Top StoriesЯрилцлага

"Nigth train"-ий дуучин М.Цэцэнбилэг: Одоо хөгжимдөө анхаарч, ойрын хэдэн жил хамтлагтаа төвлөрнө

Зөөлөн, зөөлөн буух цэнхэр манан

Надаас хэн явсныг

Чи хэлээч

Тэртээд анивчих ганц одтой

Сэтгэлд тэр нэгэн гэрэлтэнэ…

Үгийг нь унших төдийд аманд аялагдах энэ дуу олон арван залуусын уйтгар гуниг, баяр хөөр, аз жаргалтай дурсамжуудыг хадгалж байгаа. Магадгүй заримынх нь дурсамжууд энэ дуунаас эхлэлтэй ч байж мэднэ. 

Одоогоос 20 гаруй жилийн өмнө хэдэн залуусын дэврүүн их сэтгэл, хүсэл мөрөөдөлд хөглөгдөн “Шөнийн галт тэрэг” хамтлаг үүсгэн байгуулагджээ. Хэдийгээр тэд урлагаас хэсэг хөндийрсөн ч тэднийг сонсох сонсогчдын нас залуужсаар, улам их нэмэгдсээр. Энэ жил тэдний анхны цомог болох “Цэнхэр шувуу” цомгийн 20 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан хүндэтгэлийн тоглолт ирэх сард зохиогдоно. Тоглолтын бэлтгэл гээд хэдийгээр өрнүүн их ажилтай байгаа ч бид хамтлагийн дуучин М.Цэцэнбилэгтэй ярилцлаа. 

-Өөрсдийн сонсох дуртай хамтлаг шигээ болох хүсэлтэй байсан-

-Бидний мэддэг ч бас төдийлөн мэддэггүй юм шиг “Шөнийн галт тэрэг” хамтлаг яг хэрхэн байгуулагдаж байсан бэ?

-Тухайн үед, хоёр өөр хамтлаг тус тусын уран бүтээлээ хийж байгаад нийлсэн нь “Шөнийн галт тэрэг” юм.

1996 онд “Шөнийн галт тэрэг” хамтлаг соло гитарчин Төгөлдөр, басс гитарчин Баясаа, бөмбөрчин Одхүү, дуучин Буянаа гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байсан. Харин гитарчин Зандаа, Мөнх-Оргил бид хэд “Scream” гэдэг хамтлагтай байлаа. 1999, 2000-аад оны үед бид танилцаж, улмаар 2001 онд “Шөнийн галт тэрэг” хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэй болсон. 2004 онд “Цэнхэр шувуу” цомгоо гаргасан. Энэ жил цомгийн маань 20 жилийн ой тохиож байна. 

-Таны өмнө нь байсан “Scream” хамтлаг ямар урсгалынх байв?

-Альтернатив рок, ерөнхийдөө рок. Бидний гол зорилго нь альтернатив урсгалаар тоглох, залуучуудад хүргэх байсан. “Үлэг гүрвэл” бол “Scream” хамтлагийн дуу. 

-Яагаад “Шөнийн галт тэрэг” хамтлагтай нийлэх болсон бэ?

-Аль аль нь л тухайн үедээ олон хүнтэй газруудаар тоглодог байлаа. Манай хамтлаг баар, цэнгээний газраар, “Шөнийн галт тэрэг” ч бас “Баянгол” зочид буудлын танхим, ресторанд дуулдаг байсан. Тэр үедээ “Шөнийн галт тэрэг”-ийг очиж үзэх дуртай байсан. “Radiohead”, “Beatles” хамтлагуудыг нэлээд коверлож дуулдаг байв. Харин манай хамтлаг америк альтернатив урсгалаар дуулдаг байсан. Тэгээд хоёр хамтлагийн сонирхол ижил учраас ярилцаж байгаад нэгдэх шийдэлд хүрч байсан. 

-Одоо “Шөнийн галт тэрэг” хамтлагийн сонсогчид их залуу болж, нэмэгдэж байгаа. Харин тухайн үед сонсогчид хэр байсан бэ?

-Манай улсад анх 1990-ээд оны эхээр альтернатив рок урсгал орж ирсэн. Тухайн үеийн телевизийн сувгаар явдаг дуунуудыг сонсдог байлаа. Биднийг 20-иос дээш насныхан их сонсдог байв. “Nirvana”-тай танилцаж, “Нисванис” анхны цомгоо гаргаад л, хүмүүс гранж урсгалыг их сонсдог болж байсан. Гранж рок урсгал давамгай, хүмүүс бусад “Алтернатив рок” урсгалуудыг төдийлөн сайн мэддэггүй байсан. 

-Ихэвчлэн бааранд дуулдаг байж?

-Тийм ээ. Бааранд дуулна гэдэг чинь мөнгө олно гэсэн үг. Хэдийгээр гадаадын дуучдын дууг коверлодог байсан ч өөрсдөө ая зохиож, дуугаа хийж, хүмүүст хүргэхийг хичээдэг байсан.  Бааранд яг өөрсдийн дуртай хөгжмөө тоглоод байж болохгүй учраас, олон нийтийн сонирхолд нийцүүлэхээр поп рок урсгалын хөгжмийг их тоглодог байсан. 

-Ямар хэмжээний хамтлаг болно гэж анх төсөөлж байв?

-Бид дөнгөж л 20 гарч байлаа. Дэврүүн их хүсэл мөрөөдөлтэй. Өөрсдийн сонсдог хамтлагийнхаа түвшинд л очно гэж боддог байсан. 

-Эхний цомог дээрээ хэр удаан ажилласан бэ?

-Зарим дуу нь 1996-1998 онд зохиогдчихсон байсан. Харин 2001 онд бид нэгдэж, улмаар олон шинэ дуу хийсэн. “Хайлсан шоколад”, “Цахлай” хоёр бол 1998 онд зохиогдсон байсан дуу. 2001 онд харин “Зөөлөн” гэх мэт бусад дуунууд нэмэгдсэн гэсэн үг. 2003 онд бид “Сонор” студитэй гэрээлсэн. Улмаар цомгийн ажил хурдан өрнөсөн. Гэрээ байгуулчихсан учраас цаг хугацааны хайчинд ч орсон, энэ нь бидэнд зарим талаар эерэгээр туссан. Ерөнхийдөө цомгийн 50 хувь нь бэлэн, үлдсэн 50 хувь дээр нь ажилласан гэх үү дээ.   

-Яагаад “Цэнхэр шувуу” гэж нэрлэсэн бэ?

-Энэ бол Морис Метерлинкийн үлгэрийн номын нэр. Цэнхэр шувуу өөрөө аз жаргалын бэлгэдэл. Тиймдээ ч, энэ утгаар цомог маань бусдад аз жаргал мэдрүүлээсэй хэмээн бодож, тийн нэрлэж байлаа. 

-Таны хувьд хамгийн сайн дуу нь аль вэ?

-Бүх дуундаа сэтгэл гаргаж, ажилласан. Бүх дуундаа хайртай. 

-Тухайн үед цомог хэдэн хувь хэвлэгдсэн юм бэ?

-2000 хувь. 2021 онд пянз гарах хүртэл дахиж шинээр хэвлээгүй. 

-Энэ 2000 хувь ямар хугацаанд борлогдож байсан бол?

-2008 оны үед хааяа нэг хөгжмийн дэлгүүрт ганц, хоёр ширхэг харагддаг байсан. Тэгээд  2010 оноос хойш огт үзэгдэхээ больсон. Одоо ч бүр байхгүй шүү. 

-Анхны цомог гарснаас хойш хэдэн жил уран бүтээл гаргаагүй шүү дээ. Тэр үед тус тусын амьдралаа хөөж байсан уу, аль эсвэл дараагийн цомгийн ажилдаа орсон уу?

-Шинэ цомгийн бэлтгэл ажилд орохын хувьд орчихсон л байлаа. Гэхдээ хувь хувийн амьдралаа хөөх шаардлага эрхгүй тулгарсан. Тэгээд л хэсэг хөгжмөөс хөндийрсөн дөө. 

-Дууныхаа үгийг хэрхэн бичдэг байсан бэ? Зөөлөн яаж бүтсэн бэ?

-Ер нь янз бүр. Манайхны хувьд ихэнх дууныхаа аяыг түрүүлж зохиогоод, дараад нь үгийг нь бичдэг байсан. Зөөлөн дууны хувьд бэлтгэлийн үеэр Төгөлдөр маань хэдэн утас татахад гоё аялгуу гарсан юм. Тэр аялгуу маш их таалагдаад цааш нь үргэлжлүүлээд дууны аяыг зохиосон. Тэгээд гоё аятай болсон учраас сэтгэл хөдлөөд дууныхаа үгийг бичээд, маргааш нь хамтлагийнхандаа үзүүлсэн. Тэгээд дуу маань бүтсэн дээ. 

-Ямар хамтлаг сонсож, үлгэр жишээ авдаг байсан бэ?

-Тухайн цаг үеийн Англи, америкийн альтернатив хамтлагуудыг сонсдог байсан. 

-Та тэдгээр урсгалын хөгжимтэй хэзээ танилцсан бэ?

-1993 оны үед гэхээр 13, 14 настайдаа. 

-Цомгийг нь олоод сонсдог байсан уу, ямар мэдээллийн хэрэгслээр дуртай хамтлаг дуучдаа сонсдог байсан бэ?

-Тухайн үед манай телевизээр классик поп давамгайлсан дуу, их гардаг байсан. “MTV” сувгаар өмнө нь сонсож байгаагүй дуунууд их гардаг. Их сонин, өөр мэдрэмж өгдөг, байсан. Тэгээд л тэр урсгалуудыг ихээхэн сонирхож эхэлсэн дээ. 

-”MTV” үзээд та хөгжим хамтлагуудтай, танилцсан байх нь ээ?

-Яг ч бас тийм биш ээ. 1980-аад оны сүүлчээр Pink Floyd, Beatles хамтлагууд орж ирсэн байсан тул сайн мэдэхгүй ч заримдаа энэ тэнд сонсогддог байсан. Бас поп хамтлагууд болон оросын хамтлагууд, тэр дундаа “Кино” хамтлагийг сонсож байсан даа.  

-Таны хөгжмийн авьяас тэр үеэс илэрсэн үү?

-Би хөгжмийн зэмсэг тоглодог хүн биш ээ. Зүгээр дуулах гэж хичээдэг, дуулах дуртай.  

"Шөнийн галт тэрэг" хамтлаг

-Бидний сэтгэлээс гарсан дуунууд, бусдын сэтгэлд хүрдэг байсан байх-

-Та сургуульд байхдаа ямар хичээлдээ илүү сайн байсан бэ, анхнаасаа урлагийн хүн болно гээд шийдчихсэн байсан уу. Мэргэжилээ хэрхэн сонгож байв?

-Илүү урлагтай ойр төрлийн хичээлүүддээ дуртай байсан. Дууны болон зургийн хичээлдээ их сайн байлаа. Тоо, физиктээ муу, тэр чинээгээрээ нэг их тоодоггүй  хүүхэд. 1996 онд Улаанбаатар их сургуульд “Солонгос хэлний багш, орчуулагч” мэргэжилээр орж суралцсан. Сүүлд 2021 онд СУИС-ийн “Соёл судлал”-ын чиглэлээр сураад төгссөн дөө. 

-Та дуутай, цомогтой, хамтлагтай хүн байсан шүү дээ. Яагаад сүүлд соёл судлалын чиглэлээр сурах болсон бэ?

-Манай хамтлагийн бөмбөрчин АНУ-д амьдардаг. Гитарчин маань Канадад амьдардаг. Тус тусын ажил амьдралаа дагасан. Би ч мөн адил. 

Ер нь соёл урлагийн чиглэлийн ажилд сонирхолтой, уран зургаар сурах гэж оролдож байсан. Өмнө нь соёлын чиглэлийн төслүүд дээр ажиллаж үзсэн. Тэгээд энэ чиглэлээр гүнзгийрүүлж сурахаар шийдээд сурсан. 

-Соёлын чиглэлээр ажилласан гэхээр сонирхолтой байна. Яг ямар ажлууд хийсэн бэ?

-Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлийн ажлууд дээр ажилласан. Музейтэй холбоотой төслүүд дээр ажиллаж байсан. 

“Шөнийн галт тэрэг” хамтлаг уран бүтээл туурвиагүй хэсэг завсардсан шүү дээ. Тэгсэн  хэдий ч жил ирэх тусам сонсогчид нэмэгдэж, бүр цомогтой зэрэгцэж төрсөн хүүхдүүд ихээр сонсдог болсон. Үүнийг та юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Хүмүүсийн дотоод сэтгэлдээ тээдэг зүйлүүд манай дуунд байдаг байх. Бидний сэтгэлээс гарсан уран бүтээлүүд, тэдний сэтгэлд хүрсэн юм болов уу,,, Бас манай хамтлаг тайзан дээр тэр болгон олон гараад байдаггүйтэй холбоотой байж мэднэ. 

-“Плэйтайм”-ын асар дахь хүмүүс дүүрээд, багтахгүй байсан тохиолдол бий. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ямар ч тайзан дээр гарсан том үүрэг хариуцлаг шиг хүлээж авдаг. Тоглолтоо амжилттай дуусгасны дараа л сэтгэл амарч, баярлана. 2018 оны плэйтаймаар төсөөлж байснаас их хүнтэй байхыг хараад гайхсан. Тэр үед хүмүүс багтахгүй , зарим нь гаднаас сонссон. Сүүлд 2022 онд асар нь илүү том болсон ч хүн ихтэй байсан. Тэр үед манай хамтлагийг илүү залуу үеийнхэн сонсдог болсныг хараад  гайхаж, бас баярласан. 

-Уран бүтээлээ тасралтгүй хийх байж дээ гэж бодогдсон уу?

-Болох ёстой юм болдгоороо болсон гэж боддог. Тухайн үед өмнөх дуунуудаасаа дутахгүй сайн уран бүтээл гаргах ёстой гэх хариуцлагатай тулсан байх. Хүмүүсийн хүлээлтэнд хүрэхгүй байх магадлал их байсан гэх юм уу... Тэр үедээ бүгд л өөр өөрийн амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй байсан. 

-Сонсогчдод хүргээгүй дуунууд хэр их байгаа вэ, одоо цацах бодол бий юу?

-Байгаа. Тэр дуунууд дээрээ ажиллаад, энэ жил шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байна.

-Тэгэхээр шинэ цомогт нь гадагшаа явсан уран бүтээлчид ирж оролцоно гэсэн үг үү?

-Одоо байгаа бүрэлдэхүүнээр цомог маань гарна. Гэхдээ гадаадад байгаа хоёртойгоо зөвлөлдөнө, ярилцана, санал солилцоно. 

-Тэгэхээр одоо байгаа бүрэлдэхүүн буюу шинэчлэгдсэн гишүүдтэйгээр шинэ цомгоо гаргах юм байна. Хамтлагаа нийлүүлж, уран бүтээлээ шинээр гаргах санаа та нарт эртнээс байсан уу?

-Өмнөх цомгоо пянзаар гаргах бодол бидэнд байсан. Хоёр жилийн хугацаа зарцуулагдсан том ажил болсон. Манай гитарчин Баясаад ч тэр надад ч тэр пянзаа гаргах хүсэл байса, улмаар уран бүтээлээ цааш гаргахаар болсон. 

-Энэ шийдвэрийг гадаадад байгаа гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Их баярласан, дэмжсэн. Пянзны нээлтийн үеэр Төгөлдөр маань ирсэн. Баримтат кино болон лайв-сешн тоглолт дээр хамт оролцсон. Бусад маань ирсэн тохиолдолд бид хамтдаа тайзан дээр гарахад асуудал байхгүй гэж боддог. 

-Хүн ер нь байнга өөрийгөө хайдаг байх. Азтай нь өөрийгөө олдог юм болов уу- 

Таны өмнө нь хийж байсан ажлын талаар яриагаа эхэлье. 

-Нийгэм рүүгээ чиглэсэн ажил хийсэн гэсэн шүү дээ. Тэдгээр ажлуудыг хийх нь хувь хүнд хэрхэн нөлөөлсөн бэ? 

- Хамт олонтой ажиллаж сурсан байх, бас туршлага нэмэгдсэн. Өмнө нь магадгүй англи хэлээр зөвхөн ярилцах, дуу сонсох, кино үзэх түвшинд байсан бол илүү сайжирсан гэх мэт. 

-Солонгос хэл сурч байсан гэхээр танд гадагшаа явах бодол байсан байж таарах нь. Хэдийд гадагшаа явах бодол төрсөн бэ?

-1998 оны үед юм даа. Өсвөр насандаа байхдаа боддог байсан санагдана. 

-Тэр үеийн нийгэм өнөөдрийнх шиг их стресстэй байгаагүй гэж бодож байна. Яагаад гадагшаа явах хүсэлтэй байсан бэ, дотоод чин сэтгэлийн дуудлага нь юу байв? 

-Нийгмийн хувьд их том ялгаагүй гэж бодож байна. Сайн ч юм байна, саар ч юм байна. Магадгүй өөрийгөө эрж хайх, болон хүсэл мөрөөдлүүд нь нөлөөлсөн байх.  Бас гадагшаа явж ажил хийвэл мөнгөтэй болно, юм үзэж, нүд тайлна, илүү амьдарна гэсэн ойлголттой байсан. 

-Та хэзээнээс гадаад явах бодлоо орхиж, өөрийгөө эрж хайсан бэ?

-Хамтлагтай болоод цомог гаргаад, хийх юмныхаа нэгээхэн хэсгийг олсон гэх үү дээ. Хүн өөрийгөө олох гэж боломжиндоо тааруулан их олон зүйл хийдэг. Азтай нь өөрийгөө олдог.

-Та азтай нь мөн үү. Өөрийнхөө хийх зүйлийг олсон болов уу?

-Сайн хэлж мэдэхгүй л байна. Би одоо ч өөрийгөө хайсаар яваа. Зарим хүн ер нь насны эцэс хүртлээ өөрийгөө ойлгох гэж хичээж, бусдыг таньж мэдэх гэсээр байгаад дуусдаг юм шиг санагддаг. Миний амьдрал цаашдаа хэрхэн үргэлжлэхийг одоо хэлж мэдэхгүй байна.

-Тэгэхээр урлагийн салбар дотроо яаж ч хөрвөж магадгүй гэсэн үг үү?

-Одоо бол дуу, хөгжимдөө их анхаарна. Ойрын хэдэн жилдээ хамтлаг руугаа төвлөрч ажиллах бодолтой байна. Тэрний дараа цаашдаа яахыг сайн мэдэхгүй байна. 

-Та сая яриандаа уран зургаар сурч байсан гэв үү дээ?

-Тийм ээ. Бас л нэг өөрийгөө эрж хайсан явдал байсан. Хоббигоо оролдож үзсэн гэх үү дээ. Мэргэжлийн зураач хүмүүс асар их тэвчээртэй, авьяас чадалтай юм билээ. 

-Таны бас нэгэн сонирхол гэрэл зураг байх аа. Та гэрэл зургийн үзэсгэлэн гаргах талаар бодож байсан уу?

-Тийм ээ бас л нэг сонирхол. Цаг нь болохоор гэр бүл, найз нөхдийн хүрээнд жижиг зургийн каталог гаргана гэж боддог. Би гоё харагдсан зүйлийнхээ зургийг дарчихдаг. Надад гоё харагдаж, таалагдсан юмс бусдын сонирхлыг татаж магадгүй шүү дээ. Гэхдээ цаг хугацаа хэрхэхийг харж л байя.

-Пянзны ковер зургийг хэрхэн сонгосон бэ? Таны авсан зураг гэж сонссон.

- Тэр хана гоё харагдаад зургийг нь дарчихсан юм. Тухайн үеийн сэтгэгдлийг буулгасан. Дараад нь хамтлагаараа ковер зурагны талаар ярилцах үедээ өөрийнхөө хэдэн зургийг үзүүлэхэд, манайханд таалагдсан. Тэнд бас өмнөх цомогтой маань холбоотой сэжүүр болох жижиг деталь орсон.

-Та ер нь өөртөө ч тэр, уран бүтээлд ч тэр их өндөр шаардлага тавьдаг хүн шиг санагдлаа?

-Ер нь манайхан бүгдээрээ тийм байх гэж бодож байна. 

-Таны ярианаас сонсоход, дарсан гэрэл зураг болон зурсан зураг тань тун дажгүй юм шиг санагдаж байна. Та өөрөө уран бүтээлээ үнэлдэггүй юм биш үү. Ер нь их зарчимч хатуу хүн юм шиг ээ?

-Үгүй байх аа. Бид хамтлагийн хүрээндээ сайн, чанартай л юм гаргахыг хичээдэг. За одоо ярилцлагаа дуусгах уу даа. 

- Таниас асуух их асуулт байна. Гэхдээ хоёр зүйлийн талаар асуугаад яриагаа өндөрлөе. Та аль нэгэнд нь хариулаарай. Таны хувьд урлаг болон хөгжим гэж юу вэ? 

-Миний хувьд хүн бүр бие биедээ дотоод сэтгэлээ тэр болгон нээдэггүй юм шиг санагддаг. Нэгэндээ сэтгэлээ нээх боломж нь ч байдаггүй гэх үү дээ. Нийгмийн байдлаас болоод төдийлөн сайн ойлголцдоггүй байх. Энэ үед урлагаар өөрийгөө илэрхийлэх болон өөрийгөө олж авах боломжийг олгодог байх. Хөгжим тоглох, зураг зурах, гэрэл зураг гээд бүх төрлийн урлагийн урсгал нь нэг талаараа бидний амьсгалах агаар болдог байх.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jariga.mn
Jariga.mn
2024-01-30 22:30

Одоо Танай Хамтлагийг таних нэг ч хүн үгүй болсон.Танай хамтлаг Анх гарч ирэхдээ л бүрэн танигдаагүй байжвайгаад сураг нь тасарсан одоо таних амьтад нэг ч байхгүй.Тэгхээр энэ цаг үед танай Шөнийн Г�##�т Тэрэг одоо л зүтгүүр ээ бүрэн хүчин чадлаар асааж г�##�ыг нь өрөд-өөд өгвөл сайн.

Nomin
Nomin
2024-02-06 09:54
Reply to  Jariga.mn

Яг одоод бүтээгдсэн биш цаг хугацааны хэмжүүрээс хэтийдэн хүмүүст хүрч чанартай, давтагдашгүй, уйдашгүй мөн чанарыг агуулан байдаг зүйл л өөрөө “шинэ” юм. Энэ л мөн чанар Шөнийн г�##�т тэрэг хамтлагийг уран бүтээлд шингээтэй. Тиймээс тэд тарсан, эсвэл зогсонги байд�##�д орсон биш таср�##�тгүй уран бүтээлээ хүргэсээр буй хамтлаг гэвэл илүү онох мэтээ.

Холбоотой мэдээ

Back to top button