�аад гарч явах байх л даа гэхдээ МОНГОЛ гэж нэг өрөвдмөөр юм үлдэх нь хамаагүй ийм киноны �##�дартнууд бидэнд хэрэггүй дээ улсаа нохойноос доор үздэггүй киночидтэй болоосой, з�##�уу тусмаа муухай монгол хүн
Бодит байд�##� гээд хог новш заав�##� харуулах гэх юм
Солонгосуудаас сур л даа тэд яаж улсаа өөд нь өргөж харуулж байна аа
Solongos kino duuren heruul, ushoo avalt, uzen yadalt baidag bus u ? Hahahahaha
Хойд Солонгос кино
тэр Каннд очсон кино бүрийг яаж үзэн вэ?