Эрдэмтэд: Хүүхдүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа нь аюултай
Бага насны хүүхдүүд арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх хандлага нэмэгдэж байгаа нь арьсанд нөхөн сэргээх боломжгүй гэмтэл үүсгэх аюултай гэж Их Британийн Арьс судлалын холбоо анхаарууллаа.
Зарим хүүхдүүд “Youtube”, “TikTok” гэх мэт платформ дээр дуртай инфлюенсерүүдийнх нь ашиглаж буй бүтээгдэхүүнийг хараад эцэг эхээсээ авч өгөхийг гуйдаг байна. Гэвч тэдгээр бүтээгдэхүүний ихэнх нь зөвхөн насанд хүрсэн хүний арьсанд зориулагдсан хүүхдэд хортой орц агуулдаг.
Тийм орц бүхий бүтээгдэхүүнийг ашиглах нь харшил, экзем гэх мэт өвчнийг сэдрээх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Найман настай Сади анх “TikTok” дээр арьс арчилгааны талаар бичлэг үзэж, инфлюенсерүүд бүтээгдэхүүд нь арьсанд ямар сайн нөлөөтэй талаар ярихыг сонсжээ.
Садигийн үзсэн бичлэг дээр “Drunk Elephant” нэртэй Америк брэндийн бүтээгдэхүүн гарсан байна.Ийм учраас тэр ээжээсээ тус компанийн бүтээгдэхүүнийг авч өгөхийг гуйсан юм. Түүний ээж нь зөвшөөрөөгүй тул Сади өөр гэр бүлийн гишүүдээсээ гуйн авхуулж, хэрэглэж үзсэн байна.
Тэдгээр бүтээгдэхүүн Садигийн арьсыг улайлган, загатнуулж байсан тул түүний ээж Люси хурааж авсан аж. Мөн Люси охиноо “TikTok” ашиглахад хэтэрхий бага настай гэж үзэн тус платформыг хэрэглэхийг хоригложээ.
“Drunk Elephant” брэнд бүтээгдэхүүнээ өнгөлөг сав, баглаанд хийж хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай худалдаалдаг юм. Мөн “Drunk Elephant” брэндийг инфлюенсерүүд их сурталчилдаг байна.
Гэвч тус компанийн хамгийн их зарагдсан бүтээгдэхүүнүүдийн заримд нь альфа, бета гидрокси хүчил, А витамины уламжлал бүхий ретинол агуулдаг нь зөвхөн насанд хүрсэн хүний арьсан зориулсан орц юм.
Арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар хүүхдийн арьс судлаач, доктор Тесс МакФерсон “Ихэнх бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Ийм учраас насанд хүрсэн хүний арьсанд тохиромжтой ч хүүхдийн арьсанд таарахгүй” хэмээжээ.
Тэрбээр “Эдгээр бүтээгдэхүүн нь нас үр харгалзан арьсыг эмзэгшүүлж болдог. Гэхдээ Залуу арьсанд илүү аюултай цочрол үүсгэж магадгүй. Экзем эсвэл мэдрэмтгий арьстай хүүхдэд асуудал үүсгэж болзошгүй юм. Мөн тэдгээр бүтээгдэхүүний ихэнх нь маш хүчтэй үнэртэй тул харшил үүсгэх магадлалтай” гэсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.